Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 129/2017/00461/И |
Дугаар | 001/ХТ2018/00704 |
Огноо | 2018-05-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00704
А.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалтай
А.Э-ын нэхэмжлэлтэй
“У” ХХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдох
компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолууд болон захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч А.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Э- миний бие 2014.11.03-ны өдөр ус суваг ашиглалтын “У” ХХК-д тоолуурын инженерийн ажилд орсон. “У” ХХК-ийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2017.06.30-ны өдөр “У” ХХК-ийн захирлын б/49 тоот тушаалаар орон тооны цомхтгол хийж ажлын байргүй болсон гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Энэ компанид тоолуурын инженерийн орон тоо зайлшгүй байх ёстой. Яагаад гэвэл “У” ХХК нь хэрэглэгчдэд цэвэр ус түгээх мэргэжлийн компани бөгөөд чиг үүрэг нь гүний усыг хэрэглэгчдэд түгээж, усны тоолуураар хэрэглэгчидтэй төлбөр тооцоо хийдэг байгууллага юм. Хэрвээ орон тоог цомхтговол түгээж байгаа усыг тооцох боломжгүй учраас тусгай зөвшөөрөлгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Иймд тухайн үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж болон иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ орон тоо байх ёстой учраас орон тооны цомхтгол хийсэн нь үндэслэлгүй байна. Хэрвээ би ажлын нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хөдөлмөрийн гэрээг зөрчиж ажлаас халагдсан бол энэ маргааныг үүсгэхгүй. Энэ орон тоо байхгүй болно гэдэг нь “У” ХХК-ийн үндсэн чиг үүргийн үйл ажиллагааг зөрчиж байгаа юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажлаас халахдаа “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолуудыг үндэслэсэн бөгөөд уг тогтоолууд нь Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн. Иймд “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд болон тус компанийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-ийн тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа: Ус суваг ашиглалтын “У” ХХК нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд өөрийн орлогоос зардлаа нөхөх зарчмаар ажилладаг ашгийн төлөө байгууллага юм. Манай компанийн орон тооны хязгаарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулагдсан удирдах зөвлөл тогтоож өгдөг. Захирлын тухайд бол удирдах зөвлөлийн тогтоосон уг орон тоонд ямар бүтэцтэй ажиллахаа шийдвэрлэж, компанийн дүрэмд заасан үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган ажилладаг. “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар тус компанийн орон тоог 71 байхаар урьд оноос бууруулан шинэчлэн баталсан. Ийнхүү орон тоог цөөрүүлэхдээ инженерүүдийг цөөрүүлэх чиглэл өгсөн. Энэ тогтоолын дагуу захирлын тушаал гаргаж бүтцээ баталсан. Шинэчлэн баталсан бүтцээр тоолуурын инженерийн орон тоо хасагдсан учир А.Э-од нэг сарын өмнө буюу 2017.05.30-нд ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж мэдэгдэл өгсөн. Өөрөө мэдэгдлийг гардаж авсан. Мөн А.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх заалтуудыг удирдах зөвлөлийн тогтоолын хамт үндэслэл болгосон. Иймд “У” ХХК-ийн захирлын б/49 дүгээр тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ. Мөн “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 03, 07 дугаар тогтоолууд нь удирдах зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд гарсан тул хууль зөрчөөгүй. Тус компани нь Архангай аймгийн хэрэглэгчдийг усаар хангах системийг нэвтрүүлж байгаа тусгай зөвшөөрлийн байгууллага, энэ хүрээнд тоолууртай холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэдэгтэй маргах зүйл байхгүй. гэжээ.
Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “У” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тусгасан бөгөөд 6.4.1-д компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах гэжээ. Энэ эрхийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны хоёр дахь удаагийн хуралдаанаар тус компанийн бүтэц орон тоог хэлэлцэж, 78 орон тоог 71 болгож мэргэжлийн бус, шаардлагагүй, ажиллахгүй байгаа илүү орон тоог цомхтгохоор шийдвэрлэсэн. Иймд “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, иргэн А.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой бүхий л зардлыг шийдвэрлэсэн тул түүний хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид шууд хохирол учраагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК болон тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч А.Э-ын “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд болон мөн компанийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: А.Э- миний бие 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ОНӨ “У” ХХК-д тоолуурын инженерээр ажилд орсон. ОНӨ “У” ХХК-ийн захиралтай хөдөлмөрийн байнгын гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 06 сарын 30-ны өдөр ОНӨ “У” ХХК-ийн захирлын 6/49 дугаартай тушаалаар ажлаас халсан. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажлаас халахдаа ОНӨ “У” ХХК-ийн Удирдах Зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг үндэслэсэн бөгөөд уг тогтоол нь Монгол Улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн байна. Гэтэл Архангай аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 тоот магадлал нь ОНӨ “У” ХХК-ийн Удирдах Зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан.
Уг тогтоолыг гаргахдаа өмнө нь миний ажиллаж байсан орон тоог баталсан тушаалыг цуцлаагүй бөгөөд ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий акт гаргаагүй. Нэхэмжлэгч миний гэрч асуулгах, шаардлагатай баримтуудыг гаргуулах бүхий л эрхүүдийг ноцтой зөрчлөө. Иймд Архангай аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 тоот магадлалыг хүчингүй болгож намайг ОНӨ “У” ХХК-ийн тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
А.Э- нь “У” ХХК-д холбогдуулан Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Удирдах зөвлөлийн тогтоол, ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Э- нь Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “У” ХХК-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/66 тушаалаар лабораторийн тоолууржуулалтын инженерийн ажилд томилогдсон, 2017 оны 02 дугаар сарны 17-ны өдрийн “У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №03 тогтоолоор Компанийн нийт ажилчдын тоог 78 байсныг 71 хүнээр баталсан тул Компанийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/12 тоот тушаалаар Компанийн ажилчдын бүтэц, орон тоог баталж, улмаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.д заасныг үндэслэн А.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “...нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” гэж, 25.1.3.-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, ... хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч А.Э- нь тус байгууллагад тоолуурын лабораторийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсныг үндэслэн тоолуурын лабораторийг байгуулж, тоолуурын инженерийн ажилд авсан, одоо тоолуурын лаборатори, тоолуурын инженерийн орон тоо хэвээр байгаа, компанийн гол чиглэлийн инженерийн орон тоог хассан, Удирдах зөвлөлийн тогтоол хууль зөрчсөн, үүнийг нотлуулахаар 2014-2015 оны Удирдах зөвлөлийн шийдвэр, холбогдох нотлох баримт гаргуулах, Удирдах зөвлөлийн дарга байсан М.Батжаргал, Компанийн захирал байсан Б.Булганчимэг, нарийн бичгийн дарга Х.Ганхуяг нарыг гэрчээр асуулгуулахаар хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх “...хэргийн үйл баримттай шууд хамааралгүй, маргааны зүйлд ач холбогдолгүй, түүнчлэн шүүгчийн захирамжаар урьд шийдвэрлэсэн хүсэлттэй давхацсан...” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүх хүсэлттэй холбоотой ямар баримт хэрэгт давхцаж авагдсан талаар нэр дурдаж заагаагүй, тухайн гэрчийн мэдүүлэг, холбогдох баримтыг ямар үндэслэлээр хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй, хэргийн оролцогчдод мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 168 дугаар зүйлийн 168.1.7., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7.-д зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД