Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 233

 

А.Отгонбаярт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Ганзориг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 дүгээр магадлалтай, А.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625010264 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Адууч овогт Алтанхуягийн Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримт хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хохирогч Даваа нь гар утсаа шидсэнээр шүүгдэгчийн эрх чөлөөнд халдсан үйлдэл болсон. Отгонбаяр, Даваа нар зодолдохоор хоёр талаас зэрэг босохдоо тэр хоёрын дунд байсан ширээн дээрээс Отгонбаяр хутга авч хохирогчийн хэвлийд хутгалсан. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн эсхүл хийгдэх нь тодорхой тохиолдолд хэрэгжүүлэхэд нөлөөлөх ямар нэгэн шаардлага тусгагдаагүй. Давж заалдах шатны шүүх уг үйлдлийг буруу дүгнэсэн. Хохирогч Даваагийн “хана руу утсаа шидсэн үйлдлээс болж хэн ч хохироогүй, Даваагийн үйлдэл нь бусдын амь насанд аюултай, нэн даруй хохирол учруулах үйлдэл биш, амь насанд аюулгүй халдлага байсан гэж” дүгнэснийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрийн эрх чөлөөг хамгаалсан. Аргагүй хамгаалалтын улмаас хийсэн Отгонбаярын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан ч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай үйлдэл мөн гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа “... Отгонбаярт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан. Өмгөөлөгч болсон үйл явдлыг дарааллаар нь ярихгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэгт “байрны эзэн Отгонбаяр руу залгасан. Отгонбаяр одоо явцгаа гэж ууртай хэлсэн” гэж мэдүүлсэн. Даваа ирсэн найзуудыг хөөлөө гэж хана руу утас шидсэн. Утас шидсэнээс болж Отгонбаяр нь хохирогчийг хутгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Мөн хуулийн 551 дугаар зүйлийн 551 дэх хэсгийг хэрэглэж, хуульд зааснаар доогуур 3 жил 6 сар хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх хохирогчийн утас шидсэн үйлдэл нь амь насанд аюулгүй үйлдэл гэж дүгнэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нийтийн байранд хохирогч Б.Даваатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдахдаа ширээн дээрээс хутга авч хохирогчийн хэвлий рүү хутгалж “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт, бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгч А.Отгонбаярын хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзнэ.

Хэргийн материалаас үзэхэд А.Отгонбаяр өөрийгөө хамгаалах зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй бөгөөд хоорондын маргааны явцад хохирогчийг хутгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт”-д хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы “Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                                                             Д.ГАНЗОРИГ

           ШҮҮГЧ                                                             Б.ЦОГТ