Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 108

 

Хан-Уул дүүргийн Эрүүгиин хэргиин анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ц.У-, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Ц-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010000570070 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, “Сансар” худалдааны төвд камерын хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Ц-н У- /РД: 00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11-444 тоотод хамтран амьдрагч Т.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.У-: “...Мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг өнгөрч байхад У-аас мөнгө яасан бэ гэснээс болж бид хоёр маргалдсан. Гэтэл У- уурлаад миний хоолойг боож байгаад нүүрэнд 2-3 удаа цохьсон. Энэ үед хажуу өрөөнд унтаж байсан охин Хонгорзул босч ирээд болиоч гэхэд дээрх үйлдпээ зогсоосон. Ингээд би гэрээс гарч яваад найз Боломаагийн гэрт очиж 0,5 литрийн нэг шил архи авч уучихаад унтах гэж байхад У- ирсэн. ...Энэ үед У- архи уусан байсан бөгөөд бид хоёр маргалдаж байхад цагдаа ирж биднийг авч явсан ...” /хх-ийн 12-14/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр би тусдаа өрөөнд дүүтэйгээ унтаж байхад У- ах ээж хоёр хэрэлдэх чимээ гарахаар нь би босч очсон. Гэтэл У- ах ээжийн хоолойг нэг гараараа боочихоод нөгөө гараараа нүүрэнд нь цохиж байсан...” /хх-ийн 15-17/ гэсэн,

 

 Гэрч Э.Болормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 30 минутын үед найз Наранбаяр ирсэн. ...Наранбаяр У-тай маргалдаад намайг зодсон учраас гэртээ хонохгүй гэж хэлсэн. Тухайн үед Наранбаярын эрүү болон чих нь шалбарчихсан байхаар нь юу болсныг асуухад У- зодсон гэж хэлсэн...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн орчим сэрэхэд Наранбаяр нилээн ууртай 30,000 төгрөгөө нэхээд байхаар нь мөнгийг чинь үрчихсэн байхгүй гэж хэлсэн. Энэ үед Наранбаяр учиргүй уурлаад арчаагүй, амьдралгүй амьтан гээд байхаар нь уур хүрээд нүүр рүү            нь 2-3 удаа цохиод гарыг нь мушгиж байгаад хоолойг нь боосон. Энэ үед Хонгорзул нөгөө өрөөнөөс гарч ирээд Ууганаа ахаа болиоч ээ гэхээр нь дээрх үйлдлээ зогсоосон...” /хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн №732 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Н-ын биед баруун чихэнд шарх, доод эрүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 27-28/ гэсэн дүгнэлт,

-  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдль . 4-39/,

-  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 40-41/,

- Шүүгдэгч Ц.У-ын хувийн байдалтай холбоотой гэрч О.Цэцэгбаяр, С.Оюундэлгэр нарын мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, шийтгэх тогтоолын хуулбар /хх- ийн 62-68/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.У- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11-444 тоотод хамтран амьдрагч Т.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, доод эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Н-ын “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг өнгөрч байхад У-аас мөнгө яасан бэ гэснээс болж бид хоёр маргалдсан. Гэтэл У- уурлаад миний хоолойг боож байгаад нүүрэнд 2-3 удаа цохьсон. Энэ үед хажуу өрөөнд унтаж байсан охин Хонгорзул босч ирээд  болиоч гэхэд дээрх үйлдлээ зогсоосон...” /хх-ийн 12-14/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзулын “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр би тусдаа өрөөнд дүүтэйгээ унтаж байхад У- ах ээж хоёр хэрэлдэх чимээ гарахаар нь би босч очсон. Гэтэл У- ах ээжийн хоолойг нэг гараараа боочихоод нөгөө гараараа нүүрэнд нь цохиж байсан...” /хх-ийн 15-17/ гэсэн, гэрч Э.Болормаагийн “...Тухайн үед Наранбаярын эрүү болон чих нь шалбарчихсан байхаар нь яасан талаар нь асуухад У- зодсон гэж хэлсэн...” /хх-ийн 20-21/ гэсэн, шүүгдэгч Ц.У-ын “...Наранбаяр учиргүй уурлаад арчаагуй амьдралгүй амьтан гээд байхаар нь уур хүрээд нүүр рүү нь 2-3 удаа цохиод гарыг нь мушгиж байгаад хоолойг нь боосон. Энэ үед Хонгорзул нөгөө өрөөнөөс гарч ирээд Ууганаа ахаа болиоч ээ гэхээр нь дээрх үйлдлээ зогсоосон...” /хх-ийн 50-51/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №732 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Н-ын биед баруун чихэнд шарх, доод эрүүнд цус хуралт, зулгаралт гзмтэл тогтоогдлоо.

2.      Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3.      Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх- ийн 27-28/ гэсэн дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 34-39/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 40-41/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь 2017 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Ц.У-ыг хамтран амьдрагч Т.Н-ыг биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ц.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд баруун чихэнд шарх, доод эрүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Би нөхөр Ц.У-тай эвлэрсэн тул хэргийг хөнгөн шатаар хурдан шийдэж өгнө үү...” /хх-ийн 58/ гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ц.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.У- гэр бүлийн хүчирхийлэл үйлдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000570070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.У- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Ц-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.У-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.У оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000570070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.У- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР