Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

    2020            3             24                                        2020/ДШМ/346                                   

 

 

                                    Р.Бд холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Р.Бд холбогдох эрүүгийн 1910014560532 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Б,

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 11 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн автобусны буудлын  дэргэд үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гадна иргэн Ж.Амгаланбаярыг “архины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хэвлий орчим нь өшиглөж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, дэлүүний задрал бүхий хүнд хохирол санаатай учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Далай ээж овгийн Риймаажавын Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Далай ээж овгийн Риймаажавын Р.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Далай ээж овгийн Риймаажавын Р.Бг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сонинцэцэгт 10.000.000 /арван сая/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 9 /ес/ ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хүртэл хэрэгт хавсан үлдээж, эрүүгийн 1910014560532 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Р.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дугуй засвар ажиллуулж эхэлснээс хойш улсад орлогын албан татвар сар бүр тогтмол төлдөг, ар гэрийн минь нөхцөл байдал, насыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ялтан Р.Б нь анх гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ амь хохирогчийг нэг удаа өшиглөсөн өөрийн гэм буруутай үйлдлийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж анхнаасаа гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй. Р.Б нь өөрийн гэм буруутай үйлдлээсээ болж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ талаараа ямар нэг байдлаар маргаагүй, өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх талын байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Р.Бгийн гэм буруутай үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон.

Шүүх ялтан Р.Бгийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлүүдийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчлан заасан байх бөгөөд ялтан Р.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа үнэн зөвөөр мэдүүлж сэтгэлээсээ гэмшиж байгаа мөн хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болон гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, Р.Бд оногдуулах ял шийтгэлийг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг хэлдэг.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх өөрийн дотоод итгэлээр Р.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ял шийтгэлийг багасгах хууль зүйн боломжтой гэж үзэж байна.

Иймд ялтан Р.Бд дээрх нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Р.Бгийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс Р.Бд 7 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой. Хохирогч талаас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг нь төлчихсөн гэдгээрээ нэг хүний амь насыг үнэлж болохгүй. Анхан шатны шүүхээс 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаад нь тохирсон байх тул шийтгэх тогтоолд заасан хорих ял болон дэглэмийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Р.Б нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 11 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын гадна иргэн Ж.Амгаланбаярыг “архины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хэвлий орчим нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сонинцэцэгийн  “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байх, яг тодорхой санахгүй байна. Элэгний шинжилгээ өгсөн байсан, шинжилгээний хариу авна гээд гарсан. ...Тэр өдөр гэртээ хоноод өглөө 6 цагийн үед ундаа аваад ирье гээд гараад явсан. Тэгээд дахиж гэртээ ирээгүй, нас барсан байсан. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөө гэрээсээ гарсан. Би хүүгээ алдсандаа их харамсаж байна. ...” /1 хх 52-54 /,

гэрч А.Мөнгөнсүхийн “...Заяа ах, Болорбагана бид гурав хашаа руу ороход Амгаланбаяр байшингийн үүдэнд бөөлжөөд байсан. Болорбагана бид хоёр Амгаланбаярыг хоёр талаас нь өргөж хашааны хаалганы сүүдэрт хэвтүүлсэн. Тухайн үед цагдаа нар ирсэн байсан. Ингээд түргэн тусламж ирээд “комд орчихсон, найдваргүй болчихсон байна” гэсэн. Тэгээд Заяа ах элэгний хорт хавдартай гэсэн бичгийг нь үзүүлсэн чинь замдаа нас барах юм байна гээд авч яваагүй. ...” /1 хх 55-59/,

гэрч Х.Болорбаганын “...Би Мөнгөнсүх, Амарзаяа ах нарын хамт хашаанд ороход хашаанд ямар ч хүн байгаагүй, харин Амарзаяа ахын гэрт ороход гэрээс нь өмхий үнэр болон шээсний эхүүн үнэр үнэртэж байсан. Одоо санаж байгаагаар Мөнгөнсүх гэрээс гараад явсан, гэрт Амгаланбаяр байсан, гэхдээ яг ямар байдалтай байсныг санахгүй байна, ямар ч байсан өмдөндөө шээчихсэн байх шиг байсан. Тухайн үед би өөрөө согтуу байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Би Амарзаяа ахад гэр орноо муухай авч явлаа гэж уурлаад хэдэн үг хэлж байсан, мөн Амгаланбаярыг яв гэж хөөсөн. Амгаланбаяр байшингийн урд хэсэгт уначихсан, Мөнгөнсүх бид хоёр Амгаланбаяр дээр очоод өргөж босгох гэтэл дийлэхгүй байсан. Тухайн үед Мөнгөнсүх Амгаланбаярыг архины хордлогонд орчихсон юм биш үү, цагдаа, түргэн дуудъя гэж хэлээд дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн өдөр Амгаланбаярыг цохиж зодсон хүн байхгүй. Цагдаа нар ирсний дараа Амгаланбаярыг дахин босгох гэсэн боловч босохгүй байхаар нь Мөнгөнсүх бид хоёр нуруунаас нь чирээд хашааны сүүдэрт суулгасан. Тэр үед Амгаланбаярын уруул нь цайчихсан, архи их хэмжээгээр уугаад ухаан мэдрэлгүй согтсон хүн шиг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тухайн үед түүнийг архи их хэмжээгээр уугаад тасарчихсан байна гэж бодсон. Тэгээд Амарзаяа ахаас асуухад 1 өдөр архи уугаагүй, бараг юм идээгүй, гэрээс ч гараагүй бие нь өвдөөд байна гээд хэвтээд байсан, архи авчирч өгөхөөр уухгүй байсан гэж хэлж байсан. Амгаланбаярын царай нь зэвхийчихсэн, тасарчихсан хүн шиг л харагдаж байсан. Түргэн тусламж ирээд үзэж байхад Амгаланбаяр нас барсан, нас барах хүртлээ асуусан асуултад хариулахгүй, нүд нь гөлийчихсөн ямар ч үг хэлэхгүй байсан. ...” /1 хх 60-64/,

гэрч О.Цэлмүүний “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 11-12 цагийн орчим Нүхтийн 20 дугаар гудамжны үзүүрт зогсож байтал талийгаач Амгаланбаяр хойноос урагш чиглэн ганцаараа бараандуу өнгийн хувцастай алхаж байсан. Мэндлээд мэнд асуучихдаг юм билүү гэж бодсоноо “за аягүй бол архины мөнгө нэхээд унах байх” гэж бодоод би буцаад явсан. ...” /1 хх 69-70/,

гэрч С.Амарзаяагийн “...6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Амгаланбаяр огт архи уугаагүй гэрт хэвтээд байсан. Энэ хоёр өдөр би өдрийн цагаар гарч тэнэж байгаад орой ирсэн. Амгаланбаяр бие өвдөөд байна гээд хэвтээд байсан. 2019 оны 6 дугаар сарын 8-ны өглөө 6 цаг өнгөрч байхад сэрээд Амгаланбаяр дээр очоод гарах юм уу гэхэд араас чинь гарна гээд босч ирэхгүй хэвтээд байсан. Амгаланбаяр манай гэрт шалан дээр гудас дэвсээд унтдаг юм. Би гараад гудамжныхаа үзүүрт сууж байсан чинь манай дүү Болорбагана найзтайгаа хамт ирсэн. Тэгээд бид гурав хамт манай гэрт ортол Амгаланбаяр манай гэрт гал тогооны өрөөнд сандал дээр сууж байсан. Тэгээд Болорбагана Амгаланбаярт хандаж муу ч гэсэн манай ахын гэр шүү дээ, чи одоо гэртээ харь гэж хэлэхэд Амгаланбаяр гутлаа өмсөөд гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадаа үүдний хавьцаа уначих шиг болсон ба Болорбагана араас нь гарсан. Би бас араас нь гартал, Амгаланбаяр гэрийн үүдний хэсэгт хажуу талаараа шургаад уначихсан, гутал нь сугарчихсан хэвтэж байсан. Тэгээд түүнийг сэрээх гэтэл сэрэхгүй манай дүү цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд араас нь түргэний эмч ирсэн. Түргэний эмч Амгаланбаярыг үзээд удаагүй байтал нас барчихсан. ...Бид хоёр хоёулханаа байсан. Талийгаач манайд байх хугацаанд гэрт ямар ч хэрүүл маргаан болоогүй, бид хоёр эрүүл үедээ ч, уусан үедээ ч хэрүүл маргаан хийдэггүй, нэг ч удаа хоорондоо гар зөрүүлж үзээгүй. ...” /1 хх 71-72/,

гэрч Г.Эрдэнэчулууны “...тэр үед жоохон согтуу байсан учраас уур хүрээд “би ямар чиний хангамж юм уу? дандаа юм нэхэж байх юм, битгий давраад байгаарай гэж хэлээд баруун гарын сарвууны ар хэсгээр хамар орчим нь нэг удаа цохисон. Талийгаачийн хамарнаас цус гарсан, талийгаач “заза Эрка ахаа уучлаарай” гээд халааснаасаа цаас гаргаж ирээд цусаа арчсан. Тэгээд удалгүй Заяа ирээд бид дөрөв үлдсэн архиа ууж дуусгаад салцгаасан, талийгаач Заяатай хамт гэр лүү нь явсан. Энэ өдрөөс хойш дахиж уулзаагүй. Талийгаач сүүлийн үед татаж унадаг өвчтэй болсон талаар сонсогдоод байсан, архи уусан үедээ таталт өгөөд савж унасан гэж хэлж байсан. ...” /1 хх 73-74/,

гэрч Б.Төмөрийн “...2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ээлжтэй байхад цагийг нь тодорхой санахгүй байна, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31-596 тоотод ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд би тухайн дуудлаганд 10 цагийн орчим очсон. Намайг очиход 35 орчим настай эрэгтэй хүнийг хашаа налж хэвтүүлсэн, царай нь цайсан, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, гэрлийн урвал маш сул, эвэрлэг рефлекс маш сул, үг яриа үгүй, доороо шээсэн, амнаас эхүүн үнэр үнэртсэн байдалтай байсан. Ингээд би шаардлагатай амин үзүүлэлтээ хянаад үзэхэд цаг, пульс тодорхойлогдохгүй, даралт тодорхойлогдохгүй, амьсгал өнгөц болсон, өөрөөр хэлбэл үхлийн өмнөх үед орсон, тусламж аваад сэхэхгүй болсон байсан. Намайг түүнийг үзэж байхад түүний толгойн зулай хэсэгт 1x0,5 см хэмжээтэй хуйх язарсан шинэвтэр шархтай, баруун гуянд арьс зулгарсан шинэвтэр шархтай, баруун шанаанд хуучин зулгарсан шархтай, баруун мөрөнд шинэвтэр зулгарсан шархтай байсан. Өөр бэртэл гэмтэл ил харагдах хэсэгт байгаагүй. Тухайн хүн намайг очсоноос хойш 3-4 минутын дараа амьсгал зогсож нас барсан. ...Намайг очих үед гэрийн эзэн гэх 40 гаран насны эрэгтэй, мөн 30 гаран насны хоёр эрэгтэй болон цагдаа нар ирсэн байсан. Баруун гуя, баруун мөрний зулгарсан шархнууд 12 цагийн дотор үүссэн байх боломжтой, зулайн шарх 24 цагийн дотор үүссэн байх боломжтой, баруун шанааны зулгарсан шарх 24 цаг буюу түүнээс дээш хугацаанд үүссэн байх боломжтой харагдаж байсан. Тухайн хүний царай их цайсан байсныг хараад цус алдсан байх боломжтой гэж бодож байсан. Мөн 40 гаран насны эрэгтэй хүн талийгаачийг элэгний хавдартай гэж хэлсэн учраас би олон хоног архи уугаад элэг нь задарч, дотуур цус алдсан байна гэж бодсон. ...” /1 хх 75-76/,

гэрч Б.Жаргалын “...2019 оны 6 дугаар сарын 8-ны өглөө бие засах гээд гэрээсээ гарахад хажуу талын хашаанд хүмүүс маргалдаж байгаа юм шиг ярилцаад байсан. Би гайхаад хашааны завсраар харахад Заяа ахын амьдардаг байшингаас урагшаа яг хэдэн метр гэдгийг нь мэдэхгүй байна, ойролцоогоор 3-4 метрийн зайд зүс таних Амгаа гээд залуу газар бөгсөөрөө суучихсан, хоёр хөлөө урагшаа жийсэн, өмд нь ташаанаасаа бага зэрэг доош шувтарсан, хоёр гараараа өмдөө татах гээд татаж чадахгүй сууж байсан. Амгаагийн хажууд нэг нь арай өндөр, нэг нь арай намхан хоёр эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би хөөе болиоч, цагдаа дуудлаа гэхэд тэр хоёр залуу өөрсдөө цагдаа дуудах шиг болсон, 1 цаг орчмын дараа гэрээс гарахад Заяа ахын хашаанд цагдаа болон түргэн тусламж ирсэн байсан. Тэр хоёр хүн намайг харж байхад Амгааг цохиж зодоогүй. ...” /1 хх 77-78/,

гэрч Х.Цолмонгийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын хажууд байх дугуй засварын Баагий гэх залуу намайг гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь гараад очтол дугуй засварын үүд хэсэгт бетон дээр толгой нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байрлалтай, дээшээ харсан хүн хэвтэж байсан. Энэ хүн яасан хүн бэ гэж асуухад Баагий уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би Баагийтай хамт өргөөд дугуй засварын сүүдэр хэсэгт нуруугаар нь хана түшүүлээд суулгасан. Энэ үед ухаангүй байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирэхэд Р.Б юу ч хэлээгүй. Түргэний эмч ирээд яасан талаар асуухад нь би талийгаачийг зааж өгөөд ажил руугаа орсон. Намайг байхгүй байхад Р.Б эмчид юу хэлсэн талаар би мэдэхгүй. Ямар ч байсан түргэний эмч талийгаачийн чихийг мушгиад юм асуугаад биеийг нь үзээд байх шиг байсан. Миний бодож байгаагаар түргэний эмч талийгаачийг өшиглүүлж савж унасан талаар ойлголт аваагүй байх. ...” /1 хх 87-88, 211/,

гэрч Ө.Мягмарсүрэнгийн “...2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ээлжтэй байх үед 9 цаг 30 минутын орчим согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31-596 тоот айлд очсон. Намайг очих үед тухайн хашаанд 4 эрэгтэй хүн байсан бөгөөд хохирогч Амгаланбаяр хашааны гол хэсэгт хоёр хөлөө жийсэн байдалтай, хөл нүцгэн ертөнцийн зүгээр хойшоо хараад сууж байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж өөрийгөө танилцуулсан, тухайн айлын эзний дүү гэх залуу “Амгаланбаярыг зааж энэ манай ахтай 2-3 өдөр архи уусан, гэрээс гарахгүй байхаар нь гаргасан” гэж хэлсэн. Тэгээд Амгаланбаярыг очиж харахад нилээн согтуурсан байдалтай, өмд нь хагас шувтарсан, бөгс хэсгийн арьс нь зулгарсан, нүүрэндээ зулгарсан хуучин шарх ихтэй, юм асуухад хариу хэлэхгүй, үг яриа байхгүй, хүний хэлж асууж байгааг ойлгохгүй байдалтай байсан. Тэгээд түүнийг хашаанд байсан 2 залуу хашааны голд наранд халаад байна, сүүдэрт суулгачих уу гэхээр нь би зөвшөөрөөд тэр хоёр залуу Амгаланбаярын хоёр талаас нь өргөөд хашааны сүүдэрт аваачиж хашаа налуулан суулгасан. Удалгүй түргэний эмч ирсэн. Амгаланбаярыг үзээд ачилт даахгүй, найдваргүй болсон байна гэж хэлсэн бөгөөд удалгүй Амгаланбаяр нас барсан. Түүнийг нас барах хүртэл түргэний эмч үзээд анхан шатны тусламж үзүүлээд байж байсан. ...” /1 хх 89/,

гэрч Ө.Бум-Аюушийн “...Манай нөхөр ажил дээрээ байх үед нь Амгаланбаяр ирээд шартаж үхлээ гээд байхаар нь 2.000 төгрөг өгөөд явуулсан, гэтэл дахин ирээд ажлыг нь хийлгэхгүй мөнгө нэхээд дагаад, тойроод үглээд яваад байсан гэсэн. Тэгээд манай нөхөр нэг дугуй янзалчихаад дугуй засвар луугаа орох гэтэл Амгаланбаяр араас нь татаад мөнгө гуйхаар нь өшиглөсөн гэсэн. ...” /1 хх 95/,

гэрч Б.Дашнямын “...2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ээлжтэй байх үед 11 цаг 29 минутад Хан- Уул дүүрийн 6 дугаар хороо, Яармагийн хуучин эцэст “согтуу хүн унаад” гэсэн утгатай дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу тухайн газарт 11 цаг 36 минутад очсон. ...хана налаад 30 гаран насны согтуу эрэгтэй хүн сууж байсан. Намайг очих үед уг согтуу хүний хажууд шар хувцастай эрэгтэй хүн, мөн нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс яасан, юу болсон талаар асуухад, тэр хоёр хүн надад хандаж “наад хүнийг чинь бид хоёр танина, манай энэ хавиар байнга архи уугаад явж байдаг хүн, согтуу явж байгаад унасан, тэгэхээр нь түргэн дуудсан” гэж хэлсэн. Хэрхэн яаж унасан талаар лавлаж асуухад тэнд зогсож байсан 2 хүний эрэгтэй нь надад “хойшоогоо гэдрэгээ савж унасан” гэж хэлсэн. Тэгээд би сууж байгаа хүний ухаан санааны байдлыг шалгаж асуулт асуухад цөөн үгээр асуултанд хариулж байсан. Тэгээд үргэлжлүүлж үзлэгээ хийхэд нүүр, толгой бусад ил харагдах хэсгээр шинэ шарх, цус гарсан зүйл байхгүй, толгой, хүзүү, цээж, хэвлий гээд үзэхэд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Түүний мэдрэлийн үзлэгүүдийг хийж хүүхэн харааг үзэхэд хүүхэн хараа хоёр талд ижил, аль нэг талдаа өргөссөн зүйл байхгүй, нүдний нистагм /тархины хаван/ илрэхгүй, конвергенц алдахгүй байсан. Тэгээд тухайн хүнд шаардлагатай анхан шатны үзлэгийг хийхэд ил онцын өөрчлөлт үгүй, даралт хэвийн байсан. Тухайн хүнд зөвлөгөө өгч та гэртээ харьчих гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. Тэгээд би хажууд нь байсан шар хувцастай эрэгтэй хүнд болохгүй бол цагдаа дуудаад гэрт нь хүргүүлээрэй, бид нар ил харагдах шарх сорви байхгүй согтуу хүнийг авдаггүй гэж хэлээд явсан. Би тухайн хүнээс яасан юу болсон, хэрхэн унасан, эсвэл хүнд зодуулсан уу гэж асуухад надад хандаж “гайгүй гайгүй” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Мөн хажууд нь байсан шар хувцастай хүнээс лавлаж асуухад өөрөө унасан гэж хэлсэн. Тэгээд мөн үзлэгээр ил харагдах гэмтэл шархгүй, захын судасны цусан хангамж нь хэвийн байсан. ...” /1 хх 96-97/,

гэрч Д.Ганчимэгийн “...Тэгээд би 6 дугаар сарын 7-ны өглөө эрт хөдөө явахаасаа өмнө Амарзаяаг гаднаас нь дуудаж гаргаж ирээд хоол өгөх үед надад Амгаатай /Амгаланбаяр/ хамт байгаа гэж хэлж байсан. Тухайн үед би наад хүнээ гэр лүү нь явуулаач гэж хэлээд явсан. Тэр хоёр байнга л хамт согтуу явж байдаг байсан, хоорондоо хэрүүл маргаан хийж байгааг нь хараагүй, Амарзаяа бага зэрэг дүлий учраас Амгаа нь чанга ярьдаг байсан. ...” /1 хх 98/,

гэрч Л.Нямдаваа “...Би энэ дугуй засварыг 4 жил ажиллуулж байсны хувьд Амгаланбаярыг маш сайн мэднэ. Би өөрөө эмэгтэй хүн, гэхдээ хааяа үнэхээр тэвчээр алдагдтал юм гуйдаг байсан. Бүр цохиод авчихмаар санагдах үе олон байсан. Ер нь их дарамттай гуйдаг хэцүү хүн байсан. ...” /1 хх 99/,

шинжээч эмч О.Болороогийн“...Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Талийгаачийн биед учирсан нүүр, мөчдийн зулгаралт гэмтлүүд нь шинэ хуучин гэмтлүүд байсан. Нүүрний орчим үүссэн зулгаралт гэмтлүүд тав тогтсон хуучин гэмтлүүд, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь нас барахаас 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нас барахаас 1-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, үхэлд нөлөөлөхгүй. Дэлүүний задрал гэмтэл нь мохоо зүйлийн тухайн проекцод үйлчилсэн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дангаараа үхэлд хүргэх боломжтой. Мөн гавал тархины гэмтлүүд дангаараа үхэлд хүргэх боломжтой. Гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтэл нь нэг цаг үед үүсэх боломжтой. Авсан гэмтэл болон тухайн хүний биеийн онцлогоос хамаарч амьд явах хугацаа харилцан адилгүй байна. Эдгээр гэмтлүүдийг авсан хүн, гавал тархины ийм гэмтэл авсан хүний тархинд цусан хураа аажмаар нэмэгдэх шинж тэмдэг илэртэл идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Идэвхтэй хөдөлгөөн гэдэгт босох, алхах, суух зэрэг хамаарна. Шинж тэмдэг илэрснээс хойш тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Гавал тархины гэмтлийн шинж нь идэвхтэй хөдөлгөөн үгүй болж, хэл ярианд өөрчлөлт ордог. Дэлүүний задрал гэмтлийн шинж нь тухайн проекцод бага зэргийн өвдөлт мэдрэгдэнэ. Амгаланбаярын хувьд гавал тархины цусанд эдийн герсед фсебрин үүссэн байсан бөгөөд фсебрин нь эд дэх цусан хураанд ихэвчлэн үүсдэггүй, эдийн доторх цусан хураа нь цусан хангамж болон байрлах онцлогоос шалтгаалаад фсебрин тогтоогддоггүй болно. Цусан хураа удсан тохиолдолд зарим үед фсебрин үүсэж болно. Амгаланбаярын хувьд фсебрин үүссэн байсан учраас түүний биед учирсан гавал тархины гэмтэл удсан гэсэн үг. Мөн гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтлүүд нь түүнийг нас барахын өмнө буюу 48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед шинжилгээ хийхэд, түүний элэгний хатуурал өвчний улмаас дэлүү томорч улбайсан байсан нь дэлүүний задрал гэмтэл үүсэхэд илүү нөлөөлөх боломжтой. Тухайн проекцод хүч үйлчилсний улмаас дэлүү задрах гэмтэл үүснэ. Дэлүү хэвлийн зүүн ар дээд хэсэгт байрладаг бөгөөд тухайн байрлалд хүч үйлчилсэний улмаас дэлүү задарч гэмтэл үүснэ. Гэмтэл үүссэн даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд байхыг үгүйсгэхгүй. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл, дэлүүний задрал гэмтлүүд нь дангаараа болон хавсарч үхэлд хүргэх боломжтой. ...” /1 хх 103-105/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...Гэмтэл үүссэн даруйд болон түүнээс хойш эмч ямар нэгэн биеийн шинжилгээ ашиглахгүйгээр шууд оношлох боломжгүй. Биеийн шинжилгээ гэдэгт эхо, рентгэн, компьютер томограф хамаарна. Гавал тархины эдгээр гэмтлийг авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч болно. Хэрэв талийгаач гэмтэл авах үедээ согтуурсан байдалтай байсан бол шинж тэмдгийг бүдгэрүүлэх бөгөөд гаднаас нь хараад ялгах боломжгүй. Эмнэлэгт хүргэгдээд дээрх шинжилгээнүүд хийгдэж, мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой байсан. ...” /1 хх 209-210/,

Р.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн хуучин эцсийн автобусны буудлын хажууд байх өөрийн түрээсээр ажиллуулж байгаа дугуй засвар дээрээ ирсэн. Тэгээд засвараа нээгээд зурагт үзэж байхад Амгаланбаяр орж ирээд, Баагий ахаа дүү нь шартаж үхлээ 2.000 төгрөг өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь би өрөвдөөд Амгаланбаярт 2.000 төгрөг өгөөд явуулсан. Амгаланбаяр дахин нилээн согтсон байдалтай ирээд дахин архины мөнгө нэхсэн. Би түүнд хандаж “чи битгий давраад бай, би түрүүн чамд 2.000 төгрөг өгсөн биздээ” гэж хэлсэн боловч Амгаланбаяр явахгүй намайг ажил хийхэд саад болоод мөнгө гуйгаад дагаад яваад байсан. Тэгээд би автомашины дугуйг нөхөж угсарч өгөөд, дугуй засвар луугаа орсон. Намайг хаалгаар дөнгөж ороход Амгаланбаяр хаалганы гадна талаас миний зүүн талын мөрнөөс чангаагаад Баагий ахаа мөнгө өгчих л дөө гэж хэлсэн, яг тэр үед би эргэж хараад Амгаланбаярыг цаашаа бол гэж хэлээд баруун хөлөөрөө Амгаланбаярын зүүн ташаа орчим нэг удаа жийсэн. Тэгэхэд Амгаланбаяр дугуй засварын үүдний хэсэгт хойшоо саваад унасан. Манай дугуй засварын үүдний хэсэгт бетонон хэсэг байдаг бөгөөд уг бетон газрын уруу налуу байдалтай байдаг. Тухайн үед Амгаланбаяр хөл алдаад унасан. Би түүнийг хүчтэй уначихлаа гэж санаа зовоод дугуй засвараас шууд гарч ирээд толгойг нь өргөхөд ухаан алдчихсан байсан. Амгаланбаярын толгойг өргөөд хацар луу нь 2-3 удаа алгадсан. Намайг алгадахад сэрээгүй, тэгэхээр нь босгох гээд дээшээ өргөсөн. Амгаланбаяр ухаан орохгүй байсан, би түүнийг ганцаараа дийлэхгүй байсан учраас зурагт засварын Цолмонг дуудаж гаргаж ирээд түүнд хандаж “Хоёулаа Амгаланбаярыг өргөөд сүүдэрт суулгаадхая” гэж хэлээд, Цолмон бид хоёр түүнийг өргөөд сүүдэрт суулгасан. Шууд түргэн дуудъя гэж бодоод Цолмонг утсаараа түргэн дуудчих гэж хэлсэн, Цолмон түргэн дуудсанаас хойш ойролцоогоор 5-6 минутын дараа түргэний эмч ирсэн. Энэ үед Амгаланбаяр дугуй засварын ертөнцийн зүгээр хойд талын хана дагуу сүүдэрт хана налаад сууж байсан ба ухаан ороогүй байсан. Тухайн үед эмч ирээд шууд Амгаланбаярыг үзсэн, намайг харж байхад эмч Амгаланбаярын нүдийг нээж үзэж байсан, яг тэр мөчид нэг машин ирээд дугуй хийлүүлье гэхээр нь би тэр машины дугуйг хийлж өгөөд буцаад эмч дээр ирэхэд тэр эмч надад “энэ хүн чинь шал согтуу юм байна, гайгүй, гайгүй” гэж хэлчихээд явсан. Амгаланбаяр эмчийг үзэж байхад ухаан орсон. Тэгээд эмч явангуут Амгаланбаяр дугуй засварын ар талд сууж байсан газраа ойролцоогоор 20-30 минут сууж байгаад дугуй засварын үүдэнд хүрээд ирсэн. Би дугуй засвар дотроосоо шанаганд ус хутгаж аваад Амгаланбаярыг дагуулан хажуу талд байдаг РС тоглоомын төвийн гаднах шатан дээр суулгаж байгаад усаар нүүр гарыг нь угааж өгсөн. Амгаланбаяр нүүрээ угааж байхад толгой, нүүрнээс цус гараагүй зүгээр байсан. Тэгээд би түүнд ус хийж өгчихөөд дугуй засвар луугаа буцаад орсон, харин Амгаланбаяр тэндээ суугаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа би дугуй засвараас гарч ирэхэд Амгаланбаяр зам хөндлөн гараад явж байсан. ...Би анх Цолмонд түргэн дуудахдаа цагдаа бас дуудаарай гэж хэлсэн, тухайн үед би Цолмонг цагдаа дуудахад согтуу хүн бол өөрсдөө учраа ол гэж хэлсэн байх гэж бодсон, гэтэл Цолмонгоос дахин асуухад зөвхөн түргэн дуудсан гэж хэлсэн. Би тухайн үед эмчид Амгаланбаярыг хойшоогоо унасан талаар юу ч хэлээгүй. Эмч Амгаланбаярыг унасныг мэдээгүй. Амгаланбаяр намайг жийх үед эхлээд бөгсөөрөө газар унаад тэгээд хойшоогоо толгойгоороо савж унасан. Унахдаа Амгаланбаяр бүхэл биеэрээ бетон хэсэг дээр унасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед яв гэхэд явахгүй, ажил хийлгэхгүй согтуурахаад араас дагаад хувцаснаас татаад байсан учир уур хүрээд нэг удаа өшиглөж унагаагаад хүний аминд хүрчихлээ, надад талийгаачийг бэртээж, гэмтээх, алах бодол байгаагүй. Би түүнд боломжоороо өдөр бүр тамхи, 500-1000 төгрөг өгөөд явуулдаг байсан. Ж.Амгаланбаяр нас барсанд их харамсаж байна. Архи уугаагүй үедээ их сайн залуу байсан, над дээр их ирж тусалдаг, өдөржин буу халаад суудаг байсан.   Бид хоёр гайгүй дотно, хуурай ах, дүүгийн харьцаатай байсан. ...” /1 хх 172-175, 212-213/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “...Ж.Амгаланбаярын биед лямбада заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцралтай, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дэлүүний задрал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, хэвлийн битүү гэмтэл /дэлүүний задрал/-н улмаас нас барсан болно. ...” гэсэн 1300 дугаартай дүгнэлт /1 хх 107-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...Ж.Амгаланбаярын гавлын лямбада заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорх цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал, зүүн зулайн ар, дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, дэлүүний задрал нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлүүд нэг цаг хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 6-нд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд үүсгэгдсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ. ...” гэсэн 1159 дугаартай дүгнэлт /1 хх 204-206/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1300 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ж.Амгаланбаярын лямбада заадасны зүүн хэсгээс зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, эврэлт, хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус хуралт, зүүн зулай, чамархай, баруун зулай, чамархай, хажуугийн ховдлын дээд хэсгээр, хоёр чамархайн суурийн хэсгээр нимгэн аалзан хальсан доорхи цус хуралт, зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал бүхий гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл, дэлүүний задрал гэмтэл нь тус журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Гавал тархины болон хэвлийн битүү гэмтлийг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр авсан байх боломжтой. ...” /1 хх 226-231/ гэсэн 1308 дугаартай дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 2-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-11/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-13, 19-20/, дугуй засварт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 16-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 21-39/, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 41/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 42-46/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1 хх 47-51/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх 244-245/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг санаатай алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хэрэгт авагдсан гэрч Х.Цолмон, гэрч Ө.Бум-Аюуш, Б.Дашням нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Р.Б нь хохирогч Ж.Амгаланбаярыг хэвлий орчим нь өшиглөж,  эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, дэлүүний задрал бүхий хүнд хохирол учруулсан даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлсэн, шинжээч эмч О.Болороо, Б.Ариунзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдэд хохирогчид учирсан гэмтлүүд үүсгэгдсэн даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан нь тогтоогдож байх тул түүнийг хүнийг санаатай алах гэмт үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Бг хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан түүний гэм буруутай үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлтэй, шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүгдэгч Р.Б болон түүний өмгөөлөгч Г.Тамир нарын “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга  бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Р.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хүний амь нас хохирсон, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заажээ.

Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байна.

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Р.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ