Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Даваасүрэн,

ялтан Б.Э-гийн өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр прокурорын эсэргүүцлээр Б.Э-д холбогдох 201725020769 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Э, 1994 оны 6 дугаар сарын 1-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт  тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

            Б.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнийн 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Митинг” шөнийн цэнгээний газарт хохирогч Г.М-тыг үйлчлүүлж байхад нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон биет 20,000 төгрөг, 250,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-4” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Эг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн 23 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь Б.Эгийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Б.Эгийн үйлдсэн “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохируулан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилнэ. Шүүх прокуророос шүүгдэгч Б.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Б.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 3 жил 1 сарын хорих ял оногдуулж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн 23 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцон шүүгдэгч нь бусдад төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүх прокуророос Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ял шийтгэл оногдуулсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн 23 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шинэ хуулийн заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “хууль буцаан хэрэглэх” гэсэн заалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар хорих ял эдлүүлэх дэглэмийн заалтыг буруу хэрэглэж биелэгдэх буюу хэрэглэх боломжгүй шийдвэрийг гаргасан байна. Иймд Б.Эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Ялтан Б.Эгийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн өмнөх тэнсэн харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй байсан. Шинээр үйлдсэн гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байсан учраас 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, бусдад төлөх төлбөргүй гэх үндэслэлээр мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзсан. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнийн 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Митинг” шөнийн цэнгээний газарт хохирогч Г.М-ыг үйлчлүүлж байхад нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон биет 20,000 төгрөг, 250,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-4” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Г.М-ын “...Би 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө 02 цагийн үед “Митинг” шөнийн цэнгээний газарт найз охиноо авахаар очсон. Ороод сууж байтал Энхтүвшин гэх танил залуу надтай таараад “00”-ын өрөө рүү дагуулж яваад надаас “мөнгө байна уу” гэсэн. Би “байхгүй” гэж хэлсэн чинь “байвал өгчих, чи мөнгөгүй явна гэж байхгүй” гэж хэлээд миний цээж рүү цохихоор нь би өөрт байсан 20,000 төгрөгөө гаргаж өгсөн. Мөн намайг “гар утсаа өгчих” гэхээр нь өгөхгүй гэхэд “ална шүү пизда минь” гэсэн. Тэгээд би сим картаа аваад утсаа өгсөн...” /хх-ийн 23-24 тал/,

            гэрч Т.Тэмүүжингийн “...2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө “Митинг” баарны үүдэнд 2 танихгүй залуу хоорондоо маргалдаж байхаар нь яваад очтол өндөр туранхай залуу нь нөгөөхөө дээрэлхээд байсан. Би гар гэж хэлтэл намхан биетэй залуу нь ахаа энэ залуу миний гар утас авчихаад өгөхгүй байна гэсэн. ...Удалгүй цагдаа нар ороод иртэл хохирогч залуу утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлж байсан...” /хх-ийн 26-27 тал/,

            шүүгдэгч Б.Эгийн “...Би 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр цалингаа авчихаад шөнө 23 цаг өнгөрч байхад найз Цогоо, Тулгаа нарыг дуудаад “Митинг” нэртэй бааранд орсон юм. ...Мөнхбатыг “00”-ын өрөө рүү дагуулж ороод “мөнгө байна уу” гэхэд “20,000 төгрөг байна” гэсэн. Тэгэхээр нь “наад мөнгөө надаа өгчих” гэхэд “үгүй ээ таксины мөнгө үлдээгээд 10,000 төгрөгийг нь ав” гэхээр нь би “бүгдийг нь өг” гээд цээж рүү нь зөөлхөн цохиод 20,000 төгрөгийг нь авсан юм. Тэр мөнгөөр нь пиво авч сууж байгаад Мөнхбатыг гадагшаа дагуулж гарсан. Баарны гадаа Мөнхбатаас “утсаараа нэг яриулчих” гээд утсыг нь аваад ярьчихаад “энэ утсаа надад өг” гэтэл Мөнхбат “үгүй” гэсэн. Утсаа өгөхгүй болохоор нь би “ална шүү” гэж айлгаад “утсаа өг, цагдаад битгий хэлээрэй, симээ авчих” гээд гар утсыг нь авсан...” /хх-ийн 31-33 тал/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Б.Эгийн 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнийн 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Митинг” шөнийн цэнгээний газарт хохирогч Г.Мөнхбатыг үйлчлүүлж байхад нь түүний эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон биет 20,000 төгрөг, 250,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-4” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Б.Эгийн  үйлдсэн гэмт хэргийг Прокуророос  Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “хүнд” ангиллын гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх өөрчилж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн 147.1 дэх хэсэгт заасан “хүндэвтэр” гэмт хэргээр зүйлчлэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Б.Э-гийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялаа тэнсэж, хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

 

Гэхдээ тэнсэгдсэн ялтан Б.Эгийн цагдан хоригдсон хугацааг анхан шатны шүүх түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор тогтоосон нь буруу байх тул шийтгэх тогтоолын уг заалтад бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Харин 2017 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дагаж мөрдөж эхэлснээр жирийн дэглэмтэй хорих анги гэж байхгүй болж, хорих ялыг нээлттэй хорих байгууллага ба хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болсон тул прокурорын “...хорих ял эдлүүлэх дэглэмийг заалтыг буруу хэрэглэж биелэгдэх боломжгүй шийдвэрийг гаргасан...” гэсэн эсэргүүцлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх Б.Эгийн ял дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн шаардлагад нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эгийн 23 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай...” гэснийг “...Б.Э 23 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай...” гэж өөрчилж, 

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр Прокурорын эсэргүүцлийн цагдан хоригдсон хугацааны талаарх хэсгийг хангаж, дэглэмийг үндэслэлгүй тогтоосон талаарх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ