Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 4

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01470/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Гөөд овогт Мягмаржаргалын Б-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

           “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов. 

          Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          2009 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст няраваар, 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн архивчаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед бүтцийн өөрчлөлт болж Улсын бүртгэл статистикийн газар болж өөрчлөгдсөн. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэл статистикийн газрын архивчнаар ажилд эгүүлэн тогтоосон. Намайг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б/18 тушаалаар ажилд томилсон боловч уг өдрөө Б/19 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А25 тушаалыг үндэслэсэн.

Ажил олгогч бие даан шийдвэр гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй учраас дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан. Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн архивчаар тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагаас:

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай 2 тушаал байгаа. Тушаал дээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, А25 дугаартай тушаалыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байна. Орон тоо цомхотгосон бол ажилтанд урьдчилан мэдэгдэж, тушаалыг гардуулан, ажлыг хүлээж авах ёстой. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрээр ажилд авсан дүр үзүүлсэн боловч энэ хүнийг ажилд авахгүйгээр дараагийн тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тухай тусгасан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанг өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь авна гэж заасан. Өмнө нь эрхэлж байсан орон тоо цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд томилон ажиллуулах үүрэгтэй.  Нэхэмжлэл гаргасан огноо 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэдэг ч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул энэ нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж үзэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. Ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан. Мөн А25 дугаартай тушаал хүчингүй болсон. Аливаа байгууллагын нэршил, байршил өөрчлөгдсөн нь ажилтны ажлын байранд нөлөөлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдоос:

Улсын бүртгэлийн хэлтэс, статистикийн хэлтэстэй нэгдэх тухай 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан тогтоол байдаг. Дарга С.Чинзориг манай 3 архивчийг мэргэжлийн бус байна гэж үзсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. М.Б- шүүхээр явж 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад ажилд аваагүй вэ гэдгийг нь би мэдэхгүй байна. 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл М.Б-ыг ажилд аваагүй нь үнэн. Уг өдөр ажилд аваад ажлаас чөлөөлсөн шалтгаан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас аймгуудын улсын бүртгэл статистикийн хэлтсийн ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж холбогдох тооцоог хийж дуусгахыг даалгасан албан тоот ирсэн.  Өмнө нь 3 архивч байсан бол шинэ бүтцээр 2 орон тоо болж ирсэн. Хуулийн этгээд дээр өмнө нь архивч байдаггүй байсан. Тухайн үед байсан удирдлагууд архивч байх хэрэгтэй гэж үзээд орон тоо нэмэгдүүлж М.Б-ыг авсан. Төсөв санхүүтэй холбоотойгоор ачаалал багатай орон тоог хассан. Ажилгүй болсон учраас 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буюу 993.824 төгрөг олгохыг зөвшөөрч байгаа. Ажлын байр нь байхгүй учраас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дугаар шийдвэрээр: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1.021.274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, тус тушаал гарснаас хойшх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.Б-ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 29,060 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгч М.Б- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс намайг хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр арга саам хайж удааширсанаас болж миний шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг ажилд эгүүлэн томилсоор байхад бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр авсан өдрөө дахин халсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тушаал шийдвэрийг надад танилцуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ...Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүйгээс миний шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдсөн байхад шүүхэд өргөдөл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон

Хариуцагч тал Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол мөн хуулийн 40.5-д зааснаар “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй”, мөн хуулийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үед мөн хуулийн 36.2-т зааснаар “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй” зэрэг хууль зөрчсөн үйлдэл байхад энэ талаар харгалзан үзсэнгүй. Мөн Иргэний хуулийн 73.1-д заасан жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна гэснийг харгалзаагүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Б-ын  анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдсан гомдлыг  хангах нь зүйтэй  байна.

            Нэхэмжлэгч  М.Б-  хариуцагч  Дархан-Уул  аймгийн  Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дугаар  тушаалыг хүчингүйд тооцуулах, хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  тухай гомдол  гаргасан байна.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тайлбартаа, архивчийн  орон тоо хасагдаж, ажлын ачааллыг харгалзан хуулийн этгээдийн улсын бүртгэгчид, хуулийн этгээдийн архивчийн ажлыг давхар хариуцуулж, өмнө нь З архивч байсан бол 2 болж цөөрсөн, Сум  дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 942 дугаар шийдвэрээс  хойшх  2016.6.23-8.19-ний  өдөр  хүртэлх хугацааны  цалинг тухайн  буруутай албан хаагчаас нэхэмжлэх, цомхотголд хамрагдаж байгаа  төрийн үйлчилгээний албан хаагчдад  2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг  олгох бололцоотой  гэж  маргажээ.

            Хэргийн   үйл баримт  болон  холбогдох тушаалуудаас үзэхэд:

            М.Б-ыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б\12  тоот тушаалаар  эд хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн архивчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг шүүхэд гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 942 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.393.907 төгрөг гаргуулж  шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

           Шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон  ажилтан М.Б-ыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\18 тоот   тушаалаар ажилд нь буцаан томилж, мөн өдрөө  Б\19  тоот тушаалаар  ажлаас нь чөлөөлжээ. Хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн, хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байхад ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.

            М.Б-ыг ажлаас  чөлөөлөхдөө  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А\25 тоот  тушаалыг  үндэслэжээ.

            Энэхүү А\25  дугаар тушаалд, Улсын бүртгэл, статистикийн  ерөнхий газарт  бүтэц зохион байгуулалтын  өөрчлөлт  хийгдэж байгаатай холбогдуулан  “Аймаг, нийслэлийн  Улсын бүртгэл, статистикийн газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг ..., ... үүрэгт  ажлаас нь чөлөөлөх  арга хэмжээ авч ажиллахыг  үүрэг болгосон байна. \хх-8 дугаар тал\

Дараа нь  Оюуны өмч,  улсын бүртгэлийн ерөнхий газрын  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4\9679 дугаар  “Чиглэл  хүргүүлэх тухай” албан бичигт  тус газрын даргын  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай“  А\25 дугаар тушаалаар  Аймгийн улсын бүртгэл, статистикийн газарт ажиллаж буй  төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх  арга хэмжээ авсан. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор  төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг  чөлөөлсөн тушаалыг  хүчингүй болгож  албан хаагчдын  цалин хөлс болон  холбогдох бусад асуудлыг  зохих журмын дагуу  шийдвэрлэхийг чиглэл болгосон байна.  \ хх-н  12 дугаар тал   \

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аймаг, Нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай   Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны  09 дүгээр сарын 17-ны өдөр Б\37  дугаар тушаалууд  гарч байсан байна.  \хх-22 дугаар тал\

Анхан шатны  шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ  дараах  алдааг гаргажээ.

            Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын  2016 оны   08 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дүгээр  тушаалаар М.Б-ыг  ажлаас чөлөөлөх  үндэслэл  болгосон  Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын  даргын   А\25 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалыг үндэслэн, ажлаас  чөлөөлсөн  тушаалыг  хүчингүй болгох  тухай  чиглэлийг  өгсөн  байхад М.Б-ыг үүний дагуу  ажлаас  халсан  тушаалыг  хүчингүй болгоогүй, ажилд нь  эгүүлж  томилоогүй,

Мөн  түүнчлэн ажилтныг  ажилд нь буцаан тогтоосон   шүүхийн шийдвэрийг   биелүүлэхдээ  дүр үзүүлж  ажилд  томилж,  ажлаас  чөлөөлөх гэх зэргээр нэг өдөр  хоёр  өөр  тушаал гаргасан,

2016 оны Б\19 дүгээр тушаалыг  гаргахдаа  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг   баримтлаагүй,

Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай  шийдвэрийг  хэзээ  өгсөн  нь  тодорхойгүй  байхад шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны  шүүхээс  анхан шатны  шүүхийн дээрх  алдааг  шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар хэрэгт авагдсан  нотлох баримтын хүрээнд  эцэслэн  шийдвэрлэх боломжтой  гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэлийн  талаарх  нотлох баримт  хэрэгт бүрэн  авагдсан байх тул  түүнийг  хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүрэн хангаж  шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй  байна.

Хариуцагчийн  тайлбарын үндэслэлээс үзвэл М.Б-ыг  ажлаас  чөлөөлсөн  үндэслэлийг  архивчийн  орон тоо 3 байсныг 2 болгож, орон тоо хасагдсан гэжээ.

Ажил олгогч нь  ажилтантай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол  Хөдөлмөрийн тухай  хуулийн  ямар заалтыг  үндэслэж байгаа  талаараа  тушаалдаа  тодорхой  заах  үүрэгтэй  ба  хууль баримтлаагүйг хуульд заасан үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж , байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”  бол  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар харин  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил  олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр   хөдөлмөрийн гэрээг  цуцлах тухайгаа ажилтанд  нэг сарын өмнө мэдэгдсэн...”  байхаар  хуульчилсан  учир ажил  олгогч байгууллага  М.Б-ыг  ажлаас чөлөөлөхдөө  тус заалтыг  баримтлаагүй нь  хууль  зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т  “Ажил олгогч нь  ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халсан тэтгэмжийг  халагдсан өдөрт нь өгөх  үүрэгтэй.

Ажил олгогч  М.Б-ыг  ажлаас халсан тухай  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн  Б\19 дүгээр шийдвэрийг түүнд хэзээ өгсөн талаарх  нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй бөгөөд  шүүх  нэхэмжлэгчийн тайлбараар 2016 оны 09 дүгээр сарын 09-д  хүлээн авсанд  тооцож улмаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх  хугацааг   хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж  үзсэн  нь учир  дутагдалтай байна.

            Ажилтныг ажилд   томилсон  тушаал гарснаар  хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч, хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын  дагуу  тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас  ажил олгогч нь  ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан  хөдөлмөрийн нөхцөлөөр хангах  тухай  харилцан  үүрэг хүлээсэн  тохиролцоо   бүхий  хөдөлмөрийн гэрээ  байгуулах   ёстой юм.

Иймд  дээрх үндэслэлүүдийг харгалзан  нэхэмжлэгчийн  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын  2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дүгээр тушаалыг хүчингүй болгож,  улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг  нөхөн төлүүлэх шаардлагуудыг хангах нь зүйтэй.

Ажилгүй байсан хугацааны цалинг  2016 оны 06 дугаар сарын 23-наас  хойш  шүүхийн шийдвэр гарах  өдөр  буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  хүртэл  ажлын 104 өдөр х 27.602 нэг өдрийн цалин =2.870.608 төгрөгийг  ажил  олгогчоос  гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн  1 дугаар заалтыг,

“Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т  зааснаар  Дархан-Уул аймгийн  Улсын бүртгэл, статистикийн газрын даргын   2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Б-ыг  тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчийн ажилд  эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.870.608  төгрөг  гаргаж  нэхэмжлэгчид   олгосугай.”

2 дугаар заалтыг,

“Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.Б-ын ажилгүй байсан хугацааны  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэл, хураамжийг  зохих журмын дагуу  нөхөн төлж, бичилт хийхийг  хариуцагч Дархан-Уул аймгийн  Улсын  бүртгэл, статистикийн  газарт даалгасугай.”,

3 дугаар  заалтын  “29.060” гэснийг  “60.879”    гэж  тус тус  өөрчилж,  шийдвэрийн  бусад заалтуудыг хэвээр  үлдээсүгэй.

            2.Нэхэмжлэгч давж заалдах  журмаар гомдол гаргахад  улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ            

                        ШҮҮГЧИД                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ