Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 074

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч Н.Нарангэрэл,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Д-н Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910024040853 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг, Орхонтуул суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Орхонтуул констракшн ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, гавья шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Д-н О /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгэлдэх” супермаркет дотор хохирогч Д.Бгийн гээгдүүлсэн “Iphone XS Max” маркийн гар утсыг авч завшин 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Д.Б: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой ажлаа тараад идэх юм авах гээд “Цэнгэлдэх” хүнсний дэлгүүр орсон, зайрмагны хөргөгчний хажууд босоо хөргөгчнөөс бялуу авах гээд бялуу аваад нэг гартаа барьсан, нөгөө гартаа гар утсаа барьсан байсан, тэгээд авсан бялуунхыаа он сар өдрийг худалдагчаас асуух гээд эргэхэд тухайн бялууны амталгаа явж байхаар нь амсаж үзэх гээд тийшээ очихдоо гартаа барьсан байсан гар утсаа зайрмагны хөргөгчин дээр түр тавиад бялууны амталгаа амталж үзээд гар утсаа авах гээд эргээд харахад зайрмагны хөргөгчин дээр тавьсан байсан миний гар утас алга болсон байсан. Утсаа алга болсныг мэдээд тухайн үед тэнд байсан хүмүүсээс асуугаад, худалдагч охины гар утсаар өөрийнхөө гар утас руу залгахад миний утас дуудаад авахгүй байсан. Тухайн үед утсаа алдсанаа мэдээд сандарсан, ойр орчимд байсан хүмүүсээс асуусан, тухайн үед дэлгүүр их биш ч гэсэн хүмүүс үйлчлүүлж байсан. Миний гар утсыг нээхэд код нэхэхгүй, шууд нээгддэг, хэн нэгэн нээе гэвэд шууд нээгдэх боломжтой. Сандарч байхдаа дэлгүүрийн худалдагч охиноос камер шүүж үзье гэхэд шууд шүүж өгдөггүй, дэлгүүрийн зохион байгуулагч, камерын бичлэг үздэг хүнээ дуудна гээд хэсэг хугацаа өнгөрсөн, тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд Д.О миний гар утсыг аваад дэлгүүрээс гарч байгаа бичлэг байсан, карт уншуулсан бөгөөд тухайн уншуулсан картны нэрээр нэрийг нь мэдэж авсан. Тэгээд худалдагч охин, кассны хүн нь энэ эмэгтэй манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг, дараа орж ирэхэд нь хэльё гэж хэлж байсан, би тухайн эмэгтэйг дэлгүүрийн гадаа байж магадгүй гээд дэлгүүрээс гарч харахад харагдаагүй, улмаар гадаа явж байсан өөр хүний утсаар залгахад холбогдох боломжгүй болсон байсан, энэ үед Д.О цахилгаан шатанд суусан байх, тэгээд дахиад залгахад утсаа авахгүй байсан учир би цагдаад хандсан. Цагдаа ирээд мөн залгахад авахгүй байсан, тэгээд цагдаа ажилдаа хэрэглэдэг таблетнаас миний утас руу мэссэж бичсэн, мэссэж бичсэний дараа залгахад Д.О утсаа аваад гарч ирсэн, гарч ирээд би чиний хаяасан утсыг олж өгч байхад цагдаа дуудлаа гээд намайг загнаад байсан, би утсаа авчихаад явахад Д.О миний араас дагаад яваад байсан, яах гэж дагаж явсны мэдэхгүй байна, тэгээд явж байгаад би дуудлагаар ирсэн хоёр цагдаатай тааралдахад цагдаа та утсаа авсан уу гэж асуусан, би утсаа авсан, энэ хүн намайг дагаад байна гэхэд цагдаа нар Д.Ог саатуулсан, өөрөөр цагдаа хүлээж байгаад Д.Ог саатуулсан зүйл байхгүй, Д.О өөрөө намайг дагаж явж байгаад цагдаатай таарсан. Утсаа авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.О: “...Тухайн өдрийн он сар өдрийг сайн санахгүй байна, тараг авахаар “Цэнгэлдэх” дэлгүүрт орсон, дэлгүүрээс таргаа авчихаад зайрмаг авах гээд хөргөгчин дээр очиход хөргөгчин дээр хар гэртэй гар утас байхаар нь эзнийг нь залгахаар өгьё гээд уг гар утсыг аваад гарсан, дэлгүүрээс гарч байхад манай дүү манай хүүхдийг хувцаслаад өөдөөс ороод ирсэн, би хүүхдээ аваад дэлгүүрээс авсан тортой зүйлээ дүүдээ өгөөд хүүхдээ тэврээд гэртээ орсон, тэр хооронд хоёр дуудлага ирсэн байсан, дуудлага ирснийг гэртээ ороод харсан, би урьд нь тэр дэлгүүрт гар утас, жижиг цүнхээ алга болгож байсан, буцаад олж авч чадаагүй, тухайн утсыг кассанд үлдээвэл олдохгүй, би өөрөө эзэнд нь өгьё гэж бодоод аваад гарсан. Дэлгүүрийн камерт би авч байгаагаар бичигдсэн учир эзэнд нь л өгьё гэж бодож байсан. Дэлгүүрт удаагүй, гарсан, тухайн эд зүйлийг би завшаагүй, гэмт хэрэг үйлдээгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Цэнгэлдэх супермаркет дотор худалдан авалт хийж явж байгаад өөрийн “Iphone Xs Max” маркийн гар утсыг зайрмагны хөргөгчин дээр орхиод хажуу талын хөргөгчнөөс торт аваад эргээд хартал байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн гар утсаа 4 сая төгрөгөөр үнэлж байна. Гар утсаа буцааж авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” /хх-ийн 6-7, 43/ гэсэн,

 

Гэрч Г.Ганчөдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагаас 10 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн арцат 121 чиглэлд буюу эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” худалдааны төвд утсаа алдчихлаа гэх дуудлага ойролцоогоор 19 цагийн орчим ирсний дагуу ахлах ахлагч Батсайханы хамт очиж шалгахад Д.Б гэх эмэгтэй дуудлага өгсөн, түүнтэй уулзаж камерыг шүүж шалгахад нэг эмэгтэй гар утсыг аваад гарч байсан бөгөөд картаар худалдан авалт хийсэн байсан. Тэгээд худалдан авалт хийсэн баримтыг үзэхэд О гэх нэр байсан санагдаж байна. Тэгээд утсаа алдсан гэх хүний утас руу нь залгасан, мөн хамт явсан Батсайханы дугаараас залгахад дуудаад байсан боловч авахгүй байсан. Тэгэхээр нь дуудлаганд ашигладаг таблетаас “Хан-Уул дүүргийн цагдаа байна, Д.О таны гар утас авч байгаа бичлэг байна” гэж мессеж бичээд дараа нь хоёр удаа залгахад утсаа авсан бөгөөд цагдаагаас ярьж байна, та гараад ир гэж хэлсэн чинь та хоёрыг хэн дуудсан юм, би энэ утсыг олж авсан, би наад хүнтэй чинь өөрөө учраа олно, та хоёр яв гэж хэлсэн, тэгэхээр нь хохирогчийг өөр хүний утаснаас яриулаад хоёр цагдааг явсан, баярласнаа илэрхийлээд шагналыг нь өгье гэж хэлүүлж яриулсан. Тэгээд Би Батсайхантай хамт зүүн талаар нь тойроод “Цэнгэлдэх” төвийн бэлэн мөнгөний машины ойролцоо зогсож хүлээсэн. Хохирогч нөгөө хүнийг ирэхээр нь дуудсан. Тэгээд Д.О болон Д.Б нарыг дүүргийн цагдаагийн хэлтэст авч ирээд Д.Огаас гар утсыг хураан авч Д.Бд тэмдэглэл үйлдэж өгсөн бөгөөд эрүүгийн мөрдөгч Ууганбаатарт дээрх хоёр хүнийг хүлээлгэж өгсөн. Тухайн гар утас нь Iphone XS max маркийн гар утас байсан, эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирогч өөрийн утсаа таниад мөн байна гээд хүлээж авсан...” /хх-ийн 46/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Цэнгэлдэх” супермаркет руу тараг авахаар ойролцоогоор 19 цагийн үед орсон. Тэгээд тараг авчихаад зайрмаг авах гээд хөлдөөгч рүү нь очиход дээр нь хар өнгийн хаагддаг хавтастай гар утас байсан, тэгэхээр нь уг гар утсыг аваад халаасандаа хийгээд дэлгүүрээс гарсан. Тухайн үед би дэлгүүрээс гарахдаа карт уншуулаад тооцоогоо хийгээд гарсан. Тухайн үед би утсыг олоод эзэнд нь өгнө, эзэн нь залгах байх гэж бодоод халаасандаа хийсэн. Би тэр гар утсыг кассан дээр үлдээе гэж бодож байтал би өөрөө камерт бичигдсэн байгаа учраас тэдгээр кассны хүмүүс утсыг эзэнд нь өгөөгүй тохиолдолд би авсан байдалтай харагдах учраас өөрөө эзэнд нь өгнө гэж бодоод авсан. Урьд өмнө би 2-3 жилийн өмнө тус дэлгүүрт жижиг цүнхээ мартаад алдаж байсан, буцаад ирэхэд миний цүнх байхгүй, алдагдаж байсан, үүнтэй адил гэж бодоод гар утсыг үлдээлгүй аваад гарсан. Би тухайн үед дэлгүүрээс гараад хүүхдээ байрны гадаа салхилуулж байгаад гэрлүүгээ орсон тэр хооронд 3 дуудлага, 1 мессеж ирсэн байсан. Тэгээд месежийг нь уншаад байж байтал өөдөөс дуудлага ирсэн, тэгээд ярьтал утасны эзэн байна гэхээр нь таны утсыг би дэлгүүр дотроос оллоо, таныг залгах байх гэж бодоод хүлээж байсан юм гэтэл утсаа авъя, гараад ир гэж хэлсэн, тэгэхээр нь би утсыг нь аваад гараад очсон чинь нөгөө хүн цагдаа дуудчихсан цагдаатай хамт байсан. Утасны эзэн гэх эмэгтэйтэй ярьсны дараа цагдаа яриад цагдаа байна, утсаа аваад гараад ир гэж хэлсэн. Би цагдаагаа явуул гэж хэлээгүй, та яагаад цагдаа дуудсан юм бэ, утсыг чинь өгөхийн хооронд цагдаа дуудах шаардлага байсан юм уу гэж хэлсэн. Хэрэв таны утсыг авах байсан бол унтраах ч юм уу, ямар нэгэн үйлдэл хийх байсан, энэ утсыг надад өөрийн болгож авах ямар нэгэн зорилго байгаагүй, хохирогч тухайн үед утас руу залгахад холбогдохгүй байсан гэж яриад байсан, би утсыг нь унтраагаагүй худлаа ярьж байна, дуудлага ирээгүй, сүлжээг нь хаагаагүй, би утсыг огт оролдоогүй. Гэрлүү орох үед лифтэнд явж байхад сүлжээ унадаг, өөрөөр би тэр гар утасны пин кодыг нь ч мэдэхгүй...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн гар утасны үнэлгээний тайлан /хх-ийн 28-31/,

- Шүүгдэгч Д.Огийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 24/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 25/, ял шалгах хуудас /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 50/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгэлдэх” хүнсний дэлгүүр дотор хохирогч Д.Бгийн гээгдүүлсэн “Iphone XS Max” маркийн гар утсыг буюу гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч,  завшсаны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бгийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед Цэнгэлдэх хүнсний дэлгүүрт худалдан авалт хийгээд байгаад өөрийн “Iphone Xs Max” маркийн гар утсаа зайрмагны хөргөгчин дээр орхиод хажуу талын хөргөгчнөөс торт аваад эргээд хартал байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 6-7, 43/ гэсэн, гэрч Г.Ганчөдөрийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагаас 10 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн арцат 121 чиглэлд буюу эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагаар 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд “Цэнгэлдэх” хүнсний дэлгүүрт гар утсаа алдсан гэх дуудлага ойролцоогоор 19 цагийн орчим ирсний дагуу шалгахад Д.Б гэх эмэгтэй дуудлага өгсөн, түүнтэй уулзаж камерыг шүүж шалгахад нэг эмэгтэй гар утсыг аваад гарч байсан бөгөөд картаар худалдан авалт хийсэн байсан. Тэгээд худалдан авалт хийсэн баримтыг үзэхэд Д.О гэх нэр байсан санагдаж байна...” /хх-ийн 46/ гэсэн, шүүгдэгч Д.Огийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Цэнгэлдэх” хүсний дэлгүүрээс тараг авахаар ойролцоогоор 19 цагийн үед орсон. Таргаа авчихаад зайрмаг авах гээд хөлдөөгч рүү нь очиход дээр нь хар өнгийн хаагддаг хавтастай гар утас байсан, тэгэхээр нь уг гар утсыг аваад халаасандаа хийгээд дэлгүүрээс гарсан. Тухайн үед би дэлгүүрээс гарахдаа карт уншуулаад тооцоогоо хийгээд гарсан. Тухайн үед би утсыг олоод эзэнд нь өгнө, эзэн нь залгах байх гэж бодоод халаасандаа хийсэн. Би тэр гар утсыг кассан дээр үлдээе гэж бодож байтал би өөрөө камерт бичигдсэн байгаа учраас тэдгээр кассны хүмүүс утсыг эзэнд нь өгөөгүй тохиолдолд би авсан байдалтай харагдах учраас өөрөө эзэнд нь өгнө гэж бодоод авсан...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд, өргөдөл /хх-ийн 3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/, үнэлгээний тайлан /хх-ийн 28-31/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Д.Огийн “Цэнгэлдэх” хүнсний дэлгүүрээс Д.Бгийн зайрмагны хөргөгчин дээр үлдээсэн байсан гар утсыг авч, халаасандаа хийж, дэлгүүрээс гарч байгаа дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдэлд, өөрт нь байхад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд Д.Огийн үйлдэлд энэ гэмт хэргийн шинж байхгүй гэж шүүх үзсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бгийн эд хөрөнгөнд 3,000,000 төгрөгийн /хх-ийн 28-31/ хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нь өөрийн гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй /хх-ийн 16, 43/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.О урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч, хохирлыг төлж барагдуулсан нь мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад, хохирогчийн хайхрамжгүй хандаж, гар утсаа хөргөгчин дээр үлдээж байгаа нь түүний зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нь мөн зүйл, хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны хохирлыг төлж барагдуулсан шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн 1910024040853 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч өмгөөлөгчөөс гэмт хэргийг хэн үйлдсэнийг хөтөлбөргүй тогтоож чадаагүй, Д.О өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, Д.О гар утсыг авч явснаа хүлээн зөвшөөрч болно, гэхдээ өөр баримтаар давхар нотлогдох ёстой, энэ байдлыг нягтлаагүй, хоёр иргэн хоорондоо гар утсаа хүлээлгэж өгсөн, хүлээж авсны дараа өргөдөл гаргасан байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй.

Хөрөнгийн үнэлгээ тогтоосныг үгүйсгэхгүй, хохирогч гар утсаа хэзээ, хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хохирогчийн гар утас гэдгийг эх сурвалжаар тогтоосон нэг ч баримт байхгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй, мөрдөгч тогтоол аваачиж өгснөөс өөр зүйл үнэлгээчинд өгөөгүй, үнэлгээчин тухайн гар утсыг хараагүй атлаа үнэлсэн нь хууль зөрчсөн, хохирогчоос гар утсыг өөрөөс нь авч байгаад үнэлээгүй, ямар баримтаар тухайн гар утсыг 3 сая төгрөг болохыг тогтоосон нь ойлгомжгүй.

Тухайн үед гар утас руу залгасан эсэхийг шалгаагүй, Д.Бгийн гар утас руу залгасан тухай баримтыг авах боломжтой, энэ ажиллагааг хийгээгүй.

Д.Огийн дүүг болон хүүхдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад асуугаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байх тул Д.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах талаар гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Огийн дэлгүүр дотор зайрмагны хөргөгчин дээр байсан гар утсыг хүнд нь өгнө гэж дэлгүүрээс авч гарсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, утас хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь нотлогдсон, Д.Огийн үйлдэл нь  тухайн гэмт хэргийн шинжийг хангасан нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тодорхойлогдсон байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 3 сая төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 28-31/ тогтоогдсон бөгөөд ямар эд зүйл алдагдсан нь тодорхой байхад алдагдсан эд зүйлийг заавал үнэлгээчинд үзүүлж үнэлгээ хийлгэх шаардлагагүй, алдагдсан эд зүйлийн үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоох боломжтой гэж хөрөнгийн үнэлгээний тайлан гарсныг хууль зөрчөөгүй гэж үзнэ. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргасан асуудлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэргийн материалыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нар танилдахдаа /хх-ийн 57/ энэ талаар огт дурдаагүй, өмгөөлөгч прокурорын шатанд хүсэлт гаргахдаа мөн дурдаагүй зэргээр няцаагдаж байна.

 

Камерын бичлэг авахуулах, Д.Огийн дүүг, хүүхдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад асуулгах, хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой бусад баримтын талаарх гомдол хүсэлтээ мөрдөн шалгах болон прокурорын шатанд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын зүгээс огт гаргаж байгаагүй бөгөөд шүүх хуралдаанд энэ талаар гаргасныг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Дэлгүүр дотор дүү манай хүүхдийг тэврээд орж ирээд яаралтай юманд явах болсон гээд би хүүхдээ тэврээд тортой зүйлээ аваад эмийн сан явсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн нь өмгөөлөгчийн хэлсэн Д.Огийн дүү, хүүхдийг асуух талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй, хэрэв ийм нөхцөл байсан бол тухай бүр хүсэлтээ гаргаад мэдүүлэг авахуулах боломжтой байсан, одоо эдгээр хүмүүсийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүйн дээр шүүгдэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй болохыг тэмдэглэж байна.

 

Хохирогчийн гар утасны харилцагчийн орсон, гарсан дуудлагын талаар баримт цуглуулаагүй гэж өмгөөлөгч маргасан, хэрэг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хохирогч гар утсаа алдсаны дараа худалдагчийн, цагдаагийн алба хаагчийн болон гадаа явж байсан охины утсаар хэд хэдэн удаа залгасан тухайгаа мэдүүлэх бөгөөд шүүгдэгч мөн залгасан байсан, дуудлага ирсэн байсан, би аваагүй, гэртээ ороод дуудлагыг авч хохирогчтой холбогдсон талаараа мэдүүлсэн, энэ талаар хэн аль нь маргахгүй байхад энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагагүй, одоо энэ ажиллагааг нөхөж гүйцэтгэх боломжгүйн дээр зайлшгүй ажиллагаа биш гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Д-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н О-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.О-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910024040853 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР