| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2017/0000/Э |
| Дугаар | 2017/ДШМ/008 |
| Огноо | 2017-02-16 |
| Зүйл хэсэг | 211.2., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2017/ДШМ/008
Х.Бад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,
хяналтын прокурор Х.Өрен,
шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр, А.Серикжан,
иргэний нэхэмжлэгч Ш.З, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Маншүк, орчуулагч А.Еркегүл нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Бад холбогдох эрүүгийн 201604000243 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Хын Б, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, Баян-Өлгий аймгийн Ц суманд 0000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ц сумын 1 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар 000000000.
Шүүгдэгч Х.Б нь 2016 оны 6 дугаар сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай Алтай Таван богдын байгалийн цогцолборт “Х ” гэх газрын ойгоос Ойн тухай хуулийг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг шинэс мод бэлтгэж, худалдан байгаль экологид 476001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор: 1. Шүүгдэгч С овогт Хын Быг Ойн тухай хууль тогтоомж зөрчиж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Бын давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн 201604000243 тоот хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
Болсон үйл явдал одоогийн эрүүгийн хавтаст хэрэгт байгаа шиг болоогүй. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч мөрдөн байцаагч нар “олон хүнийг чирээд яах гээд байгаа юм бэ? тэглээ гээд чамд ямар ашиг байгаа юм. Харин ч бүлэг хэрэг болж, та нарын эрх зүйн байдал хүндрэх гээд байна. Тэгснээс чи ганцаараа энэ бүхнийг үүрээд явчих. Улсад учирсан 1428004 төгрөгийн хохирлыг, 17 ширхэг модыг өөрөө тайрсан н.З хариуцахаар болсон. Би 17 биш 13 ширхэг модыг бэлтгэсэн гэж хэлчих. Тэгвэл шүүхээс чамд хөнгөн ял буюу тэнсэн өгчихнө. Тэгээд хэрэг хаагдана” гэж хэлсэн байсан. Гэтэл шүүхийн шийдвэр санасан шиг болоогүй, надад 3 сарын хорих ял өгчихлөө. Тэд намайг хууран мэхэлсэн. Одоо үнэнээ хэлэх мөч болсон байна.
Улсын байцаагч Т.С, Д.Т нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж тусгай хамгаалалттай газраас Т.С нь 12 ширхэг мод, Д.Т нь 4 ширхэг нойтон модны зөвшөөрөл авсан. Ш.З нь 17 ширхэг нойтон мод огтолж, 13 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр авсан. 5.5 метр х 5.5 метр харьцаатай байшин барихад 60 ширхэг модоор хана босгосон байна. Дээврийн модыг хаанаас авсан бэ? 6 метрийн 60 ширхэг шургааг дархан цаазтай газраас хулгайлсан. Мөрдөн байцаагч тус газрыг зураг авалтаар гүйцэд шалгаагүй. Зөвхөн Ш.Зы амаар өгсөн тайлбараар би хэлмэгдчихлээ. Уг нь Ш.З мөрдөн байцаалтын шатанд надад хэлэхдээ: “би төрийн албан хаагч, багийн Засаг дарга хүн. Энэ нойтон модыг би огтолж бэлдсэн гэж мөрдөн байцаагчид хэлж хэргээ хүлээчих. Би хуулийн байгууллагаас чамайг гаргаж авна. Нөхөн төлбөрийг би төлнө. Чамайг хохиролгүй болгож шоронд явуулахгүй, чамд тэнсэн харгалзах арга хэмжээ авахуулж чөлөөлүүлж авна” гэж надыг хууран мэхэлсэн. Би зөвшөөрөлгүй нэг ч нойтон мод огтлоогүй. Ш.З өөрөө огтолсон модыг надад тулган хүлээлгэсэн.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг прокурорын газарт буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Х.Бад холбогдох эрүүгийн 201604000243 тоот хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Х.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй. Тухайлбал: Х.Б нь дээрх гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүх Х.Бын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн " ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэсэн мэдүүлгийг голлон үндэслэж ял оногдуулжээ. Хэдийгээр шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн ч гэсэн түүний гэм буруугийн асуудал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаагүй буюу нотлогдоогүй тохиолдолд яллах үндэслэл болохгүй билээ.
Шүүгдэгч Х.Бын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, 2016 оны 11 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч шинжээч С.Сий 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39-04-40/7 дугаар шинжээчийн “...4.Хэзээ огтлогдсон болохыг тогтоох? Дүгнэлт: Энгийн нүдээр гаднаас нь харахад огтлогдсон модны үзүүр, уг хэсэг нь шинэвтэр, наранд хатаж борлосон, тухайн моднуудыг хутгаар ухаж үзэхэд нойтон модыг огтлоход харагддаг цагаан өнгөтэй үртэс гарсан. Уг моднуудын гаднах холтос нь шинэвтэр хавар буюу 9-10 сарын өмнө огтолсон мод байна.’’ гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Нөгөө талаар ой модыг насаар нь экологи, эдийн засгийн үнэлгээг гаргадаг атал шинжээч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлт гаргахдаа энэ талаар дурдалгүйгээр зөвхөн “нэг метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 204000 төгрөг" гэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Үйлчлүүлэгч Х.Б нь монгол хэл мэдэхгүй учраас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд орчуулагчийн тусламжтайгаар мэдүүлэг өгсөн байдаг. Х.Баас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна. Түүнчлэн мөрдөн байцаагч монгол хэл мэдэхгүй хүнээс байцаалт авсан гэдэг нь эргэлзээтэй байна.
Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн заагийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заажээ. Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Х ” гэх газар нь Монгол Алтайн нурууны ой бүхий газар нутагт хамаарч байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй байна. Ингэснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байгаа. Мөн хавтаст хэргийн 9-10 дугаар хуудаст авагдсан “хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” нь мөрдөн байцаагч гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох газарт очиж, 13 ширхэг хожуул байгаа эсэхийг нүдээр үзэж шалгахгүйгээр 15-18 километрийн зайнаас харж байгаад хийсвэрээр үзлэг хийсэн мэтээр тэмдэглэл хөтөлсөн тул эргэлзээтэй бөгөөд учир дутагдалтай болсон байна.
Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “урт хүйтэн” гэх нэртэй газар иргэн Ш.Зы барьсан байшинд үзлэг хийхэд оролцсон байгаль орчны улсын байцаагч С.Сийг дараа нь шинжээчээр томилсон тогтоол нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал болсон гэж үзэж байна.
Түүнчлэн шүүгдэгч Х.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолд болсон хэргийн талаар дурдсанаас үзэхэд миний үйлчлүүлэгч Х.Б нь хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан байж болзошгүй байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201604000243 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж өгнө үү.” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Ш.Зы давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Х овогтой Баас 5 болон 2 орчим метрийн урттай 13 ширхэг модыг худалдан авч, “Урт хүйтэн” гэх газарт зуны байшин барихад хэрэглэсэн. Уг байшинг дээвэрлэхэд хадлангийн хашааны шургааг ашигласан. Миний бүх уйлдэл мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Би өөрөө нэг ч мод бэлтгээгүй. Үүнээс болж миний бие хууль бус мод худалдан авсан асуудлаар 4 сар чирэгдсээр явж байна. Уг модыг худалдан авах үед зохих эрхийн бичиг байгаа талаар асуухад зөвшөөрөлтэй гэж хууран мэхэлж надад худалдсан. Мөрдөн байцаалтын явцад худалдсан моднууд ямар ч зохих зөвшөөрөлгүй болох нь нотлогдсон. Миний авсан 13 ширхэг мод нь холтостой, байгалийн жамаар унасан, газрын модноос бэлтгэсэн моднууд байсан.
Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Ш.З намайг мод бэлтгэсэн, Улсад учирсан 14280000 төгрөгийн хохирлыг төлж, өөрийг нь хуулийн байгууллагаас гаргаж авах болсон, өөрөө огтолсон модыг надад тулган хүлээлгэсэн гэх зэргээр миний нэр хүндийг гутааж, миний эрхэнд халдсан байна.
Холбогдох хэргийг шалгах явцад намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэлгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Прокурорын газрын 5/73 дугаартай тогтоол гарсан.
Иймд Х.Б нь ямар ч үндэслэлгүйгээр хамаатан садан хүмүүсийн үгэнд орж, намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Би энэ хэргээс болж маш их хэмжээний хохирол амссан. 5 сар хэрэгт мөрдөгдөж, сэтгэл санааны болон эд материалын хохирол үзсэн болно.
Баян-Өлий аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоол /тайлбарт дурдсанаар/ нь бид нарын 201604000243 тоот хэргийг хянан маш зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Ялтан С овогт Хын Б нь 2016 оны 6 дугаар сарын дунд үеэр /өдрөө сайн санахгүй байгаа гэх/ Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр баг, Улсын тусгай хамгаалалттай Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс “Х ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.2963 м3 шинэс буюу шилмүүст модыг бэлтгэж, ойн санд 476.001 төгрөгийн экологи эдийн засгийн бодит хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар учруулсан эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу гурваар үржүүлж, 1.428.002 төгрөгийн нөхөн төлбөр буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан:
- 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр “Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Урт хүйтэн” гэх нэртэй газар иргэн Ш.Зы барьсан байшинд үзлэг хийв. Уг байшин нь 5.40м х 5.20 метрийн хэмжээтэй хөндлөн модоор барьсан байшин. ... гадна талаас нь харахад хуучин болон шинэ модоор салаавчлан өрж барьсан байдалтай байв. ...нийт 13 ширхэг мод байлаа. Тухайн байшингийн ерөнхий байдлыг харуулсан, үзлэг хийсэн 13 ширхэг модыг харуулсан, үзлэг хийсэн 13 ширхэг модыг дугаарласан байдлыг тус тус харуулсан 16 кадр дүрс буулгасан гэрэл зураг,
- хэргийн газрын ерөнхий байдал, Х.Бын мод бэлтгэсэн гэх “Х ” гэх газрын ойг ойртуулж харуулсан, 5 кадр дүрс буулгасан гэрэл зураг,
- 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “13.5 см хэмжээтэй металл нь ажиллагааны хэсэгтэй 51 см хэмжээтэй модон иштэй сүх, хуучин хөрөө 140 см урттай модон бариултай тус бүр нэг ширхгийг“ хураан авсан тухай тэмдэглэл,
-Шинжээч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчин хяналтын улсын байцаагч С.Сий “Ц сумын “Х ” гэх газраас бэлтгэсэн 13 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 476.001 төгрөг байна. Бэлтгэсэн моднууд нь шинэс буюу шилмүүст мод байна. Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 1.2963 м3 эзлэхүүнтэй байв. Нойтон мод байна. Уг газар нь Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. Х.Б нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байна“ гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсныг гэрчлэх Ц сумын Алтай Таванбогдын Сыргалы хэсгийн тусгай хамгаалалтай газрын байгаль орчны байцаагч Ш.А “Ц сумын нутаг дэвсгэрт “Урт хүйтэн” гэх газар барьсан байшинд үзлэг, хяналт шалгалт хийхэд очсон. Ш.Зы байшинд үзлэг хийхэд илэрсэн 13 ширхэг модны гадна талын холтсыг арчсан, давирхай нь ил гарсан нойтон моднууд байсан. Ш.З нь миний хариуцсан хэсгийн ойгоос мод бэлтгэж байгаагүй. Х.Б нь ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй.” гэсэн тэмдэглэл болон гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, эрүүгийн 201604000243 дугаартай хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, нотлох баримтуудад үндэслэн хэргийн талаар дүгнэлт хийх бүрэн боломжтой, анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан бөгөөд шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Магадлал гаргахад тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар байгалийн цогцолборт газрын бүсийг байгалийн хэв шинжээр нь аялал, жуулчлалын бүсэд хуваадаг бөгөөд тухайн бүсэд Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарч, байгаль орчинд сөрөг нөлөөтэй арга хэлбэрээр ойгоос мод бэлтгэсэн нь гэм буруутай байна.
Ялтан Х.Б гомдолдоо “болсон явдал яг үнэндээ одоогийн эрүүгийн хавтаст хэрэгт байгаа шиг байгаагүй юм. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч, мөрдөн байцаагч нар олон хүнийг чирээд яах юм бэ? тэглээ гээд чамд ямар ашиг байгаа юм. Харин бүлэг хэрэг болоод та нарын хэрэг хүндрэх гээд байна. Тэгснээс чи ганцаараа энэ хэргийг үүрээд явчих ... шүүхээс чамд хөнгөн ял буюу тэнсэн өгчихнө. Тэгээд хэрэг хаагдана гэсэн. ... одоо үнэнээ хэлэх мөч болсон байна. Улсын байцаагч Т.С, Д.Т нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж тусгай хамгаалалттай газраас Т.С нь 12 ширхэг мод, Д.Тбек нь 4 ширхэг нойтон мод зөвшөөрөл авсан. Ш.З нь 17 ширхэг нойтон огтолж 13 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр авсан. 5.5х 5.5 метр харьцаатай байшин барихад 60 ширхэг модоор хана босгосон байна. Дээврийн модыг хаанаас авсан бэ? 6 метрийн 60 ширхэг шургааг дархан цаазтай газраас хулгайлсан. Мөрдөн байцаагч тус газрыг зураг авалтаар гүйцэд шалгаагүй юм. Зөвхөн Ш.Зы амаар өгсөн тайлбараар би хэлмэгдчихлээ. Уг нь Ш.З мөрдөн байцаалтын шатанд надад хэлэхдээ “би төрийн албан хаагч, багийн засаг дарга хүн. Энэ нойтон модыг би огтолж бэлдсэн гэж мөрдөн байцаагчид хэлж хэргээ хүлээчих. Би хуулийн байгууллагаас чамайг гаргаж авна. Нөхөн төлбөрийг нь би төлнө. Чамайг хохиролгүй болгож шоронд явуулахгүй, чамд тэнсэн харгалзах арга хэмжээ авахуулж чөлөөлүүлж авна” гэж надыг хууран мэхэлсэн. Би зөвшөөрөлгүй нэг ч нойтон мод огтлоогүй. Ш.З өөрөө огтолсон модыг надад тулган хүлээлгэсэн“ гэжээ.
Хавтаст хэрэгт гэрч С.Хийн “Ш.З манай гэрт ирэхэд машинд нь ямар ч байсан тэвшний хойд талыг онгойлгож ачсан модтой байсан. Нийт хичнээн ширхэг, хэдэн метрийн урттай мод байсан эсэхийг анзаараагүй. Уг моднуудыг Баас авсан гэж хэлж байсан“ гэх мэдүүлэг, /хх-ийн 37 хуудас/
Гэрч С.Ө-ийн “тэгээд “Х ”-т очиж Быг гэрээс нь дагуулж аваад ойд очсон. Х.Бын “Х ”-ийн ойн зах хэсэгт гаргаж тавьсан 4-5 метр орчим урттай байсан байх 13 ширхэг мод байсан. ...Баз Ш.З, Х.Б нар өөрсдөө хоорондоо наймаа хийсэн болохоор моднуудыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Бид нар Баас мод худалдаж авахаар гэрт нь очиход Ш.З Х.Баас худалдах гэж байгаа моднуудын чинь эрхийн бичиг нь байгаа биз дээ үзье гэж хэлэхэд Х.Б эрхийн бичиг нь байгаа, эрхийн бичиггүйгээр юу гэж мод бэлтгэх юм бэ гэж хэлээд эрхийн бичгээ гэрээсээ хайгаад олж чадаагүй ба үзүүлээгүй юм. Тухайн үед Ш.З Х.Бад эрхийн бичиггүй хууль бус бэлдсэн мод байж намайг хэрэгт оруулаваа гэж хэлж байсан.“ гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Өийн мэдүүлэгтэй агуулга бүхий гэрч С.Ж, С.Ж нарын мэдүүлэг,
Гэрч Х.Оын “2015 оны 5 дугаар сарын сүүлээр байсан байх сар, өдрийг нь санахгүй байна. Х.Б морьтой “Х ”-ийн ой руу явж байгаад тааралдсан.Тухайн үед Б өөрөө хэрэглээний мод бэлтгэхээр явж байна гэж хэлж байсан. Дараа нь нэг удаа Х.Бтай уулзахад ой дотор бэлдэж тавьсан зарах хэрэглээний мод байгаа авах хүн байна уу гэж хэлж байсан. Мөн Х.Б надад ирж машинд чинь бензин хийж өгье. “Х ”-ийн ойгоос моднуудыг ачиж гэрийн хажууд буулгаад өгөөч гэж хэлж байсан ба буулгаж өгөөгүй” гэсэн мэдүүлэг тус тус өгчээ.
Дээрх мэдүүлгийг шүүх үнэлэхэд шүүгдэгч Х.Бын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг удирдлага болгон мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгдэгч Х.Б, ялтны өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан “тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201604000243 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү?“ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Д.МӨНХӨӨ