Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0805

 

2020 оны 12 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0805 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.С

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын 1 дэх заалтын 6 сарын туршилтын хугацаатай гэснийг хүчингүй болгох, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Төгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар 20-ны өдрийн Б... дугаар тушаалаар Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилгын машин, механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилтийг хариуцсан мэргэжилтний албан тушаалд миний бие томилогдсон.

Төрийн нарийн бичгийн дарга болон газрын даргын тавьсан ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус шаардлагыг миний бие биелүүлээгүй тул надад элдэв шахалт үзүүлсээр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б... тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн. Ажилдаа эргэн орох хүсэлттэй байгаагаа удаа дараа илэрхийлсний үр дүнд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа орсон.

Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Г нь олон нийтийн сүлжээгээр доромжлох, ямар тушаалтай байгаагаа мэдэж байна уу хэмээн тавлах, өөр бусад байдлаар элдэв дарамт шахалт үзүүлэх нь хэрээс хэтэрсэн тул түүнд болон хүний нөөц хариуцсан шинжээч Д.Мягмардорж нарт хандан ажилд томилсон тушаал танилцуулах-ыг хүссэн боловч танилцуулахгүй байсан.

Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020.02.21-ний Б/30 дугаартай Төрийн албан хаагчдын үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай тушаалаар ганцхан миний үндсэн цалинг 10 хувь болгон бууруулсан болохыг цалин хөлсөө авсны дараа л мэдсэн. Ингээд 2020.03.24-ний өдөр тус яамны төрийн захиргаа удирдлагын газарт өөрийн ажил байдлын тодорхойлолт, ажилд томилогдсон тушаалтай танилцах хүсэлтийг албан ёсоор гаргаснаар 2020.03.26-ны өдөр тушаалтай танилцахад намайг 6 сарын туршилтын хугацаатай томилж, албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7 зэрэглэлийн 3 дахь шатлалын дагуу, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь, хоол унааны хөнгөлөлтийг зохих журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад, Төрийн нарийн бичгийн дарга С.Мийн 2019.12.02-ны ... дүгээр тушаал нь Төрийн албаны 2020.02.14-ний 54 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх, болзол, журам-ын 1.6-д Төрийн албанд өмнө нь ажиллаж байсан иргэний мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан туршилтын хугацаа хэрэглэхгүй томилно гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн тухай 2020.05.20-ны 01/995 тоотоор мэдэгдсэн.

Гэвч Төрийн нарийн бичгийн дарга нь уг дүгнэлтийг үндэслэн, өөрийн хууль бус тушаалыг хүчингүй болгохгүй байсан тул тус шүүхэд хандан, ажлаа чөлөөтэй сонгох эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул уг эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Ер нь бол ажил олгогч ажилд эгүүлэн томилохдоо хугацаагүй томилох үүрэгтэй бөгөөд хууль болон журмын заалт зөрчсөн талаар нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт болон хариу бичигт заасан болно.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн төрлүүдээс алийг нь гаргуулахаар хандаж буй талаар тодруулаагүй гэдэг нь хууль бус шаардлага бөгөөд шүүхээс үнэхээр дахин дахин шаардаад байгаа тул мөн зүйлийн 106.3.12-т заасан шийдвэрийг гаргуулмаар байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С нь анх тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б... дугаар тушаалаар тус яаманд Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Мөн анх томилогдсоноос хойш 2 сарын дараа өөрийн хариуцсан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байранд удаа дараа байгаагүй үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/141 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсныг дурдах нь зүйтэй.

Г ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн асуудалд хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагад мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалж хуурамч баримт бүрдүүлсэн зөрчилд нь тухайн үеийн шууд удирдах нэгжийн даргын гомдлоор сонсох болон холбогдох хяналт шалгалтын ажиллагааг явуулсны үндсэн дээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тушаалын төсөл боловсруулж өөрт нь танилцуулсан байна.

О.С нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад 11 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргад хандаж өмнө нь гаргасан алдаа дутагдлаа дахиж гаргахгүй, бие хүний хувьд төлөвшсөн, мэдлэг чадвараа бүрэн дайчлан ажиллах тул өмнө эрхэлж байсан мэргэжилтний албан тушаалд томилогдох хүсэлтийг гаргасан.

Уг хүсэлтийг яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргааны удирдлагын газар, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлагын түвшинд авч хэлэлцээд өмнөх ажиллаж байсан барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо сул байгаа, хүсэлтэд дурдсан нөхцөл байдал зэргийг харгалзан уг сул орон тоонд О.Сг томилъё, харин үнэхээр хувь хүний хувьд засарсан, төлөвшсөн эсэх, алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллаж чадах эсэхийг нь харгалзан түүнийг Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр тушаалаар 6 сарын туршилтын хугацаагаар томилсон.

Үүнтэй холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түүнд албан тушаалын тодорхойлолтыг танилцуулахдаа туршилтын хугацаагаар томилсон гэдгийг хэлж байсан бөгөөд тушаалын 1 хувийг авах хүсэлтийг гаргаж байсан. Тухайн үед жилийн эцэс болж байсан учир байгууллагаас гарсан тушаал, албан бичгийг бичиг хэрэг, архивд өгсөн байсан тул архиваас авч үзээрэй гэж хэлсэн.

Мөн уг тушаал түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл тухайн үед нь Төрийн албаны зөвлөл болох шүүхэд хандаж гомдол гаргаж болох боломжтой байсан бөгөөд 2019 оны Б/139-р тушаал нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй байна. Иймд 2020 оны 3 дугаар сард 6 сарын туршилтын хугацаатай ажилд томилогдсоныг мэдээгүй байдлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... -р тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас О.С нь туршилтын хугацаанд удаа дараа ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж дүгнэгдсэн, мөн ажлын цаг ашиглалт, зан суртахууны хувьд доголдолтой, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй зэрэг үндэслэлээр хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас холбогдох материалын хамт төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн.

Дээрх гомдолтой холбогдуулан сонсох ажиллагаанд оролцож, тайлбар өгөх талаар О.Сд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Тухайн үед Ковид-19 өвчний улмаас зайнаас ажиллаж байсан ба шаардлагатай үед ажлын байран дээр ирж ажиллах ёстой байсан. Мөн О.С нь ажлаас чөлөө авч, хүүхдээ эмчлүүлэх гэх зэргээр ажилдаа ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасны дагуу сонсох ажиллагааг цахим хэлбэрээр санал авч болно гэж заасныг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр газрын даргын гомдол, холбогдох бусад материалыг түүний хаяг руу хүргүүлж холбогдох тайлбар ирүүлэхийг утсаар нь мэдэгдсэн.

Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Туршилтын хугацаагаар томилогдсон албан хаагч ажлын төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тайлагнана гэж заасан байдаг. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас ирүүлсэн хүсэлт, холбогдох материалыг судлан үзэхэд О.С нь 2020 оны 01 дүгээр сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 9 ажил төлөвлөснөөс 8 ажлын биелэлтийг хангалтгүй, 2 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд мөн 9 ажил төлөвлөснөөс 8 ажлын биелэлт хангалтгүй, 3 дугаар сарын /1 дүгээр улирал/ гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнаагүй, шууд удирдах нэгжийн даргын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй ажил тасалсан, хамт олны гар нийлэмжтэй байдлыг алдагдуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон. Мөн албан ёсны чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/111 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Яамны хөдөлмөрийн дотоод журам-ын 11.1-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас болон төлөвлөсөн ажил арга хэмжээ уулзалт, хурал, сургалт/-ээс хоцорсон, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд ... Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Мөн О.С нь Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүйгээс гадна мэргэшүүлэх сургалтад сууж төгсөөгүй гэдгийг шүүхээс анхаарч үзэх хэрэгтэй.

Сонгон шалгаруулалтыг зарлаж сул орон тоог нөхөөгүй нь хариуцагчийн давхар буруу байгаа боловч нэхэмжлэгчээс тухайн албан тушаалд томилогдох хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан. Мөн тухайн үед уг албан тушаалын орон тоон дээр түр хугацаагаар ч хамаагүй хүн томилох шаардлагатай байсан. Туршилтын хугацаа дууссаны дараагаар сул орон тооны мэдээллийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн сонгон шалгаруулалт явуулах байсан. Туршилтын хугацаанд дахин зөрчил гаргасан учраас төрийн албаны тушаалд жинхлэн томилох боломжгүй гэж үзэн холбогдох сонсох ажиллагааны үндсэн дээр Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалаар туршилтаар ажиллах хугацааг дуусгавар болгож, төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу үндэслэл бүхий тогтоохыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.Сг туршилтын хугацаагаар томилсон Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны ... дүгээр тушаалаар түүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувь байхаар тогтоож шийдвэрлэсэн байна. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор яамны албан хаагчдын цалингийн шатлал, зэрэг дэв, төрийн албанд ажилласан жилийн нэмэгдлийн талаарх судалгаа, тайланг гаргаж салбар зөвлөлд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсгийн судалгаагаар О.С нь улсад 21.7 жил, төрд 14.3 жил ажилласан болох нь тогтоогдсон.

Улмаар дээрх ажлын хэсгийн судалгааг үндэслэн Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/30 дугаар тушаалаар О.Сгийн төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг өөрчилж 10 хувь болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

Иймд О.Сгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.С тус шүүхэд хандан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын 1 дэх заалтын 6 сарын туршилтын хугацаатай гэснийг хүчингүй болгох, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын 1 дэх заалтын 6 сарын туршилтын хугацаатай гэснийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.Сг анх Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б... дугаар тушаалаар Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б... дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасныг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлжээ.

Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр тушаалаар өмнө эрхэлж байсан Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд 6 сарын туршилтын хугацаатай томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл тогтоож болно, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам-ын 1.6-д Төрийн албанд өмнө нь ажиллаж байсан иргэний мэдлэг, туршлага, ур чадварыг харгалзан туршилтын хугацаа хэрэглэхгүй томилно гэж тус тус заажээ.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.Сг Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд өмнө нь ажиллаж байсныг харгалзан үзэхгүйгээр, төрийн албанд анх томилж байгаа мэтээр шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлнө, 46.6-д Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно, 33 дугаар зүйлийн 33.3-т ...тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж тус тус заасан.

Тодруулбал, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны тусгай /тухайн албан тушаалын/ шалгалт өгсний үндсэн дээр зохих журмын дагуу тухайн албан тушаалд томилогдох зохицуулалттай болсон байна.

Уг хуулийн зохицуулалтад нийцүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ыг батлан гаргажээ.

Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б... дүгээр тушаалаар О.Сг төрийн албанаас түр чөлөөлж, 2019 оны ... дүгээр тушаалаар Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилоход тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ авч Төрийн албаны зөвлөл /Салбар зөвлөл/-өөс нэр дэвшүүлж, томилох зохицуулалттай байхад тусгай шалгалтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д заасантай нийцээгүй байна.

Шүүх гагцхүү хуульд заасан үндэслэлээр үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд О.С нь холбогдох хууль тогтоомж зөрчин томилогдсон байх тул Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр тушаалын 6 сарын туршилтын хугацаатай гэснийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Хоёр: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.Сг тус шүүхэд томилсон тушаалын зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн эхний шаардлагаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилсон туршилтын хугацааг дуусгавар болгож, төрийн албанаас чөлөөлжээ.

Уг тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хавсралтаар батлагдсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам-ын 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч О.Сг хууль тогтоомж зөрчин томилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох маргаан бүхий тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/995 дугаар гомдолд хариу өгөх албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.

Тэрээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны хууль, холбогдох журамд зааснаар томилогдож ажиллаагүй тул нэхэмжлэлд дурдсан ... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул уг эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Ер нь бол ажил олгогч ажилд эгүүлэн томилохдоо хугацаагүй томилох үүрэгтэй гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйн дээр, түүнд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаа хамаарахгүй юм.

Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/1215 тоотоор Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр тушаалаар барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны тухай хууль, журам зөрчиж томилогдсон байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу нэхэмжлэгчид өгсөн байдаг.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл ийнхүү тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8-д заасныг тус тус баримтлан Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын 1 дэх заалтын 6 сарын туршилтын хугацаатай гэснийг хүчингүй болгох, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг болон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн нэмэгдлийг хууль тогтоомжид заасны дагуу тогтоохыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР