Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0117

 

Б.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээд Б.Э нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0774 дүгээр шийдвэртэй, Б.Д-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х-н давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0774 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-н Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжийн иргэн Б-н Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х давж заалдах гомдолдоо: “ ... Б.Д нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны **-**** тоот хаягт байрлах газар дээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2016 оноос эхлэн Б.Э гэх залуутай хамтран амьдрах болсон. Гэтэл Б.Д-н амьдарч байгаа дээрх **-**** тоот газарт Б.Э-н эгч Б.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Б.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсэгт Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга олон газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж өгсөн байна. Харин Б.Д үүнээс өмнө уг газар дээр амьдарч байхдаа уг газраа эзэмших тухай хүсэлтээ албан ёсоор гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Гэтэл Б.Э нь маргаан бүхий газар дээр огт амьдраагүй, хашаа босгоход ганц банк босгоогүй атлаа хүний амьдарч буй хашааны зургийг дур мэдэн гадна талаас зургийг нь дарж материал бүрдүүлэн, уг газар оршин суудаг гэсэн хуурамч тодорхойлолт авч газар эзэмших эрхийг өөр дээрээ авсан нь хуулийг зөрчсөн байна. Хэдийгээр Газрын тухай хуулиар газар эзэмшихэд тухайн газар дээрээ амьдарч байхыг шаардахгүй ч гэсэн уг газар дээр хашаа хатгаж тухайн газар дээр амьдарч байгаа иргэн уг газраа бусдаас давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй. Мөн Б.Э-ийн тайлбараас харахад уг газрыг Б.Д нь байшин барихаар надаас мөнгө зээлж зээлсэн мөнгөндөө надад өгсөн гэж тайлбарладаг. Эндээс харахад уг газар нь Б.Д-н газар гэдэг нь харагдаж байгаа бөгөөд хэрэгт Б.Д нь Б.Э-с мөнгө зээлсэн баримт байдаггүй.

Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 774 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Д-с “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/50 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2006 оноос аав маань бусдаас худалдан авч, хашаа барьж, амьдарч байгаа бөгөөд уг газрыг ааваасаа авсан, ногоо тарьсаар ирсэн, газар дээр нь амьдарч байгаа биднээс асуугаагүй, хээрийн судалгаа хийгээгүй, газрыг бодит байдлыг судлалгүйгээр огт амьдарч, ашиглаж байгаагүй этгээдэд газар олгосон ...” гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн дээрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус үндэслэн Б.Э-д тус дүүргийн 9 дүгээр хороо, Шархад **-**** тоотод байрлах 424 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Анхан шатны шүүхээс зарим нотлох баримтыг үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэлгүй, “... Б.Э-н газар эзэмших тухай хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй, нэхэмжлэгч Б.Д хүсэлт гаргасан нь нотлогдоогүй тул маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 31.3, 32.1-д заасанд нийцсэн” гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан гуравдагч этгээд Б.Э нь “... 2004 оноос хойш өдийг хүртэл Шархаданд байрлах **** тоот газарт амьдарч байна. Уг газар дээр ногоо тарьдаг байсан тул газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн боловч шүүхэд гаргасан тайлбартаа “... Б.Д-д зээлсэн 5 сая төгрөгийн оронд энэ газрыг нь шилжүүлэн авсан. Өөрөө зөвшөөрч хамт бичиг баримт хөөцөлдсөн” гэж дурдан, нэхэмжлэгч Б.Д-н “... манай аав хүнээс худалдан авч 2006 оноос хойш хашаа татаж, би энэ газар дээр амьдарч байгаа” гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй байна. Мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч М.Б, Х.Б нарын мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... 2016, 2017 онд хүсэлт гаргасан боловч тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гээд захирамж гарахгүй 2020 он хүртэл явсан...” гэх тайлбар зэрэг баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Б.Э нь 2004 оноос хойш тухайн газарт хашаа барьж амьдарч байгаагүй, харин нэхэмжлэгч Б.Д болон түүний эцэг Х.Б нар 2006 оноос хашаа барьж, ногоо тарьж, жижиг байшин барьж бодитоор эзэмшиж амьдарч байсан нь тогтоогджээ. 2016 оноос газрын мэдээллийн санд ****, ****, **** тоот нэгж талбар болгон хуваасан боловч Б.Э нь бусдын хашаан доторх **** тоот газрыг эзэмших болсон хууль ёсны ашиг сонирхол нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ... дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”; Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх” гэж тус тус заасны дагуу Б.Э-н газар эзэмших хүсэлтийг нягтлан шалгаж, хүсэлтэд дурдсанаар Б.Э нь бодитоор эзэмшиж, ашигладаг эсэх, бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс маргаан гарах үндэслэл болжээ.

Гуравдагч этгээд нь “Б.Д-с зээлсэн мөнгөнийхөө оронд газраа шилжүүлсэн. Бичиг баримтыг өөрөө бүрдүүлж өгсөн ...” гэх боловч газрын хувийн хэрэгт энэ талаарх баримт байхгүй, Б.Д болон Б.Э-н газар эзэмших хүсэлтүүдийг Б.Д-тай хамт амьдарч байсан гэх Б.Э-н төрсөн дүү Б.Э* бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар Б.Д нь Б.Э-д тухайн газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх Б.Э-н тайлбар тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас түрүүлж хүсэлтээ гаргасан Б.Э-д газар эзэмших эрх олгохдоо тухайн хүсэлтэд дурдсан “тухайн газрыг ашиглаж амьдарч байгаа” гэсэн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байхад шалгаж тогтоолгүй, харин өөр этгээдийн ашиглаж амьдарч байгаа хашаан дотор эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана” гэж заасан газрын талаар баримтлах зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгч Б.Д болон түүний эцэг Х.Б-г газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүй тухайн газрыг эзэмшсэн гэж үзсэн бол газрыг зохих журмаар чөлөөлсний дараа түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд нь эзэмшүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хооронд маргаан үүсэж, улмаар 2006 оноос хойш хашаа татан, ногоо тарьж амьдарч байсан газраа эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0774 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/50 дугаар захирамжийн Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-с нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан Б.Д-д олгож, Б.Д-н давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ