Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 567

 

                                           Т.Л-д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

цагаатгагдсан этгээд Т.Л,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/456 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Т.Л-д холбогдох эрүүгийн 1906 06222 2618 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Т-н Л, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;

 Т.Л нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 43-б байрны “С” маркет дэлгүүрт иргэн Д.Р-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Л-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Т.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Уянга бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “ ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Үүнд: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэгт хохирогч хохирол нэхэмжлээгүй, хохирогч, яллагдагч нар сайн дураараа эвлэрч яллагдагчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн байна.

Хохирогч Д.Р-н “... дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг намайг зодсон эмэгтэй учруулсан ... Т.Л гэх эмэгтэй өөрөө надтай уулзаад уучлалт гуйвал надад гомдол санал байхгүй ... намайг ажлаа хийж байхад зориуд миний саналын эсрэг хариулт хэлж зориуд хэрүүл өдөж, ийм хэмжээнд хүргэж сүүлдээ нөхрөө дагуулж орж ирж намайг айлган сүрдүүлж, дэлгүүрийн барааг авч шидэн, зодож сэтгэл санаа болон эрүүл мэндийн хохирол учруулсанд гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх 13-19/,

мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Л-н “... надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна ... би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна ...” гэх мэдүүлэг /хх 50-52/,

хохирогч Д.Р-т гаргасан 12448 тоот шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт “...зүүн гуяны урд доод хэсэгт 3x1.5, 2.5x1.5 см хөхөрсөн, зүүн хөхний дээд хэсэгт эмзэглэлтэй, баруун чамархайн, зулай хэсгийн хуйх эмзэглэлтэй. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГССҮТөвийн эмчийн үзлэгт онош тархи доргилт гэсэн. Толгойн КТГ хариу ирээгүй тул дүгнэлтийг гаргав...” гээд дүгнэх хэсэгт “...Д.Р-н биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 26-28/,

шүүгдэгч Т.Л-н “... миний бие хохирогчтой сайн дураараа эвлэрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь хохиролгүй, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх 72/,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүгдэгч: мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн мэдүүлэх зүйл байхгүй ... Би хохирогчид учирсан гэмтлийг учруулсан, камерын бичлэг дээр би хохирогчийг зодож байна, би шинжээчийн дүгнэлттэй танилцаад өөрийгөө гэм буруутай гэж үзсэн... ” /хх 94-97/ гэсэн мэдүүлэг,  

2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн хурлын тэмдэглэлд “...Хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлээд шүүгдэгч Т.Л-тэй торгох ял 450.000 төгрөгөөр тохиролцсон... үүнийг шүүгдэгч ойлгосон бөгөөд гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэдэг...” гэсэн прокурорын тайлбар, шүүгдэгчээс “анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч надад камерын бичлэг үзүүлээд чи хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлж болно. Гэхдээ чиний эрх зөрчигдөж байгаа учраас гомдол гаргах эрхтэй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гээд хэргийг прокурорт буцаасан... хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр миний биед гэмтэл учраагүй гэж тогтоосныг ойлгож байгаа. ... гэхдээ Д.Р-т тархины зураг байхгүй атал тархины доргилт гээд гарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг болон илтгэгч шүүгчийн “Зураггүйгээр тархины доргилтыг тогтоох боломжтой, харин тархины хаванг компьютер томографаар харуулж тогтоох шаардлагатай. Танд тийм нотлох баримт байхгүй, мөн өөр байдлаар гэмтэл учирсан нь нотлогдоогүй учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн юм биш үү” гэсэн асуултад шүүгдэгчээс “Тийм” гэж /хх 113-116/ мэдүүлсэн хурлын тэмдэглэл болон дээрх нотлох баримтуудаар тогтоолд дурдагдсан “...шинжээчийн дүгнэлт нь хүний биед ямар гэмтэл хэрхэн үүссэн эсэх, уг гэмтлийг ямар арга хэлбэрээр учруулж болох, гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэх зэргийг тогтоож нотолж байгаа баримт болно. Түүнээс гэмтлийг хэн учруулсныг нотлох баримт биш юм. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг нь хөндлөнгийн өөр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ёстой. Өөрөөр хэлбэл  шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Л нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг нотлоогүй ... Хохирогчийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэх боломжгүй...” гэсэн дүгнэлтийг няцаах үндэслэл болж байна.

Мөн шүүгдэгч Т.Л-н “... биед гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 30/ дүгнэлтийг шүүгдэгч эс зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гарган материалжуулж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шинжээчийн 1507 дугаартай нэмэлт дүгнэлтийг гаргуулсан боловч, “шинжээчийн 12439 тоот дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 16 минутын байдлаар үзлэг хийх үед үзүүлэгчийн нүүр хэсэгт гэмтэл илрээгүй ба тархины хаван үүссэн эсэхийг толгойн КТГ шинжилгээгээр тогтооно” гэж /хх 40/ шинжээч дүгнэсэн. Шүүгдэгч Т.Л нь хохирогч Д.Р-т гаргасан шинжээчийн 12448 дугаартай дүгнэлтэд гомдол гаргаагүй бөгөөд харин шүүгдэгч өөрт учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг гараагүй шалтгааныг дахин тодруулахаар өгсөн гомдлын дагуу нэмэлт шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй юм.

Тогтоолд “... Шинжээч эмч нар дүгнэлтийг гаргахад 2 үзүүлэгчийн хэн хэн нь КТГ-ын шинжилгээ хийлгээгүй байх ба ГССҮТөвийн эмч нар тухайн бүрт нь үзэж онош тогтоожээ. ГССҮТөвийн эмчийн тодорхойлолтоор Д.Р-н биед тархи доргилт, Т.Л-н биед тархины хаван гэх онош тогтоогдсон байна...” гэжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын “1.2.3-т “Шинжилгээний объект” гэж хүн болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг хэлнэ” гэж заасан, шинжээч хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу дүгнэлтийг гаргасан байхад шүүхээс хэрэгт оролцогч нараас гаргаж ирүүлээгүй, авагдаагүй тухайлбал толгойн томографикийн зураг авахуулаагүй, ирүүлээгүй байхад шинжээчийн дүгнэлтэд хоёрдмол утга бүхий дүгнэлт хийж, өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн атлаа цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Харин Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр бүлгийн Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох 4.1.Энэ журмын 2.2.4, 2.3.2, 2.4.2-т заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож, “Гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршиг”-ийн талаар гаргасан жагсаалтад: тархи доргилтын дараах үлдэц нь 2 нүдний аньсаганы зай өөр өөр болж, хамар уруулын нугалаас гөлийн, нүдний зовхи ба гар хуруу чичирч, шөрмөсний рефлекс ихсэн, судасны агшилт, тэлэлтийн хямралын шинж илэрнэ гэж цаашид гарах өөрчлөлт хор уршгийг тодруулж өгсөн байхад тархины хавангийн үлдэц хор уршгийн талаар энэ журамд тусгагдаагүй байна.

Шүүхээс хяналтын камерт авагдсан 476032449790105 нэртэй бичлэгийг шинжпэн судалсан байдлаас үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хэрэгт авагдсан 481126849152256 нэртэй бичлэгт шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцан яриаг тэмдэглэж, бичлэг бага зэрэг сарниж байсан, мөн бичлэгийн хэсэгт “... Т.Л: Зүгээр бай, би хүүхэдтэй явж байна авгай минь ... гэж хэлээд хоорондоо зууралдаад бичлэг харагдахаа болив” гэсэн бичлэгийн хэсгийг мөрдөгч тэмдэглэлд тусгасан атал дээрх бичлэгт дүгнэлт хийлгүй, бичлэгийг зөрүүтэй гэж үзэж, шүүх 476032449790105 нэртэй бичлэгт дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдлийг үгүйсгэн, хохирогчийн үйлдлийг буруутган хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Л-г цагаатгасан тогтоол гаргасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн  2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/456 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Д.Уянгын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх бусад нотлох баримт дээр тулгуурлахгүйгээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Хэрэгт нийт 3 камерын бичлэг авагдсан. Хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж хэргийг шийдвэрлэх боломж байсан. Камерын бичлэгээс гадна хохирогч зодуулсан талаараа мэдүүлдэг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж цагаатгах тогтоол гаргаж байгаа бол хохирогчийн мэдүүлгийг ч үнэлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн болсон асуудал камерын бичлэгт бичигдсэн байгаа. Би 1 нас 5 сартай хүүхэдтэйгээ явж байсан. Намайг маргалдаад гараад явах гэхэд гаргахгүй байсан. Цохиод байхаар нь би хүүхдээ цохиулахгүй гээд гарыг нь хойш нь түлхсэн. Анхан шатны шийдвэр үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос Т.Л-г 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 43-б байрны “С” маркет дэлгүүрт иргэн Д.Р-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр Т.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилго, тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Л-г дэлгүүрээр үйлчлүүлээд тооцоогоо хийх гэхэд худалдагч Д.Р нь хариулт мөнгөний оронд бараа авахыг санал болгосноор маргаан эхэлсэн, улмаар харилцан зүй бус харилцаа үүсгэж, Т.Л нь памперсаар Д.Р-н гар хэсэгт цохих гэхэд Д.Р нь хүүхдээ тэврээд гарах гэж байсан Т.Л-н толгой хэсэгт цохих, хөл рүү нь өшиглөх үйлдэл хийсний улмаас Т.Л нь хүүхдээ айлгахгүйн үүднээс газар буулгаж байгаад эргэн Д.Р дээр очиж түүнийг алгадах гэхэд Д.Р нь хойш ухран эргээд Т.Л рүү дайрч түүнийг үсдэж доош дарсан, харилцан бие биенээ цохилцсон, энэ үед хажууд байсан үл таних эрэгтэй очиж тэднийг салгаж байгаа хэргийн нөхцөл байдал камерын бичлэгээр хөдөлбөргүй нотлогджээ.  

 Үүнээс үзэхэд Т.Л-н үйлдлийн улмаас Д.Р-н биед шинжээчийн 12448 дугаартай дүгнэлтэд дурдагдсан /хх 26/ тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл учрахаар үйлдэл хийсэн гэх байдал нотлогдохгүй, гэмт хэрэг гарсан байдлын талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна.

 

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд прокурор Д.Уянгын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

     Харин анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах ёстой атал шүүхийн Тамгын газарт шилжүүлсэн нь буруу болсныг зөвтгөж, мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... шийтгэх тогтоол ...” гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэн энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзэв.