| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 187/2017/0127/э |
| Дугаар | 743 |
| Огноо | 2017-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 743
Б.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1032 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Т-т холбогдох 1706009920046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Т, 1967 оны 6 дугаар сарын 7-нд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Б.Т- нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” худалдааны төвийн урд талын автомашины зогсоолын орчимд иргэн Г.Б. хүрэмний халааснаас “Самсунг жи-7” загварын 650,000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Т-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-т холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын саналтай хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Б.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүх хуралдаанд Б.Т- нь гэм буруугийн тал дээр маргаж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байтал прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-т холбогдох хэргийн ялын саналыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгүүлэх санал гаргаж шүүхэд хүргүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ гэж алдаатай бичсэн байна.
Б.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд” зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй хуульд зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл анги бүхий гэмт хэрэгт хамаарахаар байна.
Мөн тус хуулийн 9 дэх хэсэгт “шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол хэргийг прокурорт буцаах” гэсэн заалтыг барьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт Б.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хулгайлах/-т заасан гэмт хэрэг хамаарч байхад анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэх журам”-ыг заан хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хулгайлах/-т заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг тусгайлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан байна.
Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Т-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 24 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг ханган Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1032 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЧМАНДАХ