Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1481

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01470/и

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг,*** тоотод оршин суух, Г*** Б*** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, ****  байр, *** хэлтэст холбогдох,

 

"*** газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр *** хэлтэст няраваар, 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн архивчаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 15-ы өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед бүтцийн өөрчлөлт болж  Улсын бүртгэл статистикийн газар болж өөрчлөгдсөн. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэл статистикийн газрын архивчнаар ажилд эгүүлэн тогтоосон. Намайг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр *** тушаалаар ажилд томилсон боловч уг өдрөө *** тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх зээлт, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн***тушаалыг үндэслэсэн. Ажил олгогч бие даан шийдвэр гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан  үндэслэлүүдийг баримтлаагүй учраас дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг ажлаас чөлөөлсөн өдөр тушаалыг гардуулах ёстой. Гэтэл би 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан. *** хэлтсийн архивчаар тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх *** тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2016 оны 8 дугаар сарын 19 -ний өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай 2 тушаал байгаа. Монгол Улсад Хөдөлмөрийн хууль үйлчилж байгаа. Ажилтан, ажил олгогч нарын хооронд гэрээ байгуулах, дуусгавар болох тухай хуульд тусгасан. Гэтэл энэ тушаал дээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1,***дугаартай тушаалыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байна. Орон тоо цомхотгосон бол Хөдөлмөрийн хуулийнхаа ажилтанд урьдчилан мэдэгдэж, тушаалыг гардуулан, ажлыг хүлээж авах ёстой. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрээр ажилд авсан дүр үзүүлсэн боловч энэ хүнийг ажилд авахгүйгээр дараагийн тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тухай тусгасан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанг өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь авна гэж заасан. Өмнө нь эрхэлж байсан орон тоо цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд томилон ажиллуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүрэг хэрэгжээгүй. 8 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү. Нэхэмжлэл гаргасан огноо 2016 оны 10 дугаар сарын 06 гэдэг ч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул энэ  нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж үзэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. Ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан. Мөн***дугаартай тушаал хүчингүй болсон. Орон тоо цомхотгосон асуудал 9 дүгээр сарын 14-ний өдөр болсон. Харин ажлаас чөлөөлөх тухай тушаал 8 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Аливаа байгууллагын нэршил, байршил өөрчлөгдсөн нь ажилтны ажлын байранд нөлөөлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч *** хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Улсын бүртгэлийн хэлтэс, статистикийн хэлтэстэй нэгдэх тухай 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан тогтоол байдаг. Тогтоол гарсан  хэдий ч  хоёр байгууллагын үйл ажиллагаа тусдаа явагддаг хэдий ч төсөв нь нэг байсан. Дарга С.Чинзориг манай 3 архивчийг мэргэжлийн бус байна гэж үзсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. Нөгөө 2 архивч нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрсөн. М.Б*** шүүхээр явж 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад ажилд аваагүй вэ  гэдгийг нь би мэдэхгүй байна. 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл М.Б*** ыг  ажилд аваагүй нь үнэн. Уг өдөр ажилд аваад ажлаас чөлөөлсөн шалтгаан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас аймгуудын улсын бүртгэл статистикийн хэлтсийн ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж холбогдох тооцоог хийж дуусгахыг даалгасан албан тоот ирсэн. Энэ тоотыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүтэц орон тоо баталсан Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас *** тоот тушаал ирсэн. Шинэ бүтцээр 2 архивчтай байхаар болсон. Өмнө нь 3 архивч байсан бол шинэ бүтцээр 2 орон тоо болж ирсэн. Хуулийн этгээд дээр өмнө нь архивч байдаггүй байсан. Тухайн үед байсан удирдлагууд архивч байх хэрэгтэй гэж үзээд орон тоо нэмэгдүүлж М.Б*** ыг авсан. Төсөв санхүүтэй холбоотойгоор ачаалал багатай орон тоог хассан. Орон тоо хасагдахад М.Б*** ын ажил хамрагдаж байгаа. Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл дээр архивчгүй байх боломжгүй. Ажилгүй болсон учраас 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буюу 993.824 төгрөг олгохыг зөвшөөрч байгаа. Ажлын байр нь байхгүй учраас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч М.Б*** нь *** хэлтэст холбогдуулан, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч М.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажилгүй байсан хугацааны цалин гэдгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсоноос буюу 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх аваагүй цалин, мөн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн *** дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тус тус гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч М.Б*** нь *** хэлтсийн эд хөрөнгийн эрхийн архивчаар ажиллаж байгаад *** газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн*** дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу түүнийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Улсын үртгэл статистикийн газрын хуулийн этгээдийн архивчаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,393,907 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл статистикийн газраас гаргуулж, М.Б*** д олгохоор шийдвэрлэжээ. /хх-10-11 дүгээр хуудас/

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу *** газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчаар томилж, мөн өдрийн *** дугаар тушаалаар улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан М.Б*** ыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-28-29 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч М.Б*** нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороогүй байхад ажилд авсан өдрөө дахин халсныг зөвшөөрөхгүй байна гэж 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авчээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардан гэж тайлбарладаг болно.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байна.

            Нэхэмжлэгч М.Б*** нь дээр дурдсан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд шүүхэд гомдлоо дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байна.

           

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нэхэмжлэл дээрх огноо нь 2016 оны 10 дугаар сарын 06 гэж байгааг харгалзан, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж хэргийг шийдвэрлүүлэх талаар тайлбарладаг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т: “нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч инйхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан огноог шүүхийн захиргааны ажилтан хүлээн авснаа нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулсныг ойлгохоор байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ бичсэн огноог шүүх хүлээн авсан огноо гэж үзэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч М.Б*** ыг шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдлоо нэхэмжлэлийг хүлээн аваад шүүхээс тэмдэглэгээ хийж баталгаажуулсан огноо болох 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болохоор заасан байгаа боловч нэхэмжлэгч М.Б*** ын шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр М.Б*** ын Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эргүүлэн тогтоолгож, тус тушаал гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Харин нэхэмжлэгч М.Б*** ын нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан өдөр болох 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

           

Учир нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр М.Б*** ыг ажилд нь эргүүлэн тогтоож, тус шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу түүнийг 2016 оны 08 дугаар сарын 19-ны *** дугаар тушаалаар ажилд томилсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, *** газрын даргын ажилд томилсон тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу М.Б*** ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 27,602 төгрөг /1 сарын дундаж цалин нь 593,449 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 593,449/21,5=27,602 төгрөг/ гэж тооцож, нийт 37 хоногийн хугацааны цалин 1,021,274 төгрөгийг хариуцагч *** хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч М.Б*** д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаартай “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аймаг, нийслэл, сум , дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” тушаалын хавсралтаар *** газар нь *** хэлтэс нэртэй болсныг дурдаж байна.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч *** хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,021,274 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б*** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *** газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эргүүлэн тогтоолгож, тус тушаал гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.Б*** ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *** хэлтэст даалгасугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 29,060 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ