Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00703

 

Ш.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2018/00255 дугаар магадлалтай

Ш.Н-ын нэхэмжлэлтэй

“Б”-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шижир-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Б”-д нягтлан бодогчоор 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилд орж, ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гээд ажлаас халсан. Би уг тушаалд намайг ажлаас халах болсон үндэслэл буюу өөртөө удаа дараа илүү цалин бодож авч байсан гэх зөрчил огт гаргаагүй, байгууллагын захирлаар ажиллаж байсан Г.Аззаяагийн баталсан цалин, илүү цаг ажилласан хөлсөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоны дагуу авч байсан. Засгийн газрын 342 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн цалингийн хамгийн доод жишгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид эрх олгосны дагуу тогтоож өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сарын цалин хөлсийг 740 341 төгрөгөөр тогтоосон.

Мөн тушаалд дурдсан Сангийн яамны 12-1/2345 тоот албан бичигтэй танилцуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилд орсноос хойш шинэчилж, ажил олгогчид хадгалагддаг. Захирлын үүрэг гүйцэтгэгч ....Ган-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр томилогдож ирсэн боловч Ш.Н-тай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг 633 221 төгрөг байхаар тохиролцсон тул 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс 740 341 төгрөгөөр бодогдох ёстой байна. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 тоот тушаалд Ш.Н-ыг 7 хуулийн 31 зүйл заалт зөрчсөн гэх боловч эдгээрийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй нь  хуульд нийцээгүй байна. Сонсгох ажиллагаа гэх баримт үйлдсэн боловч хэлэлцсэн гэх зөрчил нь тушаалд дурдсанаас өөр байдлаар буюу тогтвортой хөгжлийн асуудал дээр сахилгын шийтгэл ногдуулах талаар ярилцсан юм шиг боловч өөр зөрчил гаргасан мэтээр арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй. Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд зөрчилгүй нь нотлогдоно. Аудитын шалгалтын тайлангаар Ш.Н- өөртөө илүү цалин бодож авч байсан нь тогтоогдоо гүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд ажилтны гаргасан зөрчилд ногдуулах арга хэмжээ нь түүний гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон, үр дагаврыг харгалзан үзэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг анхаарах, зөрчлийн талаар мэдэгдэх, зөрчлийг шалган тогтоож, ажилтанд урьдчилан мэдэгдэхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “Б”-ийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй  байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 031 854 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус төвд 2012 оноос нягтлан бодогчоор ажилласан бөгөөд захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар ажлаас халах шийтгэл ногдуулсан. “Б”- нь улсын төсвөөс санхүүждэг бөгөөд цалин хөлсийг Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-8-5-д хамаарч 734 053 төгрөгийн үндсэн цалин олгохоор төвийн захирал 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал гаргасан. Тушаалын хавсралтыг нягтлан бодогч өөрөө төлөвлөж гаргасан тайлбарыг холбогдох албан хаагчид гаргадаг. Засгийн газрын цалин хөлс тогтоосон тогтоолыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ш.Н- нь дур мэдэн өөрийн албан тушаалаа ашиглан мэргэжлийн ёс зүй болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж өөртөө 740 341 төгрөгийн үндсэн цалин бодож 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаар тушаалаар түүний сарын үндсэн цалинг 633 221 төгрөгөөр тогтоосон байхад 2017 оны 02 дугаар сард өөрийн үндсэн цалинг 740 341 төгрөг гэх мэтээр дур мэдэн цалин авсан. Захирал Г.Аззаяагийн нягтлан бодогчийн цалинг 740 341 төгрөгөөр шинэчлэн тогтоосон тушаалын жагсаалтад байхгүй нь тус байгууллагын архивын бичиг баримтын жагсаалтаар тогтоогдоно. Сонсох ажиллагаанд Ш.Н- нь цалинг 740 341 төгрөг болсныг асуухад түүний өөрийнх нь хэлсэн тайлбар тусгагдсан, үзлэг хийгдсэн боловч бичиг хэргийн ажилтанд хадгалагдаж байна. Үүнийг хуурамчаар үйлдэх шаардлагагүй.

Цалин хөлсийг Засгийн газрын тогтоолд үндэслэн тус төвийн захирлын тушаалаар тогтоодог бөгөөд хэн нэгэн ажилтны тайлбарласнаар тогтоодоггүй. Ш.Н-ын ачаалалтай ажилладаг учраас захирал цалинг нэмж тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй. Ажиллагсадтай жил болгон хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг, тэр нь архивт хадгалагддаг. Г.Аззаяа захиралтай байгуулсан гэх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд цалинг 740 341 төгрөг гэж байгуулсан гэрээг банкнаас зээл авах гэж бүрдүүлсэн гэж бодож байна. Нэхэмжлэгч Ш.Н- нь өмнөх шүүх хуралдаанд 2017 оны 02 дугаар сард буруу цалин бодож алдаа гаргасан, 2015 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2016 онд байгуулаагүй гэж тайлбарлаж байсан мөртлөө өнөөдөр өөрөөр ярьж байгаа нь ойлгомжгүй. 2017 оны 4 дүгээр сард н.Энхжаргал гэдэг ажилтан ажилчдын хурал дээр өөрийн цалин хөлстэй холбоотой гомдол гаргасан, энэ нь тэр өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байх, үүний улмаас өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгалт хийсэн. Шалгалт хийх талаар удирдамж гараагүй. Ш.Н- өөртөө илүү ц  алин авсан нь цалин хөлсний картаар тогтоогдсон. Ш.Н-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй. “Б”- нь анх 24 орон тоотой байгуулагдсан, 2012 онд 38 орон тоотой болгож өөрчилсөн боловч үүнээс үндсэн болон гэрээт ажилтныг тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгч Ш.Н- нь 2016 онд 3 439 532,55 төгрөг, 2017 онд 149 968 төгрөгийн цалин өөртөө илүү бодож авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш.Н-ыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх “Б”-ийн нягтлан бодогч ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх “Б”-өөс дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 031 854 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Н-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Боловсрол соёл шинжлэх ухаа спортын яамны дэргэдэх “Б”-ийн захирал болон нягтлан бодогчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны дэргэдэх “Б”-өөс улсын тэмдэгтийн хураамжид 111 460 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2018/00255 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй ориж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Ш.Н- нь “Б”-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “Хариуцагч байгууллага ... 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар цалин хөлс, унаа хоолны мөнгө, ур чадварын нэмэгдэл шинэчлэн тогтоох тухай” тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 734053 төгрөгөөр, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 740341 төгрөгөөр... тогтоосон байх ба талууд энэ талаар маргаагүй” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээр энэ талаар маргасан юм.

Хариуцагч ажлаас халах гол үндэслэл бол нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын ТҮ-8 заасан албан тушаалын зэрэглэлээр 1-5 шатлалт цалин авах ёстой байтал үндэслэлгүйгээр цалин хөлс өөртөө бодож авсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар “Б”- нь улсын төсвөөс санхүүжилтээ авдаг улсын төсөвт үйлдвэрийн газар билээ. Тиймээс ч ажилчид нь Төрийн албаны тухай хуулийн 28.4.1 -д зааснаар бусад төрийн болон төсөвт үйлдвэрийн газрын ажилчидтай адил цалин хөлс авч ирсэн.

Манай байгууллагад Ш.Н-аас өөр өөрийн албан тушаалын зэрэглэлээс өөр зэрэглэлийн цалин хөлс авдаг ажилтан байхгүй юм. Хариуцагч байгууллага болон хөдөлмөрийн гэрээгээр ажилтны цалинг хэт өндрөөр тогтоох эрх хэмжээг төсөвт үйлдвэрийн газрын захирал болон байгууллагын нягтланд олгоогүй болно.

2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ нь байгууллагад огт байдаггүй бөгөөд 01 дугаартай байдаг гэтэл энэ гэрээний огнооноос өмнө 2 хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээ шүүх хурал болдог өдөр нотлох баримтаар хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн зүгээс нотлох баримтыг няцаах зорилгоор захирлаар ажиллаж байсан Г.Аззаяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүх дүгнэлтэндээ хариуцагч өөрийн татгалзлаа нотлож чадаагүй гэсэн нь хүсэлтийг хангаагүй байж бодит байдалтай тохирохгүй байна.

Байгууллагын нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.2.9 дэх заалт, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын холбогдох заалтад заасан цалин хөлстэй холбоотой мэдээллээр хангах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.

Харин ч нэхэмжлэгчийн дурддаг Аудитын дүгнэлтэнд Засгийн газрын тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээгээр ажилчдыг цалинжиж байгаа талаар дүгнэлт өгсөн байдаг. Ш.Н- ерөнхий нягтлан бодогч Төсөвт үйлдвэрийн газрын ажилчид Засгийн газрын 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар цалинждаг гэдгийн сайн мэдэж үйл ажиллагаандаа мөрдөж иржээ. Гэтэл өөртөө цалин бодох болохоор Засгийн газрын тогтоол хамаагүй болж байгаа юм.

Шүүх үнэн зөв, бодит байдлыг тогтоож хуулийн дагуу хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэдэг . Гэтэл Төсөвт үйлдвэрийн газрыг ажилчдын цалин хөлсийг нарийвчлан зохицуулж буй төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэглэхгүй зөвхөн хөдөлмөрийн хуулийг хэрэглэж хэрэг шийдвэрлэж байгаад гайхаж байна.

Монгол улсын иргэн аж ахуйн нэгжийн төлсөн татварыг Хуулиар тогтоож өгсөн цалин хөлсөнд баригдахгүй ажилтан ажил олгогч 2 харилцан тохиролцон тогтоож болно гэж хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээр тохирч гэж үзэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Эндээс үзвэл төрийн үйлчилгээний албан хаагч даргатайгаа тохиролцон 800000 төгрөгийн цалин авч байгаад 2000000 төгрөгийн цалин авч болно гэж шүүх тогтоож байна гэж үзэхээр байна.

Шүүхээс хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан чиг үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй ямар зөрчил гаргасан уг зөрчлийг хэзээ илрүүлснийг тогтоогоогүй гэжээ.

Ш.Н- нь “Б”-д Ерөнхий нягтлан бодогчийн ажил хийж байсан.

Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу НББүртгэл, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөх, албан хаагчдын цалин хөлс олголт, түүний бүртгэл, бодолт хийх, байгууллагын мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг хянах, тайлагнах үүрэгтэй бөгөөд гаргасан зөрчил нь нягтлан бодогч өөрөө мэдсээр байж цалин хөлсийг өөртөө 2016 оны 3-12 сар хүртэл, 2017 оны 2 сард цалин бодож авсан байгаа.

Ш.Н- нь цалин илүү бодож авснаа хүлээн зөвшөөрдөг энэ талаар маргадаггүй бөгөөд зөвхөн даргын тушаал, хөдөлмөрийн гэрээгээр ийм цалин авч байсан гэдэг. Байгууллагын удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, ажил албан тушаалдаа үнэнчээр хандаж чадалгүй өөрийн давуу байдлыг ашиглаж цалин хөлсөө бодож авч байсан.

Илүү цалин хөлс авч байсан болох нь Ш.Н-ын цалингийн картаар тогтоогдож байгаа бөгөөд өөрөө ч авсан цалингаа хүлээн зөвшөөрдөг. Сахилгын зөрчил гаргасан талаар өөрт нь мэдэгдсэн бөгөөд тухайн үед зөвхөн цалин хөлс илүү бодож авснаас өөр, цаг ашиглалт, санхүүгийн зөрчлийн талаар тухайн үед яригдсан. Гэтэл огт яригдаагүй гэж шүүх дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна тэмдэглэлд тодорхой туссан байгаа болно.

Хариуцагчаас Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 332 дугаар тогтоол бусад хуулийг нийтэд илэрхий баримт гэж үзэж хэрэгт нотлох баримтаар өгөөгүй болно.

Нэхэмжлэгч нь илүү авсан цалингаа хүлээн зөвшөөрч маргадаггүй, энэ нь цалингийн картаар тогтоогдсоор байхад тогтоогдоогүй гэж үзсэн. Мөн Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргээ ашиглан хууль зөрчин өөртөө илүү цалин бодож авч байгаа үйлдлийг өөрийнх нь албан тушаалын үүрэг биш гэж дүгнэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2017/03520 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00255 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Н- нь  “Б”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтныг ажлаас чөлөөлсөн, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Ш.Н- нь “Б”-д 2012 оноос нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд ажил олгогч түүнд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Захирлын Б/28 тушаалаар  “Захиргааны удирдлагын хэлтсийн нягтлан бодогч Ш.Н- нь удаа дараа өөртөө илүү цалин хөлс бодож авч байсан нь тогтоогдсон” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1., 6.1.4., 8 дугаар зүйлийн 8.2.3. дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажлаас халах үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд 6.1.1.-д “ажил олгогчоос тогтоосон бүх дүрэм, журам, тушаал, заавар болон байгууллагын дагаж мөрддөг үнэт зүйлс, зарчим, ёс зүйн хэм хэмжээг  мөрдөж ажиллах”, 6.1.4.-т “хариуцсан ажилдаа үнэнч хандаж, ажлын байранд, хамт олон, үйлчлүүлэгчдийн дунд эелдэг зөв харилцааг эрхэмлэж, соёлтой, ажил хэрэгч хувцаслаж байх” үүрэгтэй гэж тус тус заасан байх бөгөөд ажилтан дээрх үүргээ хэрхэн зөрчсөнийг хариуцагч үндэслэл бүхий нотлоогүй байна.

Харин 8 дугаар зүйлийн 8.2.3. дахь заалтад “ажилтан энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол ...ажил олгогч ажлаас халах хариуцлага хүлээлгэнэ” гэсэн нь ажилтны гаргасан зөрчийг бус ажил олгогчийн эрхийг зохицуулсан байна.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...Ш.Н- нь  2016 оны 3-12 дугаар сард өөрийн үндсэн цалинг 740 341 төгрөгөөр тооцож, 3 439 532.55 төгрөг, 2017 оны 2, 3 дугаар сард 149 968 төгрөгийн цалин, нийт 3 589 500.59 төгрөгийн цалинг өөртөө илүү бодож авсан нь дотоод хяналтаар тогтоогдсон...” гэж тайлбарлажээ.

БСШУСЯ-ны сайдын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан удирдамжийн дагуу БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар “Б”-ийн 2016 оны эхний 10 сарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсний үндсэн дээр дотоод аудитын тайлан гаргасан байх бөгөөд уг тайланд нягтлан бодогч Ш.Н-ын гаргасан зөрчлийн талаар тэмдэглэгдээгүй байна. Уг зөрчил ямар баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй, зөрчлийг хэдийд илрүүлсэн болон хариуцлага тооцсон хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй, энэ талаарх баримтгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.   

Түүнчлэн Дотоод аудитын хяналт шалгалт 2016 оны 11 дүгээр сард хийгдэж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дотоод аудитын ажлын тайлан гарсан байхад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр 2017 оны 05 дугаар сард түүнд хариуцлага тооцсон нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр  зүйлийн 131.2.-т заасан “...сахилгын зөрчлийг ...илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах” шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Ажил олгогчоос ажилтантай 2016 оны 02 дугаар сарын 18-нд байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр түүний үндсэн цалинг 740 341 төгрөгөөр тогтоосон /хх-2 дугаар хавтас 98 дугаар тал/ байх тул 2016 оны 3-12 дугаар сард өөрийн үндсэн цалинг 734 053 төгрөг байхад 740 341 төгрөгөөр тооцож, өөртөө илүү цалин бодож авсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр ажилтныг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгэр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцсэн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалдаа “...Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.1., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5., 20 дугаар зүйлийн 20.2.3., 20.2.13., “Б”-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.3., 3.2.7. , “Б”-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1., 7.3.1., 7.3.2., 7.3.3., 7.3.4.3., 9 дүгээр зүйлийн 9.1.1.,. 9.1.2. дахь заалт, Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1. а заалт, Сангийн яамны төрийн сангийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12-1/2345 дугаартай албан бичиг...” ийг тус тус үндэслэл болгосон атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо ажилтныг ажлаас халах гол үндэслэл нь нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарласан нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслэл болгоогүй, харин тушаалд заасан дээрх хууль, дүрэм, журмын холбогдох заалтууд нь ажил олгогчоос тушаал, шийдвэр гаргах эрхийг тодорхойлсон, нягтлан бодогчийн ажлын байр, ерөнхий нягтлан бодогчийн хүлээх үүргийг зохицуулсан ерөнхий зохицуулалтууд бөгөөд хариуцагч нь ажилтны гаргасан зөрчлийг үндэслэл бүхий нотлоогүй тул ерөнхий нягтлан бодогч нь өөрийн ажил үүрэгтэй холбоотой холбогдох хууль зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2018/00255 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Б”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шижир-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН     

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД