Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0397/З/Н |
Дугаар | 221/МА2021/0184 |
Огноо | 2021-04-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0184
Д.З нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгч Ч.Х, Б.О, Г.О, Ч.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Ариунболор, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлгч А.О, Б.Б, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.З нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГазарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З нарын 11 иргэнээс гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ****/**-** дугаар, архитектур төлөвлөлтийн даалгавар “Б блок” бүхий барилгад холбогдох хэсгийг, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн “Б блок” бүхий барилгад холбогдох хэсгийг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ****/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын “Б блок” бүхий барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Барилга хөгжлийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ****/2019 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, “Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон ******* БА-***/***** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.З нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилга хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэг. Хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Гэтэл Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасны дагуу инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих үүрэгтэй.
Нэхэмжлэгч нарын зүгээс инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй буюу “А” ХХК-ийн “Б блок” бүхий барилгаа нэхэмжлэгч нарын орон сууцтай 50см зайтай байхаар буюу барилга хоорондын зайг ноцтой зөрчсөн байтал үүнийг шалгаагүйн зэрэгцээ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 тоот тогтоолоор баталсан “үерийн усны хамгаалалтын шугам зөрчиж, дээр нь барихаар төлөвлөсөн батал үүнийг хяналгүй” барилгын ажлыг зураг төслийг баталж, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгож, 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасныг ноцтой зөрчсөн байтал, үүн дээр огт дүгнэлт хийгээгүй.
Шүүхээс 2 удаа Маргаан бүхий газрын үзлэг хийсэн. Мөн мэргэжлийн хяналтын дүгнэлтэд барилгын норм ба дүрэм зөрчсөн буюу барилга хоорондын зайн хэмжээг зөрчсөн болохыг дүгнэсэн баримтууд байсаар байтал, уг баримтуудад огт дүгнэлт хийлгүй “дүрэмд харшлах зүйл байхгүй” гэж дүгнэсэн.
Барилгын ажлыг зогсоосон тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг хэрэгт нотлох баримтаар авсан бөгөөд, уг барилгыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа Хот байгуулалтын газар албан бичиг хүргүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардсан боловч, хүчингүй болгоогүй. Шүүгч шийдвэртээ “мэргэжлийн хяналтын байгууллагаас үерийн усны шугам дээр байрласан тул зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн чиглэмжийн талаар огт дүгнэлт хийгээгүй.
Мөн нэхэмжлэгч нараас “А ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтдээ хавсаргасан барилгын зураг нь “барилгын норм дүрэм зөрчсөн, барилга хоорондын зайн хэмжээг зөрчсөн, галын аюулгүй байдал зөрчсөн” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргадаг боловч, шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг эсрэгээр нь тайлбарлаж, “зөвшөөрлийг олгохдоо” хууль дүрэм зөрчөөгүй байна гэж тайлбарлаж, Барилгын тухай хуулийн 28.1-т заасан баримт бичгийг л зөвхөн бүрэн хавсаргасан эсэхэд дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн гэж үзэж байна.
Учир нь шүүх уг Барилгын тухай хуулийн 28.1-д заасан баримт бичгүүдийг бүрэн хавсаргасан эсэхэд дүгнэлт хийсэн болохоос, барих гэж буй барилга, уг барилгын зураг төсөл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд тавих шаардлага, 12.1-т “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байх”, 12.1.1-т “... зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх", 12.1.5-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх", 12.1.6-д “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх”, 14 дүгээр зүйл. Барилга байгууламжид тавих шаардлага, 14.1.2 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4 “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх”, 14.2 “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна” зэргийг зөрчсөн талаар огт дүгнэлт хийгээгүй болно.
Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч нарын иргэдээс зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэж байгаа тухай мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж, гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 06 сар, 2018 оны 11 сарын 21-ны өдрийн 0/03/4457 “Гүйцэтгэлийн шалгалт хийсэн тухай”, 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 02-03/1676 тоот албан бичгээр шалгалт хийж, зөрчил илрүүлсэн.
Шалгалтаар үерийн ус зайлуулах шугам дээр барилга барьсан ноцтой зөрчил гаргасан, гээд, уг барилгыг барих боломжгүйг мэдэгдээд, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “А блок” бүхий барилгын ажилтай холбоотой зөрчлийг арилгах хүртэл зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02-03/2962 тоот албан бичиг хүргүүлсний дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 247/2018 тоот барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. /“А блок” бүхий барилгын ажилтай холбоотой зөрчлийг арилгуулж, “Б блок” бүхий барилгыг цаашид барих боломжгүйг анхааруулсан/.
Гэвч шүүгч дүгнэлтдээ: “барилгын ажлыг түдгэлзүүлж байгаагүй, эрх бүхий байгууллагаар хянуулах хүртэл түр зогоосон мэдэгдэл гарсан байна” гэж буруу Орон сууцны барилгын талбай дахь “Борооны ус зайлуулах 3 дугаар коллекторын DN1000 мм шугам хоолойн зураг хийлгүүлж, батлуулсан нь нөхцөл байдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг урьдчилан хэрэгжүүлж эхэлсэн гэж үзэж болохоор байна” гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ,
“Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 05/3102 дугаар "барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” албан бичигт дурдсан түдгэлзүүлэх нөхцөл байдал арилсан гэж үзэн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ****/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосныг буруутгах боломжгүй байна” гэжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 02-07-092/181 дугаартай “төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар /2019 оны 05 сарын 02-ны өдрийн 02-03/1676 тоотоор хариу өгсөн/ “... Б блокийн 2 давхрын хучилтын ажлыг барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр цутгасан ..., орон сууцны 59 дүгээр барнаас 6.0 метр зайд байрлуулж, Б блокийн 33.6 м хэмжээг 27.6 м байхаар ажлын зургийг боловсруулах талаар бичилт хийсэн байна ...” , Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 02-03/1755 тоот “Хууль тогтоомж, норм дүрмийн хэрэгжилтийг хангах тухай” албан бичгийг Улаанбаатар хотын захирагчийн албаны дотор хяналтын хэлтэст хүргүүлж, уг албан бичгээр “Б блок” бүхий барилга нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, БНбД 30-01-04 дүрмийн “Суурьшил бүсийн нутаг дэвсгэрийн төлөвлөлт”-ийн 2.11- д тавигдах шаардлага хангахгүй байна ... Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 171 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 2.6, 2.6.2- нийцээгүй тул барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар заасан байна ..., “А” ХХК-ийн Б блокийн барилгын ажилд олгосон “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг” цуцалж, авсан арга хэмжээг 2020 оны 05 сарын 04-ний өдөр хариу ирүүлэх тухай дурдсан.
Гэтэл Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас огт арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй хууль зөрчсөн.
Барилгын зураг төслийг батлуулж, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж магадлалын дүгнэлтүүдийг батлуулсныг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг олгож, барилга барих зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлэх ёстой байтал “А” ХХК нь огт зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр, барилгын зайг зөрчиж барилгаа барьж эхэлсэн бөгөөд, барьж эхэлснээс хойш ажлын зураг, бусад баримт бичгийг хөөцөлдөж, Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар хүсэлт өгснийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаварт “барилгын зайн хэмжээг зөрчсөн тул Б блокийг зүүн талаас 6м хас” гэсэн даалгавар олгогдсон.
Гэтэл аль хэдийн сууриа барьсан, 2 дугаар давхартаа орсон байсан тул, бодит байдал дээр биш, зөвхөн зөвшөөрөл авахын тулд цаасан дээрээ өөрчлөлт оруулж, 59 байрнаас 6м зайтай байхаар зургаа боловсруулж, зураг төсөл боловсруулсан.
Нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газраас Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8-д заасан “инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих” үүргээ хэрэгжүүлэлгүй, газар дээр нь очиж барилгыг хяналгүй, цаас харж, барилгын ажлын зөвшөөрлийг олгосон ноцтой алдаа гаргасан.
Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ зөвшөөрөлд хавсаргасан баримт бүрэн эсэхийг л дүгнэж, нэхэмжлэгч нарын гомдол гараад байгаа, барилгын ажлын зураг төслийг зургийн дагуу баригдаагүй, норм дүрэм зөрчсөн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийн нэг бол “барилгын хоорондын зайг ноцтой зөрчсөн, галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж” үздэг.
Гэтэл шүүхээс гол маргаад байгаа нөхцөл байдлыг буюу эргэлзээтэй байдлыг нотлоогүй хэрнэ “галын аюулгүй байдал, барилга хоорондын зайтай холбоотой нөхцөлийг тогтоогоогүй” гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Нэхэмжлэгч нарын баруун болон хойш харсан цонх нарны гэрэл огт тусахгүй болсон талаар үзлэгийн үед тайлбарласан, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байгаа. Мөн “б блок” бүхий барилгын цонх нь нэхэмжлэгч нарын орон сууцны цонхтой хэт ойр 1м хүрэхгүй зайтай байгаа нь эсрэг талын барилгад гал гарах тохиолдолд нэхэмжлэгч нарын орон сууцанд галд өртөх, байшингийн гадна тал бүхэлдээ галд өртөх эрсдэл маш өндөр. Энэ нь маргаан бүхий газрын үзлэгийн үеэр авсан фото зургаар харагдана.
Гэтэл нарны тусгал бүрэн хаагдсан зүйл байхгүй гэж ор үндэсгүй дүгнэлт гаргасан болно.
Хоёр: Шүүгч шийдвэр гаргахдаа дараах байдлаар хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Тус компани нь маргаан бүхий барилгыг барьж буй газраас баруун тийш, 100 метр орчим газрыг хашаалсан байсныг тайлбарласан нэхэмжлэгч нарын тайлбарыг шүүгч гуйвуулан, буруу тайлбарлан дүгнэлт хийсэн болно.
Энэ нь уг борооны ус зайлуулах шугамын гадна ирмэгээс 5 метрээс дотогшгүй зайтай барилга барьж болно гэсэн заалт.
“А” ХХК нь 2018 оны 04 сараас уг барилгын суурийг цутгаж, үерийн ус зайлуулах шугамыг барилгынхаа хонгилд оруулан, дээр нь барилгаа барьж, 2018 оны 11 сард барилгаа 2 давхар хүртэл цутгасан. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийсэн акт дээр байгаа/.
Мэргэжлийн хяналтын газраас “Б блокийн барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгааг шалгаж, 2018 оны 06 сард барилгын ажлыг зогсоохыг мэдэгдсэн боловч, барилгын ажлаа зөвшөөрөлгүй гүйцэтгэсээр 2018 оны 11 сард 2 давхар хүртэл барьсан.
Үерийн ус зайлуулах шугамыг барилгынхаа хонгилд ил гарган барьсан хэрнэ, 2019 онд “шугам хоолойн зураг” батлуулж, хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлбарлаж, зураг гарган ирүүлснийг шүүхээс мэргэжлийн байгууллагаар хянуулаагүй хэрнэ, барилгыг барих боломжтой гэж дүгнэж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан “хамгаалалтын зурвасыг зөрчиж болно мэтээр" хууль бус үйл ажиллагаагаа хаацайлсан “А” ХХК-ийн тайлбарыг зөвтгөн дүгнэлт хийсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам 13/2 дугаар байрны оршин суугч Д.З, Ц.Д, Ц.Б, П.А болон Нарны замын 59 дүгээр байрны оршин суугч Ч.Х, Н.Э, Ч.М, Д.Б, Б.О, Д.Ц, Г.О нараас
Хот байгуулалт хөгжлийн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГазарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ****/**-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын “Б блок” бүхий барилгад холбогдох хэсгийг,
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн “Б блок” бүхий барилгад холбогдох хэсгийг,
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ****/**-*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын “Б блок” бүхий барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ****/2019 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах,
“Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон ******* БА-***/***** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “... барилга хоорондын зайн хэмжээ, галын аюулгүй байдлыг зөрчиж, орон сууцанд нар үзэгдэх үзэгдэх орчинг хааж баригдаж байгаа, ... маргаан бүхий барилга баригдаж буй газар доогуур манай байшингийн цэвэр, бохирын шугам, үерийн ус зайлуулах шугам болон сантехникийн 1000-ийн магистраль төв шугам байрлаж байгаа бөгөөд уг үерийн ус зайлуулах шугам болон сантехникийн төв магистраль шугам доголдсон тохиолдолд бидний оршин суугаа орон сууцны сантехник, цахилгаан болон дулааны асуудалд гамшиг ослын аюул үүснэ, ... нэхэмжлэгч бидний орон сууцны тагт, цонхонд тулган барьж, барилгын гадна ханын хөөсөнд гэмтэл учруулж, орон сууцанд цууралт үүсэх, барилгын сууринд суулт өгөх нөхцөл байдал үүсээд байгаа” гэж тодорхойлж, мөн маргаан бүхий барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо “... Галын аюулгүй байдлын тухай хууль, Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд “... иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн” гэж дурджээ.
Шүүх маргаан бүхий захиргааны актууд тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгөх, тусгай мэдлэг хэрэгтэй нарийн мэргэжлийн асуудлаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байжээ.
1. Нэхэмжлэгч Ч.М нарын 7 иргэнээс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотойгоор “... нэхэмжлэгч бидний орон сууцны дотор болон гадна ханад үүссэн цууралт нь “А” ХХК-ийн Б блок бүхий барилгын ажилтай холбоотой үүссэн эсэх, ... маргаан бүхий барилга нь нэхэмжлэгч нарын орон сууцны галын аюулгүй байдалд нөлөөлөх эсэх, барилга хоорондын зайн хэмжээг зөрчсөн эсэх” талаар шинжээч томилуулах хүсэлт бичгээр гаргаж, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэж хэрэгсэхгүй болгожээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээч томилуулах хүсэлтийг “... шүүхээс нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгэн олж авсан болон шүүхийн санаачлагаар хийгдсэн ажиллагаанууд, хэргийн оролцогчийн шаардсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн “галын аюулгүй байдлын нөлөөллийн ...” талаар дүгнэлтийг өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байхаар заасан боловч нэхэмжлэгч талд энэхүү эрхээ эдлэх боломж олгосон болох нь нотлогдохгүй, уг шүүгчийн захирамжийг бичгэн хэлбэрээр хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна.
Нөгөө талаар, шүүгчийн захирамжаар шинжээч томилуулах хүсэлтэд дурдсан үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй, шүүх нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжтой гэх байдлаар шийдвэрлэсэн байх боловч хэргийг шийдвэрлэхдээ “... шүүхээс нэхэмжлэгч нарын байрны гадна фасадны будаг халцарсан, хана өнгөц цуурсан шалтгаан нөхцөл ямар хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэж бий болсон эсэхийг эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэн, нотолгооны ач холбогдол бүхий баримтыг ирүүлэхийг хүссэн болов нэхэмжлэгч нарын зүгээс бодитой санаачлага бүхий үйл ажиллагаа гаргаагүй” гэж дүгнэсэн нь зөрчилтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчимд нийцээгүй байна.
2. Түүнчлэн нэхэмжлэгч нараас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангах зарчим хэрэгжээгүй талаар нэг үндэслэлээ болгон маргажээ.
Гэтэл анхан шатны шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа тогтоосон журмын дагуу явагдсан эсэх талаарх нэхэмжлэгч нарын маргаж буй энэхүү үндэслэлтэй холбоотой нотлох баримт цуглуулалгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг тогтоож, үнэлээгүй атлаа уг үйл ажиллагааны улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзсэн нэхэмжлэгч нарын болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж, мөн “нэхэмжлэгч иргэдийн тухайн орчинд барилга баригдах гэж байгаа талаар анхнаасаа мэдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ... мэдүүлэг зэргээр тогтоогдож байна”, “... барилгажих талбайг хашаалан, газар шорооны ажил эхлэх үеэс олон хүчин зүйлээр цаашид өөрсдийнх нь эрх зөрчигдөх бодит нөхцөл шалтгаан бий болсоор байхад хуулиар олгосон эрхээ хамгаалан баталгаажуулахаар арга хэмжээ аваагүй атлаа хожим ... маргаж байгааг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүх бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлэхээр заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, 32.1, 34.1-д заасанд нийцээгүй байна.
Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нарын маргаж буй барилга хоорондын зай зөрчигдсөн эсэх, галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, үерийн ус зайлуулах шугам дээр барилга барихаар төлөвлөгдөж, зөвшөөрөгдсөн, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан эсэх, мөн ойр орчмын оршин суугчдад мэдэгдэх журмыг биелүүлсэн эсэх зэрэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий актууд хууль бус гэж үзэж гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дүгнэлт өгч шийдвэрлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд дээрх тодорхойгүй нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт дүгнэлт өгч, маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн эсэхийг тогтоож, шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ