Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 410

 

 

 

 

 

 

2020              4              02                                       2020/ДШМ/410

 

Д.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Д.Од холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Дгийн О, 1984 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгэлдэх” супермаркет дотор хохирогч Д.Бгийн гээгдүүлсэн “Iphone XS Max” загварын гар утсыг авч завшин 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Дгийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Од оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Алтангэрэл бичсэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнгэлдэх” супермаркет дотор хохирогч Д.Бгийн гээгдүүлсэн “Iphone XS Max” загварын гар утсыг авч завшин 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бгийн “...Цэнгэлдэх супермаркет дотор худалдан авалт хийж явж байгаад өөрийн “Iphone Xs Max” загварын гар утсыг зайрмагийн хөргөгч дээр орхиод хажуу талын хөргөгчөөс торт аваад эргэтэл байхгүй болсон байсан. ...” гэх /хх 6-7, 43/,

гэрч Г.Ганчөдөрийн “...Д.Б гэх эмэгтэй дуудлага өгсөн. Түүнтэй уулзаж камерын бичлэгийг шалгахад нэг эмэгтэй гар утсыг аваад гарч байсан бөгөөд картаар худалдан авалт хийсэн байсан. Тэгээд худалдан авалт хийсэн баримтыг үзэхэд О гэх нэр байсан санагдаж байна. ...Тэгээд би Батсайхантай хамт зүүн талаар нь тойроод “Цэнгэлдэх” төвийн бэлэн мөнгөний машины ойролцоо зогсож хүлээсэн. Хохирогч нөгөө хүнийг ирэхээр нь дуудсан. Тэгээд Д.О болон Д.Б нарыг дүүргийн цагдаагийн хэлтэст авч ирээд Д.Огаас гар утсыг хураан авч Д.Бд тэмдэглэл үйлдэж өгсөн бөгөөд эрүүгийн мөрдөгч Ууганбаатарт дээрх хоёр хүнийг хүлээлгэн өгсөн. ...” гэх /хх 46/,

шүүгдэгч Д.Огийн “...Таргаа авчихаад зайрмаг авах гээд хөлдөөгч рүү нь очиход дээр нь хар өнгийн хаагддаг хавтастай гар утас байсан. Тэгэхээр нь уг гар утсыг аваад халаасандаа хийгээд дэлгүүрээс гарсан. Тухайн үед би дэлгүүрээс гарахдаа карт уншуулаад тооцоогоо хийгээд гарсан. ...” гэх /хх 39-40/ мэдүүлгүүд,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 691 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-30/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Ог гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Од оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын биелүүлэх хугацааг тогтоогоогүй, тогтоох боломжгүй талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулан бичсэн тул дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан ба торгох ялыг ямар хугацаанд гүйцэтгэх талаар шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь нэг талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шалгуурыг хангахын зэрэгцээ,

нөгөө талаас шүүхийн аливаа шийдвэрийг заавал биелүүлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд шийдвэр хэзээ биелэгдэх нь тодорхой байх ёстой бөгөөд шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүсч болох хууль зүйн үр дагавар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдалд нөлөө үзүүлэх онцлогтой болно.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 74 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Д.Огийн биеийн байцаалтыг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдаж, цаашид энэхүү зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                  ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ