Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 43

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Гэ,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ту овгийн Б Гэ-д холбогдох 1928000000103 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын 04-ний өдөр, ..................... аймгийн ........... суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, бульдозорын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ....................................................... тоотод оршин суух, Ту овгийн Б Гэ, регистрийн дугаар ...........................................;

Шүүгдэгч Б.Гэ нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Эс Жи Эс компанийн нар жаргах уурхайн карьерт иргэн Ц.-гыг ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Гэыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гэ шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компанид хамт ажилладаг байсан Гэ гэх хүн миний биед уг гэмтлийг учруулсан. Намайг машинаас буугаад ир гэхээр нь би буугаад очиход намайг эхлээд боож газар унагаасан. Тэгээд механик ажилтай Батзаяа гэх залуу ирж боль гэж салгасан. Би зай аваад боль та ингэж болохгүй хэлсэн. Тэгэхэд уурлаж намайг хөөж өшиглөх гээд том том алхаж байгаад намайг барьж аваад баруун талын шанаа хэсэг рүү 3 удаа алгадаж авсан. Зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Тэгэхэд нь би та яаж байгаа юм бэ хүний биед халдах нь гэмт хэрэг гэж хэлсэн. Тэгэхэд намайг хавсарч унагаад бид 2 дээр доороо орж газар өнхөрсөн. Тэгж байхад Батзаяа буцаж ирээд боль гэж дахиж салгасан. Миний толгойноос цус гараад нүүр бүхэлдээ цус болсон. Тухайн үед миний толгой хагараад цус ихээр гарч байсан. Би машиндаа очоод машинаараа карьераас дээшээ гарч оффисс руу очиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтантай уулзсан. Тэгээд намайг эмнэлэг рүү авч яваад миний толгойд оёдол тавьсан. Би өмнө нь биедээ гэмтэл шарх аваагүй эрүүл байсан. Би эмчид үзүүлээд нэлээд эмчилгээ хийлгэхээр болсон. Алгадуулж цохиулснаас болж миний баруун чих яс нь хөдлөөд гэмтчихсэн байна гэсэн. Тархи толгой хөдөлсөн байна гэсэн. Би Гэ гэх хүнээс эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөг гаргуулж авмаар байна. Гэ гэх хүний дүү нь миний толгойны зургийг 270.000 төгрөгөөр авхуулж өгсөн. Гэмтэлтэй зүйл дээр нь дахиж эмчилгээ хийгдсэн. Би энэ хүнээс болж ажлаасаа халагдсан тийм болохоор эмчилгээгээ хийлгэж дуусаад ажилдаа буцаж ормоор байна. /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч Э.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Нар жаргах уурхайн карьер руу орсон. Тэгэхэд станцаар манай 2 ажилтан машинаа хойшлуулж зөв байрлуулж зогсооч гээд ярьж байсан. Нөгөөх нь та хүнтэй зөв харьцаад сурчих гэсэн утгатай юм ярьж байсан. Тэгээд карьер руу ороход тэр 2 хүний машин хоорондын зай нь 40 м зайтай л байсан байх. Гэ нь Бад станцаар 11-р сувгаар ороод ир гэж хэлж байсан. Тэгээд намайг очиход тэр 2 машинаасаа бууж ирээд тэр 2 хоорондоо уулзсан. Гэ нь гараараа юм зааж байгаа юм шиг зангаж байгаад тэр 2 барьцалдаж авахад нь би машинаас харж байгаад бууж очоод салгасан. Ба нь чамд Дарханд хэн гэдгээ үзүүлнэ ээ гэсэн утгатай юм ярьж байсан. Би тэр хоёрыг машиндаа суу гэж хэлсэн. Тэгэхэд Ба нь үг хаяад Гэыг өдсөн байдалтай үг хаяад байсан. Гэ нь чи битгий хүний хор шар малтаад бай хүнд битгий лай болох гээд бай гэж хэлээд Баттулгын араас явсан. Тэгэхэд нь би тэр хоёрыг салгаад дахиж машин руу нь явуулсан. Баттулгыг машин руугаа явж байх замд нь Дарханд очоод чамд хэн гэдгээ үзүүлнэ ээ гэсэн утгатай юм ярихад Гэ нь чи битгий хүний хор шар малтаад байгаарай гээд дахиж араас нь очсон. Тэгээд Баттулгыг барьж аваад унагаах шиг л болсон. Тэгэхэд Баттулгын каск малгай нь унасан. Тэгэхэд нь би каскыг нь аваад тэр хоёрыг харахад Баттулгын толгойноос нь цус гарчихсан байсан. Ба чи хүнийг яаж байгаа юм гээд засварын талбай руу явсан. Тэнд очоод мастертайгаа уулзсан. /хх-ийн 11-р хуудас/

Гэрч Х.Ра мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 14 цаг өнгөрч л байсан байх. Би Нар жаргах уурхайн карьераас ачилт хийлгээд гарч байхад станцаар зам чөлөөлөөд зогс гэсэн яриа гарч эхэлсэн. Тэгэхэд Ба нь Гэ-ыг хүнтэй зөв харьц гэсэн юм хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш юу ярьсныг нь мэдээгүй. Б-н дампын хажуугаар гарахад Гэ, Ба нар өөд өөдөөсөө алхаж байсан. Тэгээд харж байхад тэр 2 нэгнийгээ заамдаж Гэ нь Ба  бульдозорын гинж рүү шахчихсан байсан. Би буугаад салгах санаатай зогсоход механик Б нь машинаасаа буугаад очиж байхаар нь би хөдлөөд цаашаа явсан. Тэгээд толиндоо харахад механик Б нь салгачихсан дунд нь зогсож байсан. /хх-ийн 12-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Ба-гын биед зулайд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн сарвууны дотор хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэ-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэхээр Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албыг томилсны дагуу нотлох баримтаар хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар  сарын 02-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хаппи веритас оношилгоо эмчилгээний төвийн гавал тархины тодосгогч бодистой КТГ-ийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчийн картанд хамрын таславчийн муруйлт /хугарал/ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн бичиг баримтанд зүүн чихний гэмтэл дурьдагдаагүй тул хөхлөг сэртэнгийн үрэвслийн шалтгааныг тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтоох боломжгүй байна. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019-06-28-ны өдрийн №400 тоот шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл болон гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 136-р хуудас/

Шүүгдэгч Б.Гэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Станцаар зам чөлөөл гэж хэлсэн юм. Тэгээд ойлголцоогүй, улмаар муудалцаж би Ба-гыг заамдаж аваад зууралдаж ноцолдож байхад Б механик салгасан. Тэгээд би машин руугаа эргээд явахад миний араас намайг хэл амаар доромжилсон утгатай юм тухайн үед хэлсэн. Тэгэхээр нь би уурлаж эргэж хараад зүүн гараараа Ц.Ба-гыг алгадаж авсан. Би Батай зууралдаж аваад бид 2 хамтдаа газар унасан. Тэгэхэд Б нь бид хоёрыг дахиж салгасан. Тэгээд босоод ирэхэд Баттулгын толгойноос цус гарч байсан. Бид 2 салаад явсан. Ба машинаа унаад карьераас гараад дээшээ явсан. Би Ц.Ба-ыг нэг удаа л алгадаж авсан. Зууралдаж газар унаад босож ирэхэд толгой нь хагарчихсан цус гарсан байсан. Надаас эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Ба нь Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж толгойны зураг авхуулсан. Би түүний төлбөр болох 270.000 төгрөгийг 2019 оны 07 сарын 03-ны өдөр Бад төлсөн. /хх-ийн 25-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 32-35-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/

............. аймаг ........... сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 961 дугаартай тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/

Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн баримтаар “Хохирогч Ба би шүүгдэгч Б.Гэ-оос эмчилгээний зардалд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг хүлээн авлаа. Мөнгө хүлээн авсан Ба, утас:......................, мөнгө хүлээлгэн өгсөн Б.Гэ, утас:....................., байлцсан өмгөөлөгч Ж.Тэгшмандал, утас:............................ Мөнгө хүлээлцсэн газар ............................ тоотод байрлах ажлын өрөө 2020.03.20 1530 минут” /хх-ийн 145-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гэ нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Эс Жи Эс компанийн нар жаргах уурхайн карьерт иргэн Ба-тай ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ба-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Ба-гын биед зулайд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн сарвууны дотор хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хаппи веритас оношилгоо эмчилгээний төвийн гавал тархины тодосгогч бодистой КТГ-ийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчийн картанд хамрын таславчийн муруйлт /хугарал/ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн бичиг баримтанд зүүн чихний гэмтэл дурьдагдаагүй тул хөхлөг сэртэнгийн үрэвслийн шалтгааныг тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэлтэй холбоотой эсэхийг тогтоох боломжгүй байна. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019-06-28-ны өдрийн №400 тоот шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл болон гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 136-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ба-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Гэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад толгойн зураг авахуулсны төлбөр 270.000 төгрөгийг төлсөн болох нь түүний тайлбар, мэдүүлгээр, мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 669 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Гэ-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх явцад шүүгдэгч Б.Гэ нь хохирогч Бад 1.200.000 төгрөг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн баримт /хх-ийн 145-р хуудас/-аар тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид нийт 1.470.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гэыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 4-үүл оршин суудаг болох нь: ................................. сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 961 дугаартай “Б овогтой Гэ нь тус багийн ................... тоотод ам бүл 4-үүлээ /эхнэр, 2 хүүхдийн хамт/ оршин суудаг болохыг тодорхойлов. Регистрийн дугаар: .................................” гэснээр, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдээгүй” /хх-ийн 27-р хуудас/ гэснээр тус тус хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.                    

Шүүгдэгч Б.Гэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Бад 1.470.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гэод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ту овгийн Б Гэыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэ-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Гэ нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Гэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ба-д 1.470.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Гэ-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА