Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 232

 

Н.Пүрэвжавд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Ганзориг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 415 дугаар магадлалтай, Н.Пүрэвжавд холбогдох эрүүгийн 201626020294 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нармандахын Пүрэвжав нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Пүрэвжавыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Н.Пүрэвжав нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Сааралдайн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Пүрэвжав, хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэг нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хавтаст хэргийн 99 дүгээр талд өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангах тухай тогтоол байна. Гэтэл тогтоолын гарчиг нь “Өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай” гэсэн атлаа доторх агуулга нь хүсэлтийг хангасан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай үндэслэл бүхий тогтоол гаргана гэснийг зөрчсөн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа “... хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн,. хэргийн бүрдэл хангагдсан. Шүүх Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан хамгийн доод ял болох 7 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Хохирогчийн хувьд харамсалтай, хаалга цохихоор нь онгойлготол нүдэн тус газраа цохиулаад 1 нүд нь хараагүй болсон. Шүүх эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгоогүй. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад багтсан өмгөөлөгчийн хөлс 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж өгсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Пүрэвжав нь 2016 оны 1 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим согтуурсан үедээ өөрийн гэрээ андуурч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 66 тоот руу орохдоо хаалга онгойлгож өгсөн гэрийн эзэн А.Сааралдайн баруун нүд рүү үгийн зөрүүгүй цохиж “баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний салстын урагдал, нүдний агууламжийн гоожилт, баруун нүдний бүрэн хараагүйдэл” бүхий хүнд гэмтэл танхайн сэдэлтээр санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д заасан “өмгөөлөгчид төлсөн зардал” гэдэгт мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1-д заасан “... тээвэр, байр, хоол, албан томилолт” зэргийг ойлгох бөгөөд энэ нь байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардал болно.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэг нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх зардалтай адилтган нэхэмжилсэн нь үндэслэлгүй, шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Ийнхүү өмгөөлөгчид төлсөн хөлс байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогдохгүй тул хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаагч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан хүсэлтийг хангахдаа “өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай” гэж техникийн алдаа гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.

Шүүх хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлж, цаашид гарах зардлаа ч нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нөхөн төлүүлэх эрхийг хангаж шийдвэрлэсэн тул “шүүх хохирогчийн эрх ашгийг хангаж чадаагүй” гэх хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 415 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Э.Болорчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                                                             Д.ГАНЗОРИГ

           ШҮҮГЧ                                                             Б.ЦОГТ