Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 007

 

  Х.Асылбект холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

хяналтын прокурор Б.Ботакөз,

шүүгдэгч Х.Асылбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш,

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Маншүк, нарыг оролцуулан,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Асылбект холбогдох эрүүгийн 201604000256 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шыбарайгыр овогт Хайрымханы Асылбек, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 1984 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр төрсөн, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сагсай сумын 1 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БИ84092714.

Шүүгдэгч Х.Асылбек нь 2016 оны 9 дүгээр сарын үед Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Даян нутгийн “Ямаат” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр  49 ширхэг буюу 20455 м3 шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 751107 /долоон зуун тавин нэгэн мянга нэг зуун долоо/  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шыбарайгыр овогт Хайрымханы Асылбекийг Ойн тухай хууль тогтоомж зөрчиж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Шүүгдэгч Х.Асылбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Асылбект оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Асылбекийн давж заалдах гомдолд: Миний бие X.Асылбек Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж улмаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 сараар баривчлах ял авсан.

Шүүгдэгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар эс зөвшөөрч Баян- Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

 

1. Миний бие анх удаа эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо 2017 оны 01 дүгээр сарын 20-нд төлж улмаар Сагсай сумын засаг дарга С.Хонаев “X.Асылбекээс нэхэмжилсэн зүйлгүй, ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 751.000 төгрөгийг сумын Байгаль орчныг хамгаалах тусгай сангийн дансанд тушаасан“ гэсэн албан бичгийг яллах дүгнэлт үйлдсэн прокурорын газарт ирүүлсэн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд намайг төлбөрөө төлж барагдуулаагүй нь нотлогдож байна гэж үзсэн байна. Гэтэл уг хэрэгт иргэний нэхэмжлэгч А.Исатайгийн өгсөн “X. Асылбек нь 2,0455 м2 модны үнэ болох 751.107 төгрөгийг 3 нугалж буюу 2.253.321 төгрөг төлөх ёстой. Шүүгдэгч амаар мэдүүлэхдээ 750.000 төгрөг төлсөн гэсэн байна. Гэвч дээрх төлсөн гэх мөнгө нь жилийн эцэс болсон тул X.Асылбекийн төлсөн 750.000 төгрөг буцаагдсан байна” гэжээ. Шүүгдэгч миний бие төлбөрөө жилийн эцэст андуурч буруу дансанд хийсэн, үнэхээр төлбөрөө барагдуулах гэж санаачилга гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Зүй нь хохирлыг арилгаснаар шүүх дүгнэж шийдвэр гаргах ёстой байсан.

 

2. Миний бие үе үе унаж татдаг өвчтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай, эмч нарын комиссын шийдвэртэй. Ойр ойрхон ухаан алдаж унадаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад шүүх миний өвчний байдалд анхаарал тавиагүй явдалд гомдолтой байна.

 

Шүүгдэгч X.Асылбек миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, хохирлоо 3 нугалан төлж барагдуулсан, ар гэрийн гачигдалтай, өөрөө тахир, дутуугийн групптэй, үе үе татаж унадаг өвчтэй, ял эдлэхэд хүндрэлтэй байхад Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж харж үзээгүй явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг өөрчлөн, тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгөхийг хүсье.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Шыбарайгыр овогт Хайрымханы Асылбек нь 2016 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар баг, Алтай Таванбогдын байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт “Даянгийн Ямаат” гэх нэртэй газар зохих зөвшөөрөлгүйгээр 2.0455 м3 шинэс модыг бэлтгэж, ойн санд 751.107 төгрөгийн экологи эдийн засгийн бодит хохирол учруулахдаа Ойн тухай хуульд зааснаар зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар учруулсан эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 2.253.321 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан:

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “ Х.Асылбек нь Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ямаат” гэх нэртэй газрын уулын энгэрт байх хаваржаанд гэрийн гадаа малын хашааныхаа дээд талд овоолж хурааж тавьсан моднуутай, улсын байцаагч мэргэжилтэн С.Сакенд моднуудыг үзүүлэхэд “нойтон мод байж болзошгүй гэж 49 ширхэг 3-5 метрийн урттай янз бүрийн диаметртэй моднуудыг нарийвчлан хэмжилт хийлээ. ... дээрх үзлэг хийсэн 49 ширхэг модыг хураан авч тус газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч, улсын байцаагч Ш.Ахметэд хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл. “Ямаатын хавцал” гэх нэртэй газарт байдаг Х.Асылбекийн хаваржааг харуулсан, үзлэг хийсэн 49 ширхэг модыг харуулсан, үзлэг хийсэн 49 ширхэг модыг дугаарласан байдлыг тус тус харуулсан самсунг А7 маркийн гар утсаар нийт 3 кадр дүрс бичлэгийг буулгасан гэрэл зураг, 

 

-  2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “модон иштэй сүх, аварга хөрөө /богино/ тус бүр нэг ширхгийг“ хураан авсан тухай тэмдэглэл,

 

- Шинжээч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчин хяналтын улсын байцаагч С.Сакений “Сагсай сумын “Ямаат” гэх газраас бэлтгэсэн 49 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 751.107 төгрөг байна. Бэлтгэсэн моднууд нь шинэс буюу шилмүүст мод байна. Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 2.0455 м3 эзлэхүүнтэй байв. Нойтон мод байна. Уг газар нь Улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. Х.Асылбек нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байна” шинжээчийн дүгнэлт,

 

- Мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсныг гэрчлэх Сагсай сумын Даян нутгийн тусгай хамгаалалтай газрын байгаль орчны байцаагч Ш.Ахмедын “ ... гэхдээ ургаа мод бэлтгэх ёсгүй, байгалийн жамаар унасан модыг хяналттайгаар бэлтгүүлдэг. Зохих зөвшөөрлийг нь аваад түлээний мод бэлтгэдэг хүмүүс байгаа гэхдээ Х.Асылбек энэ зун болон намар надаас түлээний мод бэлтгэх ямар ч зөвшөөрөл аваагүй.” гэсэн мэдүүлэг,

 

- Гэр бүлийн хүн М.Бахытгүлийн “ надад мэдэх зүйл байхгүй, манай нөхөр мод бэлтгэх зөвшөөрөл нь байгаа.“ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201604000256 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан бөгөөд шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар байгалийн цогцолборт газрын бүсийг байгалийн хэв шинжээр нь аялал, жуулчлалын бүсэд хуваадаг бөгөөд тухайн бүсэд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарч, байгаль орчинд сөрөг нөлөөтэй арга хэлбэрээр ойгоос мод бэлтгэсэн нь гэм буруутай байна.  

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул ялтан Х.Асылбекын “тогтоолыг өөрчлөн тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгөх” талаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Харин анхан шатны шүүх тогтоол гаргахдаа 5 дугаар заалтад хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна. Тогтоолын 5 дугаар заалтад “Иргэний хуулийн холбогдох заалтыг барьж хохирлыг гаргуулж улсын орлого болгосугай” гэжээ. Илүү нарийвчилсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх” заалтад “ иргэн ... байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна” гэж заасныг баримтлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Асылбекээс 2.253.321 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Х.Асылбекээс 2.253.321 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин нэг/ төгрөг гаргуулан байгаль хамгаалах санд оруулсугай.“ гэж өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Асылбекын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, 

                                            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               С.ӨМИРБЕК

 

 

                                 ШҮҮГЧИД                                              Н.МӨНХЖАРГАЛ

 

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ