Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0165

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр         Дугаар 128/ШШ2021/0165           Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бдаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.Э

Хариуцагч: СБДТХ, ТУБ 

Гомдлын шаардлага: СБДТХ ТУБ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч СБДТХ ТУБ Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Д.Э нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт Сүхбаатар дүүрэгт “Дэлхийн Монголчууд нам”-аас нэр дэвшин, сонгуульд өрсөлдсөн. Дэлхийн Монголчууд намын шийдвэр үйл ажиллагааг дэмжин, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу нэр дэвшигчдийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор дэвшсэн юм.

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар нэр дэвшихдээ бие даан сонгуулийн зардлын болон хандивын данс нээлгээгүй бөгөөд бие даасан байдлаар нэг ч сонгуулийн сурталчилгаа явуулаагүй зөвхөн “Дэлхийн Монголчууд” намын сонгуульт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Нэгэнт Д.Э би сонгуулийн зардлын болон хандивын данс нээлгээгүй, нэр дэвшигч хувь хүнийхээ зүгээс нэг ч төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргаагүй тул Зөрчлийн тухай хууль, Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн зардлын болон хандивын дансыг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй бөгөөд байхгүй, нээлгээгүй дансыг бүртгүүлэх ямар ч боломжгүй юм.

   Гэтэл СБДТХ, ТУБ  нь  2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилсан байдаг. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээлгээгүй учраас зардлын дансыг бүртгүүлэх үүрэг хүлээгээгүй бөгөөд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчих ямар ч боломжгүй юм.

   Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч улсын хэмжээнд сонгуулийн зардлын нэг данстай байх талаар хуульчлагдсан боловч данс нээгээгүйн улмаас гарах үр дагаврын талаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд тусгаж хуульчлаагүй байна. Хэрэв Д.Э миний бие ямар нэгэн буруутай үйлдэл гаргасан гэж үзэхээр бол данс нээлгээгүй үйлдэлдээ л хариуцлага хүлээх ёстой. Гэтэл Зөрчлийн тухай хуульд сонгуулийн зардлын данс нээлгээгүй нь зөрчил гэж үзэх үндэслэл болно гэх талаар нэг ч зохицуулалт байхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заагаагүй үйлдэл тул Д.Э миний сонгуулийн зардлын болон хандивын данс нээлгээгүй үйлдлийг зөрчил гэж үзэх үндэслэлгүй байгаа юм.

   Гэтэл татварын улсын байцаагч Г.О нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх заалтыг ноцтойгоор зөрчиж, сонгуулийн зардлын болон хандивын данс нээлгээгүй учир дансыг бүртгүүлэх боломжгүй гэх шалтгаант холбоог авч үзэлгүйгээр, үндэслэлгүйгээр, Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн тул 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд 51.3, 51.4 гэсэн 2 зохицуулалт байгаа. Данс нээлгэх зохицуулалт нь 51.3 юм. 51.4 нь нээлгэсэн дансаа Төрийн аудитын дээд газарт 20-оос дээшгүй хоногийн өмнө мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан. Гомдол гаргагчийн зүгээс данс нээлгээгүй үйлдэлд ямар нэгэн байдлаар маргаагүй. Данс нээлгээгүй гэдэг баримтыг Захиргааны хэргийн шүүхэд болон СБДТХ шалгагдаж байсан материалуудыг нотлох баримтын шаардлага хангаж эх хувиар нь арилжааны банкнуудаас гаргуулж өгсөн. Хариу тайлбарт данс нээлгээгүй асуудал нь зөрчил, данс нээлгээгүйтэй холбоотойгоор бүртгүүлээгүй гэдэг агуулгаар торгосон гэдэг агуулга харагдсан. Шийтгэлийн хуудсанд хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэх дүн мэдээг нийтэд танилцуулах журамтай холбоотой нэг ч асуудал байхгүй. 20 хоногийн өмнө зардлын дансыг бүртгүүлэх үүргээ зөрчсөн буюу Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийг 51.4 дэх хэсгийг зөрчсөн. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дэх заалт гэж үзсэн. Гэтэл үүнийг агуулгаар нь авч үзвэл зардлын дансыг бүртгүүлэх мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэж байгаа юм. Зардлын данс нээгээгүй бол бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Мөнгөн хөрөнгө төвлөрүүлээгүй, нэг ч төгрөгийг зардал гаргаагүй гэдгээ баримтаар нотолсон. Мөн намын дарга нь үнэгүй сурталчилгаа хийлгэсэн, бусад зардлыг намын сонгуулийн зардлаас гаргасан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Нэг зөрчилд нэг шийтгэл оногдуулна. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд шийтгэл ногдуулах журам үйлчилж байгаа. Зөрчлийн тухай хуульд зардлын данс нээлгээгүй бол торгоно гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл Д.Э Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар зөрчил үүсгэн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаагаас гадна дансаа нээлгэж бүртгүүлээгүй байхад явцын тайлан гаргаагүй гэж 20 сая төгрөгөөр, эцсийн тайлан гаргаагүй гэж 10 сая төгрөгөөр торгох зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа СБДТХ явагдаж байгаа. Бүртгүүлээгүй дансанд ямар явцын болон эцсийн тайлан гаргах вэ? нээлгээгүй дансыг хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг асуудал яригдана. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч данс нээлгээгүй нь зөрчил гэж хэлж байна. нээлгээгүй зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. энэ зөрчилд шийтгэл ногдуулсан бол хүлээн зөвшөөрнө. Гэтэл нээлгээгүй зөрчилд шийтгэл оногдуулах зохицуулалт Зөрчлийн тухай хуульд байхгүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй учир энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч СБДТХ ТУБ татварын улсын байцаагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Холбогдогч Д.Э Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 - д “Нам , эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байсан.

Энэ нь Д.Э өөрийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 дугаар албан бичиг болон түүний нэр дээр Сонгуулийн зардлын болон хандивын данс нээгээгүй болохыг тодорхойлсон Голомт банкны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/388 дугаар албан бичиг, Хаан банкны 2020оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5134/20/192 дугаар албан бичиг, Худалдаа Хөгжлийн Банкны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7-406/1376 дугаар албан бичиг, Ариг банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 204 дүгээр албан бичиг, Төрийн банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 26-10/20-155 дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20/212 дугаар албан бичиг, Транс банкны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 900/1-2983 дугаар албан бичиг, Кредит банкны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20/265 дугаар албан бичиг, Капитрон банкны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20/467 дугаар албан бичиг, Хас банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 47/1504 дүгээр албан бичиг, Чингис хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3Г/770 дугаар албан бичиг, Богд банкны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 701 дүгээр албан бичиг бүхий 12 банкны тодорхойлолт зэргээр нотлогдсон.

Нэр дэвшигч Д.Э нь Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалт, Монгол улсын ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргаж, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ”, 4.2-д “Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, мөнгөн ба мөнгөн бус хандиваас бүрдэнэ”, 5.3-д “Нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул 2020 оны 12 дугаар сарын 30 -ны өдөр 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000.000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулж хариуцлага хүлээлгэсэн. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... гомдол гаргагч Д.Э холбоотойгоор Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нар сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу нэр дэвшигч нартай холбоотой хэргийг шалгаж, зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийсэн. Гомдол гаргагч Д.Э нь сонгуулийн зардлын дансыг нээх үүргээ хэрэгжүүлээгүй. Аудитын байгууллагад бүртгүүлээгүй зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогддог. Энэ гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлийн  21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн”  бол 10 сая төгрөгөөр торгоно гэсний дагуу эрх бүхий албан тушаалтан торгууль ногдуулсан. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, мөн Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийлгэх, хянах, нийтэд мэдээлэх журмын 3, 4 дэх заалт  буюу  Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгүүлэх тухай сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл болон нэр дэвшигч  холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгэж дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө үндэсний аудитын газарт  бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байвал зохино гэсэн холбогдох журмын заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Гомдол гаргагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь шийтгэх хуудас бичих үндэслэл болсон гэж үзэж байна. Данс нээгээгүй гэдэг нь зөрчил биш гэж тайлбарлаж байгаа нь нээх үүрэгтэй, нээсэн дансаа бүртгүүлэх үүрэгтэй гэж хуульчлан тогтоосон. Данс нээх ач холбогдол нь Улсын Их Хурлын тухай хуулиар Үндэсний аудитын газраас зардлын дээд хэмжээг хуульчлан тогтоож өгсөн. Дансанд төвлөрсөн орлогыг зарцуулж холбогдох тайланг Аудитын газар бүртгүүлэх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэн эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан. Иймд татварын улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлтэй учир шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Иргэн Д.Э “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Гомдол гаргагчийн зүгээс “... Сонгуулийн зардлын данс нээлгээгүй учраас зардлын дансыг бүртгүүлэх үүрэг хүлээгээгүй бөгөөд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчих боломжгүй. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч улсын хэмжээнд сонгуулийн зардлын нэг данстай байх талаар хуульчилсан боловч данс нээгээгүйн улмаас гарах үр дагаврын талаар Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд тусгаж хуульчлаагүй, зөрчил гэж үзэх үндэслэлгүй” хэмээн гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нь “... Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 - д “Нам , эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд нь хуулийн дагуу шийтгэл оногдуулсан, хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагчийн гомдол түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдол гаргагчийн гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг хянаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., мөн хуулийн 112 дугаар зүйлд: “тусгай журмаар шийдвэрлэх маргаан”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, 6.12, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдлоор зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Эрх бүхий албан тушаалтнаас үйлдсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд: “...Холбогдогч Д.Э Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна” гэжээ.

Улмаар уг зөрчлийг холбогдогчийн нэр дээр сонгуулийн зардлын болон хандивын данс нээгээгүй болохыг тодорхойлсон Голомт банк, Хаан банк зэрэг нэр бүхий 12 банкны тодорхойлолт, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 01/3287 дугаар албан бичиг, холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан үзжээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд зөрчлийн хэргийн холбогдогч, гомдол гаргагч Д.Э нь Улсын Их Хурлын сонгуульд өөрийн намаас нэр дэвшин оролцохдоо сонгуулийн зардлын болон хандивын дансыг аль нэгэн банканд нээлгээгүй гэдэг үйл баримттай маргадаггүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “данс нээлгээгүй бол гэдэг зөрчлийг хуульчлаагүй, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” хэмээн тайлбарлаж, харин Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг: “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтад дурдсан зөрчил үйлдээгүй гэж маргаж байна.

Харин хариуцагч нь маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийхдээ: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-д: “нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ”, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2-д: “нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт нь намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, мөнгөн ба мөнгөн бус хандиваас бүрдэнэ”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.3-д: “нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байгаа нь хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл болно, энэ зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авч, торгууль оногдуулах үндэслэлтэй...” хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

Ийнхүү хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нарын маргаж байгаа үйл баримт, гомдлын шаардлагын хүрээнд шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хянахдаа,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлээр сонгуулийн зардлын данстай холбоотой, төгрөгийн данстай байх, данс нээлгэх, дансаа бүртгүүлэх, дансны битүүмжлэлийг хэрхэх зэргийг зааж зохицуулсан, энэ  зүйлийн 51.4-д: “нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэжээ. Тэгвэл дээрх хуулийн 52 дугаар зүйлээр сонгуулийн данснаас зарлага гаргах, 53 дугаар зүйлээр сонгуулийн хандивын асуудлыг гэхчлэн сонгуулийн зардлын дансандаа мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, түүнийг зарцуулах талаар зохицуулсан гэж болно. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтийг босгох, сонгуулийн зардал гаргах, сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргах ... зэргийг хариуцагчийн тайлбарлаж байгаа журмаар нарийвчлан зохицуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан ямар зөрчлийг үйлдсэн бэ гэдэгт шүүх анхаарал хандуулж, сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар эсхүл, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж тогтоохын тулд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д: “зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ... хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар “данс нээлгээгүй” зөрчлийг уг хуулиар хэрхэн тогтоосон, нэр дэвшигч сонгуулийн зардлын бүртгүүлэх дансыг нээлгээгүй байвал хэрхэх вэ гэдэг зохицуулалт хуульчлагдаагүй байна гэж үзлээ. Энэ утгаараа дээрх хууль, зүйлийн 4-д зааснаар “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Үндэсний аудитын газрын “нэр дэвшигч мэдээллээ ирүүлээгүй тул хүргүүлэх нотлох баримт байхгүй” гэх 01/3287 дугаар албан бичиг, гэрчийн “2020 оны 6 дугаар сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан авсан Д.Э Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т нам эвслээс нэр дэвшигч нь сонгуулийн тусдаа мөрийн хөтөлбөртэй байж болохгүй, мөн хуулийн 36.2-т нам эвслийн байгууллага нь нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг явуулна гэж заасан байдаг тул данс нээлгээгүй” гэх мэдүүлэг, холбогдогчийн өөрийнх нь “сурталчилгаагаа намын шугамаар хийсэн тул хувь хүний данс нээлгээгүй, нэр дэвшигчийн дансыг аль ч банканд нээлгээгүй” гэх мэдүүлгийг өгсөн байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т: “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэдгийг хэрэгжүүлээгүй, зөрчилд холбогдогчийн данс нээлгээгүй, данс нээлгэх шаардлага байгаагүй, данс нээлгэж бүртгүүлсэн талаар холбогдох нотлох баримт байхгүй гэх тайлбаруудад дүгнэлт хийгээгүй, үүгээрээ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, зөрчил тогтоогдоогүй байхад шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Д.Э гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, СБДТХ, ТУБ  2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч иргэн Д.Э олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН