Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0097

 

О.С-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0805 дугаар шийдвэртэй, О.С-н нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0805 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8-д заасныг тус тус баримтлан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/139 дүгээр тушаалын 1 дэх заалтын “6 сарын туршилтын хугацаатай” гэснийг хүчингүй болгох, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.С давж заалдах гомдолдоо: “...О.С давж заалдах гомдолдоо “ … Шийдвэрт Б/24 дүгээр тушаалаар О.С-г төрийн албанаас түр чөлөөлж, мэргэжилтний албан тушаалд томилоход тусгай шалгалт авч, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж томилох зохицуулалттай тусгай шалгалтгүйгээр томилсон нь … нийцээгүй байна” гэжээ. 

Сонгуулийн үр дүнгээс хамарч байгуулагдсан Барилга хот байгуулалтын яамны чиг үүрэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар өөрчлөлт огт ороогүй байхад зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх нэрийн дор Төрийн жинхэнэ албан хаагчдыг албан тушаалаас нь түр чөлөөлсөн  төрийн нарийн бичгийн даргын тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасантай нийцэхгүй юм.

Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар О.С хамгаалагдан байхад албан тушаалаас нь түр чөлөөлөх нь мөн хууль бус болно. 

Шүүгчийн эш татсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь “сул орон тоо гарсан” тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд өөрийн ажиллаж байгаа албан тушаалд тусгай шалгалт өгсний үндсэн дээр томилогдох хуулийн зохицуулалт байхгүй байна. Мөн эш татсан 33 дугаар зүйл нь ерөнхий зохицуулалт байх бөгөөд аль хэсэг эсхүл аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар тайлбарлахгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. 

Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг зөвтгөн, тухайн тохиолдолд огт хамаарахгүй хуулийн зүйлийг ерөнхийд нь эш татан О.С-г буруутгах нь хууль хэрэглээний алдаа болно. 

2. Шийдвэрт “О.С нь холбогдох хууль тогтоомж зөрчин томилогдсон байх тул туршилтын хугацаатай гэснийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэжээ.  Төрийн нарийн бичгийн дарга нь хууль зөрчин О.С-г түр чөлөөлсөн ба хууль зөрчин мөн түр томилгоо хийсэн тул түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд  хандах эрх түүнд О.С бөгөөд тул албан тушаалтныг бурууг ажилтанд тохох нь хууль хэрэглээний алдаа болно. 

3. Шийдвэрт “ О.С-г хууль тогтоомж зөрчиж томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт … зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б.72 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй байна, … Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа хамаарахгүй юм, … нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэжээ. 

Ажлаас чөлөөлсөн болон ажилд эгүүлэн томилсон тушаалын хууль зүйн үндэслэлд үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул түүнээс улбаалан гарсан тушаалыг хуульд нийцсэн хэмээн дүгнэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал болно. Өөрөөр хэлбэр түр томилсон тушаалыг хүчингүй болгочихвол чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэх нөхцөл байдал бий болно. 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.С нь “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/139 дүгээр тушаалын 1 дэх заалтын “6 сарын туршилтын хугацаатай” гэснийг хүчингүй болгох, мөн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “... тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасныг зөрчиж, төрийн албаны тусгай шалгалтгүйгээр О.С-г томилсон, шүүх хуульд заасан үндэслэлээр үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг тул туршилтын хугацаа хэрэглэж томилсныг болон төрийн албанаас чөлөөлсөн тушаалыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээргүй байна.

 О.С нь хариуцагч Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны Б/117 дугаар тушаалаар тус яаманд Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд хариуцагч нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар түүнийг  чөлөөлөхдөө “өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх”, “суралцах зорилгоор түр чөлөөлөгдөх” талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.2.5 гэсэн 2 ялгаатай заалтыг баримталжээ.

Хариуцагч нь тайлбартаа дээрх хуулийн 46.1.2-т заасан “сургалтаар бэлтгэгдэх болсон” гэх үндэслэлээр түр чөлөөлсөн гэж тайлбарласан, нэхэмжлэгч О.С нь “суралцах хүсэлтийг дарамталж бичүүлсэн” гэх боловч холбогдох байгууллагад гомдол гаргаж маргаагүй зэргээс үзвэл уг тушаал гарснаар О.С нь төрийн албаны нөөцөд орж, тухайн албан тушаалын “сул орон тоо” бий болсон бөгөөд 9 сарын дараа тухайн албан тушаалд томилоход Төрийн албаны тухай хуульд заасан албан  тушаалын “сул орон тоо”-г нөхөх зохицуулалтыг баримтлахаар байна.

Иймд О.С-н давж заалдах гомдолдоо “...хууль зөрчин түр чөлөөлсөн, сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг хэрэглэх бөгөөд өмнө ажиллаж байсан албан тушаалд тусгай шалгалт өгсний үндсэн дээр томилогдох заалт байхгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. 

Мөн гомдолд “... хууль зөрчин туршилтын хугацаа хэрэглэж түр томилгоо хийсэн тул түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрх О.С-д байгаа бөгөөд албан тушаалтны бурууг ажилтанд тохох нь хууль хэрэглээний алдаа болно” гэжээ.

Уг албан тушаалын сул орон тоог нөхөөгүй байсантай холбоотой О.С-н 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтээр[1]  хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/139 дүгээр тушаалаар томилохдоо тусгай шалгалт авалгүй, “туршилтын хугацаа”-гаар томилсныг О.С-н эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь хэрэгт авагдсан “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны Б/141 дүгээр тушаал[2], 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд[3] “О.С-д сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл үүссэнийг танилцуулсан, хариуцагчийн төлөөлөгчийн ““Г” ХХК-тай холбоотой ёс зүйн алдаанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байсан боловч түр чөлөөлсөн, ... дахиж  авахдаа нэхэмжлэгчийн “... өөрийн ажил үүрэгтээ бие сэтгэл, мэдлэг, чадвар, мэргэжлийн туршлага боломжоо бүрэн дайчлан ажиллах болно” гэсэн хүсэлтийг харгалзаад “туршилтаар” томилсон нь эрх зүйн байдлыг нь дордуулаагүй” гэх тайлбар зэргээс үзвэл О.С нь  түр чөлөөлөгдөхөөс өмнө төрийн албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй байдлыг нь харгалзан, хариуцагч нь дахин томилохдоо тусгай шалгалт авалгүй, “туршилтын хугацаа” зааж түр томилсны улмаас О.С-н эрх зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл уг Б/139 дүгээр тушаал нь нэхэмжлэгчид эерэг үйлчлэлтэй буюу түүнд тухайн албан тушаалд дахин ажиллах боломж олгосон байх тул уг тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Тэрээр “туршилтын хугацаагаар” томилогдсон эсэхээс үл хамаарч албан тушаалын үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, ёс зүйн зөрчилгүй ажиллах үүрэгтэй атал томилогдсоноос хойш дахин ёс зүйн арга хэмжээ авагдсан, мөн ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд хангалтгүй дүгнэгдсэн нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл[4], тус яамны дэргэдэх Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/20 дугаар “Ес зүйн хариуцлага тооцох тухай” тогтоол[5], мөн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл[6], 2020 оны 1, 2 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн тайлан зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн төрийн албанаас чөлөөлсөн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах гомдолд “сонгуулийн үр дүнгээс хамаарч байгуулагдсан Барилга, хот байгуулалтын яамны чиг үүрэгт хуулиар өөрчлөлт ороогүй” гэх боловч анхан шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй тул гомдлыг хангах боломжгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхэд төрийн албан хаагчийн эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулаагүй, баримтлах шаардлагагүй хуулийн зүйл заалтуудыг заасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0805 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... 27.1.1, 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8-д ...” гэснийг “... 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3-д ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.С давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ