Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00974

 

Ё.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04025 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00473 дугаар магадлалтай,

Ё.С-гийн нэхэмжлэлтэй

МУСҮТ-д холбогдох,           

Цалин 11.484.644 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, нийт 9.055.750 төгрөг гаргуулж, Дундговь аймгийн үржлийн төвийн аж ахуйн хашааг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ё.С- нь 2012 оны 6 дугаар сард Дундговь аймаг дах Цөм сүргийн үржлийн төвийн захирлаар томилогдсон бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус төвийн захирлын ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн гэх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий тушаалыг гардуулан өгч ажлыг хүлээлцсэн боловч өнөөдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны үлдэгдэл цалин болох 11 400 000 төгрөгийг олгоогүй. Аудитын тайлангийн 6 дахь хэсэгт тайлант онд авлагагүй, 17.039.5 мянган төгрөгийн өртэй ажилласан байна. Өглөгийн 67,4 хувь буюу 11 484.6 мянган төгрөг нь цалингийн өр байна. Өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байна. мөн 12 дахь хэсэгт " ...2016 оны эцэст 17,039.5 мянган төгрөгийн өртэй байгаагаас 67,4 хувь буюу 11 484.6 мянган төгрөг нь цалингийн өр байгааг шийдвэрлэж барагдуулахыг анхааруулж байна... хэмээн дүгнэж цалингийн өр авлагыг баталгаажуулсан байдаг. Мөн 02 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад Дундговь цөм сүргийн үржлийн төв 2016 оны 12 сарын 30-ны байдлаар олгоогүй цалингийн өр 2015 оны 5.212.403 төгрөгийн, 2016 оны 6.272.241 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав... хэмээн нэхэмжлэгчид олгох цалингийн үлдэгдлийг он оноор нь гаргаж талууд тооцоо нийлсэн байна. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 84.464 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 11.484.644 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч МУСҮТ-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төв нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А-66 тоот тушаал гарахаас өмнө аж ахуйн тооцоон дээр, байгууллага тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тамга тэмдэгтэй өөрийн нэрийн өмнөөс бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд байсан. Цөм сүргийн үржлийн аж ахуйн одоогийн нэршлээр Малын удмын сангийн аймаг дахь салбарын захирлуудын цалингийн төсөв батлагдаж байгаагүй, аж ахуйн тооцоон дээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явж ирсэн. Иймд Ё.С-гийн гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МУСҮТ-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төв /хуучнаар/ нь тус аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт орших оффисын байраа түрээсэлж орлого олдог. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгчдээс түрээсийн төлбөр сард 60 000 төгрөг, дулаан, гэрэл, цахилгааны төлбөрийг гүйцэтгэлээр төлөхөөр гэрээ байгуулсан. Тус цөм сүргийн үржлийн төвийн захирал /хуучнаар/ Ё.С- нь оффиссын байрны нэг өрөөнд 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 12 cap хүртэл хугацаанд түрээсийн гэрээ байгуулалгүй өөрийн гэр бүлийн хамтаар амьдарч, түрээсийн төлбөр, амьдарч буй өрөөний ашиглалтын зардал болох дулаан цахилгааны зардлыг байгууллагад төлөөгүй болно. Иймд Ё.С-гийн төлөөгүй байрны түрээс, дулаан, цахилгааны зардал болох 3.556.680 төгрөгийг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 242.116 төгрөгийг ажлын хэсэгт тоолж хүлээлгэж өгөөгүй болно. Мөн түрээслэгч н.Бат-Эрдэнээс 2017 оны 02 дугаар сарын түрээсийн орлого, гэрэл цахилгаан, халаалтын төлбөрт 136.500 төгрөгийг хурааж авсан боловч байгууллагын данс бүртгэлд тусгалгүй, хувьдаа завшсан байх тул нийт 378.616 төгрөгийг, давхардуулан цалин тооцож авсан зөрүү 425.696.8 төгрөг, байгууллагаас төлөх НДШ-д төлсөн 51.083.51 төгрөг нийт 476.779.44 төгрөгийг, ажил хүлээлцэх үед дутагдсан 20 нэр төрлийн 25 ширхэг 676.675 төгрөгийн бараа материалыг нөхөн төлүүлэх, малчин Г.Сайнбаярын сууриас 4 толгой мал, малчин С.Цэрэндашийн сууриас 17 толгой мал тус тус дутсан. Нийт 21 толгой 1.467.000 төгрөгийн үнэ бүхий мал дутагдсаныг Ё.С- төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул дээрх 21 толгой 1.467.000 төгрөгийг төлүүлэх, мөн даснаас дутагдсан 21 толгой малын төлбөрт 1.467.000 төгрөг, данснаас хассан 1 толгой морины төлбөрт 900.000 төгрөг нийт 2.367.000 төгрөгийг, 1.600.000 төгрөгийн дансны үнэтэй 36 толгой малын төлүүлж, Мөн Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн аж ахуйн хашаанд чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг нотолсон, дэмжсэн баримт хэрэгт байхгүй. Ё.С-тэй гэрээ байгуулсан эсэх баримт байхгүйгээр хавсралтаар байр ашиглалтын зардлыг тооцоог жишиг байдлаар гаргаж түрээсийн төлбөрийг гаргуулах боломжгүй. Хэрэгт авагдсан байр ашиглалтын зардлын тооцоог хариуцагчийн төлөөлөгч өөрөө гаргасан. Байгууллагын эд хөрөнгийг хариуцсан эрх бүхий албан тушаалтан хувьдаа эд хөрөнгө завшсан бол эрүүгийн гэмт хэрэг болно. Үүнийг шалгаж тогтоосны дараа хохирлыг шаардан гаргуулах боломжтой. Ё.С- Дундговь салбараас цалин бодитоор авсан зүйл байхгүй, одоо авахаар нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, байгууллагын хуулбар үнэн дарагдсан санхүүгийн баримтууд байгаа боловч эдгээрийг үнэлэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04025 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУСҮТ--д холбогдуулан гаргасан 2015, 2016 оны цалинд 11.484.644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.С-д холбогдуулан гаргасан 2016 оны 12 сард илүү олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 476.779.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МУСҮТ--ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУСҮТ-ийн нэхэмжлэгч Ё.С-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00473 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/04025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтын шийдвэрлээгүй болохыг дурдсугай гэснийг хүлээн авахаас татгалзсугай гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.С-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дундговь аймаг дахь цөм сүргийн үржлийн төвийн үйл ажиллагаа, ажлын онцлогоос хамаарч нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг бүрэн гүйцэд олголгүйгээр нэхэмжлэгчтэй тооцоо нийлж олгоогүй үлдсэн цалинг нөхөж олгохоор тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаэр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/06 тоот тушаалыг нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр танилцуулан хүлээлгэн өгч ажлыг хүлээлцэх комисс тус өдрөө ажлыг нь хүлээж авсан. Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу эрхээ зөрчигдсөн буюу ажлаас халагдсан тушаалаа гардаж авсан едреес хойш 3 сарын дотор шүүхэд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн цалин хөлс дутуу олгогдсон талаарх үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар байх тул энэ өдрөөс эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсанаар хуульд заасан хөөн хэмэмцэх хугацааг хэтрүүлсэн байна...” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь нийт 11.484.644 төгрөгийн цалингаа аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг. Хариуцагч цалин хөлсний талаар нэхэмжлэгчтэй 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж үлдэгдэл цалинг талууд баталгаажуулсан боловч энэхүү тооцоо нийлсэн акт болон Дундговь аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланд Дундговь аймгийн аудитын газарт аудит хийж байсан учир нэхэмжлэгч хариуцагчаас үлдэгдэл цалин хөлсөө шаардалгүй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж байсан. Гэвч 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагын захирлын Б-06 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдэж ажил хүлээлцэх комисс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн аудитын тайлан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б-01 дугаар тушаалын зүүн доод буланд гараар бичиж цөм сүргийн үржлийн төвийн тамгыг дарсан уг тушаалаар нотлогдож байгаа юм. Түүнчлэн Дундговь аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланд Дундговь аймгийн аудитын газар аудит хийж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Аудитын тайланг гаргаж Дундговь аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчаас 2015, 2016 онуудын үлдэгдэл цалингаа шаардах эрх нь түүнийг ажлаас чөлөөлсөн өдрөөс эхлэн тоологдох ёстой бүр нарийвчлан авч үзвэл 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буюу Дундговь аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланг Дундговь аймгпйн аудитын газар баталгаажуулсан Аудитын тайлан гарсан өдрөөс эхлэн тооцох ёстой юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Дундговь аймаг дахь Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны санхүүгийн тайланд аудит орсон, санхүүгийн тайланг нь аудит баталгаажуулаагүй байхад нэхэмжлэгчийг шаардах эрхэд хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна хэмээн үзэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчнигүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ё.С- нь хариуцагч МУСҮТ-д холбогдуулж 2015-2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны цалинд 11.484.644 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч илүү олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 476.779.44 төгрөг, түрээсийн төлбөр 3.556.680 төгрөг, дутагдуулсан мал, барааны үнэ, түрээсийн төлбөр 5.020.291 төгрөг, нийт 9.055.750.44 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг  шийдвэрлээгүй болохыг дурдсан байна.

Давж заалдах шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, “сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлээгүйг” гэснийг “хүлээн авахаас татгалзах” гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ё.С- нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой цаг хугацаанд буюу  2014 оны 2 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл МУСҮТ-ийн Дундговь аймаг дахь салбарын захирлаар, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл МУСҮТ-ийн Дундговь аймгийн цөм сүргийн үржлийн төвийн захирлаар, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл МУСҮТ-ийн Дундговь аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерээр тус тус ажиллаж байсан, энэ талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ё.С- цалин аваагүй гэх нэхэмжлэлээ, Дундговь аймгийн Аудитын газрын тайлан, тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэснийг хариуцагч эс зөвшөөрч ...Дундговь аймаг дахь цөм сүргийн төв нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тул өөрөө өөрийгөө санхүүжүүлж цалинжуулах ёстой, нэхэмжлэлийн үндэслэл болгосон тооцооны баримтыг өөрөө үйлдсэн гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Хоёр шатны шүүх цалин гаргуулах Ё.С-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан зохицуулалтаас үзвэл ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр шууд хянан шийдвэрлэх маргаанд ажиллаж байсан үеийн олгогдоогүй цалин хөлс гаргуулах маргааныг хамааруулаагүй тул мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар энэ төрлийн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэх учиртай. Гэсэн хэдий ч хэргийн баримт, зохигчийн тайлбараар хариуцагч байгууллагад маргаан таслах комисс байдаг нь тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”, 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ.

Дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан цалин гаргуулах шаардлага гаргах эрхийн хугацаа хуульд зааснаар 3 сар байна. 

Ё.С-гийн ажиллаж байсан байгууллагын эрх зүйн байдал салбар, төв, салбар нэгж зэрэг нэршилтэйгээр өөрчлөгдөж байсан нь тогтоогдсон боловч тухайн байгууллага өөрийгөө санхүүжүүлж нэхэмжлэгч цалин хөлс авч байсныг хариуцагч нотлоогүй тул нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасныг буруу гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгч 3 жилийн туршид цалин аваагүй үндэслэл тодорхой бусаас гадна энэ талаар хариуцагчид шаардлага гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, тэрээр 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандаж, цалин хөлсний талаархи маргаан үүсгэсэн байх тул шаардах эрхээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00473 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 199.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ