Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 476

 

Ц.У-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.У-т холбогдох эрүүгийн 2010000570070 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ц.У-, 1989 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ц.У- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11-444 тоотод хамтран амьдрагч Т.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй. Учир нь Шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нь ойлгомжгүй болсон. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийг эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ц.У-ыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11-444 тоотод хамтран амьдрагч Т.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тогтоож, шүүгдэгч Ц.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болов.

Учир нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Наранбаярын “...У- бид хоёр 2017 оны 2 дугаар сард танилцаж, улмаар нэг гэрт орсон. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надаас 30.000 төгрөг аваад орой нь архи уучихаад ороод ирсэн. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг өнгөрч байхад У-аас “Мөнгө яасан бэ” гэснээс болж бид хоёр маргалдсан. У- уурлаад миний хоолойг боож байгаад нүүрэнд 2-3 удаа цохисон. Энэ үед хажуу өрөөнд унтаж байсан охин Хонгорзул босч ирээд “Болиоч” гэхэд дээрх үйлдлээ зогсоосон. ...” /хх 12-14/ гэх,

- насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзулын “...би тусдаа өрөөнд дүүтэйгээ унтаж байхад У- ах ээж хоёр хэрэлдэх чимээ гарахаар нь би босч очсон. Гэтэл У- ах ээжийн хоолойг нэг гараараа боочихоод нөгөө гараараа нүүрэнд нь цохиж байсан. ...” /хх 15-17/ гэх,

- гэрч Э.Болормаагийн “...тухайн үед Наранбаярын эрүү болон чих нь шалбарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “У- зодсон” гэж хэлсэн. ...” /хх 20-21/ гэх,

- шүүгдэгч Ц.У-ын “...30.000 төгрөгөө нэхээд байхаар нь “Мөнгийг чинь үрчихсэн байхгүй” гэж хэлсэн. Энэ үед Наранбаяр учиргүй уурлаад “Арчаагүй, амьдралгүй амьтан” гээд байхаар нь уур хүрээд нүүр лүү нь 2-3 удаа цохиод гарыг нь мушгиж байгаад хоолойг нь боосон. Энэ үед Хонгорзул нөгөө өрөөнөөс гарч ирээд “Ууганаа ахаа болиоч ээ” гэхээр нь дээрх үйлдлээ зогсоосон. ...” /хх 50-51/ гэх мэдүүлгүүд,    

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/,

- эрсдлийн түвшин “бага” болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх 40/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Ц.У- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11-444 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Наранбаяртай “...өгсөн мөнгөө нэхлээ...” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун чихэнд шарх, доод эрүүнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Харин Ц.У- гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан  хамтран амьдрагч Т.Наранбаярыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй болно.

Хэдийгээр хэрэг бүртгэлтийн үед, хохирогч Т.Наранбаяр нь 2019 оны 6, 7, 9, 12 дугаар саруудад Ц.У-т зодуулсан /хх 5-6/ тухайгаа, шүүгдэгч Ц.У- нь тухайн цаг хугацаанд түүнтэй маргалдаж, биед нь халдах болсон шалтгаан нөхцлөө /хх 7/ тус тус мэдүүлдэг боловч тэдгээрийн хооронд үүссэн маргаан нь шүүгдэгчээс хохирогчийг байнга дарамталж, хүчээр давамгайлж байсан гэх шинжгүй, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн түвшин аюулын зэрэг бага, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч буй хоёр хүний хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай байх тул Ц.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Ц.У- хохирогч Т.Наранбаяртай маргалдаж, улмаар түүний биед халдах үед насанд хүрээгүй гэрч Б.Хонзорзул орж ирээд “Болиоч” гэснээр хүчирхийлэл таслан зогсоогдсон байх бөгөөд хохирогч Т.Наранбаярын “...учиргүй дарамтлаад зодоод байдаггүй. Би ч өөрөө заримдаа архи уучихдаг болохоор тэрнээс үүдэж маргаан гардаг...” /хх-14/, насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзулын “...У- ах учиргүй ээжийг зодоод байдаггүй. Хааяа нэг маргадаг. Сүүлд л нэг удаа зодсон. Ээж ч өөрөө архи уухаараа жаахан агсам хүн. Тэгээд У- ахтай хэрэлдээд байдаг. ...” /хх 17/ гэсэн мэдүүлгүүдэд тэдний хоорондын хэрүүл маргаан хохирогчоос үүдэлтэй болохыг дурдсан байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.У-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналын хүрээнд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталсан байна.

Гэвч уг торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалт болно.

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана заажээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Ц.У-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй. 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН