Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 456

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2020        03         19                                   2020/ШЦТ/456  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Уянга,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Лд холбогдох эрүүгийн 1906 06222 2618 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.Л.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 43б байрны Сүлд супермаркет дэлгүүрт иргэн Д.Рэнчинмядагтай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Ренчинмядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 сарын 13-ны өдөр дэлгүүртээ худалдагчаар сууж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирэн худалдаа хийсэн. Тэр эмэгтэй 1 ширхэг 1.25 литрийн фузти ундаа, 1 ширхэг тоди памперс аваад нийт 3.100 төгрөг болж 4000 төгрөг өгсөн. Би задгай мөнгө алга байна 500 төгрөг аваад үлдэгдэл 400 төгрөгт нь юм авах уу? 100 төгрөгний чихэр дөрөвийг авах уу? гэсэн юм. Гэтэл тухайн эмэгтэй танай дэлгүүр задгай мөнгөтэй байх нь танай дэлгүүрийн асуудал юм байгаа биздээ гээд намайг ярвагналаа гэхэд нь би ердөөсөө ярвагнасан зүйл алга. Өөрт чинь байгаа байдлаа хэллээ гэсэн. Харин тухайн эмэгтэй миний хэлснийг ойлгохгүй өөдөөс шөргөлзөөд би яагаад тэгэх ёстой юм. Танай дэлгүүр чинь миний хариултыг өгөх ёстой биздээ гэхээр нь би та 600 төгрөгийн паперсаа хасчих тэгвэл таны мөнгөний хариултыг өгөх боломжтой гэхэд чадахгүй заавал энэ паперсийг авна гэж надаас хэрүүл өдөөд байхаар нь та өөр дэлгүүрээс очиж ав гээд би тухайн хариултыг өөр лүү нь шидчихсэн юм. Гэтэл тэр эмэгтэй намайг цохиод авсан. Би "чи намайг яахаараа цохьдог юм" гээд лангууныхаа араас гарч ирээд “чи гар, өөр дэлгүүрээр үйлчлүүл" гээд тухайн эмэгтэйг гаргахаар түлхсэн юм. Тэгтэл тэр намайг "чи яахаараа намайг түлхдэг юм" гээд дахиж намайг цохихоор би зөрүүлээд цохьсон. Намайг өшиглөхөөр нь би бас зөрүүлээд өшиглөсөн юм. Тэгтэл манай дэлгүүрт гаднаас архи авахаар орж ирсэн эрэгтэй бид хоёрыг салгаад тэр эмэгтэйд "нялх хүүхдээ айлгаад байна шүү дээ, болиоч" гэж хэлсэн гэх мэдүүлэг,/ хх-ийн 13-19/,

 

камерийн бичлэгийг шүүх хуралдааны явцад үзэхэд:

Дэлгэцийн баруун дээд буланд текний хэсэг байж Д.Ренчинмядаг нь текний ард сууж байв. Түүний цаад хэсэгт Т.Л нь баруун гартаа хүүхдээ тэвэрсэн, мөн ундаа барьсан, зүүн гартаа памперсээ барьсан байлаа. Дэлгэцийн баруун доод буланд үл таних эрэгтэй хүн үйл явдлыг харж зогсоно. Т.Л нь зүүн гартаа барьсан памперсаараа худалдагч Д.Ренчинмядагийн урдуур хий цохих ба Д.Ренчинмядаг нь касснаас босч гараад харилцан бие биенээ түлхэх ба Д.Рэнчинмядаг нь Т.Лгийн хөл рүү өшиглөж, зүүн гараараа Т.Лгийн хүзүүнээс барих оролдлого хийх ба Т.Л эрүүгээ доош нь болгоход эрүүнээс нь барьж, баруун гараараа толгойн дээд ар хэсэг рүү нь цохино. Т.Л нь Рэнчинмядагийг өөрөөсөө холдуулж түлхэн барьж байсан ундаагаа шидэхэд Д.Рэнчинмядагийн наагуур нь зөрж газарт унав. Т.Л зүүн гараа арагш савж Д.Рэнчинмядагийг цохих гэхэд нөгөөх нь хойш болож оногдоогүй ба зөрүүлэн Т.Лгийн хөлрүү өшиглөж, нүүрэнд нь баруун гараа арагш савж цохив. Энэ үед Т.Л арагш ухарч Д.Рэнчинмядагаас холдон харж зогсох эрэгтэйн хажууд хүүхдээ тавиад Д.Рэнчинмядагыг алгадах гэхэд нөгөөх нь хойш болж оногдолгүйгээр бултав. Дахин урагш давшиж баруун гараараа Д.Рэнчинмядагийн зүүн хацарт 1 удаа алгадаад буцаж хойш ухархад Д.Рэнчинмядаг сөрж Т.Лгийн үснээс 2 гараараа барьж толгойг доош дарахад Т.Л зүүн гараараа дээш сарвагнаж Д.Рэнчинмядагийн хувцасны захнаас барьж зууралдав. Энэ үед дэлгүүрт байсан эрэгтэй дундуур нь ороод Т.Л, Д.Рэнчинмядаг нарыг салгана. Салаад Д.Рэнчинмядаг нь текний ард ороход эрэгтэй хүн газраас памперс болон мөнгийг авч текэн дээр тавихад Т.Л хүүхдээ тэврээд газраас юм авч байх ба Д.Рэнчинмядаг нь памперсийг гартаа барин Т.Л рүү чичлэн ярих ба памперсийг Т.Л рүү чиглүүлэн дээш шидэж байх нь хяналтын камерт бичигдсэн байв.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12448 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: зүүн гуяны урд доод хэсэгт 3х1.5, 2.5х1.5 см хөхөрсөн, зүүн хөхний дээд хэсэгт эмзэглэлтэй, баруун чамархай, зулай хэсгийн хуйх эмзэглэлтэй. 2019 оны 10 сарын 14-ны ГССҮТөвийн эмчийн үзлэгт: онош тархи доргилт гэжээ. Толгойн КТГ хариу хүлээсэн боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

Д.Рэнчинмядагийн биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12439 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: зүүн гуяны гадны доод хэсэгт 8,5х5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, биед өөр харагдах гэмтэлгүй.

Т.Лгийн биед гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1507 дугаартай:

Өмнөх шинжээчийн дүгнэлт болон өөрийн нэр хаяг бүхий амбулаторийн картнаас: 2019 оны 10 сарын 15-ны өдрийн ГССҮТөвийн үзлэгт: онош зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, тархины хаван гэжээ.

Дүгнэлт: ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг зэрэгтэй танилцахад хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12439 тоот дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. 2019 оны 10 сарын 13-ны өдрийн 14 цаг 16 минутын байдлаар үзлэг хийх үед үзүүлэгчийн нүүр хэсэгт гэмтэл илрээгүй ба тархины хаван үүссэн эсэхийг толгойн КТГ шинжилгээгээр тогтооно гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

 

Шүүгдэгч Т.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 43-б байрны Сүлд маркетад 1 нас, 5 сартай хүүгийн хамт дэлгүүрээс памперс, ундаа авах гээд орсон. 1 ширхэг памперс, 1 ширхэг ундаа авахад 3.600 төгрөг болсон. 4.000 төгрөг өгөхөд худалдагч эмэгтэй "хариулт байхгүй байна, өөр юм авчих уу?" гэхэд нь би "юу байгаа юм” гэж асуусан. Тэгэхэд тэр эмэгтэй "100 төгрөгний чихэр, кофе байна" гэхээр нь надад авах юм байхгүй байна 400 төгрөгөө авчихья гэхэд тэр эмэгтэй "хариулт байхгүй байна, памперсаа авахаа больчих" гэж хэлээд царай төрхөөрөө над руу ярвайж харсан. Тэгэхээр нь би "яагаад ярвайгаад байгаа юм бэ" гэхэд тэр эмэгтэй "хөөе чи намайг ярвагаар нь дууддаг хэн юм бэ? гэж хэлээд энийгээ аваад гар гар" гээд над руу мөнгөө шидсэн, тэгэхлээр нь би чи над руу яагаад мөнгө шидээд байгаа юм гэхэд лангууныхаа араас гарч ирээд хоёр гараараа миний цээж хэсэг рүү түлхээд "гар зайл чамд үйлчлэх албагүй, өөр дэлгүүр орчих, хариулах мөнгөгүй байгаа нь миний буруу юм уу" гэх мэтээр маргалдсан. Улмаар лангууныхаа араас гарч ирээд би хүүгээ баруун гар талдаа тэвэрсэн байсан ба хүү бид хоёрыг түлхээд, намайг хүүхдээ тэвэрсэн байхад миний нүүр лүү алгадсан, миний зүүн гуя руу өшиглөсөн. Мөн хүүхэд айлгаж уйлуулсан. Хүүхдийн нуруунаас намайг түлхэхдээ хамт түлхсэн. Тухайн үйл явдлыг дэлгүүрт байсан архи үнэртүүлсэн эрэгтэй харсан. Тэр эрэгтэй хүнд би хүүхдээ харуулаад эргэж нөгөө эгч дээр очиход намайг үсдээд доошоо дараад байсан. Нөгөө согтуу эрэгтэй худалдагчид хандан "чи үйлчлүүлэгчээ болиоч" гэж хэлээд болиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч, шүүгдэгч нарын өргөдөл /хх-ийн 2-4 тал/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,

-шүүгдэгч Т.Лгийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Т.Лгийн “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 43б байрны Сүлд супермаркет дэлгүүрт иргэн Д.Рэнчинмядагтай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд тогтоогдохгүй байна.  

 

Сүлд супермаркетийн худалдагч Д.Ренчинмядаг нь үйлчлүүлэгч Т.Лд хариулт мөнгө өгөхгүй байх, хариулт мөнгөний оронд кофе, чихэр, бохь гэх мэт бараагаа хүчээр шахаж өгөх гэсэн оролдлогоос маргаан үүссэн байна.

 

Улмаар Д.Ренчинмядаг нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зодуулж гэмтсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гарган, прокуророос шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан яллах гэх нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох дэлгүүрийн камерийн бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлаж үзэхэд Т.Л нь Д.Рэнчинмядагийн зүүн хацарт 1 удаа алгадах ба Д.Рэнчинмядаг нь Т.Лгийн толгой руу 1 удаа, нүүр рүү 1 удаа цохиж, хөл рүү нь 1 удаа өшиглөж, үснээс нь барьж толгойг доош дарсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэлийг учруулах боломжтой эсэх нөхцөлтэй эс тохирч байна.

 

Д.Рэнчинмядаг, Т.Л нарын биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж нь зөвхөн тэднийг үзсэн үзлэг, ГССҮТөвийн эмчийн тодорхойлолт байна.

Д.Рэнчинмядагийн биед хэсэг газрын үзлэг хийхэд зүүн гуяны урд доод хэсэгт 3х1.5, 2.5х1.5 см хөхөрсөн, зүүн хөхний дээд хэсэгт эмзэглэлтэй, баруун чамархай, зулай хэсгийн хуйх эмзэглэлтэй байсан байна. 2019 оны 10 сарын 14-ний өдрийн ГССҮТөвийн эмчийн үзлэгт: онош тархи доргилт гэж тодорхойлсон байх ба толгойн КТГ хариу хүлээсэн боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргасан гэжээ.

 

Хохирогч Д.Ренчинмядагийн биед Т.Л нь халдаж гэмтэл учруулсан гэж үзэхэд камерийн бичлэг дэх дүрс бичлэгтэй таарахгүй байна.  

Камерийн бичлэгт бичигдсэн дүрс бичлэгээс шүүгдэгч Т.Л нь хохирогч Д.Ренчинмядагийн толгойд огт хүрээгүй, түүний зүүн гуя руу өшиглөөгүй  байхад тархи доргилт гэмтэл болон зүүн гуяны хэсэгт хөхрөлт гэмтлүүд учирсан нь бодит байдалтай тохирохгүй байна. Мөн хохирогч Д.Ренчинмядагийн баруун чамархай, зулай хэсгийн хуйх эмзэглэлтэй гэсэн гэмтлийг шүүгдэгч Т.Л учруулсан байж болох ямар ч нөхцөл камерийн бичлэгт бичигдээгүй байна.

 

Харин Т.Лгийн зүүн гуяны гадны доод хэсэгт 8,5х5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт нь Д.Ренчинмядагийн Т.Лг өшиглөж байх дүрс бичлэгт бичигдсэн үйлдэлтэй тохирч байна.

 

Шинжээч эмч  нар дүгнэлтийг гаргахад 2 үзүүлэгчийн хэн хэн нь КТГ-ын шинжилгээ хийлгээгүй байх ба ГССҮТөвийн эмч нар тухай бүрт нь үзэж онош тогтоожээ. ГССҮТөвийн эмчийн тодорхойлолтоор Д.Рэнчинмядагийн биед тархи доргилт, Т.Лгийн биед тархины хаван гэх онош тогтоогдсон байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хүний биед ямар гэмтэл хэрхэн үүссэн эсэх, уг гэмтлийг ямар арга хэлбэрээр учруулж болох, гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэх зэргийг тогтоож нотлож байгаа баримт болно. Түүнээс гэмтэлийг хэн учруулсаныг нотлох баримт биш юм. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг нь хөндлөнгийн өөр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ёстой.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Л нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсаныг нотлоогүй.

 

Хохирогчийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох дэлгүүрийн камерийн бичлэгт бичигдэн үлдсэн дүрс бичлэгээс өөр байх тул шүүгдэгч Т.Лг бусдын эрүүл мэндэд халдаж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Лг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж хадгалуулхаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

4. Т.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ