Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0183

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын дарга, Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдлын шаардлагыг хангах тухай” 10 дугаар тогтоол болон Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Маргаан шийдвэрлэх комиссын тогтоол баталгаажуулах тухай” А/146 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““И ү э г” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр тушаалаар ***** дугаар гэрчилгээ авч, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл “И” гэх үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг эзэмших эрхтэй болсон. Ниццийн хэлэлцээрээр батлагдсан Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын дагуу 35, 36, 39, 40 ,41 ,43, 44, 45 дугаар ангилал бүхий бараа, үйлчилгээ эрхлэх эрхтэй.

Үүний дагуу “И резорт” ХХК, “И фүүдс” ХХК, “И кредит” ХХК, “И проперти” ХХК, “И хороолол”, “И резиденс”, “И девелопмент” ХХК гэх мэт хамаарал бүхий, охин компаниудаараа олон талын үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эдгээр компаниудынхаа гэрчилгээ, дүрмийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. “И” гэх энэхүү нэр, илэрхийллээр манай байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, нэр хүнд тогтож, үйлчлүүлэгч, харилцагчдын итгэлийг хүлээн, бизнесийн хүрээнийхэнд танигдах болжээ.

Гэтэл “Д” ХХК нь “Им плаза” гэх үйлчилгээний төв байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Маршалын гүүрний баруун хойд талд манай компанийн барааны тэмдгийн гэрчилгээнд заасан үйлчилгээ, үйл ажиллагааг давхардуулан хэрэгжүүлсээр байгаа бөгөөд бид энэ тухай “Д” ХХК-д мэдэгдэж, нэр, барааны тэмдгээ солих тухай хүсэлт, шаардлагаа хүргүүлж, ийнхүү ижил нэрээр үйл ажиллагаа явуулах нь иргэдийг төөрөгдүүлж байгааг хэлж байсан ч бидний шаардлагыг үл хэрэгсэн үйл ажиллагаа явуулсаар байна.

Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байсан бөгөөд дараах байдлаар хууль зөрчин бүртгэгдсэн “Д” ХХК-ийн барааны тэмдгийг хэсэгчлэн хүчингүй болгосон.

Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Д” ХХК-д олгогдсон “И плаза” гэх барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дараах зүйл заалтыг зөрчсөн. Үүнд: 5 дугаар зүйл. Барааны тэмдэгт тавих шаардлага, 5.2. Дараах барааны тэмдгийг бүртгэхгүй, 5.2.5, 5.2.6, 5.2.7, 5.2.8

“И ү э г” ХХК нь 2014 онд “И төв” гэх оффис, худалдаа, үйлчилгээний цогцолборыг барьж үйл ажиллагаа явуулж байна. “Д” ХХК-ийн барьж, 2019 онд ашиглалтад оруулсан “Им плаза” цогцолбор нь манай цогцолбортой олон талаараа ижил, төсөөтэй байгаагаас хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, нэгэнт бий болгосон манай компаниудын бизнесийн нэр хүнд, брендийг ашиглаж ашиг олж байна. Ижил, төстэй гэдгийг дараах агуулгын хүрээнд тодорхойллоо.

Гадаад үзэмж – Цогцолборууд нь хоёул цагаан өнгөтэй, хар шилэн цонх фасадтай, нүдэн баримжаагаар ойролцоо хэлбэр, хэмжээтэй.

Үйл ажиллагаа – Цогцолборуудад явуулж буй ижил үйл ажиллагааг дурдвал: Ресторан, караоке, худалдаа, үйлчилгээ, хүнсний дэлгүүр, бялдаржуулах төв, спорт заал, бэлэг дурсгал, цэцгийн худалдаа, үсчин, гоо сайхны салон, кофе шоп, бэйкэри, банк, банк бус санхүүгийн байгууллага, АТМ, хүүхдийн бараа, гоо сайхны барааны худалдаа, үзэсгэлэнгийн талбай, шоу рүүм, авто зогсоол гэх мэт.

Байршил: Цогцолборууд нь хоорондоо ойр буюу 1.7 км зайд байрладаг.

Нэршил, барааны тэмдэг ижил

Дээрх ижил, төсөөтэй байдал нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийг төөрөгдөлд оруулдаг, нэг компанийн цогцолборууд гэж ойлгоход хүрдэг, нэгийг нь нөгөөтэй нь андууруулдаг. “И ү э г” ХХК-ийн “И төв” цогцолбор, “Д” ХХК-ийн “И плаза” цогцолборууд нь хоорондоо огт ялгаагүй нэршилтэй болчихжээ. Учир нь плаза (plaza) гэх англи үг нь “худалдаан төв, талбай, цогцолбор” гэх утгыг илэрхийлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл “төв” гэдгийг “plaza” гэдгээс ялгах боломжгүй юм. Аливаа үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг “төв, центр, плаза” гэх үгээр ялгаж, барааны тэмдгийн гэрчилгээ олгох боломжгүй. Ийм байдлаар маргааны үндэслэл тодорхой, илэрхий байхад анхан шатны шүүх Маргаан шийдвэрлэх комиссыг бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй”, 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж заасан бөгөөд “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр” гэдэгт “төв, плаза, центр” гэх мэтийг ойлгохоор байна. Зүйрлэж хэлбэл “Номин супермаркет” гэх барааны тэмдэгтэй ижил “Номин дэлгүүр”, “Чингис зочид буудал” гэх барааны тэмдэгтэй ижил “Чингис хотел” гэх мэтээр барааны тэмдэг бүртгүүлж, ижил үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж болохгүйтэй адил юм. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 5.2.7, 5.2.8-д зааснаар барааны тэмдэг нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах эсэх, ижил бараа, үйлчилгээнд ашиглагдах эсэх, шударга бус, давуу эрх эдлэх, ашиг олох, нэр хүндийг гутаах эсэхийг бодолцон барааны тэмдгийг бүртгэх ёстой. Оюуны өмчийн газраас “Д” ХХК-д барааны тэмдгийн гэрчилгээ олгохдоо энэхүү нөхцөл байдлыг бүрэн судалж үзээгүй, алдаатай шийдвэр гаргасан байсан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” гэж заасны дагуу 2015 оны анхдагч огноотойгоор барааны тэмдгийг бүртгүүлж, сүүлийн 10 гаруй жил энэхүү нэршлийг ашиглаж байгаа компани болох “И ү э г” ХХК-ийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдах учиртай.

Анхан шатны шүүхийн “... хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д-с “... ижил төсөөтэй ангиллуудад давхардуулан бүртгэсэнд гомдол гаргасан” гэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-с “... үйл ажиллагааны чиглэлүүд давхардаж байгаа тул давхардаж байгаа ангиллуудыг хүчингүй болгож өгнө үү” гэж өмнө гаргасан гомдлоос зөрүүтэй тайлбарласан”, “... барааны тэмдгийн бүртгэлийг хэсэгчлэн хүчингүй болгох эрхийг Комисст хуулиар олгоогүй гэж үзэхээр байна” гэх дүгнэлттэй холбоотой дараах тайлбарыг хийж байна. Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын тавдугаар зүйлийн 5.1-д “Комисс маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.1.2-т “өргөдлийг хүлээн авах үндэслэлтэй бол эрх олгосон баримтыг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт, нэмэлт оруулах тухай тогтоол гаргах” гэж заасан бөгөөд эрх олгосон баримт буюу барааны тэмдгийг давхцаж буй ангиллуудын хүрээнд хэсэгчлэн хүчингүй болгосон шийдвэр нь Комиссын бүрэн эрхэд хамаарна. Мөн ийнхүү шийдвэрлэх нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн бүртгэл хийгдсэн бараа, үйлчилгээнд хамаарах ба энэ хуулийн 12.2-т заасан эзэмшигчийн хувьд хүчин төгөлдөр байна”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” гэж заасанд нийцнэ гэж дүгнэсэн тул “И ү э г” ХХК нь хуралдаанд дээрх байдлаар гомдлоо дэмжиж оролцсон.

Шүүх маргаж буй гол үндэслэлүүдэд (ялангуяа хариуцагч, гуравдагч этгээдийн) дүгнэлт хийлгүйгээр, хэрэгт төдийлөн хамааралгүй асуудлуудыг тойруугаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Хариуцагчийн зүгээс “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын чиг үүргийг салгаж, хоёр тусдаа агентлаг болсны улмаас Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам шинээр батлагдах шаардлага үүссэн, зөвлөлийн гишүүдийг сонгон бүрдүүлэхэд хугацаа хэрэгтэй байсан” гэх бодит, нийтэд илэрхий үйл баримтыг тайлбарласаар байхад шүүх хуульд заасан 6 сарын дотор шийдвэрлэх тухай заалтыг зөрчсөн гэж дүгнэж, энэ мэтчилэн хэт нэг талыг барьж, гуравдагч этгээдийн хариу тайлбар, үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс нь өөрийн байгууллага шинжээчийн алдаатай, хууль болон бусад барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн шийдвэрийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэн хүчингүй болгосон байтал шүүх ихээхэн үндэслэл муутай дүгнэлт хийж, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа.

Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг баталгаажуулсан Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.

Тушаал нь Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг батламжилсан “дотогшоо чиглэсэн шинжтэй, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын тавдугаар зүйлийн 5.6-д “Комисс нь энэхүү журмын 5.5-д заасан Оюуны өмчийн газрын даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 5.6.2-т “тайлбарыг эс зөвшөөрвөл энэ журмын 5.4-д заасан тогтоолоо Оюуны өмчийн газрын даргад хүргүүлж шийдвэрлүүлэх” гэж зааснаас дүгнэхэд “захирамжилсан, заавал биелэгдэх” шинжийг агуулаагүй. Комиссын ажиллах журмын тавдугаар зүйлийн 5.2-т “Комиссын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд Комиссын дарга тогтоолыг хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу эрх зүйн үр дагавар бий болгож буй акт нь Комиссын тогтоол юм. Дээр дурдсанчлан Комисс нь агентлагийн даргын тушаалыг хэлэлцэж, зөвшөөрөх эсэхээ өөрсдөө шийддэг тул эцсийн, үр дагавар бүхий, захирамжилсан шийдвэр гаргадаг субъект нь Оюуны өмчийн газрын дарга биш байна.

Гэтэл шүүх өөрийн харьяаллын бус захиргааны актад тооцогдохгүй баримт бичгийг хүлээн авч, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг, Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын тодорхой заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болжээ.

Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг дурдсан боловч ямар байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаагаа тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл, 106.3.1-106.3.11-д заасан 11 төрлийн шийдвэрийн алийг нь гаргасан нь ойлгомжгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Маргаан шийдвэрлэх комисст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Оюуны өмчийн газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Гуравдагч этгээд “И ү э г” ХХК-д Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “I М” барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын 35, 36, 39, 40,41 ,43, 44, 45 ангиллуудаар эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-д Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “И плаза” барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын 20, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45 ангиллуудаар эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээ олгосон байна.

“И ү э г” ХХК-аас 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “И плаза” гэх нэрээр барааны тэмдэгтийн гэрчилгээ “Д” ХХК-д олгогдсоныг хүчингүй болгуулахаар Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргажээ.

Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “И ү э г” ХХК-ийн гомдлын дагуу ““Д” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн **-******* дугаартай барааны тэмдгийн 35, 36, 39, 41, 43, 44, 45 дугаар ангиллуудыг хүчингүй болгож” шийдвэрлэснийг Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаалаар баталгаажуулжээ.

 “И ү э г” ХХК-ийн гомдлын дагуу “Д” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн “И плаза” барааны тэмдгийн зарим ангиллуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын тогтоол, уг тогтоолыг баталгаажуулсан Оюуны өмчийн газрын даргын тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана”, 32.1.2-т “бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг энэ хуулийн 33.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно”, 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл Маргаан шийдвэрлэх комисс нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг /гэрчилгээг/ хүчингүй болгуулахаар гаргасан гуравдагч этгээд “И ү э г” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэхдээ барааны тэмдгийн бүртгэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн эсэхийг шалган тогтоож шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Уг бүрэн эрхийн хүрээнд Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 5.2.7 дахь заалтуудыг дурдаж, “дуудлага ижил, байрлалын хувьд ойролцоо 2 барилга байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, “ижил ангиллуудад хамгаалсан байгаа мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, “бараа, үйлчилгээний ижил ангилалд бүртгэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийн **-******* дугаартай барааны тэмдгийн зарим ангиллуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн явуулж буй үйл ажиллагаа, барааны тэмдгийн гэрчилгээнд бүртгэгдсэн бараа, үйлчилгээний зарим ангиллууд давхцаж байгаа /энэ талаар талууд маргаагүй/ ч нэхэмжлэгчийн барааны тэмдгийг бүртгэснээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.6, 5.2.7-д заасан үндэслэлүүд бий болсон гэж үзэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн барааны тэмдгүүд нь зөвхөн үгээр илэрхийлсэн барааны тэмдэг биш байх бөгөөд нэхэмжлэгч барааны тэмдгээ кирилл үсгээр “И плаза” гэж үг, түүний урд “иМ” гэх үсэг, эдгээрийг нэгтгэсэн дүрсний хосолсон байдлаар  гэж илэрхийлсэн бол гуравдагч этгээд барааны тэмдгээ монгол бичгээр холбосон “И, М” үсэг, латин үсгээр “I М property” гэх үг, үсэг, дүрсний хосолсон байдлаар  гэж буюу хоорондоо ялгаатай үг, үсэг, өнгө, дүрсний хослол тус тус ашиглажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн барааны тэмдэгт  “и, м” гэх ижил үг орсон ч үг, үсэг, өнгө, дүрсний хослол бүхий барааны тэмдгийг зөвхөн үгээр илэрхийлсэн барааны тэмдгийн хувьд харьцуулж болохуйц “дуудлага ижил” гэх барааны тэмдгийн илэрхийллийн нэг үзүүлэлтээр нь “хэрэглэгчид төөрөгдөнө” гэж үзсэн нь өрөөсгөл дүгнэлт болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн энэхүү барааны тэмдгээ ашиглаж үйл ажиллагаа явуулж буй одоогийн барилгын байршил нь хэрэглэгч төөрөгдөхүйц “ойролцоо” гэж үзэхгүйн дээр “байрлал ойролцоо” гэх барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлд хамааралгүй /хэн аль нь тухайн барааны тэмдгүүдийг зөвхөн энэ байршилд байнга ашиглах эсэх нь тодорхойгүй/ шалтгаан заасан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.6-д “Монгол Улсад бүртгэгдсэн, ... ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил”, 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, ... төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” бол барааны тэмдгийг бүртгэхгүй гэж заасанд нийцэхгүй байна.

Маргаан шийдвэрлэх комисс нь оюуны өмчийн асуудлаар гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий мэргэшсэн байгууллага болохын хувьд “Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журам”-д заасан ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд уг журмын 2.1.3, 2.1.4-т зааснаар нотлох баримт гаргуулах, шаардлагатай бол шинжээч ажиллуулах ажиллагааг хийгээгүй, бараа, үйлчилгээний ангилал тус бүрт давхцал байгаа эсэхийг хэлэлцэж, дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын “ач холбогдолгүй зүйлээр тойруу дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “шүүх өөрийн харьяаллын бус захиргааны актад тооцогдохгүй баримт бичгийг хүлээн авч, хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/146 дугаар тушаалаар Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг баталгаажуулсан нь Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5.4.-т “Тогтоолыг 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлэх бөгөөд уг тогтоолыг Оюуны өмчийн газрын дарга 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна” гэж заасны дагуу гарсан шийдвэр байна.

Уг журмын дагуу Оюуны өмчийн газрын дарга нь комиссын тогтоолыг баталгаажуулах болон баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл буцаах шийдвэр гаргах боломжтой байхаар зохицуулж байсан бөгөөд энэ тохиолдолд тушаалаар баталгаажуулсан шийдвэрийг хүчингүй болгосон хэдий ч тушаал эрх зүйн хувьд хүчин төгөлдөр хэвээр байх тул акт гэж үзэж хүчингүй болгосон нь зөв болжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс гаргаж буй шийдвэрийн үндэслэлээ тодорхой тайлбарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэрийг гаргасан байх тул “106.3.1-106.3.11-д заасан 11 төрлийн шийдвэрийн алийг нь гаргасан нь ойлгомжгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “И ү э г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ