Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

Б.О, А.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Эрдэнэбаатар,

ялтан Б.О-н өмгөөлөгч Б.Оюунбилэг,

ялтан А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баттогтох, ялтан Б.О, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О, А.Б нарт холбогдох эрүүгийн 201625012317 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Б.О, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. Б овогт А.Б, 1994 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Б.О, А.Б нар нь согтуугаар, бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.М зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.О, А.Б нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос Б.О, А.Б нарын  үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Б овгийн Б.О, Б овогт А.Б нар бүлэглэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.О 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, А.Б 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан А.Б давж заалдах гомдолдоо: “...Уг хэрэгт миний бие нь хохирогч М найз болох О-г цохих гэж байхад нь гарнаас нь барьснаас болж хүний биед бүлэглэн хүнд гэмтэл учруулсан гэх зүйл ангиар яллуулсанд гомдолтой байна. Мөн би ээж, ах, дүү нарынхаа хамт амьдардаг. Миний ээж толгойны хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа бөгөөд ах маань намайг энэ хэрэгт холбогдсоны дараа уушигны сүрьеэгээр хүнд өвдсөн. Ээж, ах хоёр эмчийн хяналтад байдаг. Би ажил хийж ээж, ах хоёрынхоо эмчилгээний зардал болон дүүгийнхээ хичээлийн бэлтгэлд тус дэм болдог надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр ялгаж салгаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Л.М мэдүүлэхдээ: “...Тэгээд найз Б буудалд орж унтах гээд явж байтал араас хоёр залуу ирээд нэг залуу нь миний хоёр гарыг бариад авсан. Харин нэг залуу нь миний толгой ар хэсэгт тоосго мэт зүйлээр цохисон. Тэгээд би нөгөө залууд наад ханцуй тавь гэж хэлсэн боловч тавихгүй байсан...” ,

гэрч В.Б мэдүүлэхдээ: “...гэтэл Л.М  хүнд зодуулсан гэж байсан. Ингээд би тэр өглөө буудлын гадна байх камерыг шүүж үзэхэд Л.Мөрөндалай нь манай буудлын үүдэнд нэг бараан хувцастай залуу Л.М барьчихсан байдалтай байсан ба нэг цагаан футболктой залуу гартаа тоосго барьчихсан Л.М үсэрч ирээд тоосгоор цохиод байсан бичлэг байсан...”,

гэрч Л.Б мэдүүлэхдээ: “...Л.М ирсэн. Тэгээд бид хоёр цаашаа явах гэж байтал нэг залуу ирээд М тоосгоор цохисон. Тэгээд би боль гэж дундуур нь орсон боловч намайг цохиж унагасан. Тэр хоёр залуу бид хоёрыг зодсон ба Л.М цагаан футболктой залуу тоосгоор цохиод байсан...” ,

гэрч Б.Л мэдүүлэхдээ: “...том биетэй залууг нэг банди гараас нь барьсан байсан. Мөн хажууд нь цагаан футболктой залуу тоосгоор нөгөө бүдүүн том биетэй ахыг цохиод байсан...”,

бичлэгт “...сэжигтэн О очоод Б сугадаж явсан эмэгтэйг татаж төв зам дээр унагах ба сэжигтэн А.Б нь гэрч Б татаж цааш нь түлхэн салгаж байгаа нь бичигдсэн байна...”,

шинжээч эмч О.Б: “...Л.М биед  баруун чамархай яс, суурь ясны их далавч гэдэг нь хүнд зэрэгт ордог. Харин баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал зэрэг нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна. Чамархай яс, суурь ясны их далавчийг хүний гараар болон толгойгоор мөргөх үед үүсэхгүй...”, гэсэн дүгнэлт,шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд А.Б нь хохирогчийн гарыг барьж, мөргөсөн, өшиглөсөн үйлдэл, бүрэн тогтоогдохгүй гэрчүүд зөрүүтэй мэдүүлгийг өгсөн, гарыг барьсан, барьцалдсан гэх мэт зөрүүтэй мөн хохирогч тухайн үед ямар хувцастай явсан, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан ханцуйг нь атгаж барьсан тухай асуудлыг шалгаагүй зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. Хохирогч хамгийн сүүлд мэдүүлсэн мэдүүлгийг шүүх авч хэлэлцээгүй бүлэглэсэн гэх агуулгыг бүрэн нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.Тухайн хэрэгт яллагдсан А.Б санаатай нэгдэж уг гэмт хэргийг үйлдсэн тухай баримт тус хэрэгт нэг ширхэг ч байхгүй байхад бүлэглэсэн гэж үзэж байгаа нь хэтэрхий туйлширсан гэж үзэхээр байгаа.

Мөн үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байгаа бол А.Б нь үнэхээр хөдөлгөөнийг нь хорьсон, О цохих гэж байгааг мэдсэн, мэдсээр байж үйлдлээ үргэлжүүлсэн байхыг хууль шаардаж байхад тус хэргийн үйл явдал, хэрэгт байгаа баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шууд бүлэглэсэн гэж үзэж болохгүй ба хуулийг буруу хэрэглэж, хууль бус ял шийтгэл оногдуулж, хэлмэгдүүлж байгаа хэлбэр. Мөн миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба хохирогчтой төлбөр тооцооны асуудал байхгүй, хохирогч манай үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг бүрэн ойлгосон, холбогдсон хэрэгтээ гэмшиж ажлаа хийж төлбөрөө төлсөн, хамт олон дунд нэр хүнд сайтай, ирээдүй нь сайн сайхан зүйлээр төсөөлөгдөж байгаа бага залуу хүүхдэд шүүх ял төлөвлөхдөө Эрүүгийн хуульд заасан, Эрүүгийн хуулийн зорилт, зорилтод нийцүүлэлгүй, хэрэглэх боломжтой хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлыг сайтар, нухацтай, шинжлэн үзэж, үнэн бодит, эргэлзээгүй талаас нь үнэлж миний үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хуулийн хүрээнд хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан А.Б өмгөөлөгч Н.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч А.Б нь хувь хүнийхээ хувьд төлөв даруу, үг дуу цөөнтэй, нийтэд тусархуу, нийгэмд өөрийн гэсэн эзлэх байр суурьтай эгэл жирийн айлын эгэл даруу хүүхэд. Тэр ид ажиллах, сурч боловсрох, залуу насандаа ганц удаагийн уур омгийг барьж чадалгүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой удаа, дараа уулзаж гэмшсэн сэтгэлээ илэрхийлэхийн сацуу гэм хор, хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, мөн түүний хувийн байдал анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7-д заасныг хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас дахин доогуур ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Ялтан А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт холбогдсондоо харамсаж байна. 2017 оны 8 дугаар сарын 29-нд анхан шатны шүүхээс надад 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнд харамсаж байна. Тухайн үед хохирогчийн гараас барьсандаа маш их харамсаж байна. Хэрэгт холбогдоод батлан даалтад байх хугацаандаа олон зүйлийг ойлгож, ажилдаа орж хамт олонтойгоо ажиллаж байсан. Энэ хугацаанд ах минь бие муу эмчийн хяналтад байдаг. Мөн эхийн минь бие тааруу гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад тохирох зүйл, заалтаар хэргийг зүйлчилж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Б.О давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Алтан цайз” гэх бааранд шөнө 23 цагийн үед найз Б хамт орж нэг нэг шил пиво авч бүжиглэж байтал хоёр эгч хажууд ирж бүжиглэж байгаад нэг нь намайг авч ширээндээ суулгаж юм ярьж байтал махлаг биетэй тарган эгч баарны буланд сууж байсан ах нар дуудхаар нь очсон. Тэд нар юу ярьсаныг нь мэдэхгүй. Гэтэл надтай сууж байсан эгч “манай найз тийшээ явчихлаа намайг ч гэсэн дуудаад байна эгч нь очмооргүй байна нөхөртэй хоёр хүүхэдтэй их согтсон байна эгчдээ тусалж таксинд суулгаж өгөөч” гэж надаас гуйсан. Тэгээд удалгүй баарны буланд сууж байсан ах нар эгчийн хамт гарахдаа надтай сууж байсан эгчийг дуудаж нэг ах нь хүчээр татаж чангаагаад аваад гарсан. Тэгээд би бааранд ганцаараа сууж байтал Б орж ирж “явах уу” гээд бид хоёр гараад харих гэтэл нөгөө надтай сууж байсан эгчийг татаж чангаагаад авч явах гээд байхад нь “би цуг явмааргүй байна намайг тавь би харьмаар байна гэж хашхирч туслаарай” гэж байсан. Тэгээд бид хоёр “болиоч ээ наад эгч чинь явмааргүй байна гээд байгаа юм биш үү” гээд би тэр эгчийг таттал тэр эгч хөл дээрээ тогтолгүй унасан. Тэгээд босгочоод байж байтал Б “Наран” буудлын үүдэнд том биетэй ахтай барьцалдан маргалдаж байхаар нь би салгах гэж очоод айсандаа газарт байсан тоосгоор ар дагз хэсэгт нь нэг удаа цохитол буудлаас гэрч болох Б гарч ирж намайг барьж авч заамдан хоёр гурав удаа намайг цохиж миний өмсөж байсан хувцсыг урж хаясан. Тэгээд Б арай салаад зугтах гэтэл нөгөө том биетэй ах замын захад уначихсан байхад машинаас бууж нэг хүн өшиглөж зодож байсан. Удалгүй тэр хүн машиндаа суун яваад өгсөн. Машины марк нь ногоон өнгийн приус 10 байсан. 2016 оны 6 дугаар сарын 25-нд хохирогч Гэмтлийн эмнэлэгт байхад нь манай ах Ч, эгч М нар орчиж уулзахдаа “намайг гурван хүн зодсон нэг нь машинаас бууж ирж зодсон” гэж ярьсан. Тэгэхээр тэр машинаас бууж хохирогчийг зодсон хүн хохирогчид хүнд гэмтэл учруулсан байх магадлалтай байна.

Наран буудлын хяналтын камерыг хохирогч, гэрч нар 2016  оны 6 дугаар сарын 10-нд зодоон болсон бичлэгээ үзсэн байдаг. Гэтэл үзчихээд тэр чухал бичлэгийг яагаад Цагдаагийн байгууллагад үзүүлэлгүй манай камер 24 цагийн багтаамжтай гэж хэлээд устсан нь ямар санаатай тэр бичлэгээ нуугаад байгаа юм. Тэр бичлэгт хэний буруу үйлдэл юунаас, болж хэрүүл маргаан үүссэн, хоёр эмэгтэй нүүр царай, машинаас бууж зодсон талаар бүх зүйл болсон процесс бичигдсэн байх ёстой. Гэмт хэрэг гарч болзошгүй тийм газар хэзээ ч 24 цагийн багтаамжтай камер байхгүй гэж бодож байна.

Гэрч болох хоёр эмэгтэйгээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Тэгснээр бид хоёрыг бусадтай хэрүүл маргаан үүсгээгүй мөн танхайраагүй хохирогчийн бас буруутай үйлдэл зэргийг гэрчилнэ. Бид хоёр зүгээр явж байгаа хүмүүсийг өдөж хэрүүл маргаан хийхийг хүсээгүй. Тэр эгч бааранд байхдаа тусламж гуйсан болохоор би өөрөө тэр эгч шиг ээж, эгчтэй учраас тусламж гуйсан болохоор туслахыг хүссэн юм.

Анхан шатны шүүх хурал дээр прокурор энэ хоёр гэрч эмэгтэй бүтэн жил хайгаад олдоогүй гэж ярьдаг. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 8-нд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Гэтэл гэрч болох хоёр эмэгтэй олж эрэн сурвалжлах ажиллагаа огтхон ч хийгээгүй. 2017 оны 2 дугаар сарын 3-нд байцаагч Б бид хоёрыг дуудаж ам зураг авна гээд шүүхийн шинжилгээний газар авч явж ам зураг өгч дуусаад “за маргааш хэргийн хугацаа дуусна тэгээд прокурор луу шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд хэрэг прокурорт байх хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 25-нд эхнэр М хамт Баянзүрх зах дотор явж байтал гэрч болох эмэгтэйн нэг нь хүнтэй юм яриад зогсож байсан. Дараа нь очтол явчихсан байсан. Уулзаж байсан эгчээс асуутал “надаас байнга юм худалдаж авдаг нэрийг нь А гэдэг гэр нь Монгол хотхонд байдаг” гэж хэлсэн. Маргааш нь ахлах дэслэгч Баярсайхан байцаагч дуудаж “хэрэг чинь над дээр ял өөрчлөн сонсгоно гээд бид хоёроос мэдүүлэг авна хүрээд ир” гээд дуудсан. Тэгээд мэдүүлэг өгөөд гэрч эмэгтэйг олсон талаар хэлтэл “одоо надад хамаагүй ээ прокурор луу хэргийг чинь явуулах гэж байна 7 хоногийн хугацаатай” гээд тэр өдөрт нь шилжүүлсэн. Тэгээд би өмгөөлөгчтэй ярьж хүсэлт бичиж прокурорт өгөх гээд очтол Баянзүрх дүүргийн прокурорын газрын нэг давхарт архивт нь өгөх гэтэл “чиний хэрэг манайд байхгүй байна” гэж туслах хэлсэн.

Иймд хохирогчид эмчилгээний зардал эмнэлэгт хэвтэх ор хоногийн мөнгө, ор хөнжлийн даавуу, ариун цэврийн хэрэгсэл, хоол, унд аваачиж эргэж тойрч хохирогчоос уучлалт гуйж өөрийн ар гэрийн байдлаа ярьж эмчилгээнд гарсан зардал анхан шатны шүүхийн нэхэмжилсэн мөнгө төлбөр тооцоо бүгдийг нь төлсөн. Миний бие тэтгэвэрт гарсан ээж, эхнэр М, охин Н нарын хамт амьдардаг. Би Хууль Сахиулахын Их Сургуулийн Хилийн сургууль 3 дугаар дамжаанд сурдаг. Энэ мэргэжилдээ үнэхээр их хичээл зүтгэлтэй сурдаг. Иймд анх удаа хэрэгт холбогдож өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ үнэхээр их харамсаж гэмшиж байгаа тул хэргийг үнэн зөв бодит хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө “Алтан цайз” бааранд үйлчлүүлж байх үедээ үл таних 2 эмэгтэйтэй танилцсан гэдэг ба нэг эмэгтэй нь Б.О хандан манай найз тийшээ явчихлаа эгч нь их согтсон байна, эгчийгээ гаргаад таксинд суулгаад өгөөч гэж гуйсан. Бид 2 баарнаас гараад явах замд нөгөө 2 эгчийг татаад буудал руу авч орох гээд байхаар нь боль гэж хэлээд эмэгтэйг нь татаж аваад Б гэрч Б нар цаашаагаа явсан. Тэр эмэгтэйг орхиод очих үед “Наран” буудлын урд Б хохирогч М барьцалдаад байж байхаар нь би зодолдоод байгаа юм байх гэж хойноос нь очоод хохирогчийн араас нэг удаа тоосгоор цохисон гэж мөрдөн байцаалтын болон шүүхийн мэдүүлгийн явцад удаа, дараа тогтвортой мэдүүлдэг. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь дээрх 2 эмэгтэйг булаалдан үл ойлголцол үүсэж маргаан үүссэн байдал харагддаг. Хэрэгт шалгагдаж эхлэх үеэс эхлэн шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар удаа, дараа тэр бааранд байсан гэх 2 эмэгтэйг олж гэрчээр асууж өгөөч гэх хүсэлтүүдийг гаргаж байсан боловч олдохгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгөөгүй юм. Дээрх 2 эмэгтэйг олж байцаалт авсан бол хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт гэм буруугийн байдал тодорхой болж шүүгдэгч нарын эрх зүйн байдалд чухал гэрчийн мэдүүлэг болох ёстой байсан. Хэргийн байдлаас харахад шүүгдэгч нар танхайрч бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулаагүй, харин 2 эмэгтэйг булаацалдаж хэрүүл маргаан үүсэж хувийн таарамжгүй харьцаа, үл ойлголцол үүсч улмаар зодоон болсон байна гэж үзэж байгаа. Б.О нь гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их гэмшиж, хохирогчийг эмнэлэгт хэвтэхэд нь эргэж тойрч тухайн үед шаардлагатай бүхий тусламж үзүүлж ор хоног, эмчилгээний зардал зэргийг өгч уучлалт гуйж байсан. Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал хохирлыг нөхөн төлсөн, Хууль Сахиулах Их Сургуулийн Хилийн сургуулийн 3 дугаар дамжаанд сурдаг зэрэг нөхцөл байдлуудыг анхааран үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оноож өгнө үү...” гэв.

Прокурор Э.Гэрэлмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Б.О, А.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан үндэслэлтэй байна.

Иймд өмгөөлөгч Б.Оюунбилэг, Б.Борхүү нарын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна...” гэжээ.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.О, А.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч, ялтан нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тухайн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Э.Гэрэлмаагийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна...” гэв.

                                                             ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.О, А.Б нар нь согтуугаар, бүлэглэн  2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудлын хойд зам дээр иргэн Л.М зодож, тоосгоор толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.М мөрдөн байцаалтын шатанд “... Би 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” гэх нэртэй бааранд өөрийн хуурай ах Б, найз Б нарын хамт 02-03 цагийн үед бааранд орсон. Ингээд бааранд ороод 0.33 литр пиво 4 ширхэг, 0.5 литрийн архи авч бид 3 хувааж ууж найз нөхдийн яриа ярьж, мөн бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Ингээд 05 цагийн үед уг баар хаах болж бид гурав уг баарнаас гарсан. Баарнаас гарахад бүжгийн талбай дээр нэг эмэгтэй надтай бүжиглээд байсан. Тэгээд тэр эмэгтэй нь энэ залуучууд ерөөсөө бүтэхгүй юм байна. Үеийн хүмүүс зүгээр юм байна гэж байсан ба гарах үед нөгөө бүжиглэж байсан эмэгтэй чинь бас найз эмэгтэйгийнхээ хамт бид нартай хамт гарсан. Тэгээд найз Б буудалд орж унтах гээд явж байтал араас хоёр залуу ирээд нэг залуу нь миний хоёр гарыг бариад авсан. Харин нэг залуу нь миний толгойн ар хэсэгт тосго мэт зүйлээр цохисон. Тэгээд би нөгөө залууд “наад ханцуй тавь” гэж хэлсэн боловч тавихгүй байсан. Тэгээд байж байтал буудал руу түрүүлээд орсон байсан. Б ах буцаад гарч ирээд намайг тосгоор цохисон залууг “боль” гэж хэлсэн чинь нөгөө залуу чинь Батзориг ахыг дахин цохиж унагаасан. Б ахыг юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгтэл Б ах босож ирээд надтай зууралдаж байсан залууг “боль” гэж хэлээд зууралдаж байсан. Тэгээд би нэг хэсэг ухаан балартсан байдалтай байсан юм шиг байгаа юм. Нэг харсан чинь Б ахыг замын тэнд нөгөө хоёр залуу чинь зодож байсан. Тэгэхээр нь би “боль та нар чинь хүн алах гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгтэл нэг залуу нь миний баруун талын нүүрэн хэсэгт тоосгоор дахин цохисон. Тэгтэл би хэсэг ухаан алдсан байсан. Ингээд сэрээд харсан чинь бид хоёрыг зодсон хоёр залуу ертөнцийн зүгээр баруун тийш гүйж явсан ба би араас нь гүйгээд явж байхдаа цагдаа болон түргэн тусламж руу залгаж хэлсэн боловч түргэн ирсэн ба цагдаагийн байгууллага ирээгүй. Ингээд би шөнө нь өөрийн биеэр цагдаагийн газарт ирсэн. Тэгээд болсон зүйлийн талаар мэдүүлсэн. ...Нэг залуу нь цагаан өнгийн фудболктой, саравчтай малгайтай залуу байсан. Нөгөө залуу нь биеэ барьсан савхин куртиктай байсан. Би харах юм бол шууд танина. ...Хар өнгийн савхин куртиктай залуу нь миний хоёр гарыг барьсан байдалтай байсан. Харин цагаан өнгийн футболктой залуу тоосгоор толгойн тус газар цохисон. Мөн хар савхин куртиктай залуу толгойгоороо 2-3 удаа мөргөсөн. Миний нүүрэндэх гэмтлийг цагаан футболктой залуу буюу О нь миний нүүрэнд гэмтэл учруулсан. Мөн Б ахыг зодож байхад нь салгах гэж байхад цагаан футболктой залуу буюу О нь дахин миний толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан. О нь намайг хоёр удаа тосгоор толгойн тус газар цохисон. ...Угаасаа тэр “Наран” нэртэй буудлын хойд талын талбай дээр тоосго зардаг юм байна лээ. Зөндөө хураасан зарж байдаг юм байна лээ. ...Тэр хоёр эмэгтэйг танихгүй. Тухайн өдөр уг бааранд танилцсан. Тэгэхдээ нэр усыг нь мэдэхгүй. Ямар ч байсан нэг эмэгтэй нь нөхөр хүүхэдтэй эртхэн харина гэж байсан. ...Миний биеийн байдал сайжирсан зүйл байхгүй л байна. Толгой өвдөнө, баруун талын нүдний ар хэсгээр аргаж өвдөнө, баруун талын хацар мэдээ байхгүй. Ам сайн ангаахгүй, хатуу зүйл идэж чадахгүй хэцүү л байна. Хүмүүсийн ярьж байгаа зарим зүйлийг ойлгохгүй болсон. Байнга өвчин намдаах эм ууж байна. Эмчилгээний зардал өнөөдрийг байдлаар 1.400.000 төгрөг болсон байна. Би 30 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би зундаа нэг сарын ажил 5 сая төгрөг олдог юм. Тэгтэл одоо ажил төрөл хийж чадахгүй болсон. Тийм учраас 30 сая төгрөгийг буруутай хоёр этгээдээс нэхэмжилж байна. ...Би бааранд ямар ч хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Б ах нэг эмэгтэйтэй явж байтал нөгөө хоёр залуу ирж Б ахыг түлхээд байхаар нь би очоод “иний дүү нар маргалдаад байх зүйл байхгүй. Ах нь ахыгаа аваад буудалд орлоо” гээд эргэтэл нөгөө хар савхин куртиктай залуу хоёр гараас барьж авсан. Ерөнхийдөө тэр хоёр залуутай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодож гэмтэл учруулсан тул уг хоёр залууд их гомдолтой байна. ...Б ахыг тухайн үед зодоод байсан боловч ямар нэг гэмтэл учраагүй байсан. Мөн цагдаагийн газраас шүүх эмнэлэгт үзүүл гэж тогтоол өгсөн боловч Б ах үзүүлээгүй. ...Би Улаанбаатар хотод байдаггүй. Орхон аймагт байдаг болохоор тэр болгон ирж чадахгүй байна. Мөн Орхон аймагт эмчилгээ хийлгэж байна. ...Миний хувьд нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Би нэхэмжилсэн мөнгөөрөө бие эмчлүүлэх хэрэгтэй байна...” /1-р хх-ийн 15-17/,

гэрч В.Б мөрдөн байцаалтын шатанд “...Би Л.М 2007 онд Солонгос улсад хамт ажиллаж байх үедээ танилцсан. Би 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” дэн буудал дээр жижүүртэй гарч байсан. Тэгтэл оройн 00 цаг 30 минутын орчим Л.М, Б ах хоёр орж ирсэн. Тэгээд бид нар хэдэн жил уулзаагүй юм чинь гээд манай хажуу талын паб болох “Алтан цайз” нэртэй бааранд орсон. Бид нар уг баарнаас 0.5 литрийн “Хараа” архи 1 шил, нэг нэг шил пиво авч найз нөхдийн яриа ярьж сууцгаасан. Тэгээд байж байтал Б ах намайг “бүжиглэхгүй юм уу” гэхээр нь би босоод талбай дээр бүжиглэж байтал хэдэн согтуу залуучууд мөрлөөд байхаар нь айгаад суудалдаа суусан. Тэгээд архи уусан байсан тул согтоод байхаар нь 05 цагийн үед уг баарнаас гараад өөрийн буудалд ирж унтсан. Баарнаас гарахдаа ганцаараа гарсан. Харин бааранд Л.М, Б ах хоёр үлдсэн. Гэтэл Л.М хүнд зодуулсан гэж байсан. Ингээд би тэр өглөө буудлын гадна байх камерыг шүүж үзэхэд Л.М нь манай буудлын үүдэнд нэг бараан хувцастай залуу Л.М барьсан байдалтай байсан ба цагаан футболктой залуу гартаа тоосго барьчихсан Л.М үсэрч ирээд тоосгоор цохиод байсан бичлэг байсан. Манай буудлын гадна талбай дээр тоосго зардаг цэг байдаг юм. Тэр тоосгоор цохиод байсан. ...Тэр бичлэг дээр эмэгтэй хүн байгаагүй. Манай камер нь нэг өдөр хадгалдаг юм...” /1-р хх-ийн 29-31/,

гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр манай хуурай дүү Л.М нь Орхон аймгаас ирсэн. Ингээд бид хоёр уулзаж Солонгос улсад хамт ажиллаж байсан Б гэдэг дүү дээрээ очсон. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” нэртэй бааранд орж найз нөхдийн яриа болон Солонгост ажиллаж амьдарч байсан үеийг дурсаж уг баарнаас 4 шил пиво, 0.5 литрийн нэг шил архи авч уусан. Ингээд байж байтал өглөөний 05 цаг болж баар хаахаар болсон тул баарнаас гарсан. Бааранд бүжиглэж байхад Л.М нэг эмэгтэй бүжиглээд байсан ба гарах үедээ нөгөө эмэгтэй чинь найз эмэгтэйгээ дагуулан бид нарын араас гарч ирсэн. Тэгээд нэг эмэгтэй нь надтай хамт явж байтал араас үл таних хоёр залуу ирээд намайг түлхээд нөгөө эмэгтэйг татаж чангааж байгаад аваад үлдсэн. Харин би цаашаа Б буудал руу явж байтал урдаас Л.М ирсэн. Тэгээд бид хоёр цаашаа явах гэж байтал нэг залуу ирээд М тосгоор цохисон. Тэгээд би “боль” гэж дундуур нь орсон боловч намайг цохиж унагаасан. Тэгээд тэр хоёр залуу бид хоёрыг зодсон ба Л.М цагаан футболктай залуу тоосгоор цохиод байсан. “Наран” буудлын хажуугийн буудлын эзэн бололтой залуу гарч ирээд нөгөө хоёр залууг “боль хүн аллаа шүү дээ” гэж орилж байсан. Тэр буудлын эзэн залуу бүгдийг харж байсан. Өөр тэнд бид нараас өөр ямар нэг хүн байгаагүй. Тухайн үед 05 цаг болж байсан тул ямар нэг хөдөлгөөн байгаагүй. Тэр хоёр залуу М ямар ч шалтгаангүй зодсон. Мөн намайг ч гэсэн зодсон. Тэгэхдээ миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Цагдаагийн газраас намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж бичиг хийж өгсөн боловч би үзүүлээгүй. ...Нэг залуу нь цагаан өнгийн футболктай байсан. Харин нөгөө залуу нь хар өнгийн богино савхин куртиктай байсан. Хар савхин куртиктай залуу М хоёр гарыг барьчихсан байсан. Харин цагаан футболктай залуу нь тоосгоор цохиод байсан. Би тэр бааранд байсан хоёр эмэгтэйг тухайн өдөр бааранд харсан. Нэр усыг нь мэдэхгүй. Мөн гэрийн хаягийг нь мэдэхгүй. Тэр хоёр залуу М ямар ч шалтгаангүй зодож гэмтээсэн...” /1-р хх-ийн 18-20/,

гэрч Б.Л мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 6 дугаар сарын 9-ний орой гэртээ байж байтал манай хуурай ах Б “хүрээд ирээч, ах дээр нь хамт Солонгос улсад ажиллаж байсан хүмүүс нь ирчихлээ, ахынхаа оронд гараад өгөөч” гэж хэлсэн. Ингээд би орой ажил дээр нь ирсэн. Тэгээд Б ах Солонгост хамт ажиллаж байсан гэх хоёр ахтай гараад явсан. Ингээд шөнө 05 цагийн үед Б ах согтуу орж ирээд унтаад өгсөн. Би текэн дээр сууж байтал буудлын гадна хүмүүс орилолдоод байсан. Тэгэхээр нь камерт харсан чинь хэдэн хүмүүс зодолдоод байхаар нь текний хойно байх цонхоор харсан чинь том биетэй залууг нэг банид хоёр гарнаас нь барьсан байсан. Мөн хажууд нь цагаан фудболктой залуу тоосгоор нөгөө бүдүүн том биетэй ахыг цохиод байсан. Тэгэхээр нь “боль хүн аллаа шүү дээ” гэж цонхоор орилсон. Тэгтэл нөгөө хоёр залуу зугтаагаад яваад өгсөн. Миний харж байснаар нэг удаа тоосгоор цохиж, тэр хоёр гарыг нь барьсан залуу бас өшиглөөд байсан. Миний харж байснаар нэг ч эмэгтэй хүн байгаагүй...” /1-р хх-ийн 32-33/,

шинжээч эмч О.Болороо мөрдөн байцаалтын шатанд “...Л.М биед “баруун чамархай яс, суурь ясны их далавч гэдэг нь хүнд зэрэгт ордог. Харин баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал” зэрэг нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна. ...Чамархайн яс, суурь ясыг их далавчыг хүний гараар болон толгойгоор мөргөх үед үүсэхгүй. Ямар нэг хатуу мохой зүйлээр цохих үед үүсэх болно. ...Хүний гараар цохих, мөргөх өшиглөх үед үүсэх боломжтой. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй...” /1-р хх-ийн 34-35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Л.М биед “баруун чамархайн яс, суурь ясны их далавч баруун хацар яс, хоншоор ясны хугарал, баруун ухархайн гадна доод хананы хугарал, дагзны хуйхны шарх, тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамааарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарах болохыг тогтоосон 8134 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 37/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Батбаярын О, Амарцогтын Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь зөв, хэргийн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Давж заалдах гомдлын тухайд:

Ялтан А.Б “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баттогтох нарын “…хорих ялаас дахин доогуур ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...”, ялтан Б.О, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оноож өгнө үү...” гэж гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан А.Б, Б.О нарын үйлдсэн хэргийн нөхцөл, ялтан нарын хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, хохирлын хор уршиг зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, А.Б тухайн зүйл ангийн хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 5 жилийн хорих ял, Б.О үйлдсэн хэргийн хэр хэмжээнд 6 жилийн хорих ялыг тус тус ялгамжтай оногдуулсан байх бөгөөд шүүхээс уг ялыг доош татаж хөнгөрүүлэх хууль зүйн үнэдэслэл тогтоогдохгүй байна.

  Иймд ялтан А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баттогтох, ялтан Б.О, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр заасан бөгөөд “хорих анги” нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “хорих байгууллага” болсон болохыг дурдаж цаашид энэ алдааг гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Б, түүний өмгөөлөгч Б.Борхүү, Н.Баттогтох, ялтан Б.О, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ