Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2

 

Д.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01025/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1441 дүгээр шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Их мянгат овогтой Даваасамбуугийн М-ы нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Сумт овогтой Рагчаагийн М-ад холбогдох

          “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.М-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М-аас:

Би банкинд зээлтэй, дахин зээл гаргуулах боломжгүй байсан учраас Р.М-ын нэр дээр байраа шилжүүлж зээл авахуулахаар гуйхад хүлээн зөвшөөрсөн юм. Үүний дагуу түүнтэй 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийхөө Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот 4 өрөө, 50.5 м2 орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж байраа Р.М-ын нэр дээр шилжүүлж 70.000.000 төгрөгийн зээл авахуулсан... Нэг сая төгрөгийн байр байхгүй нь ойлгомжтой. Манайх өмчлөлийн байраа жинхэнээсээ зараагүй, зээл авахын тулд Р.М-ад шилжүүлсэн тул 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар,... Р.М- нь дахин тэр өдөр үйлдсэн тус байрыг 130 сая төгрөгөөр худалдсан гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн тул тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Р.М-аас:

Хас банкны нэхэмжлэлтэй Д.М-, Б.Алтанцэцэг нараас 65.204.661 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар гомдол гаргах эрхгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 993 тоот захирамж гарган мөнгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003005003 дугаарт бүртгэлтэй 50.5 м2 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Одоо Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд явагдаж байна. Д.М-, Б.Алтанцэцэг нар нь зээл төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 4 өрөө орон сууцаа ямар нэг аргаар бултуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, саад болох зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин Д.М-ы авсан зээлийн 70.000.000 төгрөгийг төлүүлж банкыг хохиролгүй болгуулах л шаардлагатай байгаа юм. Хэрэгт 2 гэрээ байгаа боловч 130.000.000 төгрөгний гэрээг банкнаас зээл авах гэж, 1.000.000 төгрөгний гэрээг татвараас зайлсхийх гэж хийсэн юм. Тухайн байрыг нь банк барьцаалсан. Банкны мөнгө төлөгдөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1441 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Д.М-ы нэхэмжлэлтэй Р.М-ад холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5012 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ы ХААН банканд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад Төрийн банканд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М- давж заалдсан гомдолдоо:

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэлтэй эсэх талаар маргаж шүүхэд хандаж байхад шүүх энэ талаар хуулинд заасан гээд та нар өөрсдөө шийдвэрээ гарга гэсэн утгаар хандаад байгааг ойлгохгүй байна.. Шүүх хариуцагчийн тайлбаруудыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгатай нийцэхгүй, зөрүүтэй байгааг авч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М- нь Р.М-ад холбогдуулан орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх орон сууцыг 130.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай мөн өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.М-ы Р.М-ад холбогдуулан орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ хариуцагчид шилжүүлж Иргэний хуулийн 110 дугаар 110.1-т зааснаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгч буюу хариуцагчид өмчлөх эрх шилжжээ.

Д.М-, Р.М- нар нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.М-ы өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч хэн аль нь анхнаасааа тухайн орон сууцыг худалдах буюу худалдан авах хүсэл зорилго байгаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бодит үр дагаврыг бий болгоогүй ба энэ талаар талууд тайлбартаа дурдаж, маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Д.М- урьд нь зээлтэй байсан учраас дахин банкнаас зээл авахын тулд Р.М-ад өөрийнхөө байрыг нэр дээрээ түр шилжүүлээд зээл авч өгөхийг хүссэн, Р.М- хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байгаа тул энэ хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн юм. 

 Ийм учраас зохигчдын хооронд хийгдсэн анхны “орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ” нь хууль зүйн үр дагавар үүсгээгүй учир Д.М-  Р.М- нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

 Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд энэхүү гэрээ нь хуульд заасан үр дагавар үүсгээгүй байх тул шүүх түүнийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь ач холбогдолгүй юм.

Анхан шатны шүүх маргааны зүйл болсон байрны өмчлөл, түүний барьцааны гэрээ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар дүгнэлт хийсэн нь маргааны зүйлд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1441 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Д.М-ы нэхэмжлэлтэй Р.М- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн анхны орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл  болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгнөөс 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгож, 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              О.НАРАНГЭРЭЛ 

                                          ШҮҮГЧИД                                                             Л.АМАРСАНАА

                                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ