Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/146

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Д даргалж

Нарийн бичгийн дарга Ц.С

Орчуулагч А.Е

Улсын яллагч М.О

Хохирогч К.А

Хохирогчийн өмгөөлөгч А.С, С.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С

Шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201604000055 хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар оршин суудаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Ц ” ХХК-д ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-гийн Е РД: БЮ00000000.

 

Шүүгдэгч Б.Еын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Е нь “Ц " ХХК-ны шар шороо авдаг талбайд 00-00 УНУ улсын дугаартай “ВЕЙВЕН” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа Н.Е-г тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Е нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагаас 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг “Цагаан гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Ц " ХХК-ны шар шороо авдаг талбайд 00-00 УНУ улсын дугаартай “ВЕЙВЕН” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа Н.Е-ыг тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь:

1. Шүүгдэгч Б.Е-гийн шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт өгсөн “...Миний  бие 2016 оны 02 дугаар сард У хотод очиж Вейвен маркийн  тээврийн хэрэгслийг зээлийн гэрээгээр худалдан авч тодорхой хугацаанд төлбөрийг төлөхөөр авчирсан. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өлгийд ирсэн. Е он удаан жил хөрш байсан. Намайг ирэхэд Е манайд ирээд “ажил гарвал намайг дагуулж яваач, би ажилгүй удаж байна. А их нүүдлээр төрхөмдөө яваад 6-7 сар болж байна. Гэрт түлэх түлээ, идэх хоолгүй, ганцаараа хэцүү байна” гэхээр нь би “ажил гарвал хэлье” гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө эрт машинаа асаагаад Ц сум явах бэлтгэлээ хийж байхад талийгаач Е манайд ирээд “намайг дагуулж яваач, Өлгийн төвөөр олигтой ажил гарахгүй байна. Науырызын баяр хүртэл ажил хийгээд ирье. Олон жилийн хөрш байлаа. Ганцаараа хэцүү байна” гэж салахгүй байсан. ...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бид нар ажилдаа гарсан. Өглөө байрнаас гарахад Ц компаний захирал Б миний машинд сууж шар шавар ачдаг газарт ирсэн. ...Талийгаач Е бид 2 дунд тэнхлэгийн жолооч талын гулгааны нэг боолтыг чангалсан. Бид боолт чангалах хооронд ковш ирж Х-гийн машинд шавар ачиж эхэлсэн. Ковш нэг машин шаврыг 15-20 минутын дотор ачдаг байсан. Уг хугацаанд бид нар аль хэдийн машиныхаа боолтыг чангалж дууссан. Дараагийн ээлж минийх байсан. Намайг машинаа асаахад талийгаач Е машины зүүн урд талд нэлээн зайтай газар бие засаж байсан. Энэ тухай бүх гэрч нарын мэдүүлэг байцаалт нь хавтаст хэрэгт байгаа. Би машинаа асаагаад 2 талын толиндоо харж ухарч хөдөлгөөнөө эхэлсэн. Тэгээд нэг дэх машин шар шавар ачсан газарт очиж зогсоход ковшийн жолооч сигнал дарж урагшаа хөдлөхийг гараараа даллаж дохисон ба би 2 толиндоо харж урагшаа 2 метр шахуу хөдлөөд зогсоход ковшийн жолооч Ж-тай дахиж хөдлөхийг сигнал дарж дохио өгсөн. Би 2 толиндоо дахиж хараад жаахан урагшлаад зогсоход Жтай сигнал дарж зогс гээд гараараа даллаад байхаар нь би зогссон. Би зогсоод яасан бол гээд машинаа унтраалгүй машинаасаа буугаад машиныхаа ард очиход талийгаач Е хэвтэж байхыг хараад цочирдон шоконд орсон байсан. Миний бие болгоомжгүй хандсан асуудал байхгүй гэж бодож байна. Учир нь Б болон бусад гэрчүүдийн байцаалт мэдүүлэг  энэ тухай нотолж байна гэж бодож байна. Тэгээд бид цагдаа нарт дуудлага өгч, цагдаагийн бүрэлдэхүүн, прокурор,  шинжээч нар ирж тухайн үед хэргийн газрын үзлэг хийж байсан. Тухайн өдөр Ц компани бидэнд аюулгүй ажиллагааны журам танилцуулж байгаагүй, ямар нэгэн зааварчилга өгч байгаагүй, үйлдвэрийн талбай хамгаалалтад авагдаагүй. Мөн ажлын талбайд үйлдвэрээс ямар ч хүн байгаагүй, зохицуулагч байгаагүй. Хэрэв ажлын талбайд зохицуулагч дохиочин байсан тохиолдолд ковшийн жолооч биш талбайн зохицуулагч бүх зүйлийг зохицуулах ёстой байсан. Хэрэв ийм байсан бол зохицуулагч талийгаачийг машинд ойртуулахгүй ч байж магадгүй юм. Үйлдвэрийн зүгээс хайхрамжгүй хандсан асуудал байгаа гэхээс миний зүгээс хайхрамжгүй болгоомжгүй хандсан зүйл байхгүй гэж бодож байна. Би талийгаачийн оршуулах оршуулгын ажилд хүн чанарын хувьд  туслалцаа үзүүлсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгч нар намайг туслаагүй гэж хэлж болохгүй гэж бодож байна. Учир нь талийгаачийн оршуулгын ажилд хамаатнууд нь байхад би бэр эгч Мендигүлд  500,000 төгрөгийг бэлнээр, мөн эд зүйлээр туслалцаа үзүүлсэн. Оршуулгын ажил дуусах хүртэл 7 хоногийн турш сэтгэл санааны дэмжлэг үзүүлж манай хамаатан садангууд бүгдээрээ тухайн айлд байсан. 7 хоногийн ажил дуусаад 8 дахь хоног дээр манай хамаатан болох хохирогчийн хамаатан садангууд энэхүү золгүй, санамсаргүй, гэнэтийн явдлын талаар бүгдээрээ ярилцсан. Тухайн үед талийгаачийн хамаатан садангууд бодит хохирлыг арилгуулж өгнө үү гэж хандсан. Тэр үүднээс Прокурорын газрын хохирлын дансаар дамжуулан Ц компаний захирал Б бид 2 бодит хохирлыг арилгуулж өгсөн. Миний хувьд өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдээгүй гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Шүүгдэгч Б.Е-гийн  мөрдөн байцаалтын өгсөн “...Миний бие 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Т.Б-тай тохирсны үүднээс Ц явахаар болж өглөө эрт машинаа асаагаад бэлтгэлээ хийж байхад талийгаач манайд ирж намайг дагуулаад яваач гэж хэлсэн. ...Н.Е-тэй нэг үеийн хүн байсан учир тохиролцоод цуг Ц явсан. ...Талийгаач Н.Е бид хоёр машины дунд тэнхлэгийн жолооч талын гулгааны нэг боолтыг чангалсан. Энэ үед ковш ирж, Х.Х-ын машинд шавар ачиж эхэлсэн. Ковш нэг машиныг 15-20 минут ачдаг байсан. Энэ хугацаанд бид нар нэг боолтыг чангалж дуусаад түлхүүр багажаа хураасан. Дараа нь миний ээлж байсан. Намайг машинаа асаахад талийгаач миний машины зүүн урд талд нэлээн зайтай газар бие засаж байсан. Би машинаа асаагаад хоёр толиндоо харж ухарч, хөдөлгөөнөө хийсэн. Машины арын баруун хэсэгт ковш, машины арын хэсэгт Д.А-ын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Ажлын талбайд өөр ямар нэгэн хүн байгаагүй. 1 дэх машин шар шавар ачсан газар ирж зогсоход ковшийн жолооч сигнал дарж урагшаа хөдлөхийг гараараа даллаж дохисон. Би машины 2 толинд харж урагшаа 2 метр хөдлөөд зогсоход ковшийн жолооч И.Ж-тай дахин сигнал дарж урагшаа хөдлөхийг дохисон үед би 2 толиндоо харж дахин урагшлахад И.Ж-тай дахин сигнал дарж зогс гэсэн дохио өгсөн. Би энэ үед нэн даруй зогсож машинаа унтраалгүй буухад талийгаач хэвтэж байхыг хараад цочирдож ухаан алдсан байсан. Нэлээн урд бие засаж байсан хүн хэзээ яаж машин дор орсныг ковшийн жолооч болон би ч гэсэн анзаараагүй байсан. Осол гарах үед ажлын талбайд би ковшийн жолооч И.Ж-тай, Д.А, талийгаач бид 4 байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 77-78, 2-р хх-ийн 33, 69, 137-р хуудас/,

3. Хохирогч К.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч хүнийг алаагүй гэж байна. Тэгвэл тэр хүн хаачсан бэ?, яагаад алга болсон бэ?. 2 сая төгрөг надад өгсөн гэж байна. 2 сая төгрөгөөр нэг хүний толгойг аваад хаячихаж байна. Би хамаатан саданд нь одоо 2 сая төгрөг өгье. Надад Еын толгойг өгөх юм уу. Уг явдлаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрлөө. Уг хугацаанд Е талийгаачийн 7 хоног хүртэл ирж байсан. Түүнээс хойш харагдаагүй. Үүнд ямар нэгэн хууль байдаггүй юм уу. Намайг гуйж ирсэн болохоор би аваачаад алсан гэж байгаа юм уу. Миний нөхрийг Е алсан. Би Еоос хэзээ ч салахгүй. Е хүний толгойг залгисан. Би ч гэсэн тийм юм хийнэ. Би даруухан энгийн хүн учраас тэгж ойлгож байна. Би 2 хүүхдийнхээ төлөө тэрийг хийнэ. Хууль гэж юу ч биш юм байна. Би тэгж бодож байна.  1 жил 6 сар болоход Еоос би дулаахан нэг ч үг сонсоогүй. Би нөхрөө алдаж нэг хохирсон. Нөхөр маань хохирсон. Би  сэтгэл санааны хувьд маш их хохирол амссан. Е одоо хүртэл хийгээгүй юм байхгүй. Үйлдвэрээс хүүхдүүдэд өгсөн 3 сая төгрөгийг өөрийн дансанд хийж авсан. Энэ талаар улсын яллагч мэдэж байгаа. Чамайг бурхан шийтгэнэ. Чи зохих шийтгэлээ авна. Чи миний нөхрөөс илүү биш, илүү бол наад нүд чинь л илүү байх. Гуйж ирсэн гэж аваачиж алж болдог юм бол нөхөн төлбөрийг төл. 18 нас хүртэл хүүхдүүдийг минь асрах мөнгө төгрөг, нөхөн олговрыг өгөөрэй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

4. Хохирогч К.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Е-ыг нөхрийг маань яаж алсныг мэдэхгүй ч алсан гэдгийг нь мэдэж байна. Хохирол гэж надад 5 сая төгрөг өгсөн. Эхлээд Б 3 сая төгрөг өгсөн. Сүүлд Е 2 сая төгрөг өгсөн байгаа би үүнийг авсан. Харин миний хохирлын мөнгө гэж надад 4,4 сая төгрөг гарсан байгаа үүнийг би нөгөө 5 сая төгрөгөөр барагдсан гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 2-р хх-ийн 4-р хуудас/,

5. Гэрч И.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Е-ын хамт туслах нь гээд Н.Е байнга хамт явж байсан. Би эхний машиныг ачиж дууссаны дараа манёовор хийж байх үед Е ухарч шороо ачуулах газарт ойртож ирж байсан. Энэ үед талийгаач машины цаана гартаа алх, түлхүүр барьсан ирж байсан харагдсан. Гэхдээ машинаас нэлээн зайтай цаана нь байсан. Тэгээд дахиж би түүнийг хараагүй. Е ухарч ирээд жаахан ташуу зогссон байхаар нь би өмнө нь ачиж байсан газраас үргэлжлүүлэн шороо авахад эвгүй болсон байсан тул   Ед  дохиж  урагшаа хөдлөхийг хэлсэн. Энэ үед Е 2-3 метр урагшаа хөдлөөд зогссон байсан. Энэ үед би урагшаа дахин хөдлөхийг гараараа дохиж хэлсэн. Тэгээд Е дахин хөдлөөд урагшаа явж байх үед машины арын дугуйны доороос нэг том зүйл гараад ирэхээр нь гайхаад энэ юу бол гээд харсан чинь нөгөө туслах Е гэдэг залуу байсан ба машинд дайрагдсан байсан. Үүнийг харангуут шууд сигнал дарж Е-ыг зогсоосон. ...Асуудал болох үед би байсан, А машиныхаа кабинд сууж байсан. Миний урд шар шавар ачуулах гээд Е, талийгаач хоёр байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

6. Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х яваад өгсний дараа Е ухарч шороо ачих газарт ойртож зогссон. Энэ үед ковшын оператор сигнал өгч машиныг урагшаа хөдөлгөхийг хэлсэн. Е урагшаа жаахан хөдлөөд зогссон. Тэгэхэд дахин урагшаа хөдөлгөх талаар ковшын оператор хэлсэн. Хоёр дахь удаа урагшаа хөдөлж байх үед машины ард хүн дайруулсан хэвтэж байхыг холоос харсан. Ковшын оператор сигнал өгч түүнийг зогсоосон юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

7. Гэрч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тус газарт 3 ачааны машин байсан. Нэг нь Е гэдэг залуугийн машин, нэг нь А гэдэг залуугийн машин, нэг нь миний жолоодож байгаа машин. Тэгээд шавар ачих ковш байсан. Би эхний рейсийг ачиж аваад явах үед компаний захирал Б миний машинд суугаад хамт явсан. Мөн Г миний машинд суугаад бид гурав ны үйлдвэр рүү явсан. Би хөдлөөд 1 км орчим л явсан байх энэ үед Б-ын гар утас нь дуугараад осол гарлаа гэж хэлсэн ба бид буцаад очих үед Е-ын хамт явж байсан туслах Е-ыг дайрсан байсан. ...талийгаач, Е хоёр машины доор орж нэг зүйлийг засаж байсан. Талийгаач өмнө нь надаас ирж тэр махийсан 30-ын түлхүүрийг гуйж авч явсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р хуудас/,

8. Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээр өгсөн: ”..2016 оны 02 дугаар сарын 28-нд ажил хийлгэхээр 3 жолоочийг дуудсан байсан. ...Б.Е-ыг таньдаг тул 2015 онд өөр машинтай байхад нь шавар зөөлгөж байсан. Ажил эхлэх үеэс Н.Е-ын машин эвдэрч эхэлсэн. Б.Е нөгөө 2 жолоочоос 9 рейс дутуу явсан. ...Би Х.Х-ын машинаар 1 км газар яваад буцаж ирэхэд талийгаач шороо ачдаг газар Б.Е-ын машины дор засвар хийх гэж орсон байх түлхүүр, багажтай орсон байдалтай дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Б.Е сандарсан байдалтай, одоо яана аа би хүн дайрчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82-р хуудас/,

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-12-р хуудас/

            10. Гэрч И.Ж-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон уг ажиллагааны үед бэхжүүлсэн зураг /1-р хх-ийн 43-45-р хуудас/, зураг /2-р хх-ийн 1-3-р хуудас/

11. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед үйлдсэн схем зураг            /1-р хх-ийн 45-р хуудас/,

12. Н.Еы цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18-р хуудас/

13. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №05/092/07 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 7-9-р хуудас/

         14. Шинжлэх ухаан технологийн Их сургууль Геологи, уул уурхайн сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/40 дуугаартай тушаалаар томилогдсон мэргэжлийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 126-130-р хуудас/,

         15. Техникийн шинжээчийн 2017  оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11/28 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 83-84-р хуудас/,

         16. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс холбогдох хэсгийг /2-р хх-ийн 213-250-р хуудас, 3-р хх-ийн 1-14-р хуудас/,

         17. Хохирогч К.А-д учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон хүснэгт болон уг хохирлын талаарх холбогдох баримтууд /1-р хх-ийн 213-230-р хуудас/ зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          

Шүүхийн үндэслэл болгосон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон 2015 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл энэ хэргийн талаарх гэрч нарын мэдүүлэг нь тухайн үйл явдал болсон цаг хугацаа, дарааллын хувьд тохирсон ноцтой зөрүүгүй байх бөгөөд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, гэрч И.Ж-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.Е нь “Миний зүгээс хайхрамжгүй болгоомжгүй хандсан зүйл байхгүй гэж бодож байна. Миний хувьд өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байгаа. ...Надад хийсэн хэрэг байхгүй.” гэж байгаа хэдий ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэм буруугүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцоно гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт цагаатгах талын шинжлэн судлуулах ямар нэгэн нотлох баримт байхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.Е-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй хэрэв Б.Е-д ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой гэж байна. Энэ хэргийн тухайд Ц ХХК-ны захирал нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Б.Е-ын зүйлчлэлийг өөрчлүүлэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Мөн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11/28 дугаартай “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д Зам тээврийн осол зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж заасан байдаг тул уг осол нь Зам тээврийн осолд хамаарахгүй. Иймд жолооч Б.Е-ыг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх техникийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Е нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж Н.Е-гийн амь насыг хохироогоогүй нь тогтоогдож байх тул Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Е-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-ээр зүйлчилсэн нь үндэслэлтэй тохирч байна гэж үзлээ.

  Иймд шүүгдэгч Б.Е-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Уг хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Е-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.Е нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.Е-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн хувийн баримт болох 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов. 

Шүүгдэгч Б.Е болон түүний өмгөөлөгч Я.С нар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан “Хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв. Хэдийгээр Шүүгдэгч Б.Е нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн боловч “...Миний зүгээс хайхрамжгүй болгоомжгүй хандсан зүйл байхгүй гэж бодож байна. Миний хувьд өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдээгүй гэж бодож байгаа. ...Надад хийсэн хэрэг байхгүй.” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ. Гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дараа “...Шүүх намайг гэмт буруутай гэж үзэж байгаа ба миний бие гэм буруутай байгаа гэдэг үүднээс гэмшиж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байна.” гэж байгааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирогч К.А болон түүний өмгөөлөгч А.С, С.Н нар нь “...Б.Е нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 2 сая төгрөг өгсөн бөгөөд учирсан бодит хохирлын зөрүү болох 2.658.850 төгрөг нэхэмжилж байна.” гэснийг хангах үндэслэлгүй байна. Хохирогч К.А мөрдөн байцаалтын шатанд “...Хохирол гэж надад 5 сая төгрөг өгсөн. Эхлээд Б 3 сая төгрөг өгсөн. Сүүлд Е 2 сая төгрөг өгсөн байгаа би үүнийг авсан. Харин миний хохирлын мөнгө гэж надад 4,4 сая төгрөг гарсан байгаа үүнийг би нөгөө 5 сая төгрөгөөр барагдсан гэж үзэж байгаа.” гэж мэдүүлсэн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар хуудасны ар талд /хохирогч К.А-гийн иргэний үнэмлэхний хуулбартай/ “Миний бие К.А прокурорын газраас хохирлын мөнгө болох 3 сая /гурван сая/ төгрөгийг хүлээж авсан нь үнэн болно.” гэсэн түүний гарын үсэг бүхий 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бичигдсэн баримт болон К.А-гийн 0000000000 дугаартай Хаан банкны дансанд шүүгдэгч Б.Е-гээс 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирлын мөнгө 2 сая төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас хохирогч К.А-д учирсан бодит хохирлын зөрүү болох 2.658.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шүүгдэгч Б.Е-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч болон түүний өмгөөлөгч нар нь сэтгэл санааны хохирол, 2 хүүхдээ 18 нас хүртэл асран хамгаалах, үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор зэрэгт нийт 30 сая төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасныг өнөөдрийн шүүх хурлдаанаар хамт шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь прокурорын шатанд энэ хэрэгт шүүгдэгчээр оролцож байсан Т.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Монгол Улс нь Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах зарчмыг хуульчилсан. Энэ тулгуур зарчмын дагуу Эрүүгийн хуулинд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь Т.Б-ыг Н.Е-гийн амь нас хохирсон уг хэрэгт гэм буруугүй гэдэг үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон асуудал биш юм. Өөрөөр хэлбэл дээрх зарчмын дагуу 2015 оны Эрүүгийн хуулиар түүний эрх зүйн байдал дээрдсэн тул прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд шүүх дээрх 30 сая төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б С овогт Б-гийн Е-г “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ед 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч К.А-д учирсан бодит хохирол болох 4.658.850 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас хохирогч К.А-д учирсан бодит хохирлын зөрүү болох 2.658.850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

хохирогчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол, 2 хүүхдээ 18 нас хүртэл асран хамгаалах, үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор зэрэгт нийт 30 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б.Е-гийн 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.Д