Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

 

2020              4             30                                       2020/ДШМ/539

 

Э.Бөд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

иргэний нэхэмжлэгч Д.Ч,

хохирогч Д.Н, түүний өмгөөлөгч Н.Батболд,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, иргэний нэхэмжлэгч Д.Ч нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Бөд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Эийн Б, 1975 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа автомашин борлуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ... тоот 61.63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг найз гэх иргэн Д.Наас “10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж гааль дээр хураагдах гэж байгаа машинаа гаргаж аваад буцааж авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авч, улмаар Д.Чтэй 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан түүний барьцаа болгож тухайн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Чд шилжүүлэн өгч 96.800.000 төгрөгийн хохирол,

мөн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-нд “...” загварын ... арлын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 9.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч эргэн төлөлтийг хийлгүй хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуудсыг гээгдүүлсэн гэж дахин гаалийн байгууллагаас гаалийн мэдүүлэг гаргуулан авч бусдад худалдан “...” ХХК-нд 9.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Эийн Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөөс 9.300.000 төгрөг гаргуулан хохирогч ... ХХК-нд, 30.800.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Чд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Д.Чгийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамжны 101 дүгээр байрны 375 тоот хаягт байрлах Ү-2204087079 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны өмчлөгч С.Дэлгэрдалайн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 оны 2 дугаар сард багын найз Д.Нтай хамтран ажиллах зорилгоор Нын байрыг барьцаанд тавин автомашины наймаа хийхээр тохирсон. Гэвч Дэлгэрдалай гуайн нэр дээрх Над итгэмжлэлтэй тус байрыг барьцаалан Нын нэр дээр шилжүүлэн барьцаанд тавих боломжгүй гэж банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгохгүй байсан тул бид хоёр ярилцаад миний нэр дээр шилжүүлсэн. Анх тохирсон 10 сая төгрөг авахаа болиод 40 сая төгрөгийн зээл авч, 9.2 сая төгрөг төлж явж байгаад эрхэлж буй ажил бизнес маань муудан ББСБ-ын төлбөрөө төлж чадахгүй явж байгаад 2019 оны 9 дүгээр сард Н цагдаад өргөдөл өгч шүүхээр шийтгэх хүртэл төлбөрөө төлж чадаагүй. Энэ хэргийг миний бие шууд залилах зорилго агуулаагүй эргэн төлөлт төлж байсан. Хохирогч Н 40 сая төгрөгийн зээл авсныг эрт мэдсэн бөгөөд надад мөнгө төл гээд 1.920.000 төгрөг дансаар, бэлнээр 580 төгрөг авсан. Энэ нь өөрөө байраа барьцаалснаар ашиг сонирхол байсныг шүүх хэлэлцээгүй. Алтан зоос тунамал ББСБ нь өөрөө барьцааны гэрээ хийхгүй нэр дээрээ шилжүүлэн авч зээл олгосноор энэ хэрэгт ганц миний бие шүүгдэгч болох нь буруу гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдлийн улмаас Над 96.8 сая төгрөг, ... ХХК-нд 9.3 сая төгрөг, нийт 106.100.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учирсан. Мөн иргэний нэхэмжлэгч Чд 30.8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь 50 сая төгрөгөөс дээш хохиролд хамаарч байна. Орон сууцны үнэлгээг би өөрөө очиж хийлгэсэн юм. Тэгэхээр бодит хохирлын хэмжээ Энхбатад 9.3 сая, Чд 30.8 сая төгрөг гэж тогтоосон атлаа яагаад 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж байгааг ойлгохгүй байна. Мөн мөрдөгч Даваацэцэг нь “таны үйлдэл 17.3 дугаар зүйлийн 1 шүү, 450.000 төгрөгийн торгууль бэлдээрэй” гэж төөрөгдүүлсэн. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн миний буруу байх. Ныг хохирогчоор татаад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөөгүй Нын эцэг Дэлгэрдалайд орон сууц шилжүүлэх шийдвэр шүүхээс гаргасан нь мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч надаас ирцийн талаар санал гомдол аваагүй. Харин шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах талаар санал гаргасан гэж бичсэн. Хохирол төлөх 5 хоногт би цагдан хоригдож байсан. Өмгөөлөгч Л.Батжаргал тус хугацаанд над дээр ирж хохирол нөхөн төлөх мөнгийг миний дүүтэй холбоо барьж аваад хохирогч нартай холбогдон хохирол гомдолгүй гэсэн бичиг авна гэж амлаад нэг ч удаа ирж уулзаагүй. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр би өмгөөлөгчөөсөө татгалзах, хохирогч Н, Энхбат нарыг байлцуулан хохирол гомдлын талаар сонсох хүсэлтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хохирогч Д.Нямбаяр нь төрсөн эцэг С.Дэлгэрдалайн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Э.Бтэй хамтран ажиллах зорилгоор банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцож хандсан боловч Д.Нын орлого тодорхойгүй, тодорхой бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр зээл олгохоос татгалзсан байдаг тул Д.Н нь С.Дэлгэрдалайн түүнд олгосон итгэмжлэлийн дагуу хүсэл зоригоо илэрхийлэн Э.Бөд шилжүүлж, түүний нэр дээр зээл авах зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нын өгсөн мэдүүлгээр Э.Бөд орон сууцыг шилжүүлж зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдгаас гадна Э.Б Хаан банкны данснаас Д.Нын Хаан банкны тоот дансанд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 1.920.000 төгрөгийг дансаар шилжүүлж мөн тодорхой хэмжээний мөнгийг бэлнээр удаа дараа өгч байсан талаар мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийн хохирогч Д.Над өгч байсан эдгээр мөнгөтэй холбоотой асуудалд үнэлэлт, дүгнэлт огт хийгээгүй. Шүүгдэгч Э.Б нь иргэний нэхэмжлэгч Д.Чтэй 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан, хохирогч Д.Нын итгэмжлэлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаа болгох зорилгоор Д.Чтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Иргэний нэхэмжлэгч Д.Чгийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаа болгох хэлбэрээр барьцаалсан болохоос бус худалдан авах санаа зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж аваагүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Шүүгдэгч Э.Б нь иргэний нэхэмжлэгч Д.Чд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөр хийх бодолгүйгээр, залилан мэхэлж авах санаа зорилго огт байхгүй байсан болох нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор Хаан банкны данснаас иргэний нэхэмжлэгч Д.Чгийн Хаан банкны дансанд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлсэн байдгаар нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Чгийн мэдүүлэг болон хохирогч, гэрч нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Н нь өөрийн эцэг С.Дэлгэрдалайн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг иргэний нэхэмжлэгч Д.Чд худалдан борлуулах санаа зорилготой байсан эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч С.Дэлгэрдалайн хүсэл зоригийг тодруулах, тогтоох зэрэг нотолбол зохих ажиллагааг буюу өмчлөгч С.Дэлгэрдалай, “Тунамал алтан зоос ББСБ” ХХК-ийн захирал Н.Гансүх, Н.Оюунчимэг, Н.Алтанчимэг нараас гэрчийн мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Шүүгдэгч Э.Бөд холбогдох хэрэгт зөвхөн яллах талын нотлох баримтыг буюу яллах нөхцөл байдлыг бүрдүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Түүнчлэн хохирогч гэх Д.Н нь анхнаасаа Э.Б нь тус үл хөдлөх хөрөнгийг иргэний нэхэмжлэгч Д.Чд зээлийн барьцаанд тавьсан болох талаар мэдэж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нын хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Э.Б, иргэний нэхэмжлэгч Д.Ч нарын мэдүүлгээр нотлогддогоос гадна шүүх хуралдаанд хохирогч Д.Н нь үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн, харин 40.000.000 төгрөгт тавьсан учраас хохирсон мэтээр эргэлзээтэй мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгч Э.Б нь хохирогч ... ХХК-иас 2 удаа зээл авч, зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулсан байдаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидукцын гэрээг байгуулж 9.300.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгэээр зээлсэн. Шүүгдэгч Э.Б нь “...” загварын тээврийн хэрэгслийн гаалийн бичиг баримтыг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд хохирогч Н.Энхбатын мэдүүлгээр тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулах гэж байгаа талаар хохирогч байгууллагад мэдэгдэж байсан болох нь нотлогддог. Мөн шүүгдэгч Э.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын хооронд 40 гаруй тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр нэвтрүүлж байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаагаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэх болно. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл шүүгдэгч Э.Б болон хохирогч Д.Н, “...” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэх бүрэн боломжтой, гэрээний эрсдэлээс үүдсэн, гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааны шинжтэй байхад анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, Э.Бийн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийгээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулаагүй, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Ч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад “Гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн хохирол ... хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ. Э.Бийн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгосон гэх өмчлөх эрхийн гэрчилгээ, орон сууцыг захиран зарцуулах тухай итгэмжлэл, өмчлөгч С.Дэлгэрдалайг төлөөлж Д.Н, Э.Б нар нь зээл авахын тулд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон орон сууцыг Э.Бийн өмчлөлд шилжүүлж буй 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, анхан шатны шүүх уг орон сууцыг иргэн С.Дэлгэрдалайн өмчлөлд шилжүүлэх тухай шийдвэр зэргээр иргэн С.Дэлгэрдалайн өмчлөл болох нь хангалттай нотлогдсоор байхад Д.Ныг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн миний хувьд Э.Бийг таньдаг бөгөөд түүнийг зээл авахаар ирэхдээ үүргийн гүйцэтгэл хангуулах орон сууц нь С.Дэлгэрдалай гэх хүнээс Э.Б рүү худалдсан, одоогоор Э.Бийн өмчлөлд байгаа талаар лавлагаа байсан тул энэ байдалд нь итгээд 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлийг Э.Бөд олгож, орон сууцыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн. Миний хувьд зээл олгоход энэхүү орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой, бусдаас бэлэглэж биш, худалдан авсан юм байна гэсэн өмчлөх эрхийн бүртгэлийн лавлагаанд маш ихээр итгэж, зээл олгосон. Гэтэл дээрх орон сууцыг Э.Б, Д.Н нар нь зээл авахын тулд бусдыг хуурч, Э.Бийн өмчлөл мэт харагдуулах зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэг нь “...Би өөрийн нэр дээр зээл авах гэхээр заавал орлого нотолно гээд байхаар нь Б таньдаг хүнтэй, би өөрийн нэр дээр зээл асуудалгүй гаргуулна гээд байхаар нь байрны нэрээ шилжүүлэх гээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн” гэх Д.Нын мэдүүлэг, хэрэглээний мөнгө авдаг болон өгдөг тухай Д.Н, Э.Бийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Э.Бөөс Д.Нын баримтаар нотлогддог 1.920.000 төгрөгийг хууль бусаар авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь нотлогдсоор байтал энэхүү асуудлыг шийдвэрлэлгүй орхисон. Д.Н, Э.Б нар нь бүлэглэж, зохиомол байдлыг бий болгон намайг хуурч, надад хохирол учруулсан, намайг хохирогч гэдгийг нотлох нөхцөл байдал хавтас хэргийн материалд хангалттай байсаар байтал намайг хохирогчоор тогтоож, энэхүү эрүүгийн хэргийг цагдаа, прокурор болон анхан шатны шүүх үнэн зөвөөр хуулийн дагуу асуудлыг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Залилуулсан би иргэний нэхэмжлэгч болоод бусдыг хуурах, зохиомол байдлыг зориуд бий болгосон, намайг залилсан хамтран залилагч этгээд Д.Н нь хохирогч болон шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломж олгон нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Н “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогч Д.Нын өмгөөлөгч Н.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргаагүй. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Д.Над Э.Б нь тус байрыг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэж хохирогчид итгэл төрүүлээд, итгэлийг олж авсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээгээр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Анхнаасаа хохирогч Д.Над байрыг 40.000.000 төгрөгийн барьцаанд тавина гэх асуудлыг хэлж ярилцсан, хохирогч түүнийг нь хүлээн зөвшөөрсөн байвал энэ нь иргэний эрх зүйн харилцаа болох байсан. Гэтэл хэлснээсээ өөр мөнгөн дүнгээр бусдад байрыг барьцаалсан. Шүүгдэгч Э.Б нь тухайн байрыг барьцаалж 10.000.000 төгрөг авснаас гадна 30.000.000 төгрөг нэмж аваад 40.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан асуудлаа Э.Б мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Д.Ч “намайг залилахад хохирогч Д.Н хамтран оролцсон” гэх асуудлыг ярьж байна. Хохирогч Д.Н нь шүүгдэгч Э.Бөд залилуулаад байраа шилжүүлсэн байсан. Байрыг шилжүүлсний дараа Э.Б нь байрыг Д.Чд өгсөн асуудал байгаа учраас бүлэглэн гэх асуудал яригдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас “Э.Б нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ... тоот 61.63 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг иргэн Д.Наас “10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж гааль дээр хураагдах гэж байгаа машинаа гаргаж аваад буцааж авч өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авч, улмаар Д.Чтэй 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан түүний барьцаа болгож тухайн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Чд шилжүүлэн өгч 96.800.000 төгрөгийн хохирол,

мөн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бридж” ХХК-ийн байранд байрлах “...” ХХК-нд “...” загварын ... арлын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 9.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан боловч эргэн төлөлтийг хийлгүй хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон тухайн тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийн хуудсыг гээгдүүлсэн гэж дахин гаалийн байгууллагаас гаалийн мэдүүлэг гаргуулан авч бусдад худалдан “...” ХХК-нд 9.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “Шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Над 96.800.000 төгрөгийн ...хохирол учирсан байна. ...Д.Н нь өөрийн эцгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэн хариуцаж 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалахыг Э.Бөд зөвшөөрсөн. Ингэхдээ тэрээр Э.Бийг 10.000.000 төгрөгийг буцааж төлөх санхүүгийн чадвартай, боломжтой гэж итгэжээ. Харин Э.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийг нь 40.000.000 төгрөгийн зээлд барьцаалж, өмчлөх эрхийг Д.Чд шилжүүлсэн байна. Энэ нөхцөл байдал нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. ...” гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 1 дүгээр хавтас хэргийн 8-9 дүгээр талд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамжны 101 дүгээр байрны 375 тоот 61.63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь С.Дэлгэрдалайн өмчлөлд байсан ба С.Дэлгэрдалай нь хүү Д.Над 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, зээлээр худалдах ... зэрэг эрхийг итгэмжлэн шилжүүлсэн байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд С.Дэлгэрдалайг хохирогчоор тогтоогоогүй, харин Д.Над олгосон итгэмжлэл /1хх-10/, Д.Нын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-6/ зэргийг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор зөвхөн Д.Ныг энэ хэргийн хохирогчоор тогтоож /1хх-12/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх энэ хэргийн гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй С.Дэлгэрдалай гэх хүний нэр дээр орон сууцны бүртгэлийг шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан нь үндэслэлгүй болжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “...хохирогчийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн хохирогч ... эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг ... хууль ёсны төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах” боломжтой бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдлийн улмаас Д.Над 96.800.000 төгрөгийн хохирол учруулсан уу, эсхүл иргэн С.Дэлгэрдалайн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн үү гэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, “...Э.Б нь хохирогч Д.Ныг залилсан” гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийн хохирлыг “Э.Бөөс 30.800.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Чд, иргэний нэхэмжлэгч Д.Чгээс үл хөдлөх эд хөрөнгийг С.Дэлгэрдалайн өмчлөлд шилжүүлэхээр” тус тус шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохих оролцогчдыг оролцуулж, ямар санал хүсэлт гаргахыг мэдээгүй атлаа ийм байдлаар шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.Нын эцэг С.Дэлгэрдалайгаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа “...Ү-2204087079 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох С.Дэлгэрдалайн өмчлөлд шилжүүлж, шүүгдэгч Э.Бийг хохирогч Д.Над төлөх төлбөргүйд тооцлоо” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан асуудлуудыг шүүх хуралдааны явцад нотлох, тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд гэмт хэргийн хохирлыг буруу тогтоосон, эсхүл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал үүсвэл прокурорт буцаах үндэслэл үүсэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол ...2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнгөрсөн хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ” гэж дүгнэхдээ хуульд заасан 2-8 жилийн хооронд сонгох хорих ялаас 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах болсон үндэслэлийг огт дүгнээгүй байна.

Энэ хэрэгт Э.Б, Д.Н, Д.Ч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэд хэдэн гэрээ хийгдсэн байх ба гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татаж оролцуулах хүсэлтийг оролцогчдоос гаргавал үүнийг шүүх шийдвэрлэх боломжтой төдийгүй хохирол төлбөр хариуцах эсэх талаар ч хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/421 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бөд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ