Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00312

 

Д-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар магадлалтай,              

            Д-ны нэхэмжлэлтэй,

            Р-д холбогдох

        Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Д-ны нэхэмжлэлд: Б.Алтанцэцэг нь зээлтэй дахин зээл гаргуулах боломжгүй байсан учраас Р ахыг гуйж та манай байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд надад зээл авч өгөөч, зээлийг би өөрөө хариуцаж төлж мөнгийг банкинд тушаагаад явъя гэж тохиролцон Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот 4 өрөө 50.5 м.кв орон сууцыг түр шилжүүлэхийн тулд Р ахтай орон сууц худалдах худалдах авах гэрээг дүр үзүүлэн 1.0 сая төгрөгөөр худалдсан гэж бичсэн. Р 70.0 сая төгрөгийн зээл авч бид 31.563.000 төгрөгийг Хас банк болон Р-ын эхнэрийн ХААН банкны дансанд хийсэн. Иймд уг байрыг жинхэнээсээ зараагүй, зээл авахын тулд Р-д дүр үзүүлэн хэлцэл хийж шилжүүлсэн тул 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Мөн Р дахин тэр өдөр үйлдсэн тус байрыг 130.0 сая төгрөгөөр худалдсан гэрээг гаргаж ирсэн тул мөн 2014 оны 06 дугаар сарын 24-нд орон сууцыг 130.0 сая төгрөгөөр худалдах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямбын тайлбарт: Дахин зээл гаргуулах хэрэгтэй байсан учраас Р-ын нэр дээр байраа шилжүүлж зээл авахуулахыг хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тооот 4 өрөө 50.5 м.кв орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж байраа Р-ын нэр дээр шилжүүлж 70.000.000 төгрөгийн зээл авахуулсан. 2014 ны 06 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн Р нь 130.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээг мөн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

         Хариуцагч Р-ын тайлбарт: Энэ асуудал Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхээр явагдаж байгаа болно. Иргэн Д , Б.Алтанцэцэг нар нь зээл төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 4 өрөө орон сууцаа ямар нэг аргаар бултуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, саад болох зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Д нь миний нэр дээр байраа шилжүүлээд банкнаас зээл авсан. Миний хувьд байрыг авах сонирхол алга. Харин Д-ны авсан 70.000.000 төгрөгийг төлүүлж банкыг хохиролгүй болгуулах шаардлагатай байгаа юм. Хэрэгт 2 гэрээ байгаа боловч 130.000.000 төгрөгийн гэрээг банкнаас 70.000.000 төгрөгийн зээл авах гэж хийсэн. Одоо тухайн орон сууц миний өмчлөлд байгаа боловч байранд Д өөрөө байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшингийн тайлбарт: Нэхэмжлэгч нь Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот, 4 өрөө орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн 130.000.000 төгрөгөөр худалдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага тавьсан байгаа. Энэ гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэж үндэслэлээ тайлбарладаг. Нэхэмжлэгч Д өөрийн хүсч хийсэн гэрээнээс болж хохирсон үр дагавар гарсан уу гэдгийг үзэх ёстой. Энэ хэргийг шийдвэрлэхдээ дүр үзүүлсэн гэрээ гэх боловч гэрээний хоёр тал тэр дундаа нэхэмжлэгч тал өөрөө хүсч уг гэрээг хийсэн. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй блогож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалангийн тайлбарт: Хас банк, Х, Г.Өнөрцэцэг нартай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 70.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай Y-20030050038, Y-2003001298 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй учраас албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Хэргийн материалд худалдах, худалдан авах гэрээ 2 байгаа. Банкны зүгээс татвараас нуун дарагдуулан хэлцэл хийсэн байх гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Д-ны нэхэмжлэлтэй, Р-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5012 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д-ны ХААН банк 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад Төрийн банк 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч Д-ны хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017.10.16-ны 146 тоот магадлал ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Магадлалд "Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй" гэжээ. Гэвч эрх зүйн ухамсар төлөвшил нэгэнт тогтоогүй манай улсад заавал шүүхийн шийдвэрийг харж хандана уу гэхээс хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж үзэж өгөхгүй, яаж ч тайлбарлаад нэмэргүй тул шүүхэд хандахаас өөр гарц байдаггүй. Иргэний хуулийн 57.1-д "Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно" гэснийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэнгүй. Хоёр өөр үнэлгээтэй 2 гэрээний чухам алийг хүчин төгөлдөр бус байж болох эсэхийг авч үзсэнгүй. Үүнд заавал шийдлийг шүүхээс гаргаж иргэдийн хууль ёсны эрх ашгийг хангах хүлээлт байна. Улсын Дээд шүүхээс хэргийг буцаахдаа хийгдэх ёстой ажиллагааг хий гэсэн болохоос 146 тоот магадлалд дурьдсан дээрх дүгнэлтийг Дээд шүүх өөрөө хийгээд ийм чирэгдэл болохгүй байх байсан гэж үзэж байна.

             Анхан  болон давж заалдах шатны шүүх нь Дээд шүүхийн 2017.04.04-ний 001/ХТ2017/00377 тоот тогтоолын дагуу хэргийг дахин хэлэлцсэн. Тус хяналтын шатны хүрлын тогтоолд "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаварыг хэрхэн арилгуулахаар шаардаж буй эсэхийг тодруулж, нэхэмжлэл хангагдах бол тухайн үр дагаварыг шийдвэрлэх шаардлагатай" гэсэн нь Иргэний хуулийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэсэн санаа ойлгогдож байгааг анхаарсангүй.

           Давж заалдах шатны шүүх урьд нь 2016.01.04-ний 03 тоот магадлалд “... хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч тал Орон сууц худалдах,худалдан авах гэрээ хийсэн гэж байгаа боловч нэхэмжлэгч шүүхэд өгсөн тайлбартаа “Тэдний 4 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөлдөө авч банкнаас 70 сая төгрөг авч өгсөн, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... Бид нарт яаралтай мөнгөний хэрэг болоод найз нөхдийн харилцаатай байсан Р-ын нэр дээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж, 2014.06.24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 70 сая төгрөгийг Р-аас авсан. Хас банкинд зээлийг төлж байсан” гэх тайлбарууд нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгатай нийцэхгүй, зөрүүтэй байна гэж дүгнэлт хийж байснаа шинээр нотлох баримт нэмэгдээгүй байхад Давж заалдах шатны шүүхийн өмнөх байр суурь гэнэт өөрчлөгдсөн нь эргэлзээтэй ойлгомжгүй байна. Р нь манайхыг байрнаас нүүлгэн гаргах нэхэмжлэл гаргаад намайг сөрөг нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлээсээ татгалзаж, миний сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж хэрэгсэхгүй болгогдож хохирсныг шүүх анхаарсангүй. Иймд Р бид хоёрын хооронд Орон сууц хүдалдах, худалдан авах 2014.06.24-ний өдрийн гэрээнүүдийг дүр үзүүлэн үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хийсэн хэлцэл түл хүчин төгөлдөр бусд тооцож, анхан шатны шүүхийн 882 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 146  тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Үндэслэл нь 1 сая төгрөгийн 4 өрөө байр байхгүй, нэг байранд 2 өөр үнэлгээтэй 2 гэрээ байж таарахгүй, мөн 2 талын хүсэл зориг нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулга, хуультай нийцэхгүй байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

     Нэхэмжлэгч Д хариуцагч Р-д холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байрны 44 тоот 4 өрөө орон сууцыг 1.000.000 болон 130.000.000 төгрөгөөр худалдсан гэрээг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... миний нэр дээр байраа шилжүүлж банкнаас зээл авсан, ... авсан 70.000.000 төгрөгөө төлж банкийг хохиролгүй болгох шаардлагатай, ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа” гэжээ.

             Иргэн Д нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч байх үедээ банкнаас зээл авах зорилгоор Р-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, Р-ын  нэр дээр “Хас” банкнаас 70.000.000 төгрөгийн зээл гаргуулан авахдаа байрыг барьцаанд тавьсан ба уг зээлийн гэрээний дагуу Р-аас 65.204.661 төгрөгийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  явагдаж байгаа, нэхэмжлэгч нь уг байранд гэр бүлийн хамт амьдарч байгаа үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргасангүй.

            Нэхэмжлэгч Д нь маргааны зүйл болж байгаа орон сууцандаа гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд тэрээр хариуцагч Р-ын нэр дээр “Хас” банкнаас зээл гаргуулан авахдаа уг орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн Р-ын өмчлөлд шилжүүлсэн, одоо уг орон сууц “Хас” банкны Дархан салбартай байгуулсан зээлийн гэрээнд барьцааны зүйл болсон ба дээрх  гэрээнээс нэхэмжлэгч Д-ны эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлсэн байна.

            Давж заалдах шатны шүүх иргэний эрх зүйн хамгаалалтын зорилгыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг үндэслэн тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхой, ойлгомжтой байх нь зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй нотлох баримт бүрдэх үндэслэл болохыг заагаад, нэхэмжлэгч Д иргэний эрх зүйн аль төрлийн хамгаалалтыг хүсч байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1-д нийцсэн гэж үзнэ. 

              Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэл нь дангаараа нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй, харин нэхэмжлэлийн үндэслэл болох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгч Д-ны хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН