Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 064

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Ц.Отгонсүрэн /томилолтоор/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С, түүний өмгөөлөгч Д.Сарангэрэл, иргэдийн төлөөлөгч Т.Нямсүрэн, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Р-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910014560532 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Р-н Б /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гадна иргэн Ж.А-ыг “архины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хэвлий орчим нь өшиглөж эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл, дэлүүний задрал” бүхий хүнд хохирол санаатай учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С: “...Хамгийн сүүлд талийгаачтай 2019 оны 6 сарын 02-ны өдөр уулзсан, надтай утсаар ярихдаа шинжилгээний хариугаа авсан гэж ярьж байсан. 5-6 хоногийн өмнө гэрээсээ гарч явсан. Элэгний шинжилгээ өгчихөөд надтай ярьчихаад алга болчихсон, сураг чимээгүй явчихаар нь архиа уусан байх л гэж бодож байсан. Яармагийн автобусны эцсийн буудал дээр буухаараа архины асуудал болчихоод байдаг, ямар нэгэн нөлөө байдаг юм болов уу гэж боддог, уухаараа босож чадахгүй болчихдог. Р.Б миний хүүг зодсон гэдгээ мэдэж байсан бол яаж ийж байгаад дахиад нэг удаа эмнэлэгт үзүүлчихгүй яасан юм бэ гэж бодоод байгаа, хэрэв эмнэлэгт үзүүлсэн бол ийм байдалд орохгүй байсан байх, яаж ийж байгаад ар гэрийхэнд нь хэлсэн бол бид арга хэмжээ авах байсан. Хохиролд 10 сая төгрөг авсан, энэ хүнийг бодоод нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой. Талийгаач миний 2 дахь хүүхэд, хүнтэй харьцахдаа гайгүй харьцдаг, эхнэртэй байсан, эхнэрээсээ салаад согтууруулах ундааны зүйлийг сүүлийн үед хэрэглэж байгаа, аавыгаа нас барснаас хойш уухгүй байсан...” гэв.

 

Шүүгдэгч Р.Б: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед би ажил дээрээ очсон, намайг ажил дээрээ байхад Ж.А орж ирээд “ах аа би үхэх нь, 2000 төгрөг өгөөч” гэхээр нь би өгсөн, дахиад 1 цаг орчмийн дараа дахиад 2000 төгрөг өгөөч гэхээр нь өгч чадахгүй гэсэн, намайг гадаа машины дугуй засаж байхад араас татаад мөнгө нэхсэн, ажил хийлгэгхгүй байсан. Тэгэхээр нь би өшиглөчихсөн, тэгтэл арагшаа унасан, тэгэхээр нь босгох гээд татсан чинь ухаан алдсан байхаар нь хажуугийн зурагт засварын газраас Х.Цолмонг дуудаж хамт өргөөд хашааны сүүдэрт суулгасан. Тэгээд надад гар утас байхгүй болохоор нь Х.Цолмонгийн утсаар түргэн дуудсан, түргэн ирээд үзсэн, согтуу л юм байна ш дээ гэж хэлээд явсан, түргэний эмчид өшиглөж унагаасан талаараа хэлээгүй, архи уудаг, толгойгоороо савж унасан гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, уурнаасаа болоод хүн алчихлаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Ж.А нь миний бага хүү байгаа юм. 1984 онд төрсөн, гэр бүл байхгүй надтай хамт амьдардаг байсан. Миний хүү 2006 онд ажлаасаа халагдаад архи ууж эхэлсэн. Тэгэхдээ байнга уудаггүй, хаяа уудаг байсан. 2016 оноос хойш хүү маань Яармагийн эцсээр архидаж тэнээд гэртээ хэд хоногоор ирэхгүй, архи уудаг болсон. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байх, яг тодорхой санахгүй байна. Элэгний шинжилгээ өгсөн байсан, шинжилгээний хариу авна гээд гарсан. Гэрээсээ гарахдаа утастай байсан боловч үдээс хойш залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь гэртээ ирэхдээ халамцуу ирсэн. Тэр өдөр гэртээ хоноод өглөө 06 цагийн үед ундаа аваад ирье гээд гараад явсан. Тэгээд дахиж гэртээ ирээгүй, нас барсан байсан. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөө гэрээсээ гарсан. Би хүүгээ алдсандаа их харамсаж байна. Талийгаачийн оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 52-54 / гэсэн,

 

Гэрч А.Мөнгөнсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед Болорбагана бид хоёр найзуудтайгаа уулзаж, Яармагт найзындаа нэг шил архи уучихаад Болорбаганы ах Заяа дээр очихоор болсон. Ингээд Яармагийн хуучин эцэс Нүхтийн 31-596 тоот руу явах замд гудамжны үзүүрт Заяа ах сууж байсан. Тэгээд гэр рүү чинь оръё, хоол унд байгаа юм уу? гэж асуухад А- манай гэрт ирээд хэд хоносон харьдаггүй. Шээс, баасных нь үнэр аймаар байна гэж хэлсэн. Заяа ах, Болорбагана бид гурав хашаа руу ороход А- байшингийн үүдэнд бөөлжөөд байсан. Болорбагана бид хоёр А-ыг хоёр талаас нь өргөж хашааны хаалганы сүүдэрт хэвтүүлсэн. Тухайн үед цагдаа нар ирсэн байсан. Ингээд түргэн тусламж ирээд “комд орчихсон, найдваргүй болчихсон байна” гэсэн. Тэгээд Заяа ах элэгний хорт хавдартай гэсэн бичгийг нь үзүүлсэн чинь замдаа нас барах юм байна гээд авч яваагүй...” /1-р хх-ийн 55-59/ гэсэн,

 

Гэрч Х.Болорбагана мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Мөнгөнсүх, Амарзаяа ах нарын хамт хашаанд ороход хашаанд ямар ч хүн байгаагүй, харин Амарзаяа ахын гэрт ороход гэрээс нь өмхий үнэр болон шээсний эхүүн үнэр үнэртэж байсан. Одоо санаж байгаагаар Мөнгөнсүх гэрээс гараад явсан, гэрт А- байсан, гэхдээ яг ямар байдалтай байсныг санахгүй байна, ямар ч байсан өмдөндөө шээчихсэн байх шиг байсан. Тухайн үед би өөрөө согтуу байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Би Амарзаяа ахад гэр орноо муухай авч явлаа гэж уурлаад хэдэн үг хэлж байсан, мөн А-ыг яв гэж хөөсөн. А- байшингийн урд хэсэгт уначихсан, Мөнгөнсүх бид хоёр А- дээр очоод өргөж босгох гэтэл дийлэхгүй байсан. Тухайн үед Мөнгөнсүх А-ыг архины хордлогонд орчихсон юм биш үү?, цагдаа, түргэн дуудъя гэж хэлээд дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн өдөр А-ыг цохиж зодсон хүн байхгүй. Цагдаа нар ирсний дараа А-ыг дахин босгох гэсэн боловч босохгүй байхаар нь Мөнгөнсүх бид хоёр нуруунаас нь чирээд хашааны сүүдэрт суулгасан. Тэр үед А-ын уруул нь цайчихсан, архи их хэмжээгээр уугаад ухаан мэдрэлгүй согтсон хүн шиг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тухайн үед түүнийг архи их хэмжээгээр уугаад тасарчихсан байна гэж бодсон. Тэгээд Амарзаяа ахаас асуухад 1 өдөр архи уугаагүй, бараг юм идээгүй, гэрээс ч гараагүй бие нь өвдөөд байна гээд хэвтээд байсан, архи авчирч өгөхөөр уухгүй байсан гэж хэлж байсан. А-ын царай нь зэвхийчихсэн, тасарчихсан хүн шиг л харагдаж байсан. Түргэн тусламж ирээд үзэж байхад А- нас барсан, нас барах хүртлээ асуусан асуултанд хариулахгүй, нүд нь гөлийчихсөн ямар ч үг хэлэхгүй байсан...” /1-р хх-ийн 60-64/ гэсэн,

 

Гэрч О.Цэлмүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 11-12 цагийн орчим Нүхтийн 20 дугаар гудамжны үзүүрт зогсож байтал талийгаач А- хойноос урагш чиглэн ганцаараа бараандуу өнгийн хувцастай алхаж байсан. Мэндлээд мэнд асуучихдаг юм билүү гэж бодсоноо “за аягүй бол архины мөнгө нэхээд унах байх” гэж бодоод би буцаад явсан. Ер нь бол А-, Амарзаяа хоёр найзууд, дандаа хамт явж байдаг. Бас байнга л хамт архи уучихсан явж байдаг. Ер нь бол маш олон жил архи ууж байгаа хүн дээ. Байнга л согтуу явж байдаг. Хааяа нэг таарахаараа архины мөнгө асууна, заримдаа нүүр ам нь халцарчихсан явж байхаар нь хоолны мөнгө өгөөд юу болсон талаар асуухаар “уухаар хаяа нэг татаж унаад байдаг болчихлоо, нэг мэдэхэд уначихсан байх юм, өвөл унаад үхчихвий дээ” гэж хүртэл хэлдэг байдаг. Би бодохдоо архи уухаараа татаад уначихдаг юм байна даа гэж ойлгосон...” /1-р хх-ийн 69-70/ гэсэн,

 

Гэрч С.Амарзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач А- нь манай Яармагт байдаг багаасаа Яармагт өссөн, манай дүү Болорбаганатай найзалж тоглож өссөн хүүхэд. Би түүнийг хүүхэд байхаас нь мэднэ. А- бид хоёр одоогоос 4-5 жилийн өмнөөс хамт архи ууж эхэлсэн. Гэхдээ А- сүүлийн нэг жил гаран архи уугаагүй. Одоогоос тав хоногийн өмнө буюу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А- над руу залгаад ганц шил архи ууя гээд дуудсан. Тухайн өдөр Баянхошуунд Баян-Уул гээд нэртэй худалдааны төв баригдаж байсан бөгөөд тэнд ажиллаж байсан. Тэгээд орой 19 цагийн үед ажлаа тараад А- бид хоёр Яармагийн хуучин эцэс дээр уулзсан. Энэ үед А-, Сүхээ гээд ахтай хамт согтуу явж байсан. А-, Сүхээ ах бид гурав худаг дээр 2 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгаад Сүхээ ах салаад явсан, харин А- бид хоёр Хангэрэл нэртэй дэлгүүр ороод талх, элэгний нухаш аваад гэртээ харьсан. А- надад хандаж “элэгний шинжилгээ өгсөн, хариу нь хорт хавдар” гэж гарлаа гэж хэлж байсан. Тэрнээс биш бусдаар бие нь зүгээр, ил харагдах гэмтэл шархгүй байсан. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр А- бид хоёр гэрээс гараад Яармагийн автобусны буудал дээр явж байхад А-ын ангийн хүүхэд Ганаа тааралдаад А-ыг гэртээ харь гээд аваад явсан. Маргааш нь буюу 6 дугаар сарын 06-ны өглөө намайг гэртээ байж байхад 06 цагийн орчим А- гэрт хүрээд ирсэн. А- ирэхдээ ганцаараа согтуу байсан. Энэ өдөр А- өөрийн гар утсаа гудамжинд явж байсан хүнд 80,000 төгрөгөөр зараад бид хоёр дэлгүүрээс 2 шил Хараа архи аваад Яармагийн хуучин эцсийн буудал дээр байдаг төрийн банктай гудамжинд уусан. Тэгээд бид хоёр архиа ууж дуусгачихаад салсан. Би гэр лүү гээ явсан, харин А- айлд оччихоод ирье гээд явсан. Тэгээд би гэртээ харьчихаад хоол хийж идээд А-ыг хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь гараад хайж байгаад гудамжныхаа үзүүр дээр Марио гэж зүс таних хүнтэй тааралдаад А-ыг асуухад айлд унтаж байна гэхээр нь би буцаад гэртээ орсон. Ингээд би гэртээ байж байгаад орой 18 цагийн орчим гараад явж байсан чинь Яармагийн эцэст А- нэг залуутай архи ууж байсан. Тэгээд би очоод хамт бид гурав 4 шил архи уусан. Архиа ууж дуусгаад А- бид хоёр гэртээ харихаар явсан. Тэр өдөр А-ын биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Тэгээд энэ өдрөөс хойш буюу 06 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд А- огт архи уугаагүй гэрт хэвтээд байсан. Энэ хоёр өдөр би өдрийн цагаар гарч тэнэж байгаад орой ирсэн. А- бие өвдөөд байна гээд хэвтээд байсан. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд А- дээр очоод гарах юм уу гэхэд араас чинь гарна гээд босч ирэхгүй хэвтээд байсан. А- манай гэрт шалан дээр гудас дэвсээд унтдаг юм. Би гараад гудамжныхаа үзүүрт сууж байсан чинь манай дүү Болорбагана найзтайгаа хамт ирсэн. Тэгээд бид гурав хамт манай гэрт ортол А- манай гэрт гал тогооны өрөөнд сандал дээр сууж байсан. Тэгээд Болорбагана А-т хандаж муу ч гэсэн манай ахын гэр шүү дээ, чи одоо гэртээ харь гэж хэлэхэд А- гутлаа өмсөөд гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадаа үүдний хавьцаа уначих шиг болсон ба Болорбагана араас нь гарсан. Би бас араас нь гартал, А- гэрийн үүдний хэсэгт хажуу талаараа шургаад уначихсан, гутал нь сугарчихсан хэвтэж байсан. Тэгээд түүнийг сэрээх гэтэл сэрэхгүй манай дүү цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд араас нь түргэний эмч ирсэн. Түргэний эмч А-ыг үзээд удаагүй байтал нас барчихсан. А- манай гэрт 6 дугаар сарын 04-нөөс 08-ны өдөр хүртэл нийт 4 хоносон. Энэ хугацаанд манай гэрт гаднаас ямар ч хүн ирээгүй. Бид хоёр хоёулханаа байсан. Талийгаач манайд байх хугацаанд гэрт ямар ч хэрүүл маргаан болоогүй, бид хоёр эрүүл үедээ ч, уусан үедээ ч хэрүүл маргаан хийдэггүй, нэг ч удаа хоорондоо гар зөрүүлж үзээгүй. Харин сүүлийн хэдэн жил талийгаачийн биеийн байдал нь муудаад хаяа татаж унадаг болчихсон гэж өөрөө хэлдэг байсан. Надтай хамт байх хугацаандаа нас барахаасаа нэг өдрийн өмнө согтуу байхдаа гэрийн үүдэнд толгойгоороо шургаж унасан, сүүлийн хоёр өдөр талийгаач манай гэрт ганцаараа үлдсэн, өдөржингөө ганцаараа байсан, манайд үлдсэн өдрөө гадуур гараагүй гэж байсан, бие өвдөөд өдөржин хэвтлээ л гэж байсан...” /1-р хх-ийн 71-72/ гэсэн,

 

Гэрч Г.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач нь манай дүү Гантулгын 10 жилийн ангийн хүүхэд, багаас нь мэднэ, Яармагт байдаг залуу. Манай гэрээр байнга шахуу орж ирж хоол унд идээд явдаг. Талийгаач миний мэдэж байгаагаар сүүлийн 3-4 жил тогтмол архи ууж байсан, харин манай дүү Гантулга ангийхнаасаа мөнгө цуглуулаад талийгаачийг ноднин жил Эрхүү хот руу архины эмчилгээнд явуулсан. Үүнээс хойш 1 жил орчим архи уугаагүй. Ямар ч байсан царай зүс орчихсон явж байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, 6 дугаар сарын эхээр гадаа бүрэнхий болж байхад талийгаач ирсэн. Талийгаач ирэхдээ халамцуу байсан ба хаана уусан талаар нь асуугаагүй, тэгээд талийгаачид нэг шил архи авч өгөөд бид хоёр хамт биллъярдны шатан сууж байгаад уусан. Тэгээд архиа ууж байтал Маарий гэж дууддаг манай тэр хавиар бас архи уугаад явдаг залуу ирсэн. Ингээд гурвуулаа архи ууж байхад талийгаач надаас хоолны мах байна уу гэж асуусан. Ер нь талийгаач надаас байнга л хоолны мах, талх, тамхи болон мөнгө гуйж ирдэг. Тэр болгонд нь би өгдөг байсан, харин тэр үед жоохон согтуу байсан учраас уур хүрээд би ямар чиний хангамж юм уу? дандаа юм нэхэж байх юм, битгий давраад байгаарай гэж хэлээд баруун гарын сарвууны ар хэсгээр хамар орчим нь нэг удаа цохисон. Талийгаачийн хамарнаас цус гарсан, талийгаач заза Эрка ахаа уучлаарай гээд халааснаасаа цаас гаргаж ирээд цусаа арчсан. Тэгээд удалгүй Заяа ирээд бид дөрөв үлдсэн архиа ууж дуусгаад салцгаасан, талийгаач Заяатай хамт гэр лүү нь явсан. Энэ өдрөөс хойш дахиж уулзаагүй. Талийгаач сүүлийн үед татаж унадаг өвчтэй болсон талаар сонсогдоод байсан, архи уусан үедээ таталт өгөөд савж унасан гэж хэлж байсан. Хаяа тааралдахаар нүүр ам, гарын зарим хэсгээр шалбарчихсан явж харагддаг, яасан талаар нь асуухаар татаж унасан гэж хэд хэдэн удаа хэлж байсан...” /1-р хх-ийн 73-74/ гэсэн,

 

Гэрч Б.Төмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул дүүргийн салбарт түргэний эмчээр ажилладаг. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ээлжтэй байхад цагийг нь тодорхой санахгүй байна, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31-596 тоотод ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд би тухайн дуудлаганд 10 цагийн орчим очсон. Намайг очиход 35 орчим настай эрэгтэй хүнийг  хашаа налж хэвтүүлсэн, царай нь цайсан, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, гэрлийн урвал маш сул, эвэрлэг рефлекс маш сул, үг яриа үгүй, доороо шээсэн, амнаас эхүүн үнэр үнэртсэн байдалтай байсан. Ингээд би шаардлагатай амин үзүүлэлтээ хянаад үзэхэд цаг пульс тодорхойлогдохгүй, даралт тодорхойлогдохгүй, амьсгал өнгөц болсон, өөрөөр хэлвэл үхлийн өмнөх үед орсон, тусламж аваад сэхэхгүй болсон байсан. Намайг түүнийг үзэж байхад түүний толгойн зулай хэсэгт 1х0,5 см хэмжээтэй хуйх язарсан шинэвтэр шархтай, баруун гуянд арьс зулгарсан шинэвтэр шархтай, баруун шанаанд хуучин зулгарсан шархтай, баруун мөрөнд шинэвтэр зулгарсан шархтай байсан. Өөр бэртэл гэмтэл ил харагдах хэсэгт байгаагүй. Тухайн хүн намайг очсоноос хойш 3-4 минутын дараа амьсгал зогсож нас барсан. Би тухайн хүнийг үзэж байхад ямар ч хариу үйлдэл байхгүй байсан. Эвэрлэгийн рефлекс байгаа эсэхийг шалгахаар хуруугаа нүд рүү нь хийхэд ямар ч реакц байхгүй, зовхи хөдлөхгүй байсан. Нэрийг нь асуух болон бусад асуултанд ямар ч хариулт хэлээгүй. Намайг очих үед гэрийн эзэн гэх 40 гаран насны эрэгтэй, мөн 30 гаран насны хоёр эрэгтэй болон цагдаа нар ирсэн байсан. Баруун гуя, баруун мөрний зулгарсан шархнууд 12 цагийн дотор үүссэн байх боломжтой, зулайн шарх 24 цагийн дотор үүссэн байх боломжтой, баруун шанааны зулгарсан шарх 24 цаг буюу түүнээс дээш хугацаанд үүссэн байх боломжтой харагдаж байсан. Тухайн хүний царай их цайсан байсныг хараад цус алдсан байх боломжтой гэж бодож байсан. Мөн 40 гаран насны эрэгтэй хүн талийгаачийг элэгний хавдартай гэж хэлсэн учраас би олон хоног архи уугаад элэг нь задарч, дотуур цус алдсан байна гэж бодсон...” /1-р хх-ийн 75-76/ гэсэн,

 

Гэрч Б.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө бие засах гээд гэрээсээ гарахад хажуу талын хашаанд хүмүүс маргалдаж байгаа юм шиг ярилцаад байсан. Би гайхаад хашааны завсраар харахад Заяа ахын амьдардаг байшингаас урагшаа яг хэдэн метр гэдгийг нь мэдэхгүй байна, ойролцоогоор 3-4 метрийн зайд зүс таних Амгаа гээд залуу газар бөгсөөрөө суучихсан, хоёр хөлөө урагшаа жийсэн, өмд нь ташаанаасаа бага зэрэг доош шувтарсан, хоёр гараараа өмдөө татах гээд татаж чадахгүй сууж байсан. Амгаагийн хажууд нэг нь арай өндөр, нэг нь арай намхан хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би хөөе болиоч, цагдаа дуудлаа гэхэд тэр хоёр залуу өөрсдөө цагдаа дуудах шиг болсон, 1 цаг орчмын дараа гэрээс гарахад Заяа ахын хашаанд цагдаа болон түргэн тусламж ирсэн байсан. Тэр хоёр хүн намайг харж байхад Амгааг цохиж зодоогүй...” /1-р хх-ийн 77-78/ гэсэн,

 

Гэрч Х.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын хажууд байх дугуй засварын Баагий гэх залуу намайг гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь гараад очтол дугуй засварын үүд хэсэгт бетон дээр толгой нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байрлалтай, дээшээ харсан хүн хэвтэж байсан. Энэ хүн яасан хүн бэ гэж асуухад Баагий уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би Баагийтай хамт өргөөд дугуй засварын сүүдэр хэсэгт нуруугаар нь хана түшүүлээд суулгасан. Энэ үед ухаангүй байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Түргэний эмчид Баасанхүү юу ч хэлээгүй. Түргэний эмч ирээд яасан талаар асуухад нь би талийгаачийг зааж өгөөд ажилруугаа орсон. Намайг байхгүй байхад Баасанхүү эмчид юу хэлсэн талаар би мэдэхгүй. Ямар ч байсан түргэний эмч талийгаачийн чихийг мушгиад юм асуугаад биеийг нь үзээд байх шиг байсан. Миний бодож байгаагаар түргэний эмч талийгаачийг өшиглүүлж савж унасан талаар ойлголт аваагүй байх...” /1-р хх-ийн 87-88, 211/ гэсэн,

 

Гэрч Ө.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ээлжтэй байх үед 09 цаг 30 минутын орчим согтуу хүн агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31-596 тоот айлд очсон. Намайг очих үед тухайн хашаанд 4 эрэгтэй хүн байсан бөгөөд хохирогч А- хашааны гол хэсэгт хоёр хөлөө жийсэн байдалтай, хөл нүцгэн ертөнцийн зүгээр хойшоо хараад сууж байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж өөрийгөө танилцуулсан, тухайн айлын эзний дүү гэх залуу “А-ыг зааж энэ манай ахтай 2-3 өдөр архи уусан, гэрээс гарахгүй байхаар нь гаргасан” гэж хэлсэн. Тэгээд А-ыг очиж хархад нилээн согтуурсан байдалтай, өмд нь хагас шувтарсан, бөгс хэсгийн арьс нь зулгарсан, нүүрэндээ зулгарсан хуучин шарх ихтэй, юм асуухад хариу хэлэхгүй, үг яриа байхгүй, хүний хэлж асууж байгааг ойлгохгүй байдалтай байсан. Тэгээд түүнийг хашаанд байсан 2 залуу хашааны голд наранд халаад байна, сүүдэрт суулгачих уу гэхээр нь би зөвшөөрөөд тэр хоёр залуу А-ын хоёр талаас нь өргөөд хашааны сүүдэрт аваачиж хашаа налуулан суулгасан. Удалгүй түргэний эмч ирсэн. А-ыг үзээд ачилт даахгүй, найдваргүй болсон байна гэж хэлсэн бөгөөд удалгүй А- нас барсан. Түүнийг нас барах хүртэл түргэний эмч үзээд анхан шатны тусламж үзүүлээд байж байсан. Тэгээд түүнийг нас барах үед хэлтсээс бүрэлдэхүүн ирсэн. Би тухайн үед түүнээс хүн зодсон эсэх, биеийн байдал зэрэг бусад зүйлийг асуухад ямар ч хариу хэлээгүй. Угаасаа үг хэлэх чадваргүй, гаднаас нь хархад архи уугаад тасарсан хэмжээнд харагдаж байсан. Босч, хөдөлж чадахгүй, үг ярихгүй байсан...” /1-р хх-ийн 89/ гэсэн,

 

Гэрч Ө.Бум-Аюуш мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр ажил дээрээ байх үед нь А- ирээд шартаж үхлээ гээд байхаар нь 2,000 төгрөг өгөөд явуулсан, гэтэл дахин ирээд ажлыг нь хийлгэхгүй мөнгө нэхээд дагаад, тойроод үглээд яваад байсан гэсэн. Тэгээд манай нөхөр нэг дугуй янзалчихаад дугуй засварлуугаа орох гэтэл А- араас нь татаад мөнгө гуйхаар нь өшиглөсөн гэсэн...” /1-р хх-ийн 95/ гэсэн,

 

Гэрч Б.Дашням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ээлжтэй байх үед 11 цаг 29 минутад Хан-Уул дүүрийн 6 дугаар хороо, Яармагийн хуучин эцэст “согтуу хүн унаад” гэсэн утгатай дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу тухайн газарт 11 цаг 36 минутад очсон. Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд байх дугуй засварын хойд талын хана налаад 30 гаран насны согтуу эрэгтэй хүн сууж байсан. Намайг очих үед уг согтуу хүний хажууд шар хувцастай эрэгтэй хүн, мөн нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс яасан, юу болсон талаар асуухад, тэр хоёр хүн надад хандаж “наад хүнийг чинь бид хоёр танина, манай энэ хавиар байнга архи уугаад явж байдаг хүн, согтуу явж байгаад унасан, тэгэхээр нь түргэн дуудсан” гэж хэлсэн. Хэрхэн яаж унасан талаар лавлаж асуухад тэнд зогсож байсан 2 хүний эрэгтэй нь надад “хойшоогоо гэдрэгээ савж унасан” гэж хэлсэн. Тэгээд би сууж байгаа хүний ухаан санааны байдлыг шалгаж асуулт асуухад цөөн үгээр асуултанд хариулж байсан. Тэгээд үргэлжлүүлж үзлэгээ хийхэд нүүр, толгой бусад ил харагдах хэсгээр шинэ шарх, цус гарсан зүйл байхгүй, толгой, хүзүү, цээж, хэвлий гээд үзэхэд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Түүний мэдрэлийн үзлэгүүдийг хийж хүүхэн харааг үзэхэд хүүхэн хараа хоёр талд ижил, аль нэг талдаа өргөссөн зүйл байхгүй, нүдний нистагм /тархины хаван/ илрэхгүй, конвергенц алдахгүй байсан. Тэгээд тухайн хүнд шаардлагатай анхан шатны үзлэгийг хийхэд ил онцын өөрчлөлт үгүй, даралт хэвийн байсан. Тухайн хүнд зөвлөгөө өгч та гэртээ харьчих гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. Тэгээд би хажууд нь байсан шар хувцастай эрэгтэй хүнд болохгүй бол цагдаа дуудаад гэрт нь хүргүүлээрэй, бид нар ил харагдах шарх сорви байхгүй согтуу хүнийг авдаггүй гэж хэлээд явсан. Би тухайн хүнээс яасан юу болсон, хэрхэн унасан, эсвэл хүнд зодуулсан уу гэж асуухад надад хандаж “гайгүй гайгүй” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Мөн хажууд нь байсан шар хувцастай хүнээс лавлаж асуухад өөрөө унасан гэж хэлсэн. Тэгээд мөн үзлэгээр ил харагдах гэмтэл шархгүй, захын судасны цусан хангамж нь 90 дээс буюу хэвийн байсан...” /1-р хх-ийн 96-97/ гэсэн,

 

Гэрч Д.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 05-нд билүү 04-ний орчим Амгаа үүрээр эрт 05 цагийн орчим Амарзаяагийн гэрт ирсэн, хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдож байсан. Манай тусгаарласан хана нимгэн болохоор яриа нь сонсогддог юм. Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байсан, харин 07-ны өдөр өглөө эрт Завхан аймаг руу нөхрийн хамт явсан. 6 дугаар сарын 06-ны өдөр намайг гаднаас гэртээ ирхэд Амгаа, Амарзаяа нар хоёулаа хамт байсан. Тэгээд би 6 дугаар сарын 07-ны өглөө эрт хөдөө явхаасаа өмнө Амарзаяаг гаднаас нь дуудаж гаргаж ирээд хоол өгөх үед надад Амгаатай /А-/ хамт байгаа гэж хэлж байсан. Тухайн үед би наад хүнээ гэрлүү нь явуулаач гэж хэлээд явсан. Тэр хоёр байнга л хамт согтуу явж байдаг байсан, хоорондоо хэрүүл маргаан хийж байгааг нь хараагүй, Амарзаяа бага зэрэг дүлий учраас Амгаа нь чанга яридаг байсан...” /1-р хх-ийн 98/ гэсэн, 

 

Гэрч Л.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баасанхүүг гадуур дотуур архи уучихсан согтуу хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд явж байсныг харж байгаагүй. Их ажилсаг сайн залуу байдаг. Баасанхүүгийн ажиллуулж байгаа дугуй засварын орчим Яармагийн архичид маш их ирдэг. Ажил хийлгэхгүй, маш их юм гуйдаг, тамхи, ус, архи, мөнгө, хоол гээд гуйхгүй юм гэж байхгүй. Би талийгаач А-ыг танина. Намайг энэ дугуй засварыг ажиллуулж байх үед ч Яармагаар архи уугаад л явж байдаг байсан. Миний мэдэхийн олон жил архи ууж байгаа хүн. Хаяа дугуй засвар дээрээ ирэхээр дугуй засварын гадаа согтоод унтчихсан байж байдаг байсан, тухай бүрт нь сэрээгээд яв гээд явуулдаг байсан. А- нэг юм гуйхаараа авч байж л салдаг зантай байсан, ажил хийлгэхгүй, явахгүй их дарамттай ядаргаатай зантай хүүхэд байсан. Би энэ дугуй засварыг 4 жил ажиллуулж байсны хувьд А-ыг маш сайн мэднэ. Би өөрөө эмэгтэй хүн, гэхдээ хаяа үнэхээр тэвчээр алдагдтал юм гуйдаг байсан. Бүр цохиод авчихмаар санагдах үе олон байсан. Ер нь их дарамттай гуйдаг хэцүү хүн байсан....” /1-р хх-ийн 99/ гэсэн,

 

Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Талийгаачийн биед учирсан нүүр, мөчдийн зулгаралт гэмтлүүд нь шинэ хуучин гэмтлүүд байсан. Нүүрний орчим үүссэн зулгаралт гэмтлүүд тав тогтсон хуучин гэмтлүүд, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь нас барахаас 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нас барахаас 1-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, үхэлд нөлөөлөхгүй. Дэлүүний задрал гэмтэл нь мохоо зүйлийн тухайн проекцод үйлчилсэн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дангаараа үхэлд хүргэх боломжтой. Мөн гавал тархины гэмтлүүд дангаараа үхэлд хүргэх боломжтой. Гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтэл нь нэг цаг үед үүсэх боломжтой. Авсан гэмтэл болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч амьд явах хугацаа харилцан адилгүй байна. Эдгээр гэмтлүүдийг авсан хүн, гавал тархины ийм гэмтэл авсан хүний тархинд цусан хураа аажмаар нэмэгдэх шинж тэмдэг илэртэл идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Идэвхтэй хөдөлгөөн гэдэгт босох, алхах, суух зэрэг хамаарна. Шинж тэмдэг илэрснээс хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Гавал тархины гэмтлийн шинж нь идэвхтэй хөдөлгөөн үгүй болж, хэл ярианд өөрчлөлт ордог. Дэлүүний задрал гэмтлийн шинж нь тухайн проекцод бага зэргийн өвдөлт мэдрэгдэнэ. А-ын хувьд гавал тархины цусанд эдийн герсед фсебрин үүссэн байсан бөгөөд фсебрин нь эд дэх цусан хураанд ихэвчлэн үүсдэггүй, эдийн доторх цусан хураа нь цусан хангамж болон байрлах онцлогоос шалтгаалаад фсебрин тогтоогддоггүй болно. Цусан хураа удсан тохиолдолд зарим үед фсебрин үүсэж болно. А-ын хувьд фсебрин үүссэн байсан учраас түүний биед учирсан гавал тархины гэмтэл удсан гэсэн үг. Мөн гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтлүүд нь түүнийг нас барахын өмнө буюу нь 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед шинжилгээ хийхэд, түүний элэгний хатуурал өвчний улмаас дэлүү томорч улбайсан байсан нь дэлүүний задрал гэмтэл үүсэхэд илүү нөлөөлөх боломжтой. Тухайн проекцод хүч үйлчилсний улмаас дэлүү задрах гэмтэл үүснэ. Дэлүү хэвлийн зүүн ар дээд хэсэгт байрладаг бөгөөд тухайн байрлалд хүч үйлчилсний улмаас дэлүү задарч гэмтэл үүснэ. Гэмтэл үүссэн даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд байхыг үгүйсгэхгүй. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтлүүд нь дангаараа болон хавсарч үхэлд хүргэх боломжтой...” /1-р хх-ийн 103-105/ гэсэн,

 

Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмтэл үүссэн даруйд болон түүнээс хойш эмч ямар нэгэн биеийн шинжилгээ ашиглахгүйгээр шууд оношлох боломжгүй. Биеийн шинжилгээ гэдэгт эхо, рентген, компьютер томограф хамаарна. Гавал тархины эдгээр гэмтлийг авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч болно. Хэрэв талийгаач гэмтэл авах үедээ согтуурсан байдалтай байсан бол шинж тэмдгийг бүдгэрүүлэх бөгөөд гаднаас нь хараад ялгах боломжгүй. Эмнэлэгт хүргэгдээд дээрх шинжилгээнүүд хийгдэж, мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой байсан...” /1-р хх-ийн 209-210/ гэсэн,

 

Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын хажууд байх өөрийн түрээсээр ажиллуулж байгаа дугуй засвар дээрээ ирсэн. Тэгээд засвараа нээгээд зурагт үзэж байхад А- орж ирээд, Баагий ахаа дүү нь шартаж үхлээ 2000 төгрөг өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь би өрөвдөөд А-т 2000 төгрөг өгөөд явуулсан. А- дахин нилээн согтсон байдалтай ирээд дахин архины мөнгө нэхсэн. Би түүнд хандаж “чи битгий давраад бай, би түрүүн чамд 2000 төгрөг өгсөн биздээ” гэж хэлсэн боловч А- явахгүй намайг ажил хийхэд саад болоод мөнгө гуйгаад дагаад яваад байсан. Тэгээд би автомашины дугуйг нөхөж угсарч өгөөд, дугуй засвар луугаа орсон. Намайг хаалгаар дөнгөж ороход А- хаалганы гадна талаас миний зүүн талын мөрнөөс чангаагаад Баагий ахаа мөнгө өгчих л дөө гэж хэлсэн, яг тэр үед би эргэж хараад А-ыг цаашаа бол гэж хэлээд баруун хөлөөрөө А-ын зүүн ташаа орчим нэг удаа жийсэн. Тэгэхэд А- дугуй засварын үүдний хэсэгт хойшоо саваад унасан. Манай дугуй засварын үүдний хэсэгт бетонон хэсэг байдаг бөгөөд уг бетон газрын уруу налуу байдалтай байдаг. Тухайн үед А- хөл алдаад унасан. Би түүнийг хүчтэй уначихлаа гэж санаа зовоод дугуй засвараас шууд гарч ирээд толгойг нь өргөхөд ухаан алдчихсан байсан. А-ын толгойг өргөөд хацар луу нь 2-3 удаа алгадсан. Намайг алгадхад сэрээгүй, тэгэхээр нь босгох гээд дээшээ өргөсөн. А- ухаан орохгүй байсан, би түүнийг ганцаараа дийлэхгүй байсан учраас зурагт засварын Цолмонг дуудаж гаргаж ирээд түүнд хандаж “Хоёулаа А-ыг өргөөд сүүдэрт суулгаадхая” гэж хэлээд, Цолмон бид хоёр түүнийг өргөөд сүүдэрт суулгасан. Шууд түргэн дуудая гэж бодоод Цолмонг утсаараа түргэн дуудчих гэж хэлсэн, Цолмон түргэн дуудсанаас хойш ойролцоогоор 5-6 минутын дараа түргэний эмч ирсэн. Энэ үед А- дугуй засварын ертөнцийн зүгээр хойд талын хана дагуу сүүдэрт хана налаад сууж байсан ба ухаан ороогүй байсан. Тухайн үед эмч ирээд шууд А-ыг үзсэн, намайг харж байхад эмч А-ын нүдийг нээж үзэж байсан, яг тэр мөчид нэг машин ирээд дугуй хийлүүлье гэхээр нь би тэр машины дугуйг хийлж өгөөд буцаад эмч дээр ирэхэд тэр эмч надад “энэ хүн чинь шал согтуу юм байна, гайгүй, гайгүй” гэж хэлчихээд явсан. А- эмчийг үзэж байхад ухаан орсон. Тэгээд эмч явангуут А- дугуй засварын ар талд сууж байсан газраа ойролцоогоор 20-30 минут сууж байгаад дугуй засварын үүдэнд хүрээд ирсэн. Би дугуй засвар дотроосоо шанаганд ус хутгаж аваад А-ыг дагуулан хажуу талд байдаг РС тоглоомын төвийн гаднах шатан дээр суулгаж байгаад усаар нүүр гарыг нь угааж өгсөн. А- нүүрээ угааж байхад толгой, нүүрнээс цус гараагүй зүгээр байсан. Тэгээд би түүнд ус хийж өгчихөөд дугуй засвар луугаа буцаад орсон, харин А- тэндээ суугаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа би дугуй засвараас гарч ирэхэд А- зам хөндлөн гараад явж байсан. Намайг 16 цагийн орчим дугуй засвараа хаагаад гэртээ харихаар гарахад манай дугуй засварын яг эсрэг талд замын нөгөө талд байдаг гудамжны үзүүрт А-, Заяа хоёр байсан. Үүнээс хойш би дахин А-ыг хараагүй, тааралдаагүй. Би анх Цолмонд түргэн дуудахдаа цагдаа бас дуудаарай гэж хэлсэн, тухайн үед би Цолмонг цагдаа дуудахад согтуу хүн бол өөрсдөө учраа ол гэж хэлсэн байх гэж бодсон, гэтэл Цолмонгоос дахин асуухад зөвхөн түргэн дуудсан гэж хэлсэн. Би тухайн үед эмчид А-ыг хойшоогоо унасан талаар юу ч хэлээгүй. Эмч А-ыг унасныг мэдээгүй. А- намайг жийх үед эхлээд бөгсөөрөө газар унаад тэгээд хойшоогоо толгойгоороо савж унасан. Унахдаа А- бүхэл биеэрээ бетон хэсэг дээр унасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед яв гэхэд явахгүй, ажил хийлгэхгүй согтуурхаад араас дагаад хувцаснаас татаад байсан учир уур хүрээд нэг удаа өшиглөж унагаагаад хүний аминд хүрчихлээ, надад талийгаачийг бэртээж, гэмтээх, алах бодол байгаагүй. Би түүнд боломжоороо өдөр бүр тамхи, 500-1000 төгрөг өгөөд явуулдаг байсан. Ж.А нас барсанд их харамсаж байна. Архи уугаагүй үедээ их сайн залуу байсан, над дээр их ирж тусалдаг, өдөржин буу халаад суудаг байсан. Бид хоёр гайгүй дотно, хуурай ах дүүгийн харьцаатай байсан...” /1-р хх-ийн 172-175, 212-213/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №1300 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ж.Аын биед лямбада заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцралтай, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дэлүүний задрал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.         3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн байна.

5. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь АВ/IV/ бүлгийн цустай байжээ.

7. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, хэвлийн битүү гэмтэл /дэлүүний задрал/-н улмаас нас барсан болно.

8. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд 2019 оны 6 дугаар сарын 08-ны 15 цаг 55 минутанд үзлэг хийхэд нас бараад 5-7 цаг болсон байна...” /1-р хх-ийн 107-111/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №1159 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ж.Аын гавлын лямбда заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, дэлүүний задрал нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлүүд нэг цаг хугацаанд буюу 2019.06.06-нд үүсгэгдсэн байх боломжтой байна.

2. Дээрх гэмтлүүд үүсгэгдсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ...” /1-р хх-ийн 204-206/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1308 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1300 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Аын лямбда заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус хуралт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал бүхий гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай хүд зэргийн гэмтэл, дэлүүний задрал гэмтэл нь тус журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

3. Гавал тархины болон хэвлийн битүү гэмтлийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр авсан байх боломжтой...” /1-р хх-ийн 226-231/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-6/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-11/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-13, 19-20/,

- Дугуй засварт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-15/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-18/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-39/,

- Дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 41/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 42-46/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 47-51/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хх-ийн 244-245/,

- Шүүгдэгч Р.Бгийн хувийн байдалтай холбоотой гэрч Р.Хишигт, Т.Нарантуяа нарын мэдүүлэг /1-р хх-ийн 101, 102/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 130/, иргэний үнэмлэхийн лавлагаа /131/, гэрлэлтийн лавлагаа /1-р хх-ийн 132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 133/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд, шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсний дагуу шүүх дараах үндэслэлээр шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.Б-гийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим өөрийн түрээсээр ажиллуулж байгаа дугуй засварын газар дээрээ ирээд зурагт үзэж байхад А- орж ирээд, Баагий ахаа дүү нь шартаж үхлээ, 2000 төгрөг өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь би өрөвдөөд А-т 2000 төгрөг өгөөд явуулсан. А- дахин нилээн согтсон байдалтай ирээд дахиад архины мөнгө нэхсэн. Би түүнд хандаж “чи битгий давраад бай, түрүүн би чамд 2000 төгрөг өгсөн биздээ” гэж хэлсэн боловч А- явахгүй намайг ажил хийхэд саад болоод мөнгө гуйгаад дагаад яваад байсан. Намайг хаалгаар дөнгөж ороход А- хаалганы гадна талаас миний зүүн талын мөрнөөс чангаагаад Баагий ахаа мөнгө өгчих л дөө гэж хэлсэн, яг тэр үед би эргэж хараад А-ыг цаашаа бол гэж хэлээд баруун хөлөөрөө А-ын зүүн ташаа орчим нэг удаа жийсэн. Тэгэхэд А- дугуй засварын үүдний хэсэгт хойшоо саваад унасан. Би түүнийг хүчтэй уначихлаа гэж санаа зовоод дугуй засвараас шууд гарч ирээд толгойг нь өргөхөд ухаан алдчихсан байсан. ...Түргэн дуудая гээд дуудсан, 5-6 минутын дараа түргэний эмч ирээд А-ыг үзсэн, А- эмчийг үзэж байхад ухаан орсон. ...Эмч А-ыг унасныг мэдээгүй. А- намайг жийх үед эхлээд бөгсөөрөө газар унаад тэгээд хойшоогоо толгойгоороо савж унасан...” /1-р хх-ийн 172-175, 212-213/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Цолмонгийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын хажууд байх дугуй засварын Баагий гэх залуу намайг гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь гараад очтол дугуй засварын үүд хэсэгт бетон дээр толгой нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байрлалтай, дээшээ харсан хүн хэвтэж байсан. Энэ хүн яасан хүн бэ гэж асуухад Баагий уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би Баагийтай хамт өргөөд дугуй засварын сүүдэр хэсэгт нуруугаар нь хана түшүүлээд суулгасан. Энэ үед ухаангүй байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Түргэний эмчид Баасанхүү юу ч хэлээгүй. Миний бодож байгаагаар түргэний эмч талийгаачийг өшиглүүлж савж унасан талаар ойлголт аваагүй байх...” /1-р хх-ийн 87-88, 211/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Дашнямын “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ээлжтэй байх үед 11 цаг 29 минутад Хан-Уул дүүрийн 6 дугаар хороо, Яармагийн автобусны хуучин эцэст “согтуу хүн унаад” гэсэн утгатай дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу тухайн газарт 11 цаг 36 минутад очсон. Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд байх дугуй засварын хойд талын хана налаад 30 гаран насны согтуу эрэгтэй хүн сууж байсан, хажууд нь шар хувцастай эрэгтэй хүн, мөн нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс яасан, юу болсон талаар асуухад, тэр хоёр хүн “наад хүнийг чинь бид хоёр танина, манай энэ хавиар байнга архи уугаад явж байдаг хүн, согтуу явж байгаад унасан, тэгэхээр нь түргэн дуудсан” гэж хэлсэн. Хэрхэн яаж унасан талаар лавлаж асуухад эрэгтэй нь “хойшоогоо гэдрэгээ савж унасан” гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлж үзлэгээ хийхэд нүүр, толгой бусад ил харагдах хэсгээр шинэ шарх, цус гарсан зүйл байхгүй, толгой, хүзүү, цээж, хэвлий гээд үзэхэд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Би тухайн согтуу хүнээс яасан, юу болсон, хэрхэн унасан, эсхүл хүнд зодуулсан уу гэж асуухад “гайгүй гайгүй” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Мөн хажууд нь байсан шар хувцастай хүнээс лавлаж асуухад өөрөө унасан гэж хэлсэн...” /1-р хх-ийн 96-97/ гэх мэдүүлэг,

гэрч С.Амарзаяагийн “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө намайг гэртээ байхад 06 цагийн орчим А- ирсэн, ирэхдээ ганцаараа согтуу байсан. Энэ өдөр А- өөрийн гар утсаа гудамжинд явж байсан хүнд 80,000 төгрөгөөр зараад бид хоёр дэлгүүрээс 2 шил архи авч Яармагийн хуучин эцсийн буудал дээр байдаг Төрийн банктай гудамжинд уусан. ...Ингээд би гэртээ байж байгаад орой 18 цагийн орчим гэрээс гараад Яармагийн эцэст очиход А- нэг залуутай архи ууж байсан, би очоод хамт бид гурав 4 шил архи уусан. Архиа ууж дуусгаад А- бид хоёр гэртээ харихаар явсан. Тэр өдөр А-ын биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Тэгээд энэ өдрөөс хойш буюу 06 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд А- огт архи уугаагүй гэрт хэвтээд байсан. Энэ хоёр өдөр би өдрийн цагаар гарч тэнэж байгаад орой ирсэн. А- бие өвдөөд байна гээд хэвтээд байсан. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 06 цаг өнгөрч байхад сэрээд А-т хандаж гарах уу гэхэд араас чинь гарна гээд босч ирэхгүй хэвтээд байсан. ...А- манай гэрт 6 дугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэл нийт 4 хоносон. Энэ хугацаанд манай гэрт гаднаас ямар ч хүн ирээгүй. Бид хоёр хоёулханаа байсан. Талийгаач манайд байх хугацаанд гэрт ямар ч хэрүүл маргаан болоогүй, бид хоёр эрүүл үедээ ч, уусан үедээ ч хэрүүл маргаан хийдэггүй, нэг ч удаа хоорондоо гар зөрүүлж үзээгүй...” /1-р хх-ийн 71-72/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 05-нд билүү 04-ний орчим Амгаа (амь хохирогч) үүрээр эрт 05 цагийн орчим Амарзаяагийн гэрт ирсэн, тэд хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдож байсан. Манай тусгаарласан хана нимгэн болохоор яриа нь сонсогддог юм. Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байсан, харин 07-ны өдөр өглөө эрт Завхан аймаг руу нөхрийн хамт явсан. 6 дугаар сарын 06-ны өдөр намайг гаднаас гэртээ ирэхэд Амгаа, Амарзаяа нар хоёулаа хамт байсан. Тэгээд би 6 дугаар сарын 07-ны өглөө эрт хөдөө явхаасаа өмнө Амарзаяаг гаднаас нь дуудаж гаргаж ирээд хоол өгөх үед надад Амгаатай /А-/ хамт байгаа гэж хэлж байсан. Тухайн үед би наад хүнээ гэрлүү нь явуулаач гэж хэлээд явсан. Тэр хоёр байнга л хамт согтуу явж байдаг, хоорондоо хэрүүл маргаан хийж байгааг нь хараагүй, Амарзаяа бага зэрэг дүлий учраас Амгаа нь чанга яридаг байсан...” /1-р хх-ийн 98/ гэсэн, 

Гэрч А.Мөнгөнсүхийн “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед Болорбагана бид хоёр найзуудтайгаа уулзаж, Яармагт найзындаа нэг шил архи уучихаад Болорбаганы ах Заяа дээр очихоор болсон. Ингээд Яармагийн хуучин эцэс Нүхтийн 31-596 тоот руу явах замд гудамжны үзүүрт Заяа ах сууж байсан. Тэгээд гэр рүү чинь оръё, хоол унд байгаа юу? гэж асуухад А- манай гэрт ирээд хэд хоносон харьдаггүй. Шээс, баасных нь үнэр аймаар байна гэж хэлсэн. Заяа ах, Болорбагана бид гурав хашаа руу ороход А- байшингийн үүдэнд бөөлжөөд байж байсан. Болорбагана бид хоёр А-ыг хоёр талаас нь өргөж хашааны хаалганы сүүдэрт хэвтүүлсэн...” /1-р хх-ийн 55-59/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Болорбаганы “...Би Мөнгөнсүх, Амарзаяа ах нарын хамт хашаанд орсон, ...А- байшингийн урд хэсэгт уначихсан, Мөнгөнсүх бид хоёр А- дээр очоод өргөж босгох гэтэл дийлэхгүй байсан. ...Тухайн өдөр А-ыг цохиж зодсон хүн байхгүй. Цагдаа нар ирсний дараа А-ыг дахин босгох гэсэн боловч босохгүй байхаар нь Мөнгөнсүх бид хоёр нуруунаас нь чирээд хашааны сүүдэрт суулгасан. Тэр үед А-ын уруул нь цайчихсан, архи их хэмжээгээр уугаад ухаан мэдрэлгүй согтсон хүн шиг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд Амарзаяа ахаас асуухад бүтэн нэг өдөр архи уугаагүй, бараг юм идээгүй, гэрээс ч гараагүй бие нь өвдөөд байна гээд хэвтээд байсан, архи авчирч өгөхөөр уухгүй байсан гэж хэлж байсан. А-ын царай нь зэвхийчихсэн, тасарчихсан хүн шиг л харагдаж байсан...” /1-р хх-ийн 60-64/ гэх мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №1300 дугаар дүгнэлт: “...Дүгнэлт 1. Ж.Аын биед лямбада заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцралттай, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дэлүүний задрал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.         3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн байна.

5. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь АВ/IV/ бүлгийн цустай байжээ.

7. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, хэвлийн битүү гэмтэл /дэлүүний задрал/-н улмаас нас барсан болно.

8. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 55 минутанд үзлэг хийхэд нас бараад 5-7 цаг болсон байна...” /1-р хх-ийн 107-111/ гэх,

- Мөн үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчдийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №1159 дүгээр дүгнэлт: “...Дүгнэлт 1. Ж.Аын гавлын лямбда заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, дэлүүний задрал нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлүүд нэг цаг хугацаанд буюу 2019.06.06-нд үүсгэгдсэн байх боломжтой байна.

2. Дээрх гэмтлүүд үүсгэгдсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ...” /1-р хх-ийн 204-206/ гэх,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1308 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1300 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Аын лямбда заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус хуралт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал бүхий гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай хүд зэргийн гэмтэл, дэлүүний задрал гэмтэл нь тус журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

3. Гавал тархины болон хэвлийн битүү гэмтлийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр авсан байх боломжтой...” /1-р хх-ийн 226-231/ гэх дүгнэлтүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дүрс бичлэгийн зүүн дээд өнцөгт байрлах огноог үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 51 минут 23 секундээс 11 цаг 33 минут 26 секундын бичлэг байлаа.

...11 цаг 30 минут 15 секундын орчим Ж.А нь босож дугуй засварын үүд рүү орж байв, бичлэгийг цааш гүйлгэж үзэхэд 11 цаг 30 минут 38 секундын орчим дугуй засвараас хар хувцастай эрэгтэй хүн тээврийн хэрэгслийн дугуй барин гарч ирэх бөгөөд түүнийг гарахад зөрөөд Ж.А нь дахин дугуй засвар луу орохоор үүд рүү очиж байв. Энэ үед автобусны буудал дээр 13-181 Яармаг чиглэлийн цэнхэр өнгийн нийтийн тээврийн автобус ирж зогсох бөгөөд дугуй засварын үүд хэсгийг хааж байлаа. 11 цаг 30 минут 50 секундын орчим улаан хувцастай хүн Ж.Аыг дугуй засвар дотроос өшиглөж байгаа харагдах бөгөөд амь хохирогч шууд хойшоо саван унаж байгаа нь харагдаж байв. Түүнийг хойшоо савж унасан даруйд дугуй завсар дотроос улаан хувцастай хүн гарч ирээд амь хохирогчийг босгох гэж оролдох боловч амь хохирогч ямар ч ухаангүй байдалтай байгаа нь харагдаж байлаа. ...Ж.А нь Амарзаяагийн гэрт орсноос хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 32 минутаас хойш 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 09 минутад түргэн тусламжийн дуудлагаар эмч очиж нас барсан болохыг тодорхойлох хүртэлх хугацаанд С.Амарзаяагийн хашаа, байшингаас буцаж гарсан байдал тогтоогдоогүй...” /1-р хх-ийн 21-37/ гэсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн автобусны буудлын дэргэд дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг Р.Б өөрийн ажлын байр болох дугуй засвар дээрээ 11 цагийн орчим ирээд ажлаа эхлүүлсэн. Түүнийг ажлын байран дээрээ байхад амь хохирогч Ж.А ирээд “шартаад дотор муу байна” гэж архины мөнгө нэхэхэд Р.Б 2000 төгрөг өгснийг аваад явсан. Хэсэг хугацааны дараа амь хохирогч Ж.А ажлаа хийж байсан Р.Б дээр дахин ирж мөнгө нэхсэн, Р.Б дахиж мөнгө өгөхгүй гэхэд амь хохирогч араас нь дагах, мөрнөөс нь татах зэргээр Р.Бг ажлыг нь хийлгэхгүй хоргооход ажил хийлгэхгүй архины мөнгө нэхлээ гэж Р.Б уурсаж дугуй засвар дотор үүдний орчим зогсож байсан амь хохирогчийн баруун ташааны орчим хөлөөрөө жийхэд амь хохирогч арагшаа савж унасан, ингэж унахдаа бөгсөн биеэрээ газар унаж, хойшоо толгойгоороо савж ар дагз хэсгээр цементэн газрыг цохиж, тэндээ ухаан алдсан. Р.Б амь хохирогчийг ухаан алдсаныг мэдээд сэрээх гэж хацарт нь алгадсан боловч ухаан ороогүй учир түргэн тусламж дуудаж, түргэний эмч 5-6 минутын дараа ирж амь хохирогч Ж.Ат эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд ухаан орж сэргэсэн.  

Амь хохирогч Ж.А дугуй засварын хажууд, хашааны сүүдэрт хэсэг сууж байгаад тэндээсээ өөрөө явж найз С.Амарзаяагийн гэрт очиж, С.Амарзаяагийн гэрээс гаралгүйгээр архи нэмж уугаагүй, хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө С.Амарзаяагийн гэрт Х.Болорбагана, А.Мөнгөнсүх нарыг ирэхэд С.Амарзаяагийн гэрт бөөлжсөн байдалтай байхад нь А.Мөнгөнсүх түргэн тусламж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар түргэний эмч ирж үзэхэд Ж.А комын байдалд орсон байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 09 минутад С.Амарзаяагийн хашаанд нас барсан үйл баримтууд тогтоогдож байна. 

 

Амь хохирогч Ж.А 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Р.Бд өшиглүүлж, толгойн ар дагзаар цемент цохиж унахдаа “гавлын лямбда заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дэлүүний задрал” бүхий хүнд гэмтэл авсан, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүйгээр хугацаа алдаж, 48 цагийн дараа нас барсан болох нь нэр бүхий дээрх гэрч нарын мдүүлгүүд, шинжээч эмч О.Болороогийн “...Гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтэл нь нэг цаг үед үүсэх боломжтой. Авсан гэмтэл болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч амьд явах хугацаа харилцан адилгүй. Гавал тархины ийм гэмтэл авсан хүний тархинд цусан хураа аажмаар нэмэгдэх шинж тэмдэг илэртэл идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Идэвхтэй хөдөлгөөн гэдэгт босох, алхах, суух зэрэг хамаарна. Шинж тэмдэг илэрснээс хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой.

А-ын хувьд гавал тархины цусанд эдийн герсед фсебрин үүссэн байсан, фсебрин нь эд дэх цусан хураанд ихэвчлэн үүсдэггүй, эдийн доторх цусан хураа нь цусан хангамж болон байрлах онцлогоос шалтгаалаад фсебрин тогтоогддоггүй болно. Цусан хураа удсан тохиолдолд зарим үед фсебрин үүсэж болно. А-ын хувьд фсебрин үүссэн байсан учраас түүний биед учирсан гавал тархины гэмтэл удсан гэсэн үг. Мөн гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтлүүд нь түүнийг нас барахын өмнө буюу нь 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед шинжилгээ хийхэд, түүний элэгний хатуурал өвчний улмаас дэлүү томорч улбайсан байсан нь дэлүүний задрал гэмтэл үүсэхэд илүү нөлөөлөх боломжтой. Дэлүү хэвлийн зүүн ар дээд хэсэгт байрладаг бөгөөд тухайн байрлалд хүч үйлчилсний улмаас дэлүү задарч гэмтэл үүснэ. Гэмтэл үүссэн даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд байхыг үгүйсгэхгүй...” /1-р хх-ийн 103-105/ гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Б.Ариунзулын “...Гэмтэл үүссэн даруйд болон түүнээс хойш эмч ямар нэгэн биеийн шинжилгээ ашиглахгүйгээр шууд оношлох боломжгүй. Биеийн шинжилгээ гэдэгт эхо, рентген, компьютер томограф хамаарна. Гавал тархины эдгээр гэмтлийг авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч болно. Хэрэв талийгаач гэмтэл авах үедээ согтуурсан байдалтай байсан бол шинж тэмдгийг бүдгэрүүлэх бөгөөд гаднаас нь хараад ялгах боломжгүй. Эмнэлэгт хүргэгдээд дээрх шинжилгээнүүд хийгдэж, мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой байсан...” /1-р хх-ийн 209-210/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №1300, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №1159, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1308 дугаар дүгнэлтүүдэд “...Талийгаачид учирсан гэмтлүүд үүсгэгдсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ...” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Шүүгдэгч Р.Бгийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан түүний гэм буруутай үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сээс амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт, хууль ёсны төлөөлөгч Т.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаачийн оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн мэдүүлэг баримтуудаар тогтоогдсон тул эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй байнан.   

 

Шүүгдэгч Р.Б урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 133 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулан хохирлыг төлсөн, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4  дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Р.Б 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр /1-р хх-ийн 159, 166/ баривчлагдаж, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан бөгөөд түүний баривчлагдсан 1 /нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн 1910014560532 дугаартай хэрэгт хураагдаж ирүүлсэн 9 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Р-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр ангийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д овогт Р-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д овогт Р-н Б-г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-гийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-т 10,000,000 /арван сая/ төгрөг нөхөн төлснийг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 9 /ес/ ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хүртэл хэрэгт хавсан үлдээж, эрүүгийн 1910014560532 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

              ШҮҮГЧИД                                             С.БАЗАРХАНД

 

                                                                Х.ОДБАЯР