Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 000102

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Ц.У.т холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0207/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                                      Ч.Сэлэнгэ

Шүүгдэгч                                                       Ц.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.Сарантуул

Хохирогч                                                       О.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга                             Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолтой Ц-ийн У.т холбогдох, 201714000062 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.У-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхэгч мэргэжилтэй, ХХК-нд ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, Б овгийн Ц. У.

 

Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХХК-ний жижүүрээр ажиллаж байхдаа ажлын өрөөнөөсөө О.Э-ийн 750 000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн Ц-ийн У-ийг санамсаргүй олсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар шүүгдэгч Ц.У.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ц.У-ээс 750 000 төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн О.Э олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.У.т давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

 

Миний бие Ц.У нь О.Э-ийн 750 000 төгрөгийг аваагүй байж гэрч Б, Э нарын мэдүүлгээр бусдын гээсэн эд зүйлийг завшсан гэмт хэрэгт буруутгагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн 750 000 төгрөг байсан гэдгийг гэрч нар хангалттай нотлож чадаагүй. Гэрч Э-ын мэдүүлэг нь шаргалдуу өнгийн дэвтэр өгч байсан гэж мэдүүлдэг. Надад миний өөрийн шар өнгийн дэвтэр байсныг хэлсээр байтал гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэрэгт буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Хохирогч хуралд “... 750.000 төгрөгний тал хэсгийг нь өгчих байх..., гэж хэлснийг юу гэж ойлгох билээ. Гэрчүүдийн мэдүүлэг хангалттай намайг буруутгах баримт болж чадахгүй байна гэж үзэж байна. Гэрчүүд дэвтэрний өнгийг буруу зөрүүтэй хэлдэг, яг хэдэн төгрөг байсныг ч хэлж чадаагүй гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 

...Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна... Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ дүгнэлтдээ:

 

...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх

 

“Б” овогт Ц-ийн У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХХКомпаний жижүүрээр ажиллаж байхдаа ажлын өрөөнийн шалан дээр байсан О.Э-ийн 750 000 төгрөгийг тэмдэглэлийн дэвтэрийн хамт олж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-гэрч Ж.Б-ын “...2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ байхдаа жижүүрийн хувцас сольдог өрөөнөөс ус уучихаад гарах гэтэл сейфний урд сандалын араар 20 000, 500 төгрөгийн дэвсгэртүүд улаан хүрэн өнгийн дэвтэр уначихсан байсан. Мөн нэг өр бичсэн болов уу гэмээр цаас байсан. Тэгээд би У эгчид энэ юун мөнгө вэ гэхэд У эгч ирээд наадах чинь миний мөнгө гээд газраас авч өгсөн дэвтэр мөнгө, цаас зэргийг базах шахуу аваад цүнхрүүгээ хийчихсэн. Намайг тэр цаасыг унших гэж байтал наадахаа аваад ир гээд авсан. Би У эгчид газраас хоёр удаа мөнгө түүж өгсөн. 20 000, 500 төгрөгийн дэвсгэртүүд нилээд их байсан. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр жижүүр Э,  Г инженерт хандаж сейфнээс юм алга болоод байна гэхээр нь юу алга болсон талаар асуухад улаан хүрэн өнгийн дэвтэр, дотор нь хүнд өгөх мөнгө байсан гэсэн. Тэгэхээр нь би мөнгө дэвтэр олоод У эгчид өгсөн гэж хэлсэн. Тэгтэл У эгч надад уурлаад юу яриад байгаа юм бэ гээд байхаар нь андуурсан юм болов уу гэж бодоод жижүүрийн ээлж хүлээлцдэг дэвтэрийг үзэхэд У эгчийн бичгийн хэв том, Эрдэнэчимэг эгчийн бичгийн хэв жижиг байсан. Газраас олсон цаасан дээрх бичиг Э-ийн бичгийн хэв мөн байсан. У эгчид би танд улаан хүрэн өнгийн дэвтэр олж өгсөн шүү дээ гэхэд үгүй чи энэ дэвтрийг олж өгсөн гээд шал өөр өнгийн бор дэвтэр гаргаж ирсэн...” гэсэн,

 

-Гэрч А.Э-ийн “...2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хамт ажилладаг Э-ын хамт нэгдүгээр давхарт буугаад жижүүрийн хувцас сольдог өрөөний хажуугаар явж байтал манай слессарь Б тэр өрөөнөөс Ууганаа эгчээ энэ юун мөнгө вэ гэж хашгирсан. Тэгэхээр нь очоод харахад манай жижүүр Ууганцэцэг тэр өрөө рүү орсон. Тэр үед Б У газраас 2 удаа мөнгө атгаад авч өгсөн. Тэр дотор 20 000, 500 төгрөгийн дэвсгэртүүд харагдах шиг болсон. У тэр мөнгөнүүдийг сейфээ онгойлгож цүнхээ гаргаж ирээд хийсэн. Мөн улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, юм бичсэн цаас авч өгсөн. Тэр цаасыг Б унших гэхэд У алив наадахаа аваад ир гээд авсан” гэсэн мэдүүлэг.

 

-Гэрч Д.Э-ын “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хамт ажилладаг Э-ийн хамт ажпаа хийж яваад нэгдүгээр давхарт буугаад жижүүрийн хувцас сольдог өрөөний хажуугаар явж байтал манай слессарь Б тэр өрөөнд доошоо тонгойчихсон мөнгө түүгээд байсан. Тэгээд У эгчээ энд юм уначихсан байна жижүүр У, Б дээр очоод наадах чинь миний мөнгө байна, ашгүй яаж хараваа гээд Б-аас 20 000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авсан. Мөн бичгийн цаасны тал хэмжээтэй шаргалдуу дэвтэр өгч байсан...” гэсэн,

 

-хохирогч О.Э-ийн ... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө би ээлжнээсээ буухдаа хүнд өгөх гэж байсан 750 000 төгрөгийг улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэрийнхээ завсар хийгээд хувцасны сейфэнд хийж цоожлоод буусан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө ажил дээрээ очоод сейфээ онголгойход мөнгө, тэмдэглэлийн дэвтэр алга болсон байсан. Энэ тухай Г инженерт хэлсэн чинь Б гэдэг залуу ямар өнгийн тэмдэглэлийн дэвтэр байсан бэ? гэхээр нь улаан хүрэн ангийн дэвтэр, мөн 750 000 төгөрг байсан гэж хэлсэн. Тэгтэл өчигдөр жижүүрийн өрөөний шалан дээрээс улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, өр бичсэн болов уу гэмээр цаас, мөнгө олж У жижүүрт өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би У эгч рүү залгаад та миний мөнгө дэвтэрийг олсон юм байна гэхэд би аваагүй, тэр чинь миний мөнгө, миний дэвтэр байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж үнэлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар Ц.У-ийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах тул эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.У-ийн ... гэрч Б, Э нарын мэдүүлгээр бусдын гээсэн эд зүйлийг завшсан гэмт хэрэгт буруутгагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд

…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлана... гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.У-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ЦЭЦЭГМАА

 

               ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР