Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 110

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Г.Эсэн,

иргэдийн төлөөлөгч Х.Отгонцэцэг, Д.Наранбат,

хохирогч Д.Ц-, түүний өмгөөлөгч Б.Энхдалай,

иргэний нэхэмжлэгч Д.Ц,

гэрч Б.Болдбаатар, Р.Мөнхбат,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б-н Д, Т овогт Т Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810000940332 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа сантехникийн угсралтын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Б-н Д /РД: 000000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа тавилгын үйлдвэр ажлуулдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Т Н /РД: 0000000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Д, Т.Н нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны ресторанд 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Д.Ц-г зодож түүний бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэнд бичигдснээр/.

.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Д.Ц-: “...Компанийн шинэ жилийн арга хэмжээ болсон, оролцчихоод 23 цаг өнгөрч байхад тарсан, эхнэрээ хүлээж байх зуураа ариун цэврийн өрөө орсон, 2-3 хүн бие засаж байсан, Б.Болдбаатарыг бие зассаны дараа би бие зассан. Х.Д биеэ зөв авч яваач гэж намайг заамдсан, би пиджакных нь захнаас бас барьсан, Б.Болдбаатар бид хоёрыг салгах гэсэн, гэтэл Т.Н орж ирээд Б.Болдбаатарын толгой руу цохисон, ариун цэврийн өрөөнөөс зууралдаад гарсан, Т.Н баруун гараараа миний зүүн нүдэнд хоёр удаа гал манартал цохисон, Х.Д пиджакаа өмсчихөөд намайг мөн цохисон, гал манарсан, би унахгүйн тулд зууралдаж байсан. Б.Болдбаатар айсан уу, яасан, ажлыханыг дуудах гээд гүйгээд явсан байсан, Т.Н зодооныг эхлүүлсэн, салгах байсан бол намайг тэврэх байсан, Х.Д нь намайг цохисон, бүгд миний зүүн нүдэнд цохисон, нүдний шингэн гоожсон байна, тухайн шөнөдөө эмнэлэг дээр хоносон, манай ажлын газрын хүн намайг ухаан алдаад унасан байхад хиймэл амьсгал хийгээгүй бол би ингээд зогсохгүй байх байсан. Т.Н, Х.Д нарт зодуулаад доошоо хараад шоконд орчихсон байхад хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед архи согтууруулах ундаа тааруулж хэрэглээд би өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Би насанд туршдаа хохирчихоод байна, Энэтхэг, Монгол, Солонгос улсад эмчилгээнд 116 сая төгрөгийн зардал гарсныг нэхэмжилсэн, эмчилгээний зардалдаа зээл авсан, ах дүү нараасаа авсан. Хохиролд Х.Даас 20 сая төгрөг авсан, шаардлагатай хагалгаанд өгьё гээд Х.Д хадам аав ээжийнхээ хашаа байшингаа өгьё гээд тохирсон байгаа. Т.Н, Х.Д хоёулаа намайг зодож цохисон, Т.Н салгах гэж байсан л гээд байна, хүнийг зодож, цохиж салгадаг юм уу, надтай уулзаагүй, уучлал гуйгаагүй, гомдолтой байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ц: “...Д.Цогт-Эрдэнийн төрсөн ах, 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө Д.Цогт-Эрдэнийг бусдад зодуулчихлаа гэж эхнэрээс нь сонссон. Х.Д, Т.Н нар цохиод нүдийг нь сохолсон. Энэ хоёр хүн нийлж зодоогүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Энэтхэг улс руу 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дүү Д.Цогт-Эрдэнийн асран хамгаалагчаар нь хамт явсан, 40 хоногийн хугацанд үндсэн ажлаа хийж чадаагүй, ажилгүй байсан хугацааны цалин 2,003,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Гэрч Р.Мөнхбат: “...Тухайн өдөр тэр газар хамгаалагчаар 1 дүгээр давхарт ажиллаж байсан, надаас өөр хүн хамгаалалтанд байгаагүй, ариун цэврийн өрөөний үүдэнд гурван хүн зууралдсан байна гэж Төрбат намайг дуудсан. Би тэр гурван хүнийг салгах гээд голоор нь орсон, манай зөөгч хийж байсан залуу Төрбат хохирогч гээд байгаа залууг салгаж байсан, хохирогчийн ар нуруугаар нь би салгаж байхад миний баруун талаар хөл орж ирээд өшиглөсөн, өшиглүүлсний дараа нүднээс нь цус гарсан, хохирогч шоконд орсон байсан. Миний салгасан хоёр хүн миний ар талд байсан, цохисныг хараагүй. Салгасны дараа нь тэнд нилээд их бужигналдаан болсон...” гэв.

 

Гэрч Б.Болдбаатар: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой компанийн шинэ жилийн арга хэмжээ дуусаад Д.Ц-тэй ариун цэврийн өрөөнд орсон, Д.Ц-, Х.Д нар зууралдахаар нь би салгах гэхэд миний араас маш хүчтэй 1-2 удаа цохисон, эргээд харахад Т.Н байсан, тэгээд бужигнаад л явчихсан, би ажлынханыгаа дуудах гээд гарсан, дуудаад эргээд ороод ирэхэд энэ хоёр залуу Цогоог газар унагаачихсан зодож байсан, Цогоо өөрөө газраас босож ирээд хана түшээд явсан, тэр үед зүүн нүд нь тагларчихсан байсан, миний хамарнаас цус гараагүй...” гэв.

 

Шүүгдэгч Х.Д: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой шинэ жилд оролцсон, уг арга хэмжээ дуусаж байхад ариун цэврийн өрөө орсон, шээгээд зогсож байхад Д.Ц- араас түлхсэн, “яагаад түлхэж байгаа юм бэ, аятайхан, болгоомжтой яваач” гэхэд Д.Ц- “чи намайг аятайхан явуулдаг хэн бэ” гээд намайг заамдсан, би бас заамдсан, ингээд байж байхад Т.Н ариун цэврийн өрөөнд ороод ирсэн, Б.Болдбаатарыг Т.Н цохисон, ариун цэврийн өрөөнөөс Т.Н, Д.Ц- бид гурав зууралдаад гарах үед Б.Болдбаатар алга болчихсон байсан. Т.Н, Д.Ц- бид гурав зууралдаж ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд, Т.Н, Д.Ц- хоёр өлгүүр лүү унасан, надтай зууралдсан байхад миний пиджак толгой дээгүүр даваад ороод ирсэн, тэрийгээ өмсөж байхад тэр хоёр цохилцож байгаа харагдсан, тэгээд л олон хүн бужигнаж орж ирээд би цаашаа заал руу орж суусан, араас Т.Н орж ирж суусан, Т.Нгийн гар нь цус болсон, ширээний доор цэвэр усаар гараа угаасан, заал руу орчихсон байхад Т.Нг гараа угааж байхыг нэг эмэгтэй харж байсан, манай эхнэр 2017 оны 12 дугаар сарын 24-нд төрөөд би нялх хүүхэдтэй болчихоод архи дарс уугаагүй, тэнд болж байсан бүх зүйлийг харж, өөрийгөө хянах чадвартай байсан, цагдаа орж ирээд Х.Д гэж хаана байна гээд хайж ирээд намайг аваад явсан, намайг хэн нэг нь зааж өгсөн байх, тэгээд эрүүлжүүлэгдээд маргааш нь 11 цагт эрүүлжүүлэхээс гарахад намайг манай хадам ээж, ах хоёр ирж авсан, тэгээд байцаалт өгөөд өдөр 15-16 цагийн үед гарсан, тэнд Т.Нтэй таарсан, олон юм яриагүй зөрөөд өнгөрсөн...” гэв.

 

Шүүгдэгч Т.Н: “...Шинэ жилд орой 22 цаг өнгөрч байхад очсон, 23 цагийн үед ариун цэврийн өрөөнд очиход Х.Д 2 хүний хамт зогсож байсан, Д.Ц-, Б.Болдбаатар хоёр нилээд халамцуу, Х.Д гайгүй байсан. Тэр гурав зууралдаад зогсож байсан, ариун цэврийн өрөө рүү нэг алхаад ороход шууд тэр гуравтай тулсан, би очоод салгах гэхэд Б.Болдбаатар шууд намайг цохисон, эргүүлээд би Б.Болдбаатарыг цохисон чинь Б.Болдбаатар гараад гүйчихсэн, миний нүд маргааш нь хөхөрсөн байсан, тэгээд Д, Д.Ц- бид гурав хаалгаар зууралдаад чихэлдээд гарсан, Д.Ц- бид хоёрыг цохиж зодоод байсан. ...Заал руу би түрүүлж очиж суусан, Д.Цогт-Эрдэнийг би цохиогүй, сүүлд цагдаа ирсэн байхад би нүд нь тийм болсон гэж мэдсэн, маргааш нь цагдаа дээр очиход Х.Д эрүүлжүүлэхээс гарч байсан, түүний 2 найз нь ирсэн байсан, Х.Д би өчигдөр тэр залуугийн нүд рүү нь өшиглөсөн, би яах гэж өшиглөчихөв өө гэж байсан. Х.Д надад “туслаач, мөнгө хуваалцаад өгөөч, би ялаа авья” гэж хэлсэн, түүний ах нь хүртэл ярьсан. Д.Ц-д би хохирол учруулаагүй тул хохирол төлөх үндэслэл байхгүй, Б.Болдбаатарын хамраас цус гарсан, тэгээд миний гар цус болсон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Будда Виста” хотхоны ресторанд манай шинэ жил болсон, арга хэмжээнд 23 цаг өнгөрч байхад ажлын найз болох Б.Болдбаатартай хамт 1 давхрын угаалгын өрөө рүү орсон. Ариун цэврийн өрөөнд бие засчихаад эргэх үедээ нэг танихгүй залуутай зүүн мөр хэсгээрээ шүргэлцсэн. Тэгтэл тэр танихгүй залуу надад хандаж “яагаад мөргөж шүргээд байна” гэж их ууртай чанга дуугаар хэлэхээр нь би хариуд нь “уучлаарай хөгшөөн” гэж хэлтэл намайг гадуур хувцасны захнаас зуураад авсан. Энэ үед хамт явсан Б.Болдбаатар дундуур ороод салгах үед тэр залуутай хамт явж байсан залуу Б.Болдбаатар руу дайрч цохиж байгаа харагдсан, Б.Болдбаатар цохиж байгааг хараагүй. Намайг заамдсан залуу 2-3 удаа толгой руу цохиод ариун цэврийн өрөөнөөс чирч гаргаад ариун цэврийн өрөөний үүдэнд тэр хоёр залуу миний нүүр, толгой, хамар гээд гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэн нь хичнээн цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд би хэсэг шоконд ороод ухаан балартчихсан байсан, нэг санахад уг рестораны үүдэнд манай эхнэр хажууд байгаа харагдсан. Тэгээд удалгүй дахин ухаан алдаад Нэгдүгээр эмнэлгийн анхан шатны тусламжийн үзлэгийн өрөөнд ухаан ороход эмч намайг үзэж байсан.

...Би Х.Дтай заамдалцаад зогсож байхад Б.Болдбаатар та нар боль оо, гээд салгах гэж байхад ариун цэврийн өрөөнд гаднаас Т.Н орж ирээд “юу болоод, яагаад байгаа юм бэ?” гээд Б.Болдбаатарын толгой орчим руу араас нь цохих шиг болсон. Ингэтэл Х.Д гараараа миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон, ингээд дөрвүүлээ зууралдсан чигтээ ариун цэврийн өрөөнөөс коридорт гарцгаасан. Тэгээд Б.Болдбаатар үүд рүү явсан. Би Х.Дтай заамдалцаад зууралдчихсан, Н миний пиджакны араас зуураад гарч ирсэн. Гарч ирээд намайг тонгойсон байхад Н доороос өлгөөд гараараа 2 удаа зүүн нүд рүү цохисон. Мөн Д миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би манараад доошоо тонгойгоод сууж унасан. Түүнээс хойш яаж унаснаа санахгүй байна. Доошоо унаад хэн нь намайг яаж өшиглөж, цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Д, Н нар намайг цохиж , зодох гээд дайраад байх шиг байсан. Ингээд нэг сэрэхэд рестораны үүдэн дээр явган суучихсан, миний хажууд манай ажлын Болдбаатар, манай эхнэр, ажлынхан байсан. Тэгээд л Гэмтлийн эмнэлэг явсан. ...ариун цэврийн өрөөнд Х.Дтай зууралдаад байж байхад Т.Н орж ирээд зодооныг үүсгэсэн. Зодооныг үүсгээгүй байсан бол Д бид хоёрыг Болдбаатар салгаад учраа олоод явчих байсан. Хоёр хүн намайг бүлэглэж зодсон.

...Би гэмтэл авсныхаа дараа Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр яаралтай хагалгаанд орж хоёр хоног хэвтэн эмчлүүлж байгаад 31-ний өдөр гарсан. Энэ хугацаанд дараагийн эмчилгээ хийлгэхээр гадаад улсын эмнэлгүүдийн судалгааг авч судалж эхэлсэн. Ингээд Энэтхэг улсын Шинэ дели хотын эмнэлэгт шинжилгээ өгч донорын мэс засалд оруулах боломжтой эсэх талаар үзүүлсэн. Донорын боломжгүй гэхээр нь би Макс эмнэлэгт шинжилгээнүүдийг өгч нүдний ухархайн яс нөхөх хагалгаанд орж, 6 хоног хэвтэж эмчлүүлсэн, хагалгааны шарх эдгээх эмчилгээ хийлгэсэн, дараа нь хиймэл нүдний протез тааруулж хийлгэсэн. Ингэж хагалгаа хийлгэхэд өөрийн ах Цогтбаатарыг асран хамгаалагчаар дагуулж явсан. Энэтхэг улсад нийт 42 хоносон.

...Би маш их гомдолтой байна, эмчилгээний зардал их гарсан, Солонгос улс руу явж давтан эмчилгээ хийлгүүлсэн баримтаа өгч, зардлаа нэхэмжилнэ.” /1-р хх-ийн 10-11, 82-83, 2-р хх-ийн 30, 3-р хх-ийн 83-84/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Д.Ц- бусдад зодуулж, нүдэндээ хүнд гэмтэл авсан. Монгол Улсдаа эмчлүүлж байгаад нүдний ухархайн ясны гэмтэлд Энэтхэг улс руу явж хагалгаанд орох шийдвэр гаргасан. Дүү Цогт-Эрдэнийг би дагуулж Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ дели хотын Макс эмнэлэгт очиж нүдний хагалгаанд орох болсон. Бид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаар дамжин Энэтхэг улсад дүү бид хоёр нислэгээр очсон. ...Макс эмнэлэгт олон эмчээр дамжин үзлэг хийлгэж, шинжилгээ өгч байгаад 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд орсон, улмаар хагалгааны дараа эмчилгээ хийлгэж, мөн хиймэл нүд хийлгэсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод буцаж ирсэн. Би өөрийн дүүгээ авч явж хагалгаанд орсон болохоор өөрийн ажлаас чөлөө авсан, нийт 40 хоног явсан, үүний цалин болох 2,003,500 төгрөгийг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 85/ гэсэн,

 

Гэрч Б.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Оюу толгой ХХК-ийн шинэ жил Будда Виста хотхоны 2 дугаар давхарт байрлах ресторанд эхэлсэн. 23 цагийн үед тарах дөхөж байхад Д.Ц- бид хоёр 1 дүгээр давхарт байрлах ариун цэврийн өрөө рүү орох үед нэг хүн бие засаад зогсож байсан, би бие засаад гараа угааж байхад хажууд Д.Ц- үл таних залуутай маргалдаад зодолдож эхэлсэн. Би салгах гэхэд миний араас толгой руу цохихоор нь гараад ажлынхныгаа дуудах гээд коридорт гарсан чинь манай ажлынхан байхгүй байхаар нь бүүр гараад энд зодоон болоод байна, оръё гэж хэлээд ажлынхаа хүмүүсийг аваад орсон чинь ариун цэврийн өрөөний үүдэнд 2-3 залуучууд нийлээд Цогт-Эрдэнийг газарт унагаачихсан зодож байхаар нь салгаад авсан чинь зүүн нүд нь таг болчихсон, нүднээс нь цус урсаад байж байсан. Д.Ц өөр хүнтэй маргалдаагүй, бид нар зүгээр арга хэмжээ дуусгаад ариун цэврийн өрөө орж байсан...” /1-р хх-ийн 13/ гэсэн,

 

Гэрч Б.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой ...23 цаг 50 минутын үед шинж жилийн арга хэмжээ тарах үед би рестораны гадаа байхад Д.Цогт-Эрдэнийг хүн зодчихлоо гэж /манай ажлын хэн нь хэлснийг санахгүй байна/ хэлэхээр нь дотогшоо оронгууд үүдний коридор хэсэгт Д.Ц- хагас суучихсан доошоо тонгойгоод гараараа нүүрээ дарчихсан, нүд орчмоос нь маш их цус гарсан байдалтай байхаар нь би очоод хэн чамайг зодсон бэ, юу болсон бэ гэж асуухад Д.Ц- өөдөөс юм хэлэхгүй ёо ёо нүд өвдөөд байна гэхээр нь эмч дуудах гээд залгах хооронд Д.Ц- ухаан алдаад шалан дээр уначихсан. Тэгэхээр нь чи зүгээр үү гэхэд ямар ч хариу үйлдэл хийхгүй болохоор би цээжин дээр нь дарж хиймэл амьсгал хийсэн. Удалгүй Д.Ц- амьсгалаад эхлэхээр нь хиймэл амьсгал хийхээ больсон. Тэгээд Б.Анхбаяр, Д.Цогт-Эрдэнийн эхнэр бид гурав Цогт-Эрдэнийг аваад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү авч явсан...” /1-р хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ажлын шинэ жилийн арга хэмжээ болоод орой 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа тарсан. Би рестораны гадаа ажлынхантайгаа зогсож байхад ресторан дотор Д.Ц- зодуулсан байна гэж манай ажлын Цэнгэл хэлэхээр нь дотогшоо ороход Б.Баасансүрэн түрүүлээд орчихсон Цогоог сандал дээр суулгах гээд байж байсан. ...Д.Цогт-Эрдэнийн нүүрийг харахад битүү хавдчихсан, нүүр нь цус болчихсон, юм асуухад хариулахгүй шокийн байдалтай байсан. Тэгсэн өлгүүр дээр зогсож байсан рестораны ажилтан эмэгтэй угаалгын өрөөнөөс гарч ирээд коридорын буланд тэр 2-3 залуу наад ахыг чинь зодчихсон юмаа гэж хэлсэн. ...Яаралтай эмнэлэг авч явах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Цогт-Эрдэнийн хажуугаас сугадаж өргөөд нөгөө талаас Б.Баасансүрэн сугадаад Цогт-Эрдэнийн эхнэрийн хамт бид нар таксигаар Гэмтлийн эмнэлэг явсан...” /1-р хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч М.Болоргэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн ажлын шинэ жилийн арга хэмжээ болсон, орой 23 цаг өнгөрч байхад би нөхөр Д.Ц- лүү залгаад баяр чинь тарах болж байна уу, очиж авах уу гэж асуухад тэг тэг гэхээр нь би Будда Виста хотхоны руу очиход гаднаас хүн оруулахгүй гэж хамгаалагч хэлэхээр нь би дотроос хүн авах гэж ирсэн гээд дотогшоо орсон. Тэгээд рестораны үүдний хэсэгт түшлэгтэй сандал дээр манай нөхөр ухаан алдчихсан, хажууд нь хэдэн хүн сандарсан байдалтай зогсож байсан. Манай нөхрийн зүүн нүд, нүүр хэсэг нь битүү хавдсан,  нүднээс цус гарч, хувцас хунар нь цус болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би хэн ингэчихсэн юм бэ гэхэд рестораны ажилтан болох цагаан цамцтай эмэгтэй танай нөхрийг ийм болгосон хүн энд байгаа гэж хэлээд намайг заал руу дагуулаад орсон, тэгээд танай нөхрийг зодсон хүмүүсийн нэг нь шар өмдтэй тэр сууж байна гээд танихгүй залууг зааж өгсөн. Тэгэхээр нь би тэр залуугийн зургийг гар утсаараа дарж авсан...” /1-р хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Э.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийж байхад 1 болон 2 дугаар давхарт байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Цагийг нь тодорхой санахгүй байна, 23 цаг өнгөрч байсан байх, би 1 дүгээр давхрын гал тогооны хэсэгт зогсож байхад хүмүүс хашгирах чимээ гарахаар нь чимээ гарсан зүг болох угаалгын өрөөний тийшээ гүйгээд очтол нэг залуу шалан дээр 4 хөллөөд босож чадахгүй байхад нь нэг залуу урдаас нь хөлөөрөө өшиглөсөн чинь тэр 4 хөллөөд босож чадахгүй байсан залуу хойш савж унасан. Энэ үед уг 4 хөллөөд босож чадахгүй байсан залуугийн нүднээс маш их цус гарч шалаар дүүрэн цус болсон. Тэгээд тэр 4 хөллөсөн залуутай хамт явж байсан хүмүүс орж ирж уг залууг өргөж үүд рүү сандал дээр суулгаад эмнэлэг дуудсан.

...Д гэх хүн хөлөөрөө Д.Ц гэх хүний нүүр лүү өшиглөж байсан, тэгээд хохирогч Д.Ц хана налаад явж байхад Д.Цтэй хамт байсан хүмүүс сандал дээр суулгаж байхад шалаар нил цус болсон байсан...” /1-р хх-ийн 23-24, 3-р хх-ийн 173-175/ гэсэн,

 

Гэрч З.Төрбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Будда хаус рестораны 1, 2 давхарт хоёр өөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. ...Нямсүрэн гэх өлгүүрийн охин “хүмүүс зодолдоод байна, салгаач ээ” гэхэд харахад ариун цэврийн өрөөнөөс зодуулсан гэх залуу хоёр залуутай зууралдаад гарч ирсэн. Ингээд ариун цэврийн өрөөний ойролцоо нөгөө гурван залуу зууралдаад нөгөө зодуулдаг залуу /Д.Ц/ тонгойчихсон байхад тойрч гарч ирдэг коридорын гарц талд зогсож байсан залуу нь дээрээс нь нуруу, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Нөгөө залуу нь зууралдаад байсан, цохиж зодож байгаа зүйл харагдаагүй. Би очоод зодуулж байсан /Д.Ц/ залууг хойноос нь бүсэлхийгээр нь тэврээд хойш татсан чинь гарц талдаа зогсож байсан хохирогч залууг /Д.Ц/ цохиж байсан залуугийн талаас нэг хөл орж ирээд хохирогч залууг тонгойсон байхад нэг удаа өшиглөсөн. Өшиглөхөд хохирогч залуугийн нүднээс цус гоожсон, хохирогч залуу нүдээ дараад, гар нь цус болсон. Ингээд татаад хойш болгоход хохирогч залуу ухаан алдсан...” /2-р хх-ийн 33-34, 3-р хх-ийн 176-177/ гэсэн,

 

Гэрч Р.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Будда виста ресторанд хоёр өөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон, ...орой 23 цаг өнгөрч байхад нэг давхрын ариун цэврийн өрөөнөөс гурван эрэгтэй хүн бие биенийгээ барилцсан байдалтай гараад ирэхээр нь Төрбатын хамт очиж хүмүүсийг салгаж байгаад хохирогч гэх залууг би барьчихсан холдуулж байхад миний баруун талаар хүрэн бор өнгийн ботинкон гуталтай, хар өнгийн хослолын өмдтэй хүн өшиглөхөд миний барьж байсан залуугийн зүүн нүднээс цус гарч эхэлсэн. Тэгээд би тухайн хүнийг тухайн газраас холдуулаад шалан дээр суулгахад тухайн хүн ухаантай байсан. Яг хэн өшиглөхийг хараагүй...” /3-р хх-ийн 66-67, 145-147, 178-180/ гэсэн,

 

Гэрч Д.Тайванцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай “Шпитц” ХХК-ийн ажилчдын шинэ жилийн баярын арга хэмжээ Будда хаусд байрлах ресторанд болсон. 23 цагийн үед ариун цэврийн өрөөний гадна тамхи татаад Т.Нгийн эхнэр Жаргалыг хүлээгээд зогсож байхад ариун цэврийн өрөөнөөс Т.Н, Х.Д нар өөр хоёр танихгүй хүнтэй ноцолдоод, зууралдаад, маргалдсан байдалтай гарч ирсэн. Гарч ирэнгүүтээ хоорондоо маргалдаад унангуут нь би салгасан. Эхлээд Нг татаж цааш нь болгочихоод эргэж Дыг татахад нөгөө нүдэндээ цохиулсан залуу Дын пиджакнаас зуурчихсан байсныг хүчтэй сэгсэрээд тавиулж байсан, тэр нүдэндээ цохиулсан залуу газарт унаж байсан. Д “өө пизда, миний товчийг тасалчихлаа ш дээ” гэж байсан. ...Би Д, Н хоёр тэр залуутай яг яаж зодолдсоныг хараагүй, ямар ч байсан тэр хоёр ариун цэврийн өрөөнөөс тэр залуутай зууралдаж, ноцолдож, зодолдоод гарч ирсэн...” /1-р хх-ийн 91-92/ гэсэн,

 

Гэрч М.Отгонгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн орой шинэ жил тэмдэглэж байсан зааландаа байж байтал 23 цагийн орчим зөөгч охин “танайхан өөр хүмүүстэй маргалдаад байна” гэхээр нь гарахад ариун цэврийн өрөө орчим Тайванцэцэг, Намуун хоёртой очиж уулзаад юм ярьж байгаад үүд рүү явах гэтэл ариун цэврийн өрөөнөөс 4 хүн зодолдоод гарч ирсэн. Би тухайн үед  ажилд ороод 20-иод хонож байсан болохоор өөрийн компанийн ажилчдаа сайн танихгүй байсан бөгөөд сүүлд танилцаад тэр хоёр залуу Д, Н нар гарч ирсэн гэдгийг мэдсэн. Гарч ирэх үед нь Тайванцэцэг, Намуун бид гурав үүд рүү зугтаагаад холдсон, хэн хэнийгээ яаж зодсон талаар хараагүй, зодоон дууссаны дараа очиход нүдэндээ цохиулсан залуу намайг цохичихлоо шдээ гээд орилж байсан. Д, Н нарын биед ил харагдахаар айхтар цус нөж гоожсон шарх байгаагүй...” /1-р хх-ийн 93-94/ гэсэн,

 

Гэрч Х.Жаргал-Ундрах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой “Шпитц” ХХК-ийн шинэ жилийн баяр Будда хаус ресторанд болсон, баяр дуусах дөхөөд 23 цаг өнгөрч байхад ариун цэврийн өрөөний орчим хүмүүс шуугилдаад зодоон болоод байх шиг байхаар нь очиход зодооныг хоёр тийш нь салгаад хүмүүс бужигнаж байсан. Би Тайванцэцэгтэй хамт нөхөр Нг татаж салгаад шинэ жил болж буй заал руу оруулж суулгаад эргэж Дыг авч явсан. Д, Н нар тэр нүдэндээ цохиулсан залуутай яаж зодолдсоныг хараагүй, би салгаж байхад нь очсон...” /1-р хх-ийн 95-96/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой “Шпитц” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд 20 цаг өнгөрч байхад очсон. Арга хэмжээ тарах дөхсөн байхад буюу 23 цаг өнгөрч байхад би ганцаараа ариун цэврийн өрөө рүү орсон. Тэнд очиход танихгүй хоёр залуу тольдоод зогсож байсан. Намайг бие засаж байхад Д.Ц- /хэрэг шалгагдсанаас хойш таньдаг болсон/ миний нуруу руу хана руу тулж түштэл түлхсэн. Би өмдөө татчихаад эргэж хараад “яаж байна аа, болгоомжтой яваач” гэхэд Д.Ц- “чи намайг болгоомжтой явуулдаг хэн бэ” гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Д.Ц- намайг татаж байгаад миний дух руу мөргөсөн, энэ үед Д.Ц-тэй хамт явсан өндөр залуу Д.Ц- бид хоёрын дундуур орж ирээд намайг цохих гээд дайрсан. Тэгтэл ариун цэврийн өрөөнд гаднаас Н ороод ирчихсэн өндөр залууг татаж салгах гээд зууралдсан. Ингээд дөрвүүлээ ариун цэврийн өрөөнөөс зууралдсан чигтээ коридорт гарсан, коридорт гарсан байхад Д.Ц над руу дайрахаар нь би түүний толгойн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед Д.Цтэй хамт байсан өндөр залуу алга болчихсон, Н Цогт-Эрдэнийг цохисон эсэхийг хараагүй, Н Д.Ц бид хоёрыг салгах гээд дундуур орж ирж байсан. ...Би Цогт-Эрдэнийг нэг удаа бие хэсэг рүү нь хүмүүс салгаж байх үед өшиглөсөн. Өөрөөр Цогт-Эрдэнийг цохиж зодоогүй.

...Хохирогч Д.Цогт-Эрдэнийг би зодож, хүнд гэмтэл учруулсан, Нтэй бүлэглэж зодсон зүйл байхгүй учраас сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Н намайг Д.Цтэй зодолдож байхад нь салгах гэж татаж, чангааж ноцолдож байсан.

...Цагдаагийн байгууллагаас Н бид хоёрыг дуудаж яллагдагчаар мэдүүлэг авахын өмнө Н, эхнэрийн хамт надтай уулзаж “бүлгээр явбал хүндрэх юм байна, тийм учраас хэргээ чи даачих, би төлбөр мөнгөний бүх асуудлыг даая, гурван хүүхэдтэй, хэцүү байна” гэж надад хэлсэн. Энэ талаар би эхнэртээ хэлж байсан. Мэдүүлэг өгсний дараа хэлсэн энэ үгнээсээ буцаж байгаад би гомдолтой байна. Би тус арга хэмжээнд хар саарал өнгийн хослол, хар цамц, цэцэгтээ хар зангиа, бор өнгийн ботинктой байсан.

...Намайг пиджакаа янзалж байхад Н баруун гараараа Цогт-Эрдэнийн нүүрэнд доороос нь өлгөж цохиж байгаа харагдсан... ” /1-р хх-ийн 241-243, 3-р хх-ийн 76-77, 212-215/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн ариун цэврийн өрөөний хаалга онгорхой байсан, нэг харахад ариун цэврийн өрөөнд Х.Д арай намхан залуутай нь зууралдчихсан заамдалцаад зогсож байсан, Х.Д энэ намайг мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэр хоёрын хажуугаас арай өндөр залуу нь Х.Дыг бариад авахаар нь би “өө яаж байна аа” гээд ороход Б.Болдбаатар намайг урдаас гараараа баруун нүд рүү нэг удаа цохисон. Ингэхэд нь би зууралдаж коридорт гарч ирсэн. Гарч ирээд л Б.Болдбаатар гэх залуу гүйгээд явчихсан. Д.Ц- Х.Дыг зуурчихаад байхаар нь би салгах гээд татаж, чангааж, түлхсэн чинь салахгүй зууралдаад, харилцан цохилцоод байхаар нь би Д.Цогт-Эрдэнийн цээжин хэсэгт нэг удаа цохисон. Ингээд салгатал Х.Д Д.Цогт-Эрдэнийн толгой руу нэг удаа цохисон, Д.Ц арагшаа гэдийснээ эргээд Х.Д руу дайраад зуураад авахаар нь би салгах гээд ноцолдож байхад баарны хоёр ажилтан ирээд салгасан. Салгасны дараа Х.Д Д.Цогт-Эрдэнийг өшиглөчихсөн байсан. Би яг өшиглөхийг нь хараагүй, хамгаалагч намайг зодолдож байна гэж ойлгоод намайг татаад холдуулчихсан байхад Д.Ц- “ёо ёо, миний нүд рүү өшиглөчихлөө” гээд хашгирч байгаа нь сонсогдсон. Тэгээд л намайг заал руу оруулж суулгасан, дахиж гараагүй.

...Маргааш нь би цагдаа дээр дуудагдаад очиход Х.Д эрүүлжүүлэхээс дөнгөж сая гарч ирж байна гээд зогсож байсан. Ингэж байхдаа надад “өчигдөр тэр залууг хэрэггүй гутлаараа өшиглөчихлөө” гэж ярьж байсан, өөр зүйл яриагүй.

...Д.Ц-, Х.Д хоёр зууралдаад, Д.Ц- цохих гээд Х.Д бид хоёр руу дайраад байсан. Д.Ц- салгах гэхэд салахгүй болохоор нь би холдуулах гээд баруун мөр рүү нь гараараа нэг удаа цохисон. Би нүүр лүү нь цохиогүй, Х.Д Д.Цогт-Эрдэнийн нүүрэн тус газар руу өшиглөсөн, яг хаашаа өшиглөснийг хараагүй...” /1-р хх-ийн 248-249, 3-р хх-ийн 74-75, 209-212/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №824 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Цогт-Эрдэнийн биед гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 5. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул, зүүн нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонгид 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 30-31/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №772 дугаартай дүгнэлтэд: “...1. Д.Цогт-Эрдэнийн биед учирсан гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт, нулимасны замын тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 6-7/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн материалаар нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №981 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2. Д.Цогт-Эрдэнийн биед учирсан гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь нэг ба нэг бус удаагийн үйлдлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой...” /2-р хх-ийн 40-41/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл, иргэний нэхэмжлэл /1-р хх-ийн 4, 84, 155-159/,

- Өвчний түүх /1-р хх-ийн 34-62/,

- Иргэний нэхэмжлэгчийн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дансны хуулга /1-р хх-ийн 107-108, 2-р хх-ийн 126, 3-р хх-ийн 125, 126-131/,

- Хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 118-131, 2-р хх-ийн 117-118, 121, 3-р хх-ийн 92-124/,

- Хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 189, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/,

- Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 132-146, 147-153, 160-224, 2-р хх-ийн 119-120, 125/,

- Ханшийн лавлагаа /2-р хх-ийн 122/,

- Гэрч Э.Намуун, Д.Лхагвадорж, Э.Баатархүү, А.Хувьзаяа, Д.Ганболд, шинжээч эмч А.Сайнхүү /1-р хх-ийн 88, 2-р хх-ийн 31, 32, 3-р хх-ийн 68-69, 70-72, 142-144/ нарын мэдүүлгүүд,

- Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 65/,

- Гэрч Б.Болдбаатараар Т.Нг таньж олуулах ажиллагаа хийсэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд “...гэрч Т.Н 3 дугаарыг сонгон, эгнэн зогссон хүмүүсээс зүүн талаас 4 дэх байрлалд зогсов. ...хяналтын өрөө рүү Б.Болдбаатарыг дахин оруулан “одоо хохирогч Д.Цогт-Эрдэнийг Х.Дтай хамт зодсон гэх хүн эдгээр хүмүүс дотор байна уу, та ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ гэхэд гэрч Б.Болдбаатар нь цонхоор мэдүүлэг авах өрөө рүү зогсож байгаа хүмүүсийг хараад 3 дугаартай залуу Д.Цогт-Эрдэнийг Х.Дтай хамт зодсон залуу мөн байна, би энэ залууг царай, нүүрний хэлбэр дүрсээр нь таньж байна...” /1-р хх-ийн 97-98/ гэсэн, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Д.Ц-эр Х.Д, Т.Н нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд “...Хохирогч Д.Цогт-Эрдэнийг хяналтын өрөөний тусгай хаалт бүхий хяналтын цонхоор нөгөө талын мэдүүлэг авах өрөөнд зогсож байгаа хүмүүсийг харуулаад “өөрийн чинь нүд рүү өшиглөсөн гэх хүн эдгээр хүмүүс дотор байна уу, та ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ гэхэд хохирогч Д.Ц- нь цонхоор мэдүүлэг авах өрөөнд зогсож байгаа хүмүүсийг хараад “4 дугаартай залуу намайг нүд рүү өшиглөсөн Х.Д мөн байна, би энэ залууг тухайн үеийн царайг хараад таньж байна...” /1-р хх-ийн 99-102/ гэсэн, гэрэл зургийн үзүүлэлт,

- Гэрч Э.Нямсүрэнгээр Х.Д, Т.Н нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “...Ширээн дээр байгаа 1-10 хүртэл дугаарласан хүмүүсийн зураг наасан хуудсыг харуулаад “хохирогч Д.Цогт-Эрдэнийн нүд рүү нь цохисон, зодсон гэх хүн эдгээр хүмүүс дотор байна уу, та ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ” гэхэд гэрч Э.Нямсүрэн 1-10 хүртэл дугаарласан хүмүүсийн зураг наасан хуудсыг сайтар хараад 9 дугаартай залуу хохирогч Д.Цогт-Эрдэнийн нүд рүү цохисон залуу мөн байна, би энэ залууг тухайн үеийн царайг нь хараад таньж байна, тухайн залуугийн царай, нүүрний хэлбэр байдлаар нь таньж байна...” /2-р хх-ийн  45-48/ гэсэн, гэрэл зургийн үзүүлэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №3698 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 59-60/,

- Сидинд үзлэг хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэлд “...03 цаг 54 секундэд цаад талын бор хаалга нээгдэж дотроос нь хар өнгийн хувцастай гурван эрэгтэй хүн зууралдан гарч ирээд бие биенийгээ түлхэх ба, уг гурван эрэгтэй хүнийг наана нь зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс очиж салгах ба 4 минут 32 секундэд хар өнгийн куртик өмссөн эрэгтэй нэг гараараа хана тулаад толгой доошоо харсан байдалтай гарч ирсэн ба гэрлээр чимэглэсэн шонгийн хажуугаар гарахад араас нь цэнхэр өнгийн хүрэмтэй, бараан өнгийн үүргэвч үүрсэн эрэгтэй дагаж явсан ба хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хоёр хөлөө нугалаад доошоо сууж байлаа...” /3р хх-ийн 139-141/ гэсэн,

- Камерын бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тухай 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн тэмдэглэлд: “...Хэрэгт ач холбогдолтой зүйл нь 02:15 секундэнд ариун цэврийн өрөөнөөс хохирогч Д.Ц, яллагдагч Н, Д нар зууралдсан байдалтай гарч ирнэ. ...Н баруун гараараа Цогт-Эрдэнийн нүүрэнд тус газар цохино. Энэ үед Дын өмсөж байсан хар өнгийн хувцас нь дээшээ сөхөгдөж байгаа харагдана. Цэнхэр өнгийн куртиктэй Болдбаатар үүдний хэсэг рүү алхаж байхад хажууд нь 3 эмэгтэй хүн зогсож байгаа харагдана. 02:19 секундэд хохирогч Д.Ц доошоо тонгойход Н баруун гараараа Цогт-Эрдэнийн нүүр лүү нэг удаа гараа далайж байгаа цохиход бичлэг үсрээд цагаан өнгийн сорочкин цамцтай хар пиджактай Н хойшоо ухарч байхад Д баруун гараараа Цогт-Эрдэнийн нүүрний зүүн хэсэгт нэг удаа цохиж байгаа харагдана. ...02:33 секундэд олон бужигнасан хүмүүс дунд Д.Ц хана налаад зүүн гараараа зүүн нүдээ дарж байгаа харагдана...” /3-р хх-ийн 184-207/ гэсэн,

- Шүүгдэгч Х.Дын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 73/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 72/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 74/, бакалаврын дипломын хуулбар /1-р хх-ийн 225/, эрүүлжүүлэгдсэн тухай баримт /2-р хх-ийн 65-68/,

- Шүүгдэгч Т.Нгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 227/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 79, 103/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 226/, лавлагаа /1-р хх-ийн 228/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн/ зэрэг баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч 1-р хавтаст хэргээс 15-16-р талд авагдсан гэрч Б.Баасансүрэн, 23-25-р талд гэрч авагдсан Э.Нямсүрэн, 91-92-р талд авагдсан гэрч Д.Тайванцэцэг, 93-94-р талд авагдсан гэрч М.Отгонгэрэл, 97-98-р талд авагдсан гэрч Б.Болдбаатар нарын мэдүүлгээс, 99-102, 2-р хавтаст хэргээс 24-р талд авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, 30-31, 105, 2-р хавтаст хэргээс 40-41-р талд авагдсан шинжээчийн 824, 982, 5054 дугаартай дүгнэлтүүд, 1-р хавтаст хэргээс 65-68-р талд авагдсан эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлээс зарим хэсгийг шинжлэн судалж, 190-205-р талд авагдсан өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг нэмж шинжлэн судалсанд тооцуулья гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхдалайгаас 1-р хавтас хэргээс 21-р талд авагдсан гэрч Э.Нямсүрэнгийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн тайлбар, 14-р талд авагдсан Т.Н, 13-р талд авагдсан гэрч Б.Болдбаатар, 19-р талд авагдсан гэрч М.Болоргэрэл, 3-р хавтаст хэргээс 177-р талд авагдсан гэрч З.Төрбат, 66-67-р талд авагдсан гэрч Р.Мөнхбат нарын мэдүүлгээс, 185-188-р талд авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэгдэглэлийг,

Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч С.Батнасангаас 1-р хавтаст хэргээс 9-10, 2-р хавтаст хэргээс 30-р талд авагдсан хохирогч Д.Цогт-Эрдэнийн мэдүүлгээс, 1-р хавтаст хэргээс 13-р талд авагдсан гэрч Б.Болдбаатар, 19-р талд авагдсан гэрч М.Болоргэрэл, 3-р хавтаст хэргээс 68-69-р талд авагдсан гэрч А.Хувьзаяа, 176-р талд авагдсан З.Төрбат, 176-р талд авагдсан гэрч Р.Мөнхбат, 213-р талд авагдсан Х.Дын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгийг, 1-р хавтаст хэргээс 97-р талд авагдсан таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 1-р хавтаст хэргээс 72, 74-р талд авагдсан Х.Дын хувийн байдалтай холбоотой хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шалгах хуудас зэргийг,

Шүүгдэгч Х.Дын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгээс 1-р хавтаст хэргээс 13-р талд авагдсан гэрч Б.Болдбаатар, 19-20-р талд авагдсан гэрч М.Болоргэрэл, 23-24-р талд авагдсан гэрч Э.Нямсүрэн, хохирогчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн зургийн баримтыг нэмж, 92-94-р талд авагдсан гэрч Д.Тайванцэцэг, 96-96-р талд авагдсан гэрч Х.Жаргал-Ундрах нарын мэдүүлгийн хэсгээс,

Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Л.Данзанноровоос 1-р хавтаст хэргээс 1-р талд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол, 4-р талд авагдсан өргөдөл, 5-р талд авагдсан иргэн Д.Цогоогоос гаргасан гомдол, 10-11-р талд хохирогч Д.Ц-, 15-16-р талд гэрч Б.Баасансүрэн, 89, 241-р талд авагдсан Х.Дын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг,

Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Д.Баттөмөрөөс 1-р хавтаст хэргээс 13-р талд авагдсан гэрч Б.Болдбаатар, 33, 177-р талд авагдсан гэрч З.Төрбат, 65-66-р талд авагдсан гэрч Р.Мөнхбат, 68-69-р талд авагдсан гэрч А.Хувьзаяа, 71-72, 179-р талд авагдсан гэрч Д.Ганболд, 3-р хавтаст хэргээс 174-р талд авагдсан гэрч Э.Нямсүрэн, 91-р талд гэрч Д.Тайванцэцэг, 87, 248-р талд авагдсан Т.Нгийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 89, 242-243-р талд авагдсан Х.Дын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 147-153-р талд авагдсан хохирогчийн биед учирсан гэмтэл авсан гэрэл зургууд, 20, 25-р талд авагдсан прокурорын тогтоолууд, 45-48-р талд авагдсан таньж олуулах ажиллагаа, 65-66-р талд авагдсан цагдаагийн байгууллагийн хоногийн нөхцөл байдлын мэдээ, 221-р талд авагдсан прокурор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл, 3-р хавтаст хэргэс 59-р талд шинжээчийн 3698 дугаартай дүгнэлт, 139, 185-р талд авагдсан камерийн бичлэгт болон сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судалсан.

Мөн хэрэгт хураагдаж ирүүлсэн 3 ширхэг сиди-г шүүх хуралдааны явцад  судлахад эхний сиди 37 дахь секундээс гацаад цаашид гараагүй, хоёр дахь сиди удаашруулсан байсан бөгөөд энэ сиди-г бүхэлд нь үзсэн, 3 дахь сиди нь мөн гацаад үзэж чадаагүй, сиди үзэх явцад хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Д, Т.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н, Х.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, сидинд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд зэрэг бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсний дагуу шүүх дараах үндэслэлээр шүүгдэгч Т.Н, Х.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг нь бусдыг үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдад хүч хэрэглэсэн үйлдэл болно.

Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.  

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны ресторанд Т.Н, Х.Д нар эмх замбараагүй байдал бий болгож, ариун цэврийн өрөөнд Д.Цогт-Эрдэнийг “биеэ зөв авч явсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүлэглэн, хүч хэрэглэн халдаж, улмаар хохирогч Д.Цогт-Эрдэнийн эрүүл мэндэд “гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол учрах үр дагаварт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт этгээдүүд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй бөгөөд тэдний үйлдлээрээ санаатай нэгдэж байгаа нь бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдлыг хангаж байна.

Иймд шүүгдэч Т.Н, Х.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ...хиймэл эрхтэн хийлгэх ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч Т.Н, Х.Д нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цогт-Эрдэнийн эрүүл мэндэд “гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой Монгол улсад, Солонгос болон Энэтхэг улсад эмчилгээ, шинжилгээ, хагалгаа хийлгэсэн төлбөр, мөн Солонгос, Энэхтэг явахад гарсан замын болон буудал, бусад зардалд 110,996,500 төгрөг, Энэтхэг улсад эмчилгээ хийлгэхдээ ах Д.Цын хамт явсан, түүний цалингийн зөрүү 2,003,500 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3,000,000 төгрөг, нийтдээ 116,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан шаардлага хангасан дараах нотлох баримтуудаар хохирогч Д.Ц-д 99,385,041 төгрөгийг олгож шийдвэрлэв.

Улсын Нэгдүгээр эмнэлгээс өвчний түүх хуулбарлан авсан баримт 8.000 төгрөг /1-р хх-ийн 33/, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 507.960 төгрөг /1-р хх-ийн 34-40, 121/, Нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 40.000 төгрөг /1-р хх-ийн 121, 121/, “Люкс мед” эмнэлэгт Томографийн шинжилгээ 1 удаа хийлгэсэн төлбөр 120.000 төгрөгөөр хоёр удаа хэвтсэн /1-р хх-ийн 121/, “Талимаа” эмнэлэгт эмчлүүлсэн баримт 175.298 төгрөг /1-р хх-ийн 121/, “Люкс мед” эмнэлэгт компьютер томограф, сд хувилах төлбөр 15.000 төгрөг /1-р хх-ийн 122/, “Ти Ти Жи” ХХК-нд шилэн нүд хийлгэсэн баримт 160.000 төгрөг /1-р хх-ийн 122/, ЦГГ-аас эмнэлгийн онош орчуулсан баримт  22.000 төгрөг /1-р хх-ийн 123/, “Шилбүүр” орчуулгын газрын эмнэлгийн онош орчуулсан баримт 25.000 төгрөг /1-р хх-ийн 123/, “PSW” ХХК-ийн Солонгос эмнэлгийн зөвөлгөө хүссэн баримт 30.000 төгрөг /1-р хх-ийн 123/, “Мөнхийн тун Мед” эмийн сангаас эм худалдан авсан баримт  14.210 төгрөг /1-р хх-ийн 124/, “Гашуун булаг” ХХК-иас эм худалдан авсан баримт 11.200 төгрөг /1-р хх-ийн 124/, “Аагфарма” ХХК-иас эм худалдан авсан баримт  70.351 төгрөг /1-р хх-ийн 124/, “Жаст ойл” болон “Петростар” ХХК-иас шатахуун авсан баримт 70,000 төгрөг,  60,000 төгрөг, 132,502 төгрөг /1-р хх-ийн 125/, “Медилайз” ХХК-ийн эмчилгээний санал авах үйлчилгээний хөлс 30,000 төгрөг /1-р хх-ийн 126/, мөн компанийн Энэтхэгийн визний материал 50.000 төгрөг /1-р хх-ийн 126/, “Туяа-Эрдэнэ” ХХК-ийн фото зураг угаалгасан баримт 20.800 төгрөг /1-р хх-ийн 127/, “М маркет” ХХК-ийн нислэгийн хоёр хүний тийз захиалсан баримт 5.019.800 төгрөг /1-р хх-ийн 127/, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Балнадын /дархлаажуулалтын/ вакцин 3 удаа хийлгэсэн баримт 105.000 төгрөг /1-р хх-ийн 128/, цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 144-146/, цалин нэхэмжилсэн төлбөр 15,052,140 төгрөг /1-р хх-ийн 155-166/, бусад зардалд 2,177,390 төгрөг /2018.01.29-нөөс 2018.03.28 хүртэл Энэтхэг улсад байхдаа хэрэглэсэн хоол, унааны зардал 1-р хх-ийн 167-201/, Энэтхэг улсад хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөртэй холбоотой баримтууд 38.048.788 төгрөг /1-р хх-ийн 202-224/, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Солонгос улс руу явсан онгоцны зардал, эмчилгээ хийлгэсэн зардал, бусад зардал, орчуулга, нотариатын хөлсөнд нийтдээ 39,423,192.25 төгрөг /3-р хх-ийн 92-124/ зэрэг баримтууд болно.

 

Хохирогч Д.Цогт-Эрдэнийн Энэтхэг улс руу шинжилгээ өгөх, хиймэл нүд хийлгэхээр явахад түүний төрсөн ах Д.Ц асран хамгаалагчаар хамт явсан бөгөөд энэ талаарх онгоцны тасалбар, ажлын газрын тодорхойлолт, ажлаас чөлөө олгосон тухай баримтуудаар тогтоогдож байгаа тул иргэний нэхэмжлэгч Д.Цын цалингийн зөрүү 2,003,500 төгрөгийг түүнд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

 

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭХХШТХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 3.000.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Иймд хохирогч Д.Ц-д 99,385,041 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цт 2,003,500 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн тул нийтдээ 101,388,541 төгрөгийг шүүгдэгч Т.Н, Х.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож, хохирогчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлыг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэхэд шүүгдэгч Т.Нгээс 50,694,208 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-д 49,692,458 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цт 1,001,750 төгрөгийг, шүүгдэгч Х.Даас 50,694,208 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-д 49,692,458 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цт 1,001,750 төгрөгийг тус тус олгох бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч Х.Д хохирогч Д.Ц-д 49,692,458 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цт 1,001,750 төгрөгийг төлсөн болох нь 2-р хавтаст хэргийн 117, 189 дүгээр талд авагдсан хохирол төлсөн тухай баримт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримтаар тогтоогдох бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Даас гаргуулах хохирол төлбөр байхгүй болно.

Шүүгдэгч Т.Н гэм буруугийн хувьд маргадаг бөгөөд шүүгдэгчийн эцсийн үгэндээ “Д.Ц-д би хохирол учруулаагүй учир хохирол төлөхгүй” гэсэн тул шүүгдэгч Т.Н 50,694,208 төгрөгийг хохирол төлбөртэй.

Хохирогч Д.Ц- өөрт учирсан хүнд хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Н, Х.Д нараас нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Т.Н, Х.Д нар урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 74, 79, 103 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Д гэмт хэрэг үйлдсэний дараа учруулан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.

 

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсэн эсэх, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан, барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Х.Д 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл /2-р хх-ийн 207-211, 3-р хх-ийн 47-48/ 153 хоног, шүүх хуралдааныг завсарлуулсан буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл 10 хоног, бүгд 163 хоног цагдан хоригдсон,

Шүүгдэгч Т.Н 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл 10 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.   

 

Эрүүгийн 181000940332 дугаартай хэрэгт хураагдаж ирүүлсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн, Д.Баттөмөр, Л.Данзанноров нараас шүүгдэгч Т.Н, Х.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгуулахаар гаргасан саналыг дээрх үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

  

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б-н Д, Т Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Б-н Д, Т Н нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б-н Д-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Н-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, Т.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг, шүүгдэгч Т.Н-гийн нарын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Д хохирогч Д.Ц-д 49,692,458 /дөчин есөн сая зургаан зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ц-т 1,001,750 /нэг сая нэг мянга долоон зуун тавь/ төгрөг төлснийг дурдаж,

Шүүгдэгч Т.Н-гээс 50,694,208 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-д 49,692,458 /дөчин есөн сая зургаан зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цт 1,001,750 /нэг сая нэг мянга долоон зуун тавь/ төгрөгийг олгож, хохирогч Д.Ц-н нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Ц- цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Д, Т.Н нараас нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 /гурав/ ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хүртэл хэрэгт хавсан үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Д, Т.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Х.Д, Т.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

              ШҮҮГЧИД                                             С.БАЗАРХАНД

 

                                                                Х.ОДБАЯР