| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0212/Э |
| Дугаар | 421 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 421
2020 03 11 2020/ШЦТ/421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Я.Сансар,
Хохирогч Апекс финанс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбат,
Хохирогч Д.Нямбат, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
Иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч Г.Өлзийсайхан,
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 05594 2104 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол Нарны зам гудамж, 101 дүгээр байрны 375 тоот 61.63 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг найз гэх иргэн Д.Нямбатаас 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж "гааль дээр хураагдах гэж байгаа машинаа гарган аваад буцааж авч өгнө" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авч улмаар Д.Чойжилсүрэнтэй 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан түүний барьцаа болгож тухайн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Чойжилсүрэнд шилжүүлэн өгч 96.800.000 төгрөгний хохирол учруулан залилсан,
Мөн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бридж" ХХК-ийн байранд байрлах "Алекс Финанс" ХХК-нд Ниссан Тийда маркийн С11356456 арлын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 9.300.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан боловч эргэн төлөлтийг хийлгүй хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуудсыг гээгдүүлсэн гэж дахин гаалийн байгууллагаас гаалийн мэдүүлэг гаргуулан авч бусдад худалдан борлуулан залилж "Алекс Финанс" ХХК-нд 9.300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05594 2104 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Э.Б нь үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж нийт 2 хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Д.Нямбатын мөрдөн байцаалтад өгсөн:
Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамжны 101-р байрны 375 тоотод байх байр манай аав Дэлгэрдалайн нэр дээр байдаг. Аав Баянхонгор аймагт ажил хийдэг. Түрээслэх гэхээр эзгүйд нь боломжгүй болох гээд байна, итгэмжлэл хийж өгөөч гэж хэлээд аав зөвшөөрсөн. Итгэмжлэл хийгээд болсон байхад багийн найз Э.Б 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гааль дээр машин хураагдах гээд байгаа болохоор байрыг чинь барьцаанд тавьж зээл гаргуулан аваад машинаа авчихаараа буцаагаад өгнө гээд бид хоёр тохиролцсон. 2018 оны 10 сард "Алтан зоос Тунамал" гэх банк бус санхүүгийн байгууллагаас манай гэрт ирээд Э.Б гэдэг хүний байр мөн үү зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байна. Энэ байрыг удахгүй хураана гэх мэт зүйл ярихаар нь би 10.000.000 төгрөг юм чинь төлөөд явж байгаа байх. Манай найз зээл авсан юм гэхэд 40.000.000 төгрөгт барьцаалан зээл гаргуулж авсан гэж хэлсэн. Тэгээд би Э.Б рүү яриад банк бус санхүүгийн байгууллагаас гээд хүмүүс ирээд 40.000.000 төгрөг гээд юм яриад байна гэхэд харин тийм юм болчихлоо уучлаарай, хоёулаа уулзая гэсэн. Тэгээд манайд ирээд найз нь харин мөнгө хэрэгтэй болоод дахиад 30.000.000 төгрөг нэмээд авчихсан юм. Удахгүй зохицуулна гэсэн. Тэрнээс хойш Э.Бийн 94749444 гэсэн дугаараар байнга яридаг ба удахгүй болох нь, бүтээнэ гээд шалтаг хэлээд хугацаа хожоод яваад байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Э.Б надад Санхүүгийн төв гэх нэртэй газар барьцаанд тавьж байгаа, танидаг хүн байгаа гэж байсан. Би өөрийн нэр дээр зээл авах гэхээр заавал орлого нотлоно гээд байсан. Э.Б танидаг хүнтэй болно, би өөрийн нэр дээр зээл асуудалгүй гаргуулчихна гээд байхаар нь байрны нэрээ шилжүүлэх гээд худалдах, худалан авах гэрээ хийсэн. Надад анхнаасаа хэлэхдээ сарын дараа асуудалгүй аваад өгчихнө. Өгөхдөө чиний нэр дээр буцаагаад шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгээд нэг сарын хугацаа өнгөрөхөөр нь асуухад за одоохон гээд цаг аваад байдаг байсан. Э.Б найз нь яаж ийгээд болно гээд аргалаад байсан болохоор хүлээж байсан. Бид хоёрын дунд анхнаасаа ямар нэг мөнгөний тохиролцоо байгаагүй. Миний байрыг барьцаанд тавьсан болохоор ойр зуурын мөнгө хэрэгтэй болохоор асуухаар өөр шилжүүлдэг байсан. Мөнгө хэрэгтэй болоод 1.920.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,
Иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би Э.Бтөй бага байхаас хамт нэг дугуйланд явдаг байсан. Тэрээр манай ажиллаар ирж үйлчлүүлдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр манай "Тунамал Алтан зоос" ББСБ дээр ирээд миний хүүхэддээ авсан нэг байр байгаа. Тэрийг барьцаанд тавьж яаралтай 40.000.000 төгрөг авах хэрэгтэй байна гэхээр нь үл хөдлөхийн лавлагаа аваад ир гэхэд авч ирсэн. Э.Бийн өөрийнх нь нэр дээр бичиг баримт асуудалгүй байхаар нь би мөнгөө төлж чадахгүй болвол шууд зөрүү мөнгө өгөөд худалдаж авахаар Э.Бтөй тохиролцоод худалдах, худалдан авах гэрээг өөрийн нэр дээр хийсэн. Тэгээд манайхаас бэлнээр 40.000.000 төгрөг аваад зээлийн эргэн төлөлтийн эхний 5-6 сарын мөнгөө төлж байгаад сүүлдээ нэхүүлээд байсан. Тэгээд төлөхөө больчихсон. Өмнө нь Э.Б одоо энэ байраа хүнд түрээслэж байгаа гэж хэлж байсан бөгөөд зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй болохоор нь байраа авахаар очиход Нямбат гэж хүн гарч ирээд манай байр гээд мөнгийг нь Э.Б өгнө гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6/,
-шүүгдэгч Э.Бийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 7/,
-С.Дэлгэрдалайгийн Д.Нямбатыг итгэмжилсэн итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамжны 101-р байрны 375 тоот хаягт байрлах Ү-2204087079 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8-9/,
-Д.Нямбат, Э.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "Орон сууц, худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 10/,
-Э.Бийн Д.Чойжилсүрэнтэй 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-51/,
-2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Э.Бийн Д.Чойжилсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 62/,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 цугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 8/1908 дугаартай “ ...эрхийн улсын бүртгэлийн Ү-2204087079 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 25 дугаар хороо 13 zyraap хороолол /13374/, Нарны зам гудамж 101 дүгээр байрны 375 тоот хаягт байрлах орон сууцны анхны өмчлөгчөөр С.Дэлгэрдалай /ЧП49102432/ бүртгэлтэй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 279 дугаартай нотариатчийн гэрчилсэн "Худалдах, худалдан авах" гэрээгээр иргэн Э.Б /ЧР75103014/-ийн өмчлөлд, 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 171 дугаартай нотариатчийн гэрчилсэн "Худалдах, худалдан авах" гэрээгээр иргэн Д.Чойжилсүрэн /ЧЙ75090871/-ийн өмчлөлд тус тус өмчлөх эрх шилжүүлэн бүртгүүлсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 84/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №БЗ1-19-669 дугаартай:
Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамжны 101-р байрны 375 тоот хаягт байрлах Ү-2204087079 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлчилсэн дүнгээр 96.800.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-97/,
Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 03 дугаар сард Япон улсаас машин оруулж ирсэн боловч хил дээр хураагдах гээд яаралтай мөнгөний хэрэг гарахаар нь найз Нямбатаас байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 10.000.000 төгрөгний зээл аваад машинаа авчихсан. Дараа нь миний нэр дээр байдаг байр банкнд хураагдах гээд байхаар нь нэмээд 30.000.000 төгрөг авсан. Ингээд 40.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй өдийг хүрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17-20, 38-42/,
Би анх гааль дээр машин хураагдах гээд байхаар нь өөрийн найз Нямбатын эзэмшлийн байрыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад Тунамал алтан зэос ББСБ-д 40,000,000 төгрөгөөр тохирон худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Зээлийн эргэн төлөлтөөс 5-6 сарын мөнгөө хийсэн. Дараагийн саруудад эргэн төлөлтөө хийж чадахгүй болоод мөнгө нэхэгдэж эхлэхэд Чойжилсүрэн надад байрыг чинь зарлаа, тэгээд үлдэгдэл зөрүүг нь та нарт егье гээд ярихаар нь Нямбат бид хоёр өөрсдөө байраа арай үнэтэй зарна гэж тохироод Нямбатын танил хажуу орцны хүн нь 20,000,000 төгрөгт машин оролцуулаад 100,000,000 төгрөгөөр авна гэхээр нь хүлээж нилээн хугацаа алдсан. Нямбат гэрт “Тунамал алтан зоос” ББСБ-с хүн очиход байр нь эргэн төлөлт хийгдэхгүй байгаа, худалдах, худалдан авах гэрээ хийчихсэн гэдгийг мэдсэн. Би анх Нямбатад байрыг нь 10,000,000 төгрөгний зээлэнд тавьсан гэж хэлсэн байсан ба тухайн үед 40,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Анхнаасаа байрыг нь шилжүүлж аваад гааль дээрээс машинаа оруулаад ирэхээр хамтран бизнес хийе, удаан ажиллаад эхлэхээр Нямбат ч гэсэн нэг портер аваад өөрийн эрхэлдэг каргонд хэрэглэнэ гэх мэт яриж байсан ба Нямбатад би мөнгө нэхэхээр нь хэрэглээний мөнгө гээд оройлцоогоор 2,500,000 гаруй төгрөг нэхсэн үед нь өгдөг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
2. Хохирогч Н.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Э.Б гэх залуу манай байгууллага дээр ирээд зээл авъя гэж хэлсэн. Өмнө нь манай байгууллагаас зээл аваад 2 удаа хааж байсан. Тэгээд ярьж байхдаа танай эхнэр чинь манай 10 жилийн найз юм байна лээ гэж хэлж байсан ба та нараас мөнгө зээлээд машин авч зараад буцаагаад өгнө гэж хэлж байсан. Уг хүн тээврийн хэрэгсэлийнхээ гаалийн бичгийг манай байгууллагад барьцаанд өгөөд Да хүрээ дээр аваачиж зараад мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлээд 9.300.000 төгрөг 2 сарын хугацаатай авсан юм. Тэгээд таг болчихоор нь уг хүнтэй холбоо бариад асуутал зарагдахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би TRANSDEP.MN рүү ороод арлын дугаараар нь шалгаж үзэхэд Нэткапитал ХХК-аар дамжуулж бусдад худалдсан байсан. Тэгээд буцааж залгаад банк бус руу шилжчихсэн байна гэж хэлтэл уучлаарай надад мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьчихсан юм та хэдийн мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөхгүй алга болчихсон. Хэрэв машиныг зарахаар бол гаалийн мэдүүлэг нь эх хувиараа манайд байсан тул зарах боломжгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/,
-хохиоргчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 120-121/,
-Э.Бийн Апекс финанс ХХК-наас зээл авсан тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1551 дугаартай зээлийн болон Фидуцийн гэрээний хуулбар /хх-ийн 122-126/,
-Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх-ийн 124/,
Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Гааль дээр Ниссан Тийда маркийн цэнхэр өнгөтөй машин 1 ширхэг ирээд би тухайн үед нь гаалийн бичигээ барьцаалаад дээрх байгууллагаас 9.300.000 төгрөг бэлнээр зээлээр авсан. Машинаа Да хүрээ зах дээр зарах гэж байхад 1 залуу авахаар болж Нэткапитал ББСБ-д 4.500.000 төгрөг тушаачихсан, гэрээ нь бэлэн болчихсон, АТҮТөвд гэсэн хаягтай машиныг манай дээр шилжүүлж өгнө үү гэсэн утгатай бичиг авч ирсэн байсан. Тэр албан бичгийг нь аваад би Энхбаттай уулзаад бичигээ үзүүлээд энэ байгууллагаас мөнгө орж ирэхээр нь төлбөрөө төлөөд дуусгачихнаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээ өгөөч би нэрээ шилжүүлээдхий гэхэд манайх дотоод журмандаа зээлийн гэрээ хийгдсэн машиныг төлбөрөө дуусгаж байж болно гэхээр нь Нийслэлийн гаалийн газар дээр очоод гаалийн хийлээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээ үрэгдүүлсэн гээд өргөдөл бичиж өгөөд канондсон хувилбар дээр тамга даруулаад авчихсан. Тэр бичигээрээ Нэткапитал ББСБ-ийн нэр дээр улсын дугаар авч өгөөд 10.800.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 158-159/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх-ийн 113-114/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд /хх-ийн 35-36, 155-156/, Э.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-33/, шүүгдэгч Э.Бөөс шүүхэд гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд 9.200.000 төгрөг, хохирогч Д.Нямбатад 1.920.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга 12 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцов.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бийн хохирогч нарыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Нямбатад 96.800.000 төгрөгийн, хохирогч Апекс финанс ХХК-д 9.300.000 төгрөгийн, нийт 106.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан. Мөн иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд 30.800.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгж буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан байх ойлголт юм. Хохирогч Д.Нямбатын эцэг С.Дэлгэрдалайгийн эзэмшлийн уг орон сууцны үнэлгээг хөрөнгийн үнэлгээний компани зах зээлийн ханшид үндэслэн 96.800.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон нь хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Э.Б, хохирогч Д.Нямбат нар нь биенээ бага байх үеэсээ эхлэж таньдаг, хороондоо ойрхон амьдарч нэгнээ мэддэг байсан. Ерөнхий боловсролын сургуульд хамт сурч байсан үеэсээ одоог хүртэл найзалж харилцаж байгаа, нэгнийхээ хийдэг ажил, бизнесийг мэддэг учир Д.Нямбат нь өөрийн эцгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэн хариуцаж 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалахыг Э.Бөд зөвшөөрсөн байна. Ингэхдээ тэрээр Э.Бийг 10.000.000 төгрөгийг буцааж төлөх санхүүгийн чадвартай, боломжтой гэж итгэжээ. Харин Э.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийг нь 40.000.000 төгрөгийн зээлд барьцаалж, өмчлөх эрхийг Д.Чойжилсүрэнд шилжүүлсэн байна. Энэ нөхцөл байдал нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Мөн хохирогч Апекс финанс ХХК-аас шүүгдэгч Э.Б нь урьд нь 2 удаа зээл авч, уг зээлээ хугацаанд нь төлж өөрийгөө олон жил машин зарж борлуулсан, зээл өгөхөд буцаан төлөх боломжтой гэх итгэл үнэмшилийг тухайн байгууллагын ажилтанд төрүүлсэн, гадаад улсаас Монгол улсад оруулж ирсэн тээврийн хэрэгслийн гаалийн хийлээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээ үрэгдүүлсэн гэж холбогдох байгууллагад өргөдөл гарган уг баримтыг орлох хууль ёсны хүчинтэй баримт дахин олж аван бодит нөхцөлийг өөрчилж тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан нь зохиомол байдлыг зориудаар бий болгож байх тул залилах гэмт хэргийн шинжийг хангана.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч нарыг хуурч эзэмшил, өмчлөлд байсан эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нямбатын эцэг С.Дэлгэрдалайн өмчлөлийн /хөрөнгийн үнэлгээний тайлангаар 96.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн/ байрыг итгэмжлэлийн үндсэн дээр Д.Нямбат нь шүүгдэгч Э.Бөд худалдах худалдан авах гэрээ байгуулж шилжүүлэн өгсөн байх бөгөөд шүүгдэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд зээлийн барьцаанд тавьж, худалдах худалдан авах гэрээ байгуулж түүний эзэмшилд шилжүүлж Д.Нямбатад 96.800.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Иймд иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнгээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамжны 101-р байрны 375 тоот хаягт байрлах Ү-2204087079 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох С.Дэлгэрдалайгийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Э.Бийг хохирогч Д.Нямбатад төлөх төлбөргүйд тооцлоо.
Харин шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Нямбатыг залилаж өөрийн эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд зээлийн барьцаанд тавьж түүнээс 40.000.000 төгрөгийг авсан байна. Уг зээлийн эргэн төлөлтөнд нийт 9.200.000 төгрөг төлсөн болох нь Э.Бийн дансны хуулга, түүний мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул үлдэх 30.800.000 төгрөгийг шүүгдэгч Э.Бөөс гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Апекс финанс ХХК-д 9.300.000 төгрөгийн хохирол учруулан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс хохиролыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч шүүхээс шийдвэрлэсэн хохиролоос төлж барагдуулаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлд шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байхыг, 34.8 дугаар зүйлд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах, хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйг, 34.13 дугаар зүйлд шүүх хуралдаанд хохирогч ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нараас асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэхийг хуульчилсан байна.
Хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулаад үргэлжлүүлэн явуулахад шүүх хуралдаан даргалагч шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч нар өөрчлөгдөөгүй болно.
Завсарлуулсан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад хохирогч Д.Нямбат нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хохирогч Апекс финанс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбат нь Дархан-Уул аймагт явж байгаад Улсын Онцгой Комиссын шийдвэрээр хөл хоригдсон гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй байх бөгөөд шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Шүүх хуралдааны бусад оролцогч болох улсын яллагч, хохирогч Д.Нямбатын өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах талаар санал гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байх тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Бөд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугын талаар гаргасан дүгнэлт, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнгөрсөн хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир 7 хоног цагдан хоригдсон байх ба уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бийг таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Э.Бөөс 9.300.000 төгрөг гаргуулж хохирогч Апекс финанс ХХК /6126154/-д, 30.800.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн /ЧЙ75090871/-д тус тус олгож,
иргэний нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнгийн өмчлөлд байх Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамжны 101-р байрны 375 тоот хаягт байрлах Ү-2204087079 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны өмчлөгч С.Дэлгэрдалай /ЧП49102432/-н өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ