Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00702

 

Д.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00038 дугаар магадлалтай

Д.Ө-ийн  нэхэмжлэлтэй

“С” ХХК, Д.О- нарт холбогдох

 “С” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Нарандаваа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-гийн өмгөөлөгч Л.Нарандаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Д.Ө- миний бие “С” ХХК-ийг байгуулах санаачлагыг гаргаж, 2004 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэн кампанийг 2006 онд албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн 59 хувийн хувьцааг өөрөө эзэмшиж, 41 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрийн төрсөн эгч Д.А-г оролцуулан компаниа байгуулж байсан.

2009 он хүртэл өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллаж тус компанийг хөл дээр нь босгосон. 2009 оны 05 дугаар сард миний бие өөрийн төрсөн эгч болох Д.О-д өөрийн эзэмшлийн хувьцааны 35 хувийг шилжүүлэн өгч, өөрийн эгч нартаа маш том итгэл хүлээлгэж өөрийн 24 хувийн хувьцаа эзэмшигч болж комданийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгтэй оролцохоор болсон.

Гэтэл хувьцаа эзэмшигч Д.А-, Д.О- нар нь энэхүү итгэлийг удаа дараа эвдэж, компаний үйл ажиллагаанд  хувьцаа эзэмшигчийн хувиар оролцох эрхийг хясан боогдуулж, өөрсдийн дураар шийдвэр гаргаж, миний саналыг хүлээж авахаа больсон.

Түүнчлэн хувьцаа эзэмшигч Д.А-, Д.О- нар нь албан ёсны хувьцаа эзэмшигчдийн хурал гэж огт зарлаж, мэдэгдээгүй атлаа хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх үүрэгт хамаарах асуудлыг өөрсдийн дураар шийдвэрлэж байна. Компаний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан татан буугдах үндэслэл байхгүй байхад 2016 оны 05 дугаар сард миний оролцоогүйгээр худалдаж компанийг татан буулгах 46 тоот шийдвэр гаргасан байна.

...46 тоот шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “С” ХХК-ийн татан буулгаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассан байна. “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 тоот шийдвэрээр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “... хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх үүрэг хүлээнэ” гэжээ.

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.О- нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хувьцаа эзэмшигч Д.Ө- надад хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухай мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн компанийн холбогдох бичиг баримттай танилцах боломжоор хангах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “...хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ”, мөн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшилийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй” байхаар хуульчилсан байна.

“С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө- миний компанийн тухай хууль болон компанийн дүрмээр олгогдсон эрхэнд халдаж хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг зохих журмын дагуу надэд мэдэгдээгүй, хувьцаа эзэмшигдийн хурал хийн компанийг татан буулгах шийдвэр гаргаж миний эрхийг зөрчсөн байна.

“С” ХХК нь компанийн дүрэмд бүртгэгдсэн 3 хувьцаа эзэмшигчтэй байтал надад мэдэгдэлгүй Д.А-, Д.О- нарын хувьцаа эзэмшигчид хуралдаж компанийг татан буулгахаар шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Д.А-, Д.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ө- өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн үйл ажиллагаанд байнга саад учруулж, бид нарыг сүрдүүлж мөнгө нэхдэг байсан учраас компани хэвийн ажиллах боломжгүй болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурал компанийн тухай хуульд заасны дагуу явагдсан учраас Д.Ө-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө-, Д.О-, Д.А- нар эгч дүүс бөгөөд “С” ХХК-д ажиллаж байсан. Д.Ө- хувьцаагаа сайн дураар шилжүүлж өгсөн. 2004-2013 он хүртэл Д.Ө- өөрөө компанийн санхүүгийн тайлан гаргаж бүх үйл ажиллагааг удирдан ажиллаж байсан. 2014 оноос хойш эгч, дүүс тодорхой шалтгааны улмаас таарамжгүй болж мөнгө нэхэж дарамталж байсан. Өөрөө компанийн үйл ажиллагааг хийхээ больсон. Ногдол ашиг авч байгаагүй гэж байгаа ч 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын дотор нийт 79 828 000 төгрөгийг Д.Ө- компаниас авсан. Нэхэмжлэгч Д.Ө- компанийг дангаар эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гааль, Мэргэжлийн хяналтын газраар шалгуулж, торгууль,татварын акт тавигдсан, түүнийг төлсөөр компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, татан буулгасан.

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Ө- ирдэггүй, эрхээ хэрэгжүүлдэггүй. 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ээлжит бус хурал дээр компанийг татан буулгах асуудал яригдана гэж мэдэгдсэн. Тухайн үед ээжийндээ байсан. Өөрийнхөө амьдарч байсан байрыг барьцаанд тавьж, хураагдсан. Ээлжит бус хурал хийх гээд очиход өмгөөлөгчтэй ярилцана, хуралд оролцохгүй гээд хурлыг хаяад явсан. Хурал тухайн байранд үргэлжилж компанийг татан буулгах талаар яригдсан. Компанийн дүрмийн 7.1 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлнэ. Компанийн дүрмийн 6.1 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаад шийдсэн. Компанийн дүрмийн 10.1, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар татан буулгах комисс томилоод татан буулгасныг бүртгүүлсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй гэж тайлбарладаг. Удаа дараа хурал болж байсан ч Д.Ө- ирдэггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр тул хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал Д.О- шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Д.Ө-т мэдэгдээгүй гэх асуудал байхгүй. 2013-2014 оны бүх тайлан Д.Ө-т байгаа. Компанийг татан буулгахдаа дүрэм журмын дагуу татварт өр төлбөрөө шийдээд, улсын бүртгэлээс авах ёстой бүх баримт бичгээ авсан. Д.Ө-ийг хохироосон зүйлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оноос Д.Ө- бид хоёр нийлж компани байгуулж үйл ажиллагаа эхлүүлсэн. Д.Ө- нь би ганцаараа үйл ажиллагааг эхлүүлж, хоёр эгчийгээ өрөвдөж компанидаа оруулсан гэдэг. Үнэндээ анх би Орос улс руу Д.Ө-ийг наймаандаа дагуулж явдаг байсан. Сүүлдээ албан ёсоор бараа оруулдаг болж хувь хувийнхаа барааг нийлүүлдэг болсон. 2008 он хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байсан. 2008 оноос хойш Д.Ө- ногоон хоолтон болоод Шанха гэдэг шашинд орж түүнээс хойш үйлийн үрээ хуваая гээд мөнгө нэхдэг болсон. Бид боломжоороо мөнгө өгдөг байсан. 2014 он хүртэл бүх санхүүгийн үйл ажиллагааг Д.Ө хариуцдаг байсан. Компанийн ногдол ашгийг хуваана гэж бүх мөнгө аваад дуусгасан. Тайлангаа гарга гэхээр 2 000 000 төгрөг өг тэгвэл гаргая гэдэг. 2013 он хүртэлх бүх тайлан өөрт нь байгаа, баримтуудыг гаргаж өгдөггүй. Энэ маргаанаас өмнө албан ёсоор хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй. Д.Ө-ийг хохироосон зүйлгүй. Компанийг удаа дараа шалгалтаар оруулж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Ээлжит бус хурал хийе гэж мэдэгдэхэд за би бодъё гээд алга болсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаад компани татан буулгах хурлаа хийсэн. Компанийн бүх мөнгийг авчихаад хууль бусаар компанийг татан буулгасан нь үндэслэлгүй гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар “С” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай компанийг татан буулгах тухай шийдвэрийг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00038 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Нарандаваа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Л.Нарандаваа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-, бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00038 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан, хуулийн буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Эгч дүүс болох Д.А-, Д.О-, Д.Ө- нар нь 2006 онд “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлсэн. Нэхэмжлэгч Д.Ө- нь “С” ХХК-ийн 24 хувь, Д.А- нь 41 хувь, Д.О- нь 35 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг. Д.Ө- нь 2008 оноос хойш шашны урсгалд орж, цагаан хоолтон болсноос хойш компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Д.Ө- нь 2014 он хүртэл санхүүгийн тайлан гаргаж байсан бөгөөд шашинд орсноос хойш өмнө хийж байсан компанийн санхүүгийн тайлан, гадаад гүйлгээ хийх ажлаа хийхээ больж, үйлийн үрээ угаах хэрэгтэй, энэ ажлаа зогсоо гэхчлэн элдэв гаж ааш араншин гаргаж Д.А-, Д.О- нарыг дарамталдаг болсон. Өөрийн амьдарч байсан байраа барьцаанд тавьж мөнгийг нь үрж дуусгасан мөн жил гаран хугацааны дотор “С” ХХК-иас наяад сая төгрөг авсан.

Сүүлдээ байнга мөнгө нэхэж компанийн бүх зүйлийг авна гэж нэхэж шүүх, цагдаад хандаж эхэлсэн. Д.Ө- нь “С” ХХК-ийг дангаар эзэмшиж ашиглах эрхтэй болгохоо тогтоолгох нэхэмжлэл гаргаад З шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон. Энэ хугацаанд Д.Ө- нь татвар, гааль, мэргэжлийн хяналт зэрэг газарт компанид шалгалт оруулж их хэмжээний торгууль тавьсныг төлсөн. Мөн компанийн байрны хаалганы цоожинд цавуу хийх зэрэг байнгын саад дарамт учруулж байсан учраас компанийн гүйцэтгэх захирал Д.О- хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулж, тус хурлаар “С” ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргаж, улсын бүртгэлээс хасагдсан юм. Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн.

 “С” ХХК-ийн дүрмийн 6.2 зүйлд заасны дагуу Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд заасныг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах гүйцэтгэх захирлын шийдвэр, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарч, 5 хоногийн дотор хурлын зар хүргэж, 2-оос доошгүй олон нийтийн өдөр тутмын хэвлэлд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар тавигдсан болно. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлын 76 хувийн ирцтэйгээр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр татан буулгах шийдвэр гаргасан.

Хоёроос доошгүй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан. Компанийн дүрэмд хурлын тов мэдэгдэх талаар тусгайлан заагаагүй учраас Компанийн тухай хуулийн заалтыг баримтлан хурлыг зарласан. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн 76 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн оролцоотой болсон учраас хүчин төгөлдөр шийдвэр гаргасан болно. Нэгэнт үйл ажиллагаанд саад учруулдаг байгаа газар нь мэдэгдэхгүй, хуралд ирэхгүй оролцохоос зайлсхийдэг хүнийг цаашид хүлээж хүлцэх боломжгүй болсон. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан байхад Д.Ө- олж мэдээд хуралд ирэх боломж байсан. Гүйцэтгэх захирал Д.О- нь Компанийн тухай хуульд заасны дагуу хурал зарлаж хуралдуулсан, татан буулгах төслийг Д.Ө-т танилцуулж, санал хураах гэхэд өмгөөлөгчийн хамт хурлыг орхин гарч явсан.

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар гүйцэтгэх захирал Д.О- нь хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүргээ биелүүлсэн болно. Мөн “С” ХХК нь тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж байхад татан буугдсан байсан болно. Шүүхээс Монгол улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг хэрэглээгүй. Хуулийн этгээд нэгэнт татан буугдсан иргэний эрх зүйн чадваргүй этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зөрчсөн гэж үзэж байна. “С” ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадал нь хуулиар тогтоосон иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон хуулийн этгээдийн асуудлыг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гомдолд дурдсан хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00038 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.

 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-, хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Нарандаваа нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ө- нь өөрийн эгч, бие даасан шаардлага гаргаагүй Д.А-тай хамтран 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, Компанийн 59%-ийг эзэмшиж, Д.А- нь 41%-ийг эзэмшиж байсан бөгөөд 2009 оны 05 дугаар сард компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, Д.Ө- өөрийн эзэмшлийн хувьцааны 35%-ийг эгч Д.О-д өгч, өөрөө 24%-ийг эзэмших болж, компанийн захирлаар Д.О- ажиллаж байжээ.

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч Д.О-, Д.А- нар хуралдаж, тус компанийг татан буулгасан шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлснийг хувьцаа эзэмшигч Д.Ө- эс зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурал Компанийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт авагдсан “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр “2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрийн байранд хуралдуулахаар, тус хурлаар 2015 оны үйл ажиллагааны тайлан, компанийг татан буулгах төслийг хэлэлцэх”-ээр, хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахаар шийдвэрлэжээ.

Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах байтал энэ талаарх баримтын жагсаалт, түүнтэй танилцах журмыг гаргаагүй, хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх өдөр, журмыг тусгаагүй, хурлын зарыг хувьцаа эзэмшигч Д.Ө-т хуульд заасан журмаар хүргээгүй байдал нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2., 65 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

Үүний улмаас хувьцаа эзэмшигч Д.Ө- нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд өөрийн саналыг оруулах, хуралд өөрийн биеэр оролцох, хэлэлцэж буй асуудалд санал өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл бий болсон тул “С” ХХК нь Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй гэх үндэслэлээр   2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч “С” ХХК болон Д.О- нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч Д.Ө- хурлын товыг мэдсэн, хуралд хүрэлцэн ирсэн боловч хурлыг хаяж гарч явсан, хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдсан...” гэж тайлбарладаг боловч шүүхэд гаргасан тайлбар, татгалзал, үндэслэлээ нотлоогүй, хэрэгт цугларсан баримтаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явагдсан нь тогтоогдоогүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх “С” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулиар тогтоосон журмын дагуу зарлаагүй гэж дүгнэн, тус хурлаас гарсан Компанийг татан буулгах тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд “...хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явагдсан, Компани нэгэнт үйл ажиллагаа нь доголдож, татан буугдах нь тодорхой болсон учраас хуулийн дагуу зарлаж, хүчин төгөлдөр ирцтэй хийсэн хурлыг зөвхөн Д.Ө-ийг оролцуулаагүй шалтгаанаар хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй...” гэж хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2018/00038 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Нарандаваа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН     

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД