Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 036

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Болормаа, хохирогч Ж.З-т, гэрч Ч.Билгүүнбаяр, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Хонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б-н Б, Ц овогт О-н Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910001450771 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Б-н Б /РД: 00000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Харилцаа холбооны сүлжээний газарт инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт О-н Т /РД: 000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, О.Т нар нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын “Ион” баарны гадаа иргэн Ж.З-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ж.З: “...2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би бааранд хэн нэгэнтэй муудалцаагүй, эдгээр хүмүүс тавуулаа явж байсан. Баарнаас гараад явцгаах гээд эдгээр залуучуудтай гараа бариад салах гээд явж байсан, тэгээд найзынхаа эхнэртэй хамт зогсож байгаад явья гэхэд эдгээр залуучууд явахгүй шатаар буцаж гарч ирээд байсан. ...О.Т намайг малгайнаас татаад шат руу унагаасан, босож ирээд доголоод зогсож байхад нэг нь намайг цохисон, заамдаж аваад унагаасан, тэгээд ухаан алдсан, малгайнаас доош дарж байгаад цохисон, шат руу унагаагаагүй бол зодоон болохгүй байх байсан. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгсөн, энэ баримтаар 3,285,810 төгрөгийн зардал гарсан, мөн миний баруун нүдний ухархайн хана хоёр газраа хугарсан, яаралтай хагалгаанд орохгүй бол сохрох аюултай гэсэн, тухайн хагалгааг манайд хийдэггүй гээд гадаадад хийлгэх шаардлагатай гэсэн, хагалгааны зардал, гадаадад хагалгаанд орох учир онгоцны зардал, буудлын зардал бүгд нийлээд 100 сая төгрөг нэхэмжилж байна, гомдолтой...” гэв.

 

Гэрч Ч.Билгүүнбаяр: “...2019 оны 01 дүгээр сарын 4-нөөс 05-нд шилжих шөнө найз Ж.З, эхнэр Э.Болортуяа нарын хамт Ион бааранд орж үйлчлүүлсэн, тэгээд баарнаас гараад харих гэж байгаад баарны үүдэнд эдгээр залуучуудтай тааралдаж маргалдсан. Саравчтай малгайтай залуу нь Ж.Зын нүүр рүү нь өшиглөсөн, яг зодоон болсон зүйл байхгүй, зууралдаад байж байсан. Нүдний шилгүй залуу унагаасан, яаж унагаасныг санахгүй байна, цохиж унагаасан байх...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Билгүүнбаяр гэдэг залуу Ион бааранд надтай хамт явж байсан эмэгтэйчүүдийг өдөж хоргоосон, намайг зодсон, мөн хэл амаар доромжилсон, тамхины өрөөнд хэл амаа олох гэж орсон боловч ололцож чадаагүй. ...Ион баарнаас гарахаар болж баарны гадаа үүдэнд Ж.З, Ч.Билгүүнбаяр нартай тааралдсан, мөн Ч.Билгүүнбаярын эхнэр нь байсан, би Ж.Зтой заамдалцаад зууралдсан байхад О.Т бид хоёрыг салгах гэхэд бид хоёр зууралдсан байдалтай газар унасан, тэгээд би Ж.Зын нүүрэнд нь баруун, зүүн гараараа ээлжилж 4-5 удаа цохисон, Ж.Зухаан алдсан байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн нэхэмжилсэн хохирлын мөнгийг төлж барагдуулна...” гэв.

 

Шүүгдэгч О.Т: “...Юуны түрүүнд Ж.Зоос уучлал гуйя, ийм юм болсонд харамсаж байна, бүх үйл явдал Ч.Билгүүнбаяр, Б.Б нараас болсон, Ч.Билгүүнбаяр Б.Быг дарамталж цохисон. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 3 цагийн үед баарнаас гарах гээд гадаа зогсож байхад Ч.Билгүүнбаяр, Ж.Знар манай найз Б.Быг хоргоосон маягтай байсан. Би Ж.Зын хүзүүнээс дээш гар хүрээгүй. Б.Быг Ж.Збариад авсан, тэгээд энэ хоёрыг зууралдаж байхад Ж.ЗБ.Быг цохисон байх, энэ үед би баруун гар талаар нь тойрч Ж.Зын араас куртикных нь малгайнаас татахад энэ хоёр унасан, дахиж энэ хоёрт гар хүрээгүй, энэ үед Ч.Билгүүбаяр ирж надтай зууралдаад бид хоёр цаашаа явсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дугаар сарын 05-ны шөнө 04 цагийн үед Зайсан хиллийн “Ион” баарнаас гараад явах гэж байхад манай найз Билгүүн “Ривэр” фитнес клубийн хамт явдаг байсан залуутай тааралдаад түрүүлээд гарсан, би араас нь гарсан чинь тэр хоёр хоорондоо англиар юм яриад байсан, би Билгүүний эхнэртэй хамт зогсож байсан. Тэр хоёр юм яриад байхаар нь би дөхөж очсон, манай найз амжилт хүсье гэсэн чинь, чиний амжилт хүсэх хэнд хамаатай юм, гэхээр нь би манай найз чамд амжилт хүсэж байхад чи юу гээд байгаа юм гэсэн чинь намайг зодсон гэх залуугийн найз намайг араас шат руу түлхээд унагаасан, босч ирээд яаая гээд, доголоод байж байхдаа намайг зодсон залуутай барьцалдаад байж байхад миний нүүр лүү гараараа цохисон, би аль гараараа цохисныг нь би мэдэхгүй, би ухаан алдаад унасан тэрнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. “Интермед” эмнэлгийн нүдний их эмч Даш миний нүдийг үзээд, нүд чинь цөмөрсөн, чи хагалгаанд орох шаардлагатай, манай эмнэлэг нүдний хагалгаа хийдэггүй гэсэн.  ...Миний нүдийг эмч үзээд 0,2 мм нүд хойшоо суусан байна, хаван буухаар нүд чинь өшөө доошоо сууна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, хэрэв тэр төмөр ялтас нүдэн доор суулгавал насан туршдаа байдаг гэсэн, дээрээс нь яс хугарсан хагалгаанд орох шаардлагатай байхад, шинжээч эмч Энхцолмон гэмтлийн зэргийг хөнгөн гэж гаргасанд би санал нийлэхгүй байна...” /хх-ийн 21-22, 24/ гэсэн,

 

Гэрч Ч.Билгүүнбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 03 цаг 50 минутын үед Зайсан хилл цогцолборын “Ион” баарнаас эхнэр Болортуяа, найз Зоригтын хамт гарч ирсэн. Биднийг баарнаас гарахад үүдэнд 4 залуу, 2 эмэгтэй зогсож байхаар нь тэр хүмүүстэй хамт тамхи татахдаа хэдэн үг сольсон. Явахдаа тэнд зогсож байсан залуучуудад сайхан амрахыг хүсэхэд нэг залуу нь “чиний сайхнаар яадаг юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед Ж.Зтэр залууд хандан “хүн чамд сайхан амрахыг хүсэж байхад яаж байгаа юм бэ” гэж хэлчихээд шат руу доош буух гэж байгаад хөлөө далий гишгэчихсэн. Ингээд шатан дээр зогсож байхад хар куртик өмссөн залуу Зоригтын нүүрэнд баруун гараараа нэг удаа цохисон, цохисны дараа Зоригт ухаан алдаад газар унасан. Зоригтыг ухаан алдаад газар унасан байхад нь саравчтай малгайтай намхандуу залуу Зоригтын нүүрэнд нь өшиглөсөн. Энэ үед эхэлж Зоригтыг цохиж унагаасан залуу Зоригтын нүүрэнд хоёр удаа өшиглөсөн. Тэр залуу намайг бас өшиглөх гээд байхаар нь би түүнийг цаашаа түлхээд, цагдаа дуудлаа гэж хэлэхэд нөгөө хүмүүс шатны уруу буугаад таксинд суугаад явсан. Зоригт хэсэг хугацааны дараа ухаан орохоор нь бид Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж гомдол гаргасан. Маргааш өглөө Зоригт шүүх эмнэлэгт үзүүлэхэд түүний нүдний ухархайн яс хугарсан байна гэсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч Э.Болортуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 03 цаг 50 минутын үед Зайсан хилл цогцолборын “Ион” баарнаас нөхөр Ч.Билгүүнбаяр болон Ж.Зын хамт гэртээ харихаар гарч ирсэн. Биднийг баарнаас гарч ирэхэд үүдэнд 4 залуу, 2 эмэгтэй зогсож байгаад Зоригт сайхан амраарай гэж хэлэхэд Зоригтыг нэг залуу татаж унагаасан. Жижиг биетэй саравчтай малгайтай залуу Зоригтыг газар унасан байхад нь 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 33/ гэсэн,

 

Гэрч Б.Содбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнийн 00:00 цагийн үед Тэмүүлэн, Төгөлдөр нарын хамт “Ион” баарнаас гарахад Төгөлдөрийн найз Бархасыг үл таних нэг залуу хоргоогоод байхаар нь Төгөлдөр очоод та болиоч, юу болоод байгаа юм гэхэд тэр залуу зайлаач, та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Бархасыг хоргоогоод байсан залуутай хамт явж байсан Зоригт гэх залуу цаанаас ирээд та нар зайл гээд хөөгөөд байхаар нь Төгөлдөр Зоригт гэх залууг араас нь чи болиоч гээд татахад газар унасан. Газар унасны дараа Бархас 2-3 удаа цохиод дээрээс нь өшиглөж байгаа харагдсан...” /хх-ийн 36/ гэсэн,

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед дүгнэлтэнд бичсэнээс өөр гэмтэл шарх Ж.Зод байгаагүй. Тухайн гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, салгаж тогтоох шаардлагагүй. Ж.Зын биеийн бусад хэсгээр ил харагдах гэмтэлгүй байсан...” /хх-ийн 41-43/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Оны өмнө байсан санагдаж байна, Зайсан хиллийн “Ион” бааранд бүжиглэж байхад үл таних хоёр эрэгтэй хүн намайг зүгээр байхад шанаа хэсэг рүү цохиж унагаасан, би тухайн үед босож тамхины өрөө рүү дагуулж ороод ярилцах гэж оролдоход намайг чи эндээс зайл, мангар бацаан гээд хөөгөөд байсан. Баарнаас гарахад нөгөө хоёр залуу нэг хүүхэн дагуулаад гарч ирсэн, тааралдаад ярилцаад эв зүйгээ ололцож байхад миний ард зогсож байсан тарган шар залуу намайг хараагаад байсан. Намайг Зоригт гэх залуу зүгээр байхад мангар бацаан, зайл гэж хэлээд цохиод татаж чангаагаад, орилоод байснаас болж зодолдох шалтгаан эхэлсэн. Намайг явах гэж байхад араас татаад байхаар нь би тэр залуугийн нүүрэнд баруун гараараа гурван удаа цохиход газар унасан, унасны дараа хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөөд тэндээс шууд гэртээ харьсан...” /хх-ийн 27-28, 93/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн үед Тэмүүлэн, Содоо, Бархас болон хоёр эмэгтэй найз нарын хамт Зайсан хиллийн “Ион” бааранд орсон. Ороод би Тэмүүлэн, Содоо нарын хамт том зааланд суусан, Бархас нөгөө хоёр эмэгтэйтэй жижиг зааланд суусан. Удалгүй манай эхнэрийн хамаатны залуу Тулгаатай тааралдаад текин дээр нь юм авах гээд зогсож байхад Бархас бүжиглэж байсан, бүжиглэж байхдаа өндөр, саравчтай малгайтай залуу нүүрэнд нь цохиж Бархасыг унагаасан. Тэгээд тэнд хүмүүс бужигналдаад салцгаасан болохоор би буцаад ширээ рүүгээ явсан. ...Уг баарнаас 03 цагийн үед Тэмүүлэн, Содоо нарын хамт гарахад Бархас нэг намхан бүдүүн залуу, нэг өндөр тарган залуу, нэг эмэгтэй нарын хамт зогсож байсан, өндөр залуу нь Бархасыг хоргоогоод явуулахгүй байсан. Тэгээд би “Хүн дээрэлхэхээ болиоч ээ” гэж тухайн залуучуудад хандаж хэлэхэд намхан бүдүүн залуу нь Бархастай зууралдаад авахаар нь би тухайн залууг баруун гараараа мөр лүү нь түлхэхэд шат руу унаад босч ирээд дахин зууралдаж байхад би тэр намхан залуугийн араар нь тойроод куртикных нь малгайнаас татаж газар унагаахад Бархас тухайн унасан залуугийн нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж ухаан алдуулсан. Үүний дараа Тэмүүлэн, Содоо хоёр намайг явъя гэж хэлээд би шатаар бууж байхдаа газар унасан залуугийн гуя хэсэгт нэг удаа өшиглөөд шатаар буугаад таксинд суугаад явсан...” /хх-ийн 31-32, 90/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1052 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ж.З-н  биед баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна...” /хх-ийн 38/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №457 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1052 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Магадлуулагчийн биед баруун нүдний ухархайн дотор хана болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт. Зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

4. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг ба хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Хохирогчийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүний алимны гадна дотно салстын цус харвалт гэмтлүүдээс баруун нүдний доод зовхины зулгаралтаас бусад нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 50-51/ гэсэн дүгнэлтүүд,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

- Өргөдөл /хх-ийн 10/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/,

- Хохирлын баримт /хх-ийн 56-71/,

- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч Я.Отгонбаяр, Д.Наранжаргал, Т.Мэргэн нарын мэдүүлэг /хх-ийн 34, 95-96, 97-98/, ял шалгах хуудас /хх-ийн 94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/, тодорхойлолт /хх-ийн 100/, лавлагаа /хх-ийн 101, 102, 103/, дансны хуулга /хх-ийн 108-112/,

- Шүүгдэгч О.Т-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.Тэмүүлэн, Ж.Буяндэлгэржав, Б.Нямдорж нарын мэдүүлэг /хх-ийн 35, 114-115, 116-117/, ял шалгах хуудас /хх-ийн 113/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118/, тодорхойлолт /хх-ийн 119/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 120, 121, 122/, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 123/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б, О.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б, О.Т нарыг бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын “Ион” баарны гадаа иргэн Ж.Зыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд, шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтууд, тэр дундаа камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирүүлсэн камерын бичлэг бүхий сидиг шүүх хуралдааны явцад үзсэн тухай болон хэрэг авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах үндэслэлээр О.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.З өгсөн: “...Шатан дээр зогсож байхад О.Т намайг татаж шатны уруу унагаасан, би босож ирээд доголоод зогсож байхад намайг нэг нь заамдаж аваад унагаасан, тэгээд ухаан алдсан, малгайнаас доош дарж байгаад цохисон, шат руу унагаагаагүй бол зодоон болохгүй байх байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Билгүүнбаярын өгсөн: “...Саравчтай малгайтай залуу нь Ж.Зын нүүр рүү нь өшиглөсөн, яг зодоон болсон зүйл байхгүй, зууралдаад байж байсан. Нүдний шилгүй залуу унагаасан, яаж унагаасныг санахгүй байна, цохиж унагаасан байх...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Т-ийн өгсөн: “...Б.Б-ыг Ж.З бариад авсны дараа Б.Б, Ж.З нар зууралдаад заамдалцсан байсан, Ж.ЗБ.Быг нэг удаа цохисон, энэ үед би баруун гар талаар нь тойрч очоод Ж.З-г араас нь куртикных нь малгайнаас татахад энэ хоёр газар унасан, дахиж энэ хоёрт гар хүрээгүй, энэ үед Ч.Билгүүнбаяр над дээр ирж надтай зууралдаад бид хоёр цаашаа явсан....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “...Би Ж.З зууралдаж байгаад хамт газар унасан, тэгээд би босож ирээд Ж.З-н нүүрэнд нь баруун, зүүн гараараа ээлжилж 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б гэрчээр өгсөн: “...Тэр тарган шар залуугийн нүүр лүү нь би баруун гараараа гурван удаа цохиход газар унасан, унасны дараа хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөөд тэндээсээ шууд гэртээ харьсан...” /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

О.Т гэрчээр өгсөн: “...Би тэр намхан залуугийн араар нь тойроод куртикных нь малгайнаас татаж газар унагаахад Бархас тухайн унасан залуугийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж ухаан алдуулсан. Энэ хооронд өндөр залуу нь миний баруун чих болон зүүн хацарт нэг нэг удаа гараараа цохисон...” /гэсэн хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

гэрч Ч.Билгүүнбаярын “...Хар куртик өмссөн залуу Ж.Зын нүүр лүү нэг удаа цохих шиг болсон, тэгээд газар унасан. Ж.Зыг унасан байхад нь намхандуу саравчтай малгайтай залуу Ж.Зын нүүр рүү хоёр удаа өшиглөсөн. Тэр залуу намайг бас өшиглөх гээд байхаар нь би түүнийг цаашаа түлхээд цагдаа дуудлаа гэж хэлэхэд нөгөө хүмүүс шатны уруу буугаад явсан...” /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Болортуяагийн: “...Жижигхэн биетэй саравчтай малгайтай залуу Ж.Зыг газар унасан байхад нь хоёр, гурван удаа өшиглөсөн...” /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Содбаярын: “...Ж.Згэх залуу цаанаас ирээд та нар зайл гээд хөөгөөд байхаар нь О.Т Ж.Згэх залууг араас нь чи болиоч гээд татахад газар унасан, газар унасны дараа Б.Б 2-3 удаа цохиод, дээрээс нь өшиглөж байгаа харагдсан...” /хх-ийн 36/ гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Э.Энхцолмонгийн “...Ж.Зын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

Шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 457 дугаартай дүгнэлтэд: “...1. ШШҮХ-ийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1052 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...4. Уг гэмтэл мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /хх-ийн 51/ гэсэн,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ж.Згуйвсан байдалтай хөл дээрээ босож ирсэн ба саарал өнгийн саравчтай малгайтай залуу ирж заамдалцаж байх үед хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, малгайгүй эрэгтэй Ж.Зын куртикны малгайнаас зүүн гараараа татаж унагав. Энэ үйл явдлыг салгах гэж Ч.Билгүүнбаяр уг залуустай зууралдаж байх хооронд унасан байсан Ж.Зыг саарал өнгийн саравчтай малгайтай залуу баруун гараараа нүүр болон гэдэс рүү нь 5 удаа цохив...” /хх-ийн 16/ гэсэн, мөн хэрэгт хураагдаж ирүүлсэн камерын бичлэг бүхий сидиг шүүх хуралдааны явцад үзсэн зэргээс дүгнэхэд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын “Ион” баараар Ж.З, Ч.Билгүүнбаяр, Э.Болортуяа нар хамт явж байгаад үйлчлүүлсэн, мөн Б.Б, О.Т, Б.Содбаяр, Э.Тэмүүлэн нар хамт явж байгаад тус тусдаа үйлчлүүлсэн байна. Баараар үйлчлүүлээд тарах үедээ тухайн баарны гадаа /хаалганы үүдний хэсэгт/ тус тусдаа үйлчлүүлсэн эдгээр залуучууд тааралдсан, бие биендээ хүндэтгэлгүй харьцсанаас тэдний хооронд маргаан үүссэн, улмаар Ж.З, Б.Б нар бие биенийхээ хувцасны энгэрээс заамдалцаад хэн хэнийгээ цохилгүй зогсож байхад Б.Бтай хамт явж байсан О.Т тэдний араар тойрч Ж.Зыг араас нь түүний өмсөж явсан гадуур хувцасны /куртик/ малгайнаас хойш нь татахад Ж.З, Б.Б нар хамт газар унасан, ингэж унахдаа Ж.Згазар нуруугаараа дээшээ харсан байдалтай, түүний дээрээс Б.Б өөдөөс нь харсан байдалтай давхаралдаж унасан, Б.Б Ж.Зын дээрээс босоод Ж.Зыг газраас босголгүйгээр түүний энгэрээс барьсан чигтээ нүүрэнд гараараа 4-5 удаа цохисны улмаас Ж.Зухаан алдсан. 

О.Т Ж.Зын гадуур хувцасных нь малгайнаас татсаны дараа Ж.Зтой хамт явж байсан Ч.Билгүүнбаяр О.Тийг татаж, О.Т, Ч.Билгүүнбаяр нар зууралдсан.

Ж.З, Б.Б нарыг давхаралдаж газар унасны дараа Ж.Зтой хамт явж байсан Э.Болортуяа тухайн зодооныг болиулах гэж “та нар болиоч, цагдаа дуудлаа шүү” гэж орилсон, улмаар Б.Б, О.Т, тэдэнтэй хамт явж байсан бусад хүмүүс шатаар уруудаж, машинд сууж явсан, Ион баарны үүдний хэсэгт Ж.Зухаан алдсан байдалтай, түүнтэй хамт Ч.Билгүүнбаяр, Э.Болортуяа нар түүнийг сэрээх гэсэн байдал, үйл баримтууд тогтоогдож байна.

О.Т нь дээрх маргааны үеэр хохирогч Ж.Зыг шүүгдэгч Б.Бтай заамдалцсан байдалтай байхад нь хохирогчийн араас гадуур хувцасны малгайнаас татаж унагааснаас өөрөөр хохирогч Ж.Зын биед хүрээгүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний ухархайн дотор хана болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт. Зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт...” бүхий хөнгөн хохирол нь О.Тийн энэ үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хохирогчийн биед О.Т цохиж, зодож дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх нотлох баримтгүй байна.

Харин газар унасан байхад нь Ж.Зын нүүрэнд гараараа 4-5 удаа цохисон Б.Бын гэмт үйлдэлтэй хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Иймээс Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна. 

Харин шүүгдэгч Б.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг прокурор О.Ттэй бүлэглэж үйлдсэн гэж үзсэн бөгөөд шүүхээс О.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон учир Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх нь зүйтэй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын “Ион” баарны гадаа иргэн Ж.Зыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.З, гэрч Ч.Билгүүнбаяр, О.Тэмүүлэн, Э.Болортуяа, Б.Содбаяр нарын болон О.Тийн гэрчээр мөн яллагдагчаар өгсөн, шүүгдэгч Б.Бын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1052 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ж.З-ын  биед баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доодзовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна...” /хх-ийн 38/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №457 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1052 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Магадлуулагчийн биед баруун нүдний ухархайн дотор хана болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт. Зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. 4. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, нэг ба хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Хохирогчийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүний алимны гадна дотно салстын цус харвалт гэмтлүүдээс баруун нүдний доод зовхины зулгаралтаас бусад нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 50-51/ гэсэн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, өргөдөл /хх-ийн 10/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/, хохирлын баримт /хх-ийн 56-71/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.З-ын биед учирсан “...баруун нүдний ухархайн дотор хана болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт. Зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б түүний нүүрэнд гараараа цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ж.Зын нүүрэнд гараараа цохиж биед нь “...баруун нүдний ухархайн дотор хана болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт. Зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм. 

Хохирогч Ж.З-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээний зардалд 3,290,810 төгрөгийг /хх-ийн 56-62/,

Баруун нүдний ухархайн хананд хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай, уг хагалгааг гадаад улсад хийлгэх учир хагалгааны зардал, мөн онгоцны болон буудлын зардалд нийтдээ 100,000,000 төгрөг нэхэмжилснийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Хохирогчоос гэм хорын хохиролд нийт 103,290,810 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эмчилгээ хийлгэсэн баримттай зардал болох 3,290,810 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж, хохирогч Ж.З-од олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал буюу хагалгаа хийлгэхтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 94 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба  тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1910001450771  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг сидиг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд болох О.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, О.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц овогт О-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, О-н Т-г цагаатгасугай.

 

2. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б-н Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ангийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч С овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 3,290,810 /гурван сая хоёр зуун ерөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.З-д олгож, хохирогч Ж.З нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1910001450771 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн 1910001450771 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд О.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, О.Т бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд О.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, цагаатгагдсан этгээд О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР