Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00255

 

                    

     Ш.Н-ын нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-д нягтлан бодогчоор 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилд орж, ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гээд ажлаас халсан. Би уг тушаалд намайг ажлаас халах болсон үндэслэл буюу өөртөө удаа дараа илүү цалин бодож авч байсан гэх зөрчил огт гаргаагүй, байгууллагын захирлаар ажиллаж байсан Г.А-ийн баталсан цалин, илүү цаг ажилласан хөлсөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоны дагуу авч байсан. Засгийн газрын 342 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн цалингийн хамгийн доод жишгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид эрх олгосны дагуу тогтоож өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сарын цалин хөлсийг 740 341 төгрөгөөр тогтоосон.

Мөн тушаалд дурдсан Сангийн яамны 12-1/2345 тоот албан бичигтэй танилцуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилд орсноос хойш шинэчилж, ажил олгогчид хадгалагддаг. Захирлын үүрэг гүйцэтгэгч ....Г нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр томилогдож ирсэн боловч Ш.Н-тай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг 633 221 төгрөг байхаар тохиролцсон тул 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлс 740 341 төгрөгөөр бодогдох ёстой байна. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 тоот тушаалд Ш.Н-ыг 7 хуулийн 31 зүйл заалт зөрчсөн гэх боловч эдгээрийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүйг хуульд нийцээгүй байна. Сонсгох ажиллагаа гэх баримт үйлдсэн боловч хэлэлцсэн гэх зөрчил нь тушаалд дурдсанаас өөр байдлаар буюу тогтвортой хөгжлийн асуудал дээр сахилгын шийтгэл ногдуулах талаар ярилцсан юм шиг боловч өөр зөрчил гаргасан мэтээр арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй. Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд зөрчилгүй нь нотлогдоно. Аудитын шалгалтын тайлангаар Ш.Н өөртөө илүү цалин бодож авч байсан нь тогтоогдохгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд ажилтны гаргасан зөрчилд ногдуулах арга хэмжээ нь түүний гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон, үр дагаврыг харгалзан үзэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг анхаарах, зөрчлийн талаар мэдэгдэх, зөрчлийг шалган тогтоож, ажилтанд урьдчилан мэдэгдэхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд БҮТ-ийн нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 031 854 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус төвд 2012 оноос нягтлан бодогчоор ажилласан бөгөөд захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар ажлаас халах шийтгэл ногдуулсан. Б нь улсын төсвөөс санхүүждэг бөгөөд цалин хөлсийг Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-8-5-д хамаарч 734 053 төгрөгийн үндсэн цалин олгохоор төвийн захирал 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаал гаргасан. Тушаалын хавсралтыг нягтлан бодогч өөрөө төлөвлөж гаргасан тайлбарыг холбогдох албан хаагчид гаргадаг. Засгийн газрын цалин хөлс тогтоосон тогтоолыг өөрт ашигтай байдлаар тайлбарлах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ш.Н нь дур мэдэн өөрийн албан тушаалаа ашиглан мэргэжлийн ёс зүй болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж өөртөө 740 341 төгрөгийн үндсэн цалин бодож 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаар тушаалаар түүний сарын үндсэн цалинг 633 221 төгрөгөөр тогтоосон байхад 2017 оны 02 дугаар сард өөрийн үндсэн цалинг 740 341 төгрөг гэх мэтээр дур мэдэн цалин авсан. Захирал Г.А-ийн нягтлан бодогчийн цалинг 740 341 төгрөгөөр шинэчлэн тогтоосон тушаалын жагсаалтад байхгүй нь тус байгууллагын архивын бичиг баримтын жагсаалтаар тогтоогдоно. Сонсох ажиллагаанд Ш.Н нь цалинг 740 341 төгрөг болсныг асуухад түүний өөрийнх нь хэлсэн тайлбар тусгагдсан, үзлэг хийгдсэн боловч бичиг хэргийн ажилтанд хадгалагдаж байна. Үүнийг хуурамчаар үйлдэх шаардлагагүй.

Цалин хөлсийг Засгийн газрын тогтоолд үндэслэн тус төвийн захирлын тушаалаар тогтоодог бөгөөд хэн нэгэн ажилтны тайлбарласнаар тогтоодоггүй. Ш.Н-ын “ачаалалтай ажилладаг учраас захирал цалинг нэмж тогтоосон” гэх тайлбар үндэслэлгүй. Ажиллагсадтай жил болгон хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг, тэр нь архивт хадгалагддаг. Г.А захиралтай байгуулсан гэх 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд цалинг 740 341 төгрөг гэж байгуулсан гэрээг банкнаас зээл авах гэж бүрдүүлсэн гэж бодож байна. Нэхэмжлэгч Ш.Н нь өмнөх шүүх хуралдаанд 2017 оны 02 дугаар сард буруу цалин бодож алдаа гаргасан, 2015 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2016 онд байгуулаагүй гэж тайлбарлаж байсан мөртлөө өнөөдөр өөрөөр ярьж байгаа нь ойлгомжгүй. 2017 оны 4 дүгээр сард н.Э гэдэг ажилтан ажилчдын хурал дээр өөрийн цалин хөлстэй холбоотой гомдол гаргасан, энэ нь тэр өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байх, үүний улмаас өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгалт хийсэн. Шалгалт хийх талаар удирдамж гараагүй. Ш.Н өөртөө илүү цалин авсан нь цалин хөлсний картаар тогтоогдсон. Ш.Н-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй. Б нь анх 24 орон тоотой байгуулагдсан, 2012 онд 38 орон тоотой болгож өөрчилсөн боловч үүнээс үндсэн болон гэрээт ажилтаныг тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгч Ш.Н нь 2016 онд 3 439 532,55 төгрөг, 2017 онд 149 968 төгрөгийн цалин өөртөө илүү бодож авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ш.Н-ыг Б-ийн нягтлан бодогч ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б-өөс дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 031 854 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Н-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б-ийн захирал болон нягтлан бодогчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 111 460 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Б-ийн захирал 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн тоггоохдоо нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н-ын цалинг ТҮ-8-5 зэрэглэл, шатлалаар тогтоосон бөгөөд үндсэн цалингийн хэмжээг ТҮ-10 зэрэглэлийн 5 дахь шатлалын цалин болох 734 053 төгрөгөөр бичсэн байдаг. Хэрэв санаатайгаар будилуулсан бол нягтлан бодогч өөрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, байгууллагын дотоод журмаа зөрчсөн үйлдэл юм. Ажил олгогчоос санаатайгаар цалин хөлсөө будлиантуулан өөртөө илүү авсан гэж үзэж байгаа. Учир нь: 2014 онд Ш.Н-ын үндсэн цалинг ТҮ-9-5 шатлалын 618 461 төгрөг, 2015 онд ТҮ-9-5 шатлалын 711 230 төгрөгөөр захирлын тушаалаар тогтоосныг дээрх онуудад бүтэн бодож авсан байдаг. Байгууллагын даргын тушаалд Ш.Н-ын 2016 оны үндсэн цалинг 734 053 төгрөг гэж тогтоосон хэдий ч 2016 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд Удирдах албан хаагч ангилалын ТҮ-11 зэрэглэлийн хамгийн дээд шатлал болох 740 341 төгрөгөөр өөрийнхөө цалинг тушаал, шийдвэргүйгээр дур мэдэн тогтоож, илүү цалин бодож авсан байна. Байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаар тушаалаар нийт албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн тоггоосон бөгөөд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н-ын үндсэн цалинг ТҮ-8-5 буюу 633 221 төгрөгөөр тогтоосон хэдий ч 2017 оны 02 дугаар сард дахин тушаал, шийдвэргүйгээр өөрийн үндсэн цалинг 740 341 төгрөг болгон нэмэгдүүлэн бодож авсан байдаг. Ш.Н-ын 2016, 2017 оны цалингийн карт, Боловсролын үнэлгээний төвийн захирлын 2016 оны Б/02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 2017 оны А/05 дугаар тушаалын хавсралтаас үзэхэд өөртөө цалин илүү бодож авсан нь тогтоогдож байна. Эдгээр баримтуудыг шүүхэд өгсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар өөртөө илүү цалин хөлс бодож аваагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Байгууллагын нягтлан бодогч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 20.2.13-т заасан үүргээ биелүүлж үнэнч шударгаар нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, зааврын дагуу санхүүгийн тайлан, бүртгэлийг хөтлөх ёстой.

 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгч тал 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргасантай холбогдуулан уг гэрээ хуурамч байх магадлалтай тул энэ асуудлыг тодруулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн боловч, хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн. Хөдөлмөрийн гэрээг хуурамч байж болзошгүй гэж үзэж байгаа учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үзлэг хийхэд 2016 онд зарим албан хаагчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээнүүдэд дээрх гэрээнүүдийн 3 нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хийгдсэн тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд 2015 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2016 онд шинээр гэрээ байгуулаагүй хуучин гэрээгээ сунгаж байсан гэх нөхцөл байдлыг шүүх бодитоор үнэлэлгүй, миний хүсэлтийг хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцсан ажилдаа үнэнчээр хандаагүй, байгууллагын дотоод журмын дагуу холбогдох хууль тогтоомж, журмыг мөрдөх, үнэнч шударга, ёс зүйн зөрчил гаргахгүй ажиллах зэрэг заалтуудыг зөрчсөн тул хуулийн дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Н хариуцагч Б-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б-д нягтлан бодогч ажилтай Ш.Н-ыг тус төвийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар удаа дараа өөртөө илүү цалин бодож авч байсан үндэслэлээр, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /1 хав 11-12/

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Б-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 7.3.2, 7.3.3, 7.3.4.3,  9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4, 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт болон холбогдох бусад хууль, дүрмийн заалтыг тус тус үндэслэжээ.

Хариуцагч байгууллагын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар “Цалин хөлс, унаа хоолны мөнгө, ур чадварын нэмэгдлийг шинэчлэх тогтоох тухай” тушаалаар нэхэмжлэгчийн цалинг 734 053 төгрөгөөр, 2016 оны 02 дугаар сарын 18-ны байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалинг 740 341 төгрөгөөр, мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаар “Цалин хөлс шинэчлэх тогтоох тухай” тушаалаар үндсэн цалинг  633 221 төгрөгөөр, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалинг 633 221 төгрөгөөр тус тус тогтоосон байх ба талууд энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2016 оны 3-12 дугаар сард өөрийн үндсэн цалинг 740 341 төгрөгөөр тооцон 3 439 532,55 төгрөг, 2017 оны 2,3 дугаар сард 149 968 төгрөг нийт 3 589 500,59 төгрөгийн цалинг өөртөө илүү бодож авсан зөрчил гаргасан нь дотоод хяналтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг ногдуулах ба нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2016, 2017 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан чиг үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй ямар зөрчил гаргасан, уг зөрчлийг хэзээ, хэрхэн илрүүлснийг тогтоосны үндсэн дээр ажлаас халсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Н нь сахилгын ямар зөрчлийг хэзээ гаргасан, уг зөрчлийг хэрхэн илрүүлэн тогтоож, баримтжуулсан нь тодорхойгүйгээс гадна сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж хариуцагч тал үзсэн тул уг тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй юм.

Хариуцагчийн тайлбарт дурдснаар нэхэмжлэгч өөртөө тушаал гаргуулсан гэх байдал тогтоогдоогүй буюу хариуцагч байгууллага нь тухайн үед ажиллаж байсан захирлын тушаалаар цалин хөлсийг 2 удаа өөрчлөн тогтоосон, мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлсөө авч байсан тул ажилтныг Засгийн газраас тогтоосон жишгээр цалинжаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Мөн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн захиргааны акт сонсгох тэмдэглэл хэрэгт авагдсан боловч уг тэмдэглэлд тушаалд заагдсан зөрчлийн талаарх асуудал тусгагдаагүй, өөр агуулгатай асуудал хэлэлцсэн болох нь тогтоогдож байна.

Ажил олгогч байгууллагын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасантай нийцээгүй байна. Иймд ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Б-ийн захирлын тушаал хуульд нийцээгүй гэж үзэж, ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв.

Шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ш.Н-ыг Б-д нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 031 854 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ипотекийн зээлд хамруулахын тулд нэхэмжлэгчийн  сарын үндсэн цалинг 740 341 төгрөгөөр тооцож, 2016 оны 02 дугаар сарын 18-ны хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус төвийн 2016 оны 12 дугар сарын 07-ны өдрийн Санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн дүгнэлтээр нэхэмжлэгч Ш.Н-ыг өөртөө илүү цалин бодож авсан болохыг тогтоосон гэж тайлбарлаж байх боловч дүгнэлтэд уг зөрчил тусгагдаагүй, дээрх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр 2016 оны хөдөлмөрийн гэрээ хуурамч байх магадлалтай тул уг асуудлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн гэх гомдлыг хариуцагч талаас  гаргасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагч талаас 2016 оны хөдөлмөрийн гэрээг өөрөө байгуулсан эсэх талаар ажил олгогчоос буюу тухайн үед захирлаар ажиллаж байсан н.А-г гэрчээр асуулгах” хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА