Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0210

 

Д.Э-н гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Д.Э-н гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Д.Э-н гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О-н 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрээр гомдлыг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан ямар зөрчлийг үйлдсэн бэ гэдэгт шүүх анхаарал хандуулж, сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар эсхүл, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэдгийг тогтоохын тулд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “зөрчил, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ... хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар данс нээлгээгүй зөрчлийг уг хуулиар хэрхэн тогтоосон, нэр дэвшигч сонгуулийн зардлын бүртгүүлэх дансыг нээлгээгүй байвал хэрхэн вэ гэдэг зохицуулалт хуульчлагдаагүй байна гэж үзлээ” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4- дэх хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ”, 5.3 дахь хэсэгт “Нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгоно” гэж тус тус заасныг үгүйсгэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх хууль журмын заалтуудад нэр дэвшигч данс нээнэ, дансаа бүртгүүлнэ гэдгийг тодорхой зааж өгсөн байна. Иймд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан хариуцлага хүлээлгэсэн болно. Гомдол гаргагчийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг баримтлан хэрэгжүүлсэн.

Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоохоор хуульчилсан. Энэ нь нэр дэвшигчийн зардлыг дансаар дамжуулан хянах зохицуулалт юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хянахад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч Д.Э-н хүчингүй болгуулахыг хүссэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “... сонгуульд нэр дэвшихдээ банкны нэр, дансны дугаар ...-ыг аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10.0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуульд “данс нээлгээгүй бол хэрхэх нь хуульчлагдаагүй” гэж үзэж, улсын байцаагчийг “Д.Э-н ... сурталчилгааг намын шугамаар хийсэн тул данс нээлгээгүй, шаардлага байгаагүй” гэх тайлбарт дүгнэлт хийгээгүй, шийтгэлийн хуудас нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, зөрчил тогтоогдоогүй байхад арга хэмжээ авсан нь үндэслэлгүй” гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг буруу тайлбарлажээ.

Д.Э нь 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Дэлхийн Монголчууд намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “51.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.

51.3.Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.

51.4.Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаар нэр дэвшигч нь “данстай байх, данс нээлгэх, дансны дугаар ... бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн дарааллыг журамласан.

Энэ хуульд заасан “данс ... бүртгүүлэх” үүрэг нь “данс нээлгэх”-тэй хамт хэрэгжих үүрэг байх тул Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтаар “данс бүртгүүлэх ... талаар хуульд заасан журам зөрчсөн” зөрчлийг Д.Э гаргасан гэж үзэхээр байна. 

Д.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... намтайгаа хамт үйл ажиллагаа явуулсан, данс нээх шаардлага байгаагүй, хувь хүнийхээ зүгээс нэг ч төгрөгийн зардал гаргаагүй тул Зөрчлийн тухай болон сонгуулийн хуулийн дагуу данс нээлгэх үүрэг үүсэхгүй, данс нээгээгүй тул бүртгүүлэх үүрэг үүсээгүй” гэх боловч дээрх хуулийн заалтууд нь нэр дэвшигчийн хувьд хандив авч зардал гаргах тохиолдолд данс нээж, бүртгүүлэхийг шаардаагүй тул уг тайлбар нь данс нээж, бүртгүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нээлгээгүй дансыг бүртгүүлэх боломжгүй нь ойлгомжтой тул Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад “данс нээлгээгүй бол” гэж бичихгүйгээр “данс бүртгүүлэх ... талаар хуульд заасан журам зөрчсөн бол” гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл уг хуулийн заалтад “данс ... бүртгүүлээгүй, ... мөнгөн хөрөнгийг төвлөрүүлээгүй, зарцуулаагүй ... бол” гэх зэргээр зөрчил гэж үзэх үйлдэл, эс үйлдэл тус бүрийг нэрлэж заагаагүй, харин бусад хуульд заасан сонгуулийн зардлын данс бүртгүүлэхтэй холбоотой журмыг зөрчсөн зөрчилд шийтгэл ногдуулахаар заажээ. Үүнээс үзвэл Зөрчлийн тухай хуульд “данс нээлгээгүй бол” гэж бичээгүй тул “хуулиар зохицуулаагүй” гэж тайлбарлах үндэслэлгүй.

Иймд дээрх сонгуулийн хуулиар журамласан данс нээлгэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх татварын улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Э-н гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан Д.Эаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ