Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         

                                               

                                       Ж.Бакен нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

аймгийн прокурор Т.Батсүх, хяналтын прокурор Т.Серикжан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, К.Ержан, Т.Бахыт, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Маншүк нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжтай, Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Есагасы овгийн Жетибайн  Бакен, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн  хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БВ75122816.

Харахас байым овогт Өсерийн Жагслаг, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин,  ам бүл 7, эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БВ80012216.

Есагасы овогт Алданышийн Төлеген, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1995 оны 5 сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын  хамт амьдардаг, урьд  ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаар БВ95050113.

Есагасы овогт Тилеуханы Толхынбек, Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд  ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БВ92110912.

1.Шүүгдэгч Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Битүү” гэх газар хохирогч Н.Жанибекийн хээр зүсмийн 1 азарга, цавьдар зүсмийн 2 гүү, хохирогч Ш.Хадыханы хээр зүсмийн 1 гүү, нийт 4 адууг хулгайлан нядалж /шүүгдэгч Ж.Бакений фургон маркийн тээврийн хэрэгслийг ашигласан/ хохирогч Н.Жанибект 2900000 төгрөг, хохирогч Ш.Хадыханд 650000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,

2. Шүүгдэгч Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13 цагийн үед Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Хуйган” гэх газар хохирогч С.Аманы 4 эр хонийг хулгайлж /шүүгдэгч Ж.Бакений фургон маркийн тээврийн хэрэгслийг ашигласан/  320000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,

3. Шүүгдэгч Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-наас  09-ний өдрийн хооронд Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Сэвс” гэх газар хохирогч М.Сабихаламын 4 эм хонийг  хулгайлж /шүүгдэгч Ж.Бакений фургон маркийн тээврийн хэрэгслийг ашигласан/  320000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,

4. Шүүгдэгч Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үед Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Өнер” гэх газар хохирогч А.Жаналыхын хул зүсмийн 1 морь, хохирогч И.Уатханы хээр зүсмийн 1 морийг тус тус хулгайлж /шүүгдэгч Т.Толхынбек, А.Төлеген хоёр өөрсдийн мориор тууж ирээд шүүгдэгч Ж.Бакенд өгсөн ба тэрээр аймагт авчирч худалдсан/ хохирогч А.Жаналыхт 600000 төгрөг, хохирогч И.Уатханд 600000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,

5. Шүүгдэгч Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Замын шоогуур” гэх газраас хохирогч Мухамедкаримийн зээрд зүсмийн “Ф”-“А”, хүрэн зүсмийн “Ф”-“О” тамгатай 2 морийг хулгайлж /шүүгдэгч Ж.Бакений дүү Ж.Бердихуатын мотоциклыг ашигласан, адууг Ж.Бакенд өгсөн/  1600000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,

6. Шүүгдэгч А.Төлеген, Т.Толхынбек нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Сэжигт”  гэх газар байрлалтай хохирогч Е.Еренханы өвөлжөөн дэх байшингийн хаалгаар дамжин хууль бусаар нэвтэрч, дотор байсан 8 кг ноолуурыг хулгайлж, 304000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт,

7.Шүүгдэгч Ө.Жагслаг нь  2015 оны 11 дүгээр сарын эхээр Баяннуур сумын 1 дүгээр багийн оршин суугч хохирогч Х.Сенбийн хүрэн зүсмийн даагыг иргэн Х.Махаббатын адуун сүрэг дотроос хулгайлж 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар: “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есагасы овогт Жетбайн Бакен, Есагасы овогт Алданышын Төлеген, Есагасы овогт Тилеуханы Толхынбек, Харахас байым овогт Өсерийн Жагслаг нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай. 2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ж.Бакенд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Улсын яллагчийн эсэргүүцэлд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай захирамжаар “....хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон оролцогч нарын мэдүүлгээс үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалт:

1. Хохирогч Н.Жанибекийн хээр зүсмийн 1 азарга, цавьдар зүсмийн 2 гүү, хохирогч Ш.Хадханы хээр зүсмийн 1 гүү, нийт 4 адууг хулгайлж нядалсан үйлдэлд хамтран оролцсон гэх малын ченж Бекболат болон түүний хажууд үл таних 2 залууг олж тогтоох талаар мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаануудыг хийсэн боловч тогтоогдоогүй тул уг үйлдэл холбогдлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 5/63 дугаартай прокурорын тогтоолоор зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл малын ченж гэх Бекболат болон түүний хажууд үл таних 2 залуугийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шүүхээс дээрх үйлдлийг хөндөж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “...Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэсэн заалтыг зөрчжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдах юм.

Захирамжийн 2 дахь заалт:

1.Гэрч С.Ерланаас мөрдөн байцаалтын шатанд хоёр ч удаа мэдүүлэг авсан бөгөөд тэрээр Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нарын үйлдсэн хэргийн талаар болон цаг хугацаа, хулгайлж нядалсан малын зүс, онцлог шинж зэргийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй мэдүүлсэн ба байцаалтын тэмдэглэлд “...миний хэлсэн зүйл үнэн, зөв байна” гэж бичиж, гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл гэрч С.Ерлан шүүгдэгч Ө.Жагслагийн хадам дүү нь болдог ба түүнийг шүүгдэгч Ө.Жагслаг төрөл садангийн хүмүүс янз бүрийн аргаар дарамталж, шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч Ө.Жагслаг төрөл садангийн хүмүүс “....хэрэг хийгээгүй” гэсэн тодорхойлолт хийж өгөхийг шаардаж байсан нь гэрч С.Ерланы өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Хуатын хүсэлт, сэжигтэн, яллагдагчийн тодорхой үйлдлийг хязгаарлах тухай хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/01 дугаартай тогтоолоор тус тус нотлогдоно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрч С.Ерлан нь их сандарсан байдалтай мэдүүлэг өгсөн ба тэрээр улсын яллагчийн “...таныг мөрдөн байцаагч яаж дарамталсан бэ” гэсэн асуултад хариулж чадахгүй байгаа байдал нь шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч байгаа илэрхийлэл  гэж үзэж байна.

Гэрч С.Ерланы шүүхийн хэлэлцүүлгийн үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт үйлдлийг шалгуулахаар заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр холбогдох хэргээс зарим нотлох баримтыг хуулбарлан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах бүрэн боломжтой юм.

Захирамжийн 3 дахь заалт:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт “...тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв үйлдсэн он, сар, өдрийг бичнэ” гэж заасан байдаг.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ямар нэгэн зүйл хэсгийг бичнэ гэсэн заалт байхгүй бөгөөд прокурорын яллах дүгнэлт нь эцсийн шийдвэр биш, шүүгдэгч Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нарыг яллагдагчаар татах үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан ял сонсгосон байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахытын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Эрүүгийн 201604000170 тоот хэргийн яллагдагч Ө.Жагслагийн өмгөөлөгч Т.Бахыт би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын       13-ны  өдрийн 23 дугаартай       шүүгчийн захирамжид улсын яллагч нарын “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” бичсэн  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны     01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай        шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь “хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцогч нарын мэдүүлгээс үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр буцаасан юм.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд” бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Миний бие зөвхөн уг хэргийн яллагдагч Ө.Жагслагтай холбоотой үйлдлийн талаар дурдахыг хүслээ. Хуулийн дээрх зүйл заалтад заасны дагуу гэмт хэргийг хэн хэн, хэзээ яаж үйлдсэн болох нь хэрвээ гэмт хэрэг үйлдсэн бол тэр нь ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа нь тодорхой бус байгаа. Тухайлбал ганц нэг зүйлийг цохон тэмдэглэхэд: Яллагдагч А.Төлеген, Т.Толхынбек нар нь мөрдөн байцаалтын үед “...бид хоёр Ж.Бакен, Ө.Жагслаг мөн Бекболат гэгч болон бусад үл таних 3 хүний хамт Н.Жанибек нарын 4-5 тооны адууг хулгайлсан” гэж мэдүүлсэн боловч Бекболат болон нэрийг үл мэдэх 3 хүн нь хэн хэн байсан болохыг олж тогтоогоогүй байгаа нь тэд хулгай хийсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Яллагдагч нар нь байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрсдийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй тул дан ганц тэдний мэдүүлгийг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй. Мөн гэрч С.Ерлан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “намайг мөрдөн байцаагч айлган сүрдүүлж, мэдүүлгийг уншуулахгүйгээр гарын үсэг зуруулж авсан, шүүгдэгч нар хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй..." гэж мэдүүлсэн. Мөн мөрдөн байцаалтын явцад байцаан шийтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, нотлох баримтыг цуглуулахдаа хууль журмыг зөрчсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс бүрэн харагдаж ойлгогдохоор байгаа.

Иймд шүүгчийн уг захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа тул "Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Шүүгдэгч Ж.Бакений өмгөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хангахгүй орхихыг хүсэж байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцогч, 36 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тус тус хуульчлан тодорхойлсон байна. Ингэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек, Ө.Жагслаг нарыг Баяннуур, Аптанцөгц сумын иргэдийн олон тооны малыг удаа дараа үгсэн тохиролцож, бүлэглэн хулгайлсан гэж буруутгаж байна. Ингэхээр уг хулгайн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч нарыг нарийвчлан тогтоох ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаар уг хэргийн захиалагч нь Өлгий суманд амьдардаг малын ченж Бекболат гэдэг хүн боловч түүнийг эрүүгийн хариуцлагад татаагүй ба малын ченж Бекболатын хажууд үл таних 2 залуу явж байсан асуудлыг ч лавшруулан шалгаагүй байна. Түүнчлэн хэргийн оролцогч болох Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек, Ө.Жагслаг нарыг хулгайн хэрэгт ямар үүрэг хүлээж оролцсон оролцоо ч тодорхой бус байна.

2. Шүүгдэгч Ж.Бакенийг буруутгаж буй цорын ганц нотлох баримт болох гэрч С.Ерланы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байна. Гэрч С.Ерлан нь Ж.Бакен нь гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн тухай асуудлыг огт мэдэхгүй байгаа тухай, надаас мөрдөн байцаагч нар албадан хүчээр мэдүүлэг авсан тухай дэлгэрэнгүй мэдүүлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд гэрч С.Ерланы мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай байна.

3. Шүүгдэгч Ж.Бакен, А.Төлеген, Т.Толхынбек, Ө.Жагслаг нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд тэд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай өөр бусад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоох ёстой.

4. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй ба тэд таамаг, эргэлзээтэй, мөрдөн байцаагчийн урьдчилан сайтар бэлтгэсэн зүйлийг тоть мэт давтаж ярьж байгаа нь хохирогч нарын мэдүүлэг нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ингэхээр шүүгдэгч Ж.Бакен нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйл хэргийн талаар нотолбол зохих асуудлууд 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.5, 80.1.6-т заасныг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хангахгүй орхихыг хүсэж байна.” гэжээ.

 

Хянавал:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Бакен нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар “мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол“ гэсэн тохиолдлоор мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Захирамжийн заалтыг бүрэн хангаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Бекболат болон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй бусад этгээд тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох нь ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын яллагчийн эсэргүүцэлд:

 “Хохирогч Н.Жанибекийн хээр зүсмийн 1 азарга, цавьдар зүсмийн 2 гүү хохирогч Ш.Хадханы хээр зүсмийн 1 гүү, нийт 4 адууг хулгайлж нядалсан үйлдэлд хамтран оролцсон гэх малын ченж Бекболат болон түүний хажууд үл таних 2 залуу олж тогтоох талаар мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаануудыг хийсэн боловч тогтоогдоогүй тул уг үйлдэл холбогдлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/63 дугаартай прокурорын тогтоолоор зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл малын ченж гэх Бекболат болон түүний хажууд үл таних 2 залуугийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шүүхээс дээрх үйлдлийг хөндөж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “...Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны хэмжээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдах юм ” гэжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана“ гэсэн заалт нь хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шууд нэрлэн заасан заалтад хамаарч байх тул нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэвэл зохино.

Улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсанаар “прокурорын яллах дүгнэлтийн агуулгаар хязгаарлагдах“ ойлголт хуульд байхгүйг дурдах нь зүйтэй байна. Хохирогч Н.Жанибек, шүүгдэгч Т.Толхынбек, А.Төлеген, гэрч С.Ерлан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн тууштай мэдүүлгүүдийг харгалзан үзэх нь зүйтэй.

“Гэрч С.Ерланаас мөрдөн байцаалтын шатанд хоёр ч удаа мэдүүлэг авсан бөгөөд тэрээр Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нарын үйлдсэн хэргийн талаар болон цаг хугацаа, хулгайлж нядалсан малын зүс, онцлог шинж зэргийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй мэдүүлсэн ба байцаалтын тэмдэглэлд “...миний хэлсэн зүйл үнэн, зөв байна” гэж бичиж, гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл гэрч С.Ерлан шүүгдэгч Ө.Жагслагийн хадам дүү нь болдог ба түүнийг шүүгдэгч Ө.Жагслаг төрөл садангийн хүмүүс янз бүрийн аргаар дарамталж, шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч Ө.Жагслаг төрөл садангийн хүмүүс “....хэрэг хийгээгүй” гэсэн тодорхойлолт хийж өгөхийг шаардаж байсан нь гэрч С.Ерлан өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Хуатын хүсэлт, сэжигтэн, яллагдагчийн тодорхой үйлдлийг хязгаарлах тухай хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/01 дугаартай тогтоолоор тус тус нотлогдоно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрч С.Ерлан нь их сандарсан байдалтай мэдүүлэг өгсөн ба тэрээр улсын яллагчийн “...таныг мөрдөн байцаагч яаж дарамталсан бэ” гэсэн асуултад хариулж чадахгүй байгаа байдал нь шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч байгаа илэрхийлэл үзэж байна.

Гэрч С.Ерланы шүүхийн хэлэлцүүлгийн үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт үйлдлийг шалгуулахаар заавал нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр холбогдох хэргээс зарим нотлох баримтыг хуулбарлан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах бүрэн боломжтой юм” гэжээ.

 

Шүүгчийн захирамжид “шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх өгсөн мэдүүлгээсээ буцаж зөрүүтэй мэдүүлэг өгч байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах” гэж бичигдсэнээс улсын яллагчийн эсэргүүцэлд тусгагдсан “гэрч С.Ерланы шүүхийн хэлэлцүүлгийн үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт үйлдлийг шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах“ талаар тусгагдаагүйг анхаарах нь зүйтэй.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 09-ний 5/63 дугаартай прокурорын тогтоолд “нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч“ гэсэн нь ямар ажиллагааг хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн” ямар заалтад хамаарч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ.  

 

Прокурорын эсэргүүцэлд: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт “...тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв үйлдсэн он, сар, өдрийг бичнэ” гэж заасан байдаг.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ямар нэгэн зүйл хэсгийг бичнэ гэсэн заалт байхгүй бөгөөд прокурорын яллах дүгнэлт нь эцсийн шийдвэр биш, шүүгдэгч Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Төлеген, Т.Толхынбек нарыг яллагдагчаар татах үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан ял сонсгосон байгааг анхаарах нь зүйтэй“ гэжээ.

Улсын яллагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн нийтлэг шаардлагыг бүрэн хангаагүй байна. Учир нь шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтоодог. Иймд дээрх ерөнхий ангийн заалтыг журамлан яллах дүгнэлтэд заавал тусгаж байх нь зүйтэй.

 Мөн яллах дүгнэлтийн тогтоох хэсэг ойлгомжгүй бөгөөд шүүхэд шилжиж ирсэн шүүгдэгч Ж.Бакен, Ө.Жагслаг, А.Телеген, Т.Толхынбек нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт тохирох талаар дурдагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй. /зөвхөн Ө.Жагслагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр яллажээ./ 

Хавтаст хэргийн 440 дугаар хуудаст Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/56 тоот “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд “1 адууны эзэмшигч нь олдоогүй ба 1 адуу нь хулгайн адуу гэдэг нь тогтоогдоогүй” байх тул үйлдлийг хэрэгсэхгүй болгосон, хавтаст хэргийн 44  дүгээр хуудсанд хохирогч Х.Самарханы зээрд зүсмийн 6 настай морийг шүүгдэгч Ө.Жагслаг унаж эдэлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа талаар үйл баримтуудыг шалгаж, түүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч гэмт хэргийн зүйлчлэлийг нэг мөр зөв тогтоох шаардлагатай байна.

Гээгдэл хөрөнгө гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэл зоригоос үл хамааран түүний хайхрамж болгоомжгүйгээс хаягдаж орхигдсон төдийгүй тухайн үед эзэмшигч, өмчлөгч нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа зүйлийг ойлгоно. Харин эзэмшигч, өмчлөгчийнхөө хүсэл зоригийн дагуу түүний хараа хяналтаас түр гарсан боловч уг эд зүйлийг ямар хүн, хэн гэгч этгээд гээгээд орхиод явсан нь тодорхой мэдэгдэж байгаа эд зүйлийг гээгдэл хөрөнгө гэж үзэхгүй.

Мөн гэрч С.Ерлан болон шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэг хоорондоо уялдаа холбоотой байгааг анхаарч бусад нотлох баримтуудтай харьцуулж нэг мөр бүрэн шалгах “2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Жанибекийн 4 тооны адуу, А.Жаналыхын 1 тооны адуу, А.Төлегений хамт туугаад Ө.Жагслагийн гэрт авчирч өгсөн. Тэр үед аймгийн төвөөс ирсэн Бекболоат гэгч 2 залуугийн хамт ирснээр нядалж 4.000.000 төгрөгөөр Бекболатад худалдсан. Адууны махыг Бекболатын өөрийн жолоодож ирсэн портер маркийн машинаар авч явсан“ гэсэн мэдүүлгүүд үндэслэлтэй эсэхийг нарийвчлан тогтоох буюу мөрдөн байцаалтын бусад ажиллагааг хийж гүйцэтгэх замаар малын ченж гэх Бекболат болон түүний хажууд үл таних 2 залуугийн үйлдэл холбогдлыг тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн 201604000170 дугаартай хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Бакенд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ө.Жагслаг, А.Телеген, Т.Толхынбек нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн 201604000170 дугаартай хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, 

                                            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               С.ӨМИРБЕК

 

 

                                 ШҮҮГЧИД                                              Н.МӨНХЖАРГАЛ

 

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ