Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Д-, Т.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эсэн,

иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатар,

хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

            шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, Ц.Цэцэгсүрэн,

            шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров,

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Эсэнгийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, хохирогч Д.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх болон шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Д-, Т.Н нарт холбогдох 1810000940332 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. С овгийн Х-ын Д-, 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа сантехникийн угсралтын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

2. Т овгийн Т-ын Н, 1986 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа тавилгын үйлдвэр ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /; 

 

Х.Д-, Т.Н нар нь бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд Д.Цогт-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Д-, Т.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Д-, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс, Х.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Т.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус болгон хөнгөрүүлэн өөрчилж, Сартуул овогт Х-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Тавнан овогт Т-ын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Д-ыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-т оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Х.Д-, Т.Н нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Д-аас 47.221.939 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Цд олгож, Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Т.Нг хохирогч Д.Цогт-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Х.Д-ыг хохирогч Д.Цогт-Эрдэнийг өшиглөж түүний биед хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн. Гэрч Э.Нямсүрэн “...Хашгирах чимээ гарахаар нь угаалгын өрөөний тийшээ гүйгээд очтол нэг залуу шалан дээр 4 хөллөөд босож чадахгүй байхад нь нэг залуу урдаас нь хөлөөрөө өшиглөхөд тэр залуу хойшоо савж унаж, нүднээс нь маш их цус гарч шалаар дүүрэн цус болсон. ...” гэж огт үнэмшилгүй, худал мэдүүлэг өгөхийн зэрэгцээ хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Д- нь Цогт-Эрдэнийг өшиглөснийг ч би гэрчилнэ гэж бичиж өгч, түүнийг хавтас хэрэгт хавсаргаж, прокурор үүнийг гол нотлох баримтаа болгон Д-ыг бусдад хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэж яллаж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Шүүх хуралдааны явцад тэрээр “...байцаагч ингэж хэл гэсэн юм...” гэснээс үзэхэд зориуд худал мэдүүлэг өгч, бусдыг хүнд хэрэгт гүтгэж байна. Гэрч Төрбатын “...хохирогч залууг цохиж байсан залуугийн талаас нэг хөл орж ирээд тонгойсон байхад нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /2хх 33/, гэрч Б.Болдбаатарын “...Ц, Д- хоёр ноцолдож, зууралдаад маргалдахаар нь би салгах гэтэл Э.Н миний толгой руу цохихоор нь ажлынхаа хүмүүсийг дуудах гээд гарсан. Цогт-Эрдэнийг 2-3 залуу зодож байсан...” гэх мэдүүлэг /1хх 13/, гэрч Б.Анхбаярын “...Өлгүүр дээр зогсож байсан охин коридорын буланд 2-3 залуу наад ахыг чинь зодчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 17-18/, хохирогч Д.Цогт-Эрдэнийн “...00-ийн өрөөнд нэг залуутай шүргэлцсэнээс болж маргалдаад миний куртикны захнаас зуураад авсан. Болдбаатар дундуур ороод салгах үед тэр залуутай хамт явж байсан залуу Болдбаатарыг цохиж байсан. Намайг заамдсан залуу 2-3 удаа толгойд цохиод, гарч ирээд хоёр залуу миний нүүр, толгой, хамар луу хэд хэд цохисон” гэх мэдүүлэг /1хх 10-11, 82-83, 2хх 30/, гэрч Д.Тойдонцэцэгийн “...00 дотроос Д-, Н хоёр өөр хоёр хүнтэй ноцолдоод, зууралдаад маргасан байдалтай гарч ирсэн. Хохирогч залуу Д-ын пиджакнаас зуурчихсан байсныг хүчтэй сэгсэрээд тавиулж байсан...” гэх мэдүүлэг зэргээс энэ хугацаанд Д-, Ц хоёр куртик болон пиджакнаасаа барьж, зуурчихсан байсан гэдгийг гэрчилж байна. Ингэж зууралдаж байсан хүн хохирогчийн нүд рүү өшиглөх боломжгүй юм. Хохирогч шүүх хуралдааны явцад “...Ариун цэврийн өрөөнд бие засаад эргэхдээ Х.Д-ыг түлхсэнээс мөргөлдөөд бид хоёр заамдалцсан. Болдбаатар бид хоёрыг салгах гэж байхад араас нь Т.Н толгой руу нь цохисон. Хамаг юм эхлүүлсэн хүн нь Н. Бид дөрөв зууралдаж гарч ирэнгүүт Т.Н миний зүүн нүд рүү маш хүчтэй, гал манартал хоёр удаа цохисон...” гэж мэдүүлсээр байхад Т.Нг Д.Цд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлож, яллах дүгнэлтийнхээ гол нотлох баримт болгож байгаа гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаж, Т.Нгийн оролцоог дахин шалгаж, хохирогчид учирсан хохирлын тодорхой хэсгийг Т.Нгээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүх хуралдааны тэмдэглэлд хавтас хэрэгт авагдсан камерийн бичлэгийг шинжлэн судалсан талаар бичигдсэн байна. Камерийн бичлэгийг нотлох баримтаар тооцсон бол тэмдэглэлд тусгаж бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөрдөгч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол гаргасан ч тэмдэглэл хөтлөөгүй. Камерийн бичлэгт цагаан цамцтай, хар юбкатай, жижигхэн биетэй эмэгтэй харагддаг. Тэр эмэгтэй болсон үйл явдлыг эхнээс нь дуустал харсан байхад түүнийг нэг ч удаа гэрчээр асуугаагүй, хэн гэдгийг тодруулах ажиллагаа хийгдээгүй. З.Төрбат гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Нямсүрэн, Болдбаатар нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Дээрх хоёр гэрчийг хамгийн гол гэрч гэж өмгөөлөгч нар үзсэн. Нямсүрэн “...шалаар дүүрэн цус урсаад байсан...” гэж тухайн үйл явдлыг харсан мэтээр мэдүүлэг өгдөг боловч тухайн үед Нямсүрэн байгаагүй. Жаргал-Ундрах, Тайванцэцэг нар нь болсон үйл явдлыг харсан мэтээр мэдүүлдэг боловч мөн л мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. ...Т.Нгийн 2-3 удаа цохисноос өөр үйлдэл хийгээгүй гэх мэдүүлгээр шүүх шийдвэрлэсэн юм шиг харагдаж байна. Т.Н хэрэгт ямар оролцоотой болохыг Болдбаатарын гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр мэдүүлэг байхгүй. Т.Н “...чи хэргээ даачих, би хохирлын чинь мөнгийг өгье...” гэсэн зүйлийг ярьсан гэдэг. ...” гэв. 

 

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинэ жилийн арга хэмжээ тарж, намайг бие засах өрөөнд орох үед манай ажлын газрын залуу Х.Д- нь үл таних Д.Ц гэх залуутай маргалдан хоорондоо зууралдан зодолдож байсан ба энэ үед би иргэний үүргээ биелүүлэн тус зодооныг салгасан. Энэ явцад Д.Цогт-Эрдэнийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, зөвхөн зодооны үйл явцыг салгасан, ганц удаа л цээж, мөрний орчимд түлхсэн бөгөөд үүнээс болж Д.Ц гэмтэл учруулаагүй. Гэтэл намайг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Х.Д-тай бүлэглэн Д.Цогт-Эрдэнийн биед хүнд гэмтэл учруулсан мэтээр яллагдагчаар татан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хурлаар үйлдээгүй хэргийн төлөө Д.Цогт-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, ялтан гэх нэр зүүн амьдралдаа хар толбо үүсгэж байгаадаа маш харамсаж байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, ноцтой зөрүүтэй байна.

Эрүүгийн 1810000940332 дугаартай хавтас хэргийн материалд авагдсан, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтуудад дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч Т.Н нь хохирогч Д.Цд гэмтэл учруулсан үйлдэлд оролцоогүй болох нь тодорхой байна. Үүнийг хавтас хэрэгт гэрчээр удаа дараа мэдүүлэг өгсөн, хамгийн хараат бус, хөндлөнгийн гэрч болох Э.Нямсүрэн, З.Төрбат нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөн Э.Нямсүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу яг хэрэг гарсан даруйд өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нотолно. Э.Нямсүрэн тухайн нөхцөл байдлыг нүдээр үзсэн хамгийн гол гэрч мөн болохыг хэрэгт /хх 13/ хохирогчийн найз, гэрч Б.Болдбаатарын "... тэр рестораны үйлчлэгч охин Д-ыг Цогт-Эрдэний нүүрэн тус газар нь өшиглөхийг харсан гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх 18/, гэрч Ц.Анхбаярын "... тэр рестораны ажилтан, өлгүүрийн эмэгтэй Цогт-Эрдэнийг зодуулсан талаар сайн мэдэх юм билээ..." гэх мэдүүлэг /1хх 17-18/, мөн хохирогчийн эхнэр, гэрч М.Болоргэрэлийн "... рестораны ажилтан болох цагаан цамцтай эмэгтэй танай нөхрийг ийм болгосон хүн энд байгаа гэж хэлээд намайг заал руу дагуулаад орсон..." гэх мэдүүлэг /хх 20/, Т.Нгийн "...“Будда хаус”-ын нэг эмэгтэй ажилтанг дагуулж хүрч ирээд ... асуухад тэр эмэгтэй Д-ыг тэр байна гэж заасан, тэгээд цагдаа нар аваад явсан..." гэх мэдүүлэг /хх 87/, гэрч Э.Баатархүүгийн "... зодсон гэх залууг баарны нэг ажилтан хүүхнээр цагдаагийнхан заалгаад хананд зогсоочихсон, хүмүүсээс тусгаарлачихсан байсан ..." гэх мэдүүлэг /хх 14/, рестораны захирал Оюунаатай утсаар холбогдсон талаарх мөрдөгчийн тэмдэглэлд гэрч Э.Нямсүрэн бүх асуудлыг харсан, өшиглөсөн гэх хүнийг цагдаагийн байгууллагад зааж өгсөн талаар тусгагдсан байгаа. Түүнчлэн холбогдогч нарыг болон хохирогч Д.Ц нарын хэнийг нь ч огт танихгүй гэдгээ /хх 23-24/ түүнээс хууль сануулан гэрчээр мэдүүлэг авахад хэлснээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн үед үүнийгээ батлан мэдүүлсэн.

Хохирогч болон хэргийн холбогдогч нарын хэнтэй ч хамаарал холбоо байхгүй гэрч З.Төрбат "... нөгөө залуу /Т.Н/ нь зууралдаад байсан бөгөөд цохиж зодсон зүйл байгаагүй...", "Мөнхбатын татаж холдуулсан залуу хохирогчийг яг цохиж байхыг хараагүй" гэж мэдүүлснээс гадна "хохирогч залууг цохиж байсан залуугийн талаас хөл орж ирээд хохирогч залууг тонгойсон байхад нь нэг удаа өшиглөсөн" гэж мэдүүлсэн нь миний үйлчлүүлэгч Т.Н хохирогчид хүнд гэмтэл учруулахад бүлэглэн оролцсоныг шууд үгүйсгэх нотолгоо болно. Тухайн үед Х.Д- нь бор /хүрэн/ өнгийн гуталтай байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, энэ нь түүнийг түр саатуулах үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар нотлогддог. Гэрч З.Төрбат ч мөн өшиглөх үед бор өнгийн гутал өмссөн хүн өшиглөсөн болохыг шууд мэдүүлсэн. Хэрэгт мэдүүлэг өгсөн бүх гэрч нар Т.Н хохирогчийг цохиж зодсоныг болон гэмтээсэн талаар хараагүй гэдэг. Т.Н хохирогч Д.Цогт-Эрдэнийг цохисон гэх мэдүүлгийг гагцхүү хохирогч л хэлдэг, үүнийг үгүйсгэсэн маш олон мэдүүлэг, нотолгоонууд хэрэгт авагдсан. Түүнчлэн Т.Нтэй бүлэглэн гэмтэл учруулсныг үгүйсгэх чухал нотолгоо нь /хх 241/ яллагдагчаар Х.Д-ын гэм буруугаа хүлээн "...хохирогч Д.Цогт-Эрдэнийг би зодож гэмтэл учруулсан юм. Нтэй бүлэглэн зодсон зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг болно. Энэ нь бусад гэрчийн болон Т.Нгийн удаа дараагийн мэдүүлгээр давхар батлагдана. Мөрдөн шалгах ажиллагааны төгсгөл шатанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Б.Соёлмаагийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр тогтоолд "...гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, хэргийг бүлэглэн үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй..." гэсэн үндэслэл зааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байсан боловч нэмэлт ажиллагааны явцад бүлэглэсэн гэх шинж нь улам л үгүйсгэгдсэн. Хохирогч Д.Цогт-Эрдэнийн удаа дараагийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй. Аливаа хэрэгт гэрч, хохирогч, холбогдогчийн анх өгсөн мэдүүлэг илүү бодитой байх магадлалтай байдаг. Гэтэл хохирогчийн анхны мэдүүлэг маш бүрхэг, тодорхой зүйлгүй, "... миний бодлоор", "...байх гэж бодож байна", "... яг хэн нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна..." гэх зэргээр мэдүүлсэн, таамаглал шинжтэй байдаг. Шүүх эх сурвалж тодорхойгүй таамаглалд үндэслэн шийдвэр гаргахгүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хэрэг нь тодорхой зорилго чиглэлтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр илэрдэг. Т.Нд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго байгаагүй болох нь тодорхой харагддаг бөгөөд тэрээр зодооныг салгах гэж оролдож байгаа нь хяналтын камерын бичлэгт тодорхой тусгагдсан. Энэ нь З.Төрбатын мэдүүлэг, мөн Х.Д-ын удаа дараагийн мэдүүлэг, өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр батлагдана. Салгахад чиглэсэн үйлдэл хийсэн гэдгийг шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч салгах явцад цохисон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Т.Н салгах явцдаа зүүн нүд орчимд нь цохиогүй, харин хохирогчийн мөр орчимд л түлхэж холдуулсан үйлдэл хийсэн. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр хохирогч Д.Цогт-Эрдэнийн биед учирсан хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд нь толгой, тэр дундаа зүүн нүд орчимд учирсан байдаг. Эдгээр гэмтлүүд нь мөн нэг удаагийн цохилтын улмаас үүсэх боломжтойг шинжээч эмч мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээрээ ч, дүгнэлтээрээ ч баталдаг. Х.Д- зүүн нүд орчимд хүчтэй өшиглөж гэмтээсэн нь баримтуудаар тодорхой нотлогдох ба үүнийгээ ч Х.Д- үгүйсгэдэггүй, хүлээн мэдүүлдэг. Гэтэл яагаад Т.Н нь хүнд гэмтэл авсан байгаа нүдэнд учирсан хөнгөн гэмтэлд буруутан болох ёстой юм бэ?.

Шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" заалтыг хэрэглэсэн боловч зөвхөн "... Эрүүгийн хууль, түүнийг тайлбарлахад ..." л эргэлзээ гарсан мэт ойлгож хэрэглэсэн нь учир дутагдалтай. Энэ хэргийн үйл баримт, цугларсан нотолгооноос үзэхэд "... хууль тайлбарлахад ..." эргэлзээ гараагүй, гарахгүй. Харин "... Т.Н Д.Цогт-Эрдэнийн биед гэмтэл учруулсан гэм буруутай эсэхэд" л маш томоохон, үндэслэл бүхий эргэлзээ, үгүйсгэл байгаа. Нэгэнт гэм буруутай эсэхэд эргэлзээ байгаа тул түүнийг Т.Нд ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Шийтгэх тогтоолын 8 дугаар талд "... Т.Нгийн цохисон гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хохирогч Д.Цогт-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Э.Нямсүрэнгийн мэдүүлэг, гэрч З.Төрбатын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ" гэжээ. Гэтэл энд дурдагдсан гэрч Э.Нямсүрэнгийн мэдүүлэг, гэрч З.Төрбатын мэдүүлэг, мөн камерын бичлэг зэрэг нь Т.Нг яллах баримтууд биш, харин ч хамтран оролцоогүйг батлах баримтууд. /тухайлбал, хх 23-24/ Мөн хавтас хэрэгт ямар ч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ийм төрлийн нотлох баримт байхгүй. Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх хангалттай үндэслэлтэй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг сайтар анхааран үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалтыг удирдлага болгон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Нгийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд анх Х.Д-ыг яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн. ...Гэрч нар тухайн үед юу болсон талаар тодорхой мэдүүлдэг...Хохирогч анхнаасаа ариун цэврийн өрөөнд бүлэглэсэн зодоон болоогүй, Д- хоёр удаа толгой руу цохиод гарсан. Гарсны дараа хоёр хүн толгой руу цохих шиг болсон, хэн хэдэн удаа цохисныг мэдэхгүй гэж хэлдэг. Хэргийн материал танилцуулснаас хойш 9 сарын дараа хохирогч мэдүүлгээ өөрчилсөн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар тодруулахаар шинжээч эмч, гэрч Төрбат, Нямсүрэн нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Хохирогчид учирсан гэмтэл нь нэг цэгт /объектод/ учирсан, үүнийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилсан. Тэгэхээр нэг цохилтоос 3 гэмтэл үүссэн гэж үзсэн. Тэр гэмтэл Х.Д-ын үйлдлийн улмаас учирсан гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. Т.Нгийн гэм буруутай эсэхэд эргэлзээ байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

Хохирогч Д.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт эрүүгийн хэрэгт ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй буюу онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог хангалттай нотлоогүй, хэргийг шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянаагүй байхад дүгнэлт хийж, зүйлчлэлийг өөрчлөн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” ресторанд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Цогт-Эрдэнийг Х.Д-, Т.Н нар нь зодож, бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг болох үед гэмт хэргийг эхнээс нь дуустал нь харсан, тухайн ресторанд ажиллаж байсан, онцгой ач холбогдол бүхий АШУҮИС-ийн оюутан Хувьзаяа гэх эмэгтэйг мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоох ажиллагааг огт явуулаагүй. Хувьзаяа гэх эмэгтэй мөрдөн шалгах ажиллагааны явцад олдох бололцоо байсан ба гэрч Э.Нямсүрэн нь АШУҮИС-ийн оюутан Хувьзаяаг таньдаг бөгөөд түүнтэй Facebook хуудсаар харилцаж байсан, түүний сурдаг сургуулийг тодорхой мэддэг, түүний ажиллаж байсан албан байгууллага байсаар байтал түүнийг мөрдөгч, прокурор нар орхигдуулсан. Гэрч  З.Төрбат 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “...Оюутолгойтой хамтран ажилладаг нэг компанийн ажилчид 00 цагийн орчим тарцгааж үүдний өрөөний шил хагалчих гээд байхаар нь тэрийг холдуулж байтал Нямсүрэн гэх өлгүүрийн охин хүмүүс зодолдоод байна, салгаач ээ гэхээр нь харахад өрөөнөөс зодуулсан гэх залуу хоёр залуутай зууралдаад гарч ирсэн. ...Нөгөө зодуулдаг залуу /Ц/ нь тонгойчихсон байхад цаад тойрч гарч ирдэг коридор талдаа зогсож байсан залуу дээрээс нь нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон. Нөгөө залуу нь зууралдаад байсан болохоор цохиж зодсон зүйл байгаагүй. ...Би очоод нөгөө зодуулж байсан залууг бүсэлхий хэсгээр нь тэврээд хойш нь татсан чинь коридорын хойд талд зогсоод цохиж зодож байсан залуугийн талаас нэг хөл орж ирээд хохирогч залууг тонгойсон байхад нь нэг удаа өшиглөсөн, ...хохирогч залуугийн нүднээс цус гоожчихсон байсан. ... гэх мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл хяналтын камерын бичлэгээс харахад З.Төрбатад "...зодоон болоод байна, салгаач ээ..." гэж хэлсэн гэх өлгүүрийн охин Э.Нямсүрэн нь хохирогч Д.Цогт-Эрдэнийг Х.Д-, Т.Н нартай 00-ийн өрөөнөөс зодолдоод гарч ирэх үед байхгүй байсан бөгөөд З.Төрбатын араас нь, дараа нь очиж байгаа нь харагддаг. Гэрч болох Э.Нямсүрэн гэх эмэгтэй нь /хх 45/ илт өөр худал мэдүүлэг өгч, зодоон болох үед хажууд нь хараад зогсож байсан мэтээр таньж олуулах ажиллагааны явцад хохирогч Д.Цогт-Эрдэнийн нүд рүү цохисон гэх хүнийг хараад танина гэж эргэлзээтэй мэдүүлгүүд өгсөн байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээтэй байна. Харин тухайн үйл явдал болох үед тэдгээрийг 00-ийн өрөөнөөс гарч ирэхээс эхлэн дуусах хүртэл нь АШУҮИС-ийн оюутан Хувьзаяа гэх эмэгтэй харж байсан байх ба гэрч З.Төрбатын өлгүүрийн охин Э.Нямсүрэн зодооныг эхэлж харж байсан мэтээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /камерын бичлэг/ тогтоогдохгүй, зөрүүтэй байна.

Мөн хохирогч Д.Цогт-Эрдэнийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгт “... угаалгын өрөөнд бие засчихаад эргээд харах үед нэг танихгүй залуутай зүүн мөр хэсгээрээ шүргэлцсэн, ...тэр залуу "яагаад намайг мөргөж, шүргээд байна гэж их чанга ууртай дуугаар хэлэхээр нь би "уучлаарай хөгшөөн" гэж хэлэхэд миний куртикны захнаас зуураад авсан, намайг заамдсан залуу миний толгой руу 2-3 удаа цохисон, ...угаалгын өрөөнөөс чирч гаргаад тэр хоёр үл таних залуу нүүр, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон, яг нь хэн нь хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр ээлжлээд цохиод байсан, тэр үед би шоконд ороод ухаан алдаад уначихсан байсан...” гэх мэдүүлэг болон Х.Д-, Т.Н нар нь хохирогчийг бүлэглэн зодож байгаа нь тухайн үеийн хяналтын камерын бичлэгээр хангалттай тогтоогдож байна.

Хохирогч Д.Цогт-Эрдэнийг Х.Д-, Т.Н нар нь бүлэглэн зодож, хүнд гэмтэл учруулсан, хохирлыг бүрэн гүйцэд барагдуулаагүй байхад Х.Д-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Т.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлж, ял шийтгэл оногдуулсан атлаа, хохирогч Д.Цд төлөх 47.221.939 төгрөгийг зөвхөн Х.Д-аас гаргуулахаар шийдвэрлэж, Т.Нг орхигдуулсан.

Хохирогч Д.Цогт-Эрдэнийг бусадтай бүлэглэн зодож, биед нь хүнд хохирол учруулсан Т.Нгийн үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байхад түүнийг хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

            Хохирогч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ гэмт хэргийн улмаас нэг эрхтнээсээ салж, эрүүл мэндийн хувьд хүнд хохирол амсаж, хөдөлмөрийн чадвараа алдсан. Ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, амьдралын баталгаагүй болсон. Т.Н Х.Д-ыг надаас үнэхээр салгая гэсэн сэтгэл байсан бол өнөөдөр би ийм хэмжээний гэмтэл авахгүй байсан байх. Хоёулаа нийлж зодсон. Хувьзаяа гэх хүнийг дуудаж асууж өгөөч гэсэн хүсэлтийг мөрдөгчид удаа дараа тавьж байсан боловч мөрдөгч “би хайж байгаа, Нямсүрэн танидаг” гэж хэлсэн. Мөн тухайн үед байсан Мөнхбат гэх хамгаалагч залууг дуудаж байцаагаагүй. Гэрч нарыг хангалттай асууж байцаагаагүй учраас хэрэг нэг талыг барьж шийдвэрлэгдсэн. Зөвхөн З.Төрбат, Э.Нямсүрэн нарын өгсөн худал мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед Х.Д- надад учирсан хохирлыг төлөхөөр 5 хоногийн завсарлага аваад, надтай хоёр ч удаа ирж уулзсан. “Мөнгө олдохгүй байна. Н чи хэргээ даачих, хохирлын мөнгөнөөс төлнө гэж ярьж байснаа төлөхгүй алга болчихлоо. Тийм болохоор би мөнгө олж өгч чадахгүй байна” гэж хэлж байсан. Дараа нь Х.Д-ын ах ирж уулзсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирлоос нэг ч төгрөг төлөгдөөгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 3 дугаар сарын 9-ний өдрийн хооронд дүү Д.Цогт-Эрдэнийг Энэтхэг улсад эмчилгээ хийлгэхээр явахад нь асран хамгаалагчаар явсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Би нийгмийн даатгалаа таслахгүйн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байсан. Цалин 2.003.500 төгрөг гаргуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх явдал юм. Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Анхан шатны шүүх Х.Д-ыг хохирогч Д.Цогт-Эрдэнийн нүд рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, 4 жил 6 сарын  хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Х.Д-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Цогт-Эрдэнийн биед зүүн нүдний салст гэмтлийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс ажилбарт орж /бүрэн хараагүйдэл/, хөдөлмөрийн ерөнхий чадвараа 65 хувь алдсан бөгөөд 67.221.939 төгрөгийн бодит хохирол учирснаас шүүгдэгч Х.Д- дөнгөж 15.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад түүнд 4 жил 6 сарын хорих ял оноосон нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй, эрүүгийн хариуцлагын зорилтыг хангаагүй гэж дүгнэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарт тохируулан өөрчлүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. …” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Д-, Т.Н нарыг бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд Д.Цогт-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-, Т.Н нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар, Т.Нг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй байна.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

 

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Х.Д-, Т.Н нар бүлэглэн Д.Цогт-Эрдэнийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

 

Иймээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэнгийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 417 дугаартай яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд “...Х.Д-, Т.Н нар бүлэглэн Д.Цогт-Эрдэнийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан...” гэж хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн бичиж, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан гэх/ зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх “... гэрч Э.Нямсүрэн, З.Төрбат, Б.Болдбаатар, Д.Тайванцэцэг нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.Д- нь хохирогч Д.Цогт-Эрдэнийг өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж, шүүгдэгч Т.Н уг зодооныг салгах явцдаа хохирогч Д.Цогт-Эрдэнийг цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Хохирогч Д.Цогт-Эрдэнийн  “...Тухайн хэрэг гардаг “Будда виста” рестораны 1 давхарын 00-ийн өрөө рүү би ажлынхаа Болдбаатарын хамт бие засахаар орсон. ...Би Д-тай заамдалцаад зууралдчихсан, Н миний пиджакны араас зуураад гарч  ирээд Н намайг тонгойсон байхад доороос өлгөөд гараараа 2 удаа зүүн нүд рүү маш хүчтэй, гал манартал цохисон, ...мөн Д- бас нэг удаа цохиод би доошоо манараад тонгойгоод суусан, ...түүнээс хойш яаж унаснаа санахгүй байна. Ямар ч байсан Д-, Н хоёр намайг цохиж зодно гээд дайраад байх шиг байсан. ...Н гаднаас орж ирж зодооныг үүсгэсэн, зодоон үүсээгүй бол Д- бид хоёрыг Болдбаатар салгаад учраа олоод явчих байсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /2хх 30/, гэрч Д.Тайванцэцэгийн “...00 дотроос Н, Д- хоёр өөр хоёр хүнтэй ноцолдоод, зууралдаад маргалдсан байдалтай чихэлцээд гарч ирсэн. ...Эхлээд Нг татаж цааш нь болгочихоод эргэж Д-ыг татах гэхэд нөгөө нүдээ цохиулсан залуу Д-ын пиджакнаас зуурчихсан байсныг хүчтэй сэгсэрээд тавиулсан бөгөөд тэр нүдэндээ цохиулсан залуу газарт ойчиж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-91-92/, гэрч О.Отгонгэрэлийн “...Тайванцэцэг, Намуун хоёртой юм ярьж байгаад үүд рүү явах гэтэл 00 дотроос 4 хүн зодолдоод гарч ирсэн. Би тухайн үед ажилд ороод 20 гаруй хонож байсан болохоор өөрийн компанийн ажилчдаа сайн танихгүй байсан бөгөөд сүүлд танилцаад тэр хоёр залууг Д-, Н нар гэдгийг мэдсэн. Гарч ирэх үед Тайванцэцэг, Намуун бид гурав үүд рүү зугтаад холдсон. ... ” гэх мэдүүлэг /хх 93-94/, гэрч Х.Жаргал-Ундрахын “... 00-ийн орчим хүмүүс шуугилдаад зодоон болоод байх шиг байхаар нь очоод Тайванцэцэгтэй хамт нөхөр Нг салгаж аваад шинэ жил болж байгаа заал руу оруулж суулгаад эргэж Д-ыг авч явсан. ... ” гэх мэдүүлэг /хх 95-96/ зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн эсрэг баримтын талаар дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хурааж авсан СД бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтөлж бэхжүүлэх, хохирогч Д.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн давж заалдах гомдолд дурдсан тухайн өдөр болсон үйл явдлыг эхнээс нь дуустал харсан гэх н.Хувьзаяаг олж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нийцэх бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэлбэр, тэдгээрийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан “...Т.Нгийн оролцоог дахин шалгуулах...”, хохирогч Д.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан “...тухайн өдөр болсон үйл явдлыг эхнээс нь дуустал харсан гэх н.Хувьзаяаг олж, гэрчийн мэдүүлэг авах...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

   Х.Д-, Т.Н нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах болсонтой холбогдуулан шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан “...Т.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхив.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Д-, Т.Н нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Х.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН