Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/02350

 

 

 

 

 

 

 

 

 

       2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/02350

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . . . . оршин суух Д овогт Д.Ө /РД: . . . . . . . ./

Хариуцагч:  . . . . . . . . . . . . . .  байрлаж байсан С.Т ХХК /РД: . . . . . .  /,

Хариуцагч:  . . . . . . . . . .. . . оршин суух Д овогт Д.О /РД: . . . . . . . . ./ нарт холбогдох

С.Т ХХК-ийн 2016 оны 5 сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээд Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал 2004 оны С.Т ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш эхэлсэн. Анх Н.А 41%-ийн хувьцаатай би 59%-ийн хувьцаатайгаар өөрөө үүсгэн байгуулсан. Өөрөө гүйцэтгэх захирал нь байж 2009 онд иргэн Н.О-д өөрийнхөө эзэмшиж байсан 59%-ийн хувьцааныхаа 35%-ийн хувьцааг шилжүүлсэн. Хувьцаагаа шилжүүлснээс төлбөр аваагүй. 2009 онд иргэн Н.А-г өөрийнхөө гүйцэтгэх захирлаар томилсон. Томилсон хуралдаан дээр Н.А итгэл хүлээлгэсэнд баярлалаа, итгэлийг чинь дааж ажиллана гэж амлалт өгч байсан. Энэ талаар хавтаст хэрэгт байгаа.  2012, 2013 оноос хойш миний хувьцааг гүйцэтгэх захирлын эрхийг бүрэн өөрийнхөө мэдэлд оруулснаас хойш надгүйгээр компанийн үйл ажиллагаа тогтвортой байж эхэлсэн учраас цаашдаа компанийг аваад явах боломжтой гэж ойлгосон.  Би Польш улсаас захиалга авдаг байсан компанийн мэйл хаягийн эрхийг бид өөрсдөө захиалгаа хийе гэж санал тавьж авсан. Хувьцаа эзэмшигчийнхээ хувьд ногдол ашиг авах бүх зүйлийг хаасан. Миний Худалдаа хөгжлийн банкны дансанд шаардагддаг байсан тамгыг гэрт ирж хурааж, булааж авсан. Компанийн бүх үйл ажиллагаанд оролцуулахаа больсон. Энэ хугацаанд өөрийнхөө хувьцаа эзэмшигчийнхээ хувьд компанийн тайлантай танилцъя гэхээр хурлаа хийдэггүй, миний саналыг хүлээж авдаггүй. Би янз бүрийн аргаар үзсэн. Хууль бус үйлдэл хийж байж магадгүй гэх үндэслэлээр гаалийн байгууллагаар шалгуулсан. Шүүхэд хандахаас өмнө өөрийнхөө зүгээс авч болох бүх л үйл ажиллагааг авсан. Компанийн байранд оруулахаа больсон. Тийм учраас би компанийн 2 давхрын цонхоор шат тавьж байгаад орж компанийн хэвийн үйл ажиллагаатай танилцахад шаардлага хангахгүй байсан учир би мэргэжлийн хяналтын байгууллага дуудаж шалгуулсан. Тухай бүр дээр зөрчилтэй байгаа нь тогтоогдож мэргэжлийн хяналтын газраас торгууль, акт тавигдсан. Дараа нь гаалийн байгууллагаас 2014 оноос 2016 оны хооронд 95 000 000 төгрөгийн барааг улсын хилээр гаалийн байгууллагад мэдэгдэхгүйгээр импортлогдсон нь тогтоогдож 18 000 000 төгрөгийн торгууль болон нөхөн торгууль тавигдсан. Надаас болон татвар гааль улсын байгууллагаас маш их хэмжээний хууль бус зүйл нуун дарагдуулж байгаа нь илэрсэн. Тийм учраас компанийнхаа хурлыг зарлахгүй, албан ёсны ногдол ашиг өгөхгүй байсаар байгаад миний эрх ашиг зөрчигдөж байна гэх талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус ажиллагааг тогтоож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Энэ гомдол хуулийн хүрээнд Хан-Уул дүүрэгт шилжсэн. Би анх 2016 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад тухайн компани үйл ажиллагаа явуулж, хуулийн этгээд хэвээр байсан. Шүүхийн асуудал явсаар байгаад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 4 удаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  дээр 3 удаа шүүх хуралдаан болсон боловч тодорхой шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсоор байгаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2017 оны 5 дугаар сард шүүх хуралдаан дээр  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр компанийг татан буулгасан гэсэн мэдээг мэдсэн. Миний эрхийг хэр зэрэг хэмжээнд зөрчсөн талаар харагдаж байгаа. Эрхээ зөрчиж байгааг би мэдээд шүүхэд хандсан. Миний эрх зөрчигдөж байгааг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад компанийг татан буулгаж байна гэдэг нь хувьцаа эзэмшигчийнхээ хувьд ямар ч эрх эдлэхгүй байгаа нь нотлогдох болно. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаан болсон гэж байгаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ямар нэгэн байдлаар компанийн талаар асуудал хэлэлцэх гэж талаар мэдэгдээгүй. 2014 онд компанийг бид 100% эзэмшинэ гэсэн санал тавьж байсан. Саналын дагуу үүсгэн байгуулагчийн хувьд эзэмших эрхтэй гэж гомдол гаргасан. Гомдлын дагуу 3 шатны шүүхээр хэлэлцэж 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Дээд шүүхийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгосон. Тэр өдөр болсон шүүх хуралдаан дээр хариуцагчаас Дээд шүүхийн шүүх хуралдааныг даргалж байсан даргалагч хариуцагчийн яриад байгаа асуудал компанийн хурлыг зарлаад хуралдаанаар шийдвэрлэж болох асуудал байна. Компанийнхаа хурлыг зарлаж хийж байсан уу гэж асуухад хариуцагч хуралдаан болоогүй гэж хариулсан. Энэ талаар протоколд тэмдэглэгдсэн байгаа. Үүнийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Гэтэл 2016 оны 6 дугаар сард Дээд шүүхийн шүүх хуралдаан болсноос 1 сарын өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бид нар хуралдаад компанийг татан буулгасан шийдвэр гаргасан байсан гэж хурлын шийдвэр гаргаж компанийн татан буулгах болсон юм бэ. Яагаад 2016 оны 5 дугаар сараас хойш 2017 оны 02 дугаар сар хүртэл шүүх дээр компанийг татан буулгасан талаар асуудал яригдаагүй юм бэ. Шүүхэд хариуцагчаар дуудаж байхдаа яагаад тайлбар өгөөгүй юм бэ. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр компанийг татан буулгах тухай хурал зарлаж байна гэсэн зарыг өмгөөлөгч бид 2-т Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаан дээр өгсөн. Хуралдааны дагуу миний амьдарч байсан байранд хурал болох гэж байна тухайн өдрийн өглөө өөрсдөө орж ирсэн. Орж ирээд бид нар хурал зарлаж байна. Хурлын протокол дээр бичлэг хийсэн. Бичлэг өөрсдөд нь байх ёстой. Хурал дээр бид нар компанийг татан буулгахаар шийдвэр гаргасан. Хурал дээр оролцож байгаа энэ компанийг татан буулгахыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гарын үсэг зур гэж надад тулган шаардсан. Би энэ талаар өмгөөлөгчтэйгөө зөвлөх шаардлагатай гэж өмгөөлөгчийг дуудсан. Өмгөөлөгч орж ирээд бид нар саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхөөс өмнө компанийн сүүлийн тайлантай танилцъя. Хэрвээ та нарын санал болгосон ногдол ашиг үндэслэлтэй байх юм бол компанийг татан буулгах талаар санал тавина гэсэн. Энэ талаар хүлээж авах боломжгүй гэж хэлээд шууд өөрсдөө хурлыг хийх боломжгүй гэж хэлээд өөрсдөө гараад явсан. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр компанийг татан буулгах шийдвэр гарсан байсан бол яагаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр компанийг татан буулгахаар хуралдсан юм бэ. Үүнийг өөрсдөө нотлож байна. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хурал хийхдээ яагаад надад албан ёсоор танилцуулаагүй юм бэ. Олон нийтийн сонинд С.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно гэсэн зар байсан. Өөр байдлаар мэдэгдэх боломж байсан. Мэдэгдсэн гэж хэлдэг тэр нь дандаа гүтгэлэг байдаг. Польш улстай харьцахын тулд С.Т ХХК Д.О гэсэн нэртэйгээр надад дөхүүлсэн мэйлээр ажилладаг байсан. Тухайн мэйлээр хурлыг мэдэгдэх боломжтой байсан. Яагаад хууль бус аргаар компанийг татан буулгаж байгаа юм бэ. Хэрвээ ямар нэгэн нуусан зүйл байдаггүй юм бол санхүүгийн тайлангаа танилцуулаад явдаггүй юм бэ. Би компанийн үүсгэн байгуулагч учир хэдий хэмжээний ногдол ашиг авах талаар мэднэ. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Энэ үйл ажиллагаа миний гараар дамжиж хөл дээрээ боссон. С.Т ХХК-ийг 2015 онд хамгийн сүүлд татан авалтуудыг хийгээд татан буулгасан. Гаалиас авсан мэдээгээр 2015 онд 400 000 000 гаруй төгрөгийн гаднаас импорт татан аваад 90 000 000 төгрөгийн татан авалтыг нуусан байгаа. С.Т ХХК-ийн үйл ажиллагаа оргил үедээ явж байхдаа 300 000 000 төгрөгийн татан авалт хийж байсан. С.Т ХХК татан буугдах хэмжээнд хүрээгүй. Ямар нэгэн байдлаар надаас нуугдсан зүйл байгаа учир компанийг татан буулгах арга хэмжээ авсан. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр компанийг татан буулгасан гэж одоо хүртэл надад санхүүгийн тайлантай танилцах боломж олгохгүй, янз бүрийн байдлаар тайлантай танилцах шаардлагагүй гэж үздэг. Сүүлдээ энэ компанийн талаарх мэдээллийг шүүгч та ямар мэдээлэлтэй байна би яг тийм мэдээлэлтэй болоод 3-4 жил болж байна. Би их юм хүсээгүй. Үнэн бодитой бол 2012 оноос хойших санхүүгийн тайлангаа танилцуулаад бүгд анализ хийгээд хэдий хэмжээний ногдол ашиг гарсан тухайн үеийн зах зээлийг тогтоох боломжтой. Хэдэн төгрөгийн барааг ийм ийм зардал гарсан байна, чи ийм хэмжээний ногдол ашиг авсан талаар ярилцаад компанийг татан буулгах хэмжээнд хүрсэн бол татан буулгах гэж бодсон. Энэ 2 хүн өөр компани байгуулсан байгаа. Тухайн компани Н.А, Н.О нарын эзэмшилтэй компаниар дамжуулаад С.Т ХХК-ийн гадаадаас оруулдаг байсан барааг оруулж байгаа. С.Т ХХК-ийн үйлдвэрлэдэг байсан бүтээгдэхүүний хаягийг солилгүйгээр үйлдвэрлэж байгаа.  Хэрвээ үйл ажиллагаа доголдож хэвийн явагдах боломжгүй байсан бол үйл ажиллагааг өөр компаниар явуулж байгаа юм бэ. Он сарын хувьд эргэлзээтэй зүйл маш их байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө-ийн нэхэмжлэлтэй С.Т ХХК-д холбогдох хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд хандаж, шүүхээр явсан. Энэ хугацаанд С.Т ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг зогсоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай явж байгаа.  Явцын дунд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөд С.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлага болж өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн шалтгаан нь 2016 оны 11 дүгээр сараас эхлээд явж байх хугацаанд гуравдагч этгээд болон хариуцагч нар шүүхэд хэд хэдэн удаа тайлбар өгсөн байдаг. Тайлбартаа ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл явуулаагүй, С.Т ХХКөөрөө алдагдалтай, үйл ажиллагаа зогссон гэсэн хариу тайлбарыг өгч байсан боловч 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр компани татан буулгах талаар дурдаагүй байдаг. 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 3-4 удаа шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд өмгөөлөгч дангаараа оролцож байсан.  Өмгөөлөгч хуралтай холбоотой асуудлыг дурдаагүй байдаг. 2017 оны 3 дугаар сард гэнэт компанийг татан буулгасан гэсэн шийдвэр авчирсан. Энэ шийдвэрийг Оюуны өмч Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээд улсын бүртгэлээс хасагдсан гэсэн тодорхойлолт байдаг. Хасагдсан үндэслэл нь С.Т ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолыг үндэслэж гарсан шийдвэр байгаа. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл С.Т ХХК улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 3 хувьцаа эзэмшигчтэй компани байгаа. Гэтэл 2 хувьцаа эзэмшигч хурал хийгээд компанийг татан буулгасан асуудал байгаа. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг зарласнаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх үүргийг хүлээнэ гэсэн. Хувьцаа эзэмшигч нарт мэдээлэх үүрэг хүлээсэн байгаа. Хурлын гүйцэтгэх захирал О зарласан. Хувьцаа эзэмшигч 3 этгээдэд хурлын зар мэдэгдэх үүрэг хүлээсэн. С.Т ХХК-аас компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг дагуу хурлын тов гарснаас хойш 5 хоногийн дотор олон нийтийн хэвлэл мэдээллээр дамжуулан  хувьцаа эзэмшигч нарт хүргэх үүрэгтэй. Үүний дагуу сонинд зар тавьсан байдаг. Зарын дагуу хувьцаа эзэмшигч нарт хурлын зар хүргэсэн гэдэг. Гэтэл хувьцаа эзэмшигчийн дүрэм дээр хувьцаа эзэмшигчдийн гэрийн хаяг холбоо барих бүх арга байгаа. Арга хэрэгслийн дагуу хувьцаа эзэмшигч нарт мэдээлээгүй. Тийм учраас С.Т ХХК-ийн 24%-ийн хувьцаа эзэмшигч н.Өнөрийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралд оролцох боломжоор хангаагүй. Хуралд оролцоогүйгээс хувьцаа эзэмшигч н.Ө компанийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж чадаагүй. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн С.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь зохих журмын хурлын зарыг хүргээгүй учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. н.Ө, Н.О, Н.А нар хэдийгээр эгч дүүс боловч Монгол улсын хуульд заасны дагуу С.Т ХХК-д ажиллаж байсан. Хувьцаагаа н.Ө сайн дураар шилжүүлж өгсөн. Сайн дураар хуулийн этгээд байгуулан ажиллаж байсан.  2004 оноос 2013 он хүртэл н.Өнөр өөрөө компанийнхаа санхүүгийн тайланг гаргаж бүх үйл ажиллагааг удирдан ажиллаж байсан. 2014 оноос хойш эгч дүүс тодорхой шалтгааны улмаас таарахаа больж, өөрөөр хэлбэл н.Ө маш их мөнгө нэхэж 2 эгчийгээ дарамталж байсан. Өөрөө компанийн үйл ажиллагааг хийхээ больсон. Эрүүгийн шүүх хуралдаанд орж 2 эгчийгээ шийтгүүлж байсан удаа байгаа. Компанийн хувьцаа эзэмшигч хоорондоо таарахаа больсон. н.Ө байнгын маш их мөнгө нэхдэг. Ногдол ашиг авч байгаагүй гэж ярьж байна. Хэргийн материалд байгаа. 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын дотор нийт 79 828 000 төгрөгийг н.Ө компаниас авсан. н.Ө-т хамгийн анхны шаардлага компанийнхаа бүх юм аа авна гэсэн байдлаар гаргасан. С.Т ХХК-ийг дангаараа эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийг 3 шатны шүүхээр яваад хэрэг хэрэгсэхгүй болсон. Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан өөрийн гэсэн дүрэмтэй. Яагаад компанийн 24%-ийн хувьцаа эзэмшигч байж дангаараа эзэмших эрхтэй болох юм бэ. Өөрийнхөө хувьцаа эзэмшдэг үйл ажиллагааг доголдуулах үйл ажиллагаа явуулсан. Гааль, мэргэжлийн хяналтын газраар шалгуулсан, торгуулсан, татварын актаа төлсөн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Ийм учраас компани хэвийн үйл ажиллагаа доголдож компанийг татан буулгасан. Хувьцаа эзэмшигчдийн хурал н.Ө ирдэггүй, өөрийнхөө эрхийг хэрэгжүүлдэггүй байж миний эрхийг зөрчиж байна гэдэг. 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ээлжит бус хурал байсан. Утсаа авдаггүй, утсаа тасалдаг, ирдэггүй. Тийм учир шүүх хуралдаан дээр компанийг татан буулгах асуудал яригдана гэж мэдэгдсэн. Тухайн үед ээжийндээ байсан. Өөрийнхөө амьдарч байсан байрыг барьцаанд тавьж, хураагдсан. Ээлжит бус хурал хийх гээд очиход өмгөөлөгчтэй ярилцана гээд өмгөөлөгч очсон. Энэ хуралд оролцохгүй гэж хурлыг хаяад явсан. Хурал тухайн байранд үргэлжилж компанийг татан буулгах талаар яригдсан. Компанийн дүрмийн 7.1 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлнэ. Компанийн дүрмийн 6.1 дэх хэсэгт компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаад шийдсэн. Компанийн дүрэм 10.1 дэх хэсэгт зааснаар Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар татан буулгана гэж заасан. Татан буулгах  комиссоо томилоод компанийг албан ёсоор татан буугдсаныг бүртгүүлсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй гэж тайлбарладаг. Удаа дараа хурал болж байсан. н.Ө өөрөө ирдэггүй. Дээд шүүхийн шүүх хуралдаан дээр эвлэрэх талаар санал тавьсан. Эгч дүүс хоорондоо учраа олъё гэж уулзаж байсан. Уулзахад бүх зүйлээ авна гэдэг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр. Яагаад гэвэл хуульд заасны дагуу Компанийн гүйцэтгэх захирал Н.О шийдвэрээ гаргасан. н.Өнөр мэдэгдээгүй гэсэн асуудал байхгүй. 2013 оноос 2014 бүх тайлан н.Өнөрт байгаа. Татвараас нэхэмжлэгчтэй ярьсан. Компани татан буулгасан асуудал зөвхөн хуралдсанаар татан буулгадаг биш. Бүх дүрэм журмын дагуу татвар дээр очиж өр төлбөрөө шийдээд, улсын бүртгэлээс авах ёстой бүх баримт бичгээ авсан. 24%-ийн хувьцаа эзэмшдэг ааш зангийн хувьд доголдолтой хүнийг хүлээгээд байгаад байхгүй. н.Ө-ийг хохироож нуусан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. С.Т ХХК татан буугдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оноос Д.Ө бид хоёр нийлж компани байгуулж үйл ажиллагаа эхлүүлсэн. Д.Ө би ганцаараа үйл ажиллагааг эхлүүлсэн. Анх хоёр эгчийгээ өрөвдөж компанидаа оруулсан гэж ярьдаг. Яг үнэндээ анх би Орос улсруу Д.Өийг наймаандаа дагуулж явдаг байсан. Сүүлдээ албан ёсоор бараа оруулдаг болоод хувь хувийнхаа барааг нийлүүлж оруулдаг болсон. 2008 он хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байна. 2008 оноос хойш Д.Ө ногоон хоолтон болоод Шанха гэдэг шашинд орж түүнээс хойш байнга мөнгө нэхдэг болсон. Бид нарын хийж байгаа үйл ажиллагаа их үйлийн үртэй юм байна. Үйлийн үрээ хуваая гээд мөнгө нэхээд байдаг болсон. Бид боломжийн хэрээр мөнгө өгдөг байсан. 2014 он хүртэл бүх санхүүгийн үйл ажиллагааг хариуцдаг байсан. Гадаад руу шилжүүлэх мөнгийг дансанд нь хийхээр мөнгө аваад гадагшаа явсан байдаг. Хэд хоногийн дараа мөнгө шилжүүлээч гээд компаниас утастаад байдаг. Нэг удаа 20 000 000 доллар аваад шашин руугаа явсан байсан. Өөрийнхөө байрыг барьцаалчихдаг. Байрыг бид мөнгө төлөөд авдаг. Үйлийн үрээ хуваана гэж дарамталж маш их мөнгө авдаг. Компанийнхаа ногдол ашгийг хуваана гэж бүх мөнгө аваад дуусгасан. Тайлангаа гарга гэхээр 2 000 000 төгрөг өг тэгвэл гаргая гээд байдаг болсон. Энэ маш их үйлийн үртэй ажил байна. Ажлаа зогсоогоод нэг жил болоход бурхан юу хийхийг зааж өгнө гэж бид нарыг ажил хийх ямар боломж бололцоогүй байдалд оруулдаг. Манайх зусланд амьдардаг. Өвөл гадаа чинь хөлдөж үхнэ гээд гадаа гал түлээд суудаг. Үр хүүхдүүдээр чинь төлүүлнэ гэж байнга дарамталж мессеж бичдэг. Өөрөө компанийн гаднаас оруулж ирж байсан барааг хүнд зарсан. Сүүлдээ компаниа татан буулгая чи энэ үйл ажиллагааг явуул гэж хэлсэн. Тухайн үед хийж байсан барааг огт хийхгүй байгаа. Д.Ө байраа барьцаалаад байхаар нь ядаж байртай нь үлдээе гэж 15 жилийн хугацаатай 8%-ийн зээлэн оруулж өгсөн. Д.Ө байраа зарж чадахгүй 2,3 жил болсон. Миний байрыг хууль бусаар барьцаалсан гэж банкны эдийн засагчтай хуйвалдсан гээд бид 2015 онд байрыг суллаж өгсөн. Одоо байраа зараад ээжийнд амьдарч байгаа. Эгч дүүс нь дүүгийнхээ бүх зүйлийг дээрэмдсэн гэж харж байгаа. Бид нарыг гааль, татвар, мэргэжлийн хяналтын шалгалтаар оруулсан. 2013 он хүртэлх бүх тайлан өөрт нь байгаа, баримтуудыг гаргаж өгдөггүй. Энэ маргаанаас өмнө албан ёсоор хувьцаа эзэмшигчдийн хурал хийж байгаагүй. Шүүх хуралдаан дээр асуусныг би мэдэхгүй байна. Д.Өийг аль болохоор хоолтой байлгах талаар бодож байсан учир хохироосон зүйл байхгүй. Компанийг удаа дараа шалгалтаар оруулаад үйл ажиллагаа хийлгэх боломжгүй болгосон. Ээлжит бус хурал хийе гэж мэдэгдэхэд за би бодъё гээд алга болсон. Нэгэнт зөрчилтэй байнга шалгалтаар оруулаад тайван байлгадаггүй болсон. Олон нийтийн хэрэгслээр зарлаад татан буулгах хурлаа хийсэн. Татан буулгая ажиллах нөхцөлгүй байна гэхээр мөнгө өгчих би тэгээд татан буулгаад өгье гэдэг. Бид дээрэмдсэн зүйл байхгүй. Би ганцаараа компанийг үүсгэн байгуулсан эгч нарыг өрөвдсөн гэж яриад явдаг. Маш шуналтай, тооцоотой хүн байгаа. Бүх мөнгөө авч дуусгачхаад хууль бусаар компанийг татан буулгасан гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь С.Т ХХК болон гүйцэтгэх захирал Д.О  нарт холбогдох С.Т ХХК-ийг татан буулгах тухай 2016 оны 5 сарын 16-ны өдрийн 46 дугаартай компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч үүнийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг шийдвэрийг гаргах хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулсан, 24 хувийн хувьцаа эзэмшигч миний хуралд саналын эрхтэй оролцох эрхийг эдлүүлээгүй тул хүчингүй юм гэж тайлбарлаж, хариуцагч нэгэнт компани татан буугдсан, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль болон компанийн дүрэмд заасны дагуу хуралдуулсан бөгөөд нэхэмжлэгч уг хуралд ирээгүй, энэ талаар өөрөө мэдэж байсан, мөн С.Т ХХК татан буугдсан байгаа учир үр дагавар байхгүй гэж марган мэтгэлцлээ.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Ө, гуравдагч этгээд Д.А нар 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах, 16 953 400 төгрөгийн дүрмийн сантай С.Т ХХК-ийг байгуулж, Д.Ө нийт хувьцааны 59 хувь, Д.А 41 хувийг эзэмших болсон нь компанийн гэрээ, дүрэмд тусгагдаж, 2009 оны 5 дугаар сарын 4-ний өдөр өөрчлөлт орж, гишүүдийн тоо 3 болж, Д.Ө нийт хувьцааны 24 хувь, Д.О 35 хувь, Д.А 41 хувь эзэмшдэг болсон байна.

Гэвч 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр С.Т ХХК-г татан буулгах шийдвэр гарч Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Дээрх шийдвэрийг гаргах хурал 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай гүйцэтгэх захирлын шийдвэр гарган зарыг хэвлэл  мэдээллийн хэрэгсэлд 2016 оны 3 дугаар сарын 29-ний дотор зарлахыг Д.Ад үүрэг болгож, хуралдаанд хувьцаа эзэмшигч Д.О, Д.А нарын ирцтэй хуралджээ

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд 2015 оноос нэхэмжлэл гарган С.Т ХХК-ийг дангаараа эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргаж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаартай Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Ингээд Д.Ө компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрх болох хувьцааны ногдол ашиг хуваарилах, компанийн талаарх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал гаргах гэх мэт эрхүүдийг зөрчиж байх тул хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 11 сарын 23-ны өдөр гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т ХХК-ийг татан буулгасан тухай үйл явдлыг мэдсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар компанийг татан буулгах асуудлыг зөвхөн  хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд тэрхүү хуралдааны зарыг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хуралд оролцох эрхэй хувьцаа эзэмшигчдэд мэдээллэх үүрэг нь  хурал зарласан этгээдэд байдаг.

Нэхэмжлэгч Д.Ө нь С.Т ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхийн дагуу оролцох эрхтэй байсан.

Гэвч С.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрт Компанийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйл болон компанийн дүрмийн 6.1, 6.4-т зааснаар шийдвэрлэн хувьцаа эзэмшигчдын хурлыг хуралдуулахаар заахдаа 60.2.3, 60.2.4-т заасан хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хувьцаа эзэмшгчид мэдэгдэх өдөр, журмыг заагаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Ө хувьцаа эзэмшигчдийн хурал болох зарыг мэдээгүй, мөн хариуцагч Д.О нь дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдэд мэдээллэх үүргээ биелүүлээгүй болох нь 2016  оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагч Д.Огийн тайлбар, гуравдагч этгээд Д.Агийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн тайлбараас харагдаж байх бөгөөд шүүхэд маргаж байсан хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар үгүйсгэж байсан зэргээс нотлогдож байна.

Хариуцагч Д.Огийн өмгөөлөгч хурлын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан үүргээ гүйцэтгэсэн, утсаар мэдэгдсэн боловч энэ талаар баримт байхгүй, гэвч нэхэмжлэгч Д.Ө энэ талаар мэдэж байсан гэх боловч энэ нь дээрх үйл баримт болон дүгнэлтээр няцаагдаж байна.

            Мөн нэхэмжлэгчийг компанийн үйл ажиллагаанд саад учруулдаг, хэвийн үйл ажиллагаа эрхлэхэд цаашид хүндрэлтэй болсон зэрэг тайлбаруудыг тавьж мэтгэлцэж байх боловч энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Иймд С.Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө-ийн хуралд оролцож санал өгөх эрхийг зөрчсөн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр бус болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани нэгэнт татан буугдсан тул уг эрх зүйн маргааныг шийдвэрлэх үр дагавар үүсэхгүй гэж байсан ч тэрхүү хариуцагч С.Т ХХК-ийг татан буулгасан шийдвэрт холбогдож байгаа тул эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар С.Т ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай компанийг татан буулгах тухай шийдвэрийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА