Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 648

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, РД:БЮ58080511, утас:99428899, Жадик овогт Сайпгалигийн Шаривын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хура лдаанд: Нэхэмжлэгч С.Шарив, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, гэрч А.Даримхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Оралсын нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ны гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Шарив шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Шарив миний бие 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр "Суат" ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 04-тоот тогтоолоор анх томилогдсон бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/758-тоот захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн баталгаажуулсан юм. С.Шарив миний бие "Суат" ХХК-ны захирлаар ажилласан хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд удирдсан "Суат" ХХК нь жил дараалан ашигтай ажиллаж, хөрөнгө санхүүгийн хувьд бэхжиж, улмаар 2015 онд "аймгийн шилдэг" байгууллагаар шалгарсан юм. Миний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнасан билээ. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгуульд оролцсон бөгөөд орон нутгийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.3.6-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардсанаар ажил олгогчид "захиргааны чөлөө" олгохыг хүсэж, хүсэлт гаргаснаар Аймгийн Засаг Даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283-тоот Захирамжаар хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дүгээр зүйл, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Сонгуулийн тухай хуулийн 154.4-д заасны дагуу түр чөлөөлөгдсөн ба Сонгуулийн тухай үйл ажиллагаа дуусгавар болж, түр чөлөөлөгдөх зайлшгүй нөхцөл байдал арилсан, С.Шарив намайг чөлөө авсан нөхцөл байдал арилсныг үндэслэж "Суат" ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн учир ажил олгогч Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот Захирамжаар ажилд буцаан томилсон билээ. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Аймгийн Засаг Даргын Б/440-тоот Захирамжаар С.Шарив намайг Аймгийн Засаг Даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн "Суат" ХХК-ны гүйцэтгэх захирлаар томилсон Захирамжийг хүчингүй болгосон нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна:

1. Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамж, холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, захирамж учир хууль ёсны бөгөөд үндэслэлтэй биш гэж үзнэ. Тухайлбал: Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.3-д заасныг баримталсан мөртлөө 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381-тоот захирамж нь ямар үндэслэлээр хууль зөрчсөнийг заагаагүй, ямар хууль тогтоомжид нийцээгүй байгааг тусгаагүй, мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний талаар алдаа гаргасан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг илтгэж байна. Учир нь Сонгуулийн тухай хууль нь бүхэлдээ Сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл нь Сонгуулийн өмнөх шатны харилцааг зохицуулсан, тэр дунд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл нь "Нэр дэвшүүлэх нийтлэг журам"-ыг тусгасан байдаг тул намайг Ажилд томилсон тухай Аймгийн Засаг Даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжийг хүчингүй болгоход баримталсан нь хууль буруу хэрэглэснийг илтгэж байна. Мөн тухайн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440-тоот захирамжид Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасныг баримталсан нь хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн явдал болно. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэх заалтыг баримталсан байна. Гэтэл тухайн Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн С.Шарив намайг "Суат" ХХК-ны гүйцэтгэх захиралд томилсон тухай Б/381-тоот захирамжийг хүчингүй болгуулахаар хэн ямар байгууллага албан тушаалтан шаардсан нь тодорхой бус, "Суат" ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Засаг даргын хөндлөнгөөс ороолцож байгаа үйлдэл холбогдол нь хууль бус болсон гэж нэхэмжлэл гаргаж байна.

2. "Суат" ХХК-ны гүйцэтгэх Захирал ажилтай С.Шарив миний бие 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 09-ний хооронд "ээлжийн амралт" эдэлж байгаа бөгөөд намайг "амралт" эдэлж байхад "ажилд томилогдсон" тушаалыг хүчингүй болгосон нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн З5 дугаар зүйлийн 35.1.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. "Суат" ХХК нь "Бохир ус, хаягдал, цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ" үзүүлдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь Улсын бүртгэлийн 211001034 тоот гэрчилгээгээр батлагдаж байгаа бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан заалт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагад хамаарахгүй заалт болохыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 158 тоот албан бичиг нотолж байна. Иймд Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440-тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэснийг давхар нотолж байна.

4. "Суат" ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай С.Шарив намайг томилсон тухай Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381-тоот захирамжийг хүчингүй болгосон Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440-тоот Захирамж гаргахдаа миний хууль ёсны эрх ашиг ноцтой хөндөгдөж байхад надад урьдчилан мэдэгдээгүй, тухайн хуралд намайг оруулж, миний санал хүсэлтийг сонсоогүй явдал өөрөө холбогдох хууль тогтоомж зөрчсөн явдал болжээ. Иймд шүүхээс хүсэх нь:

1.Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440-тоот захирамжийн "Суат" ХХК-ны гүйцэтгэх захирал С.Шаривыг томилсон Б/381-тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан "Суат"ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Аймгийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Шарив шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие С.Шарив нь аймгийн иргэний хэргийн шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 440 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг дарга Гылымхан энэхүү захирамжийг гаргахдаа би 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж эргээд Суат ХХК-ны захирлаар томилогдсон. Энэ бол 2016 оны 7 сарын 04-ний өдрийн Засаг даргын А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгож намайг ажлаас чөлөөлсөн тул миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Суат ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Суат ХХК-ны үйл ажиллагаанд бол ямар нэгэн алдаа дутагдалгүй, ерөнхийдөө жигдрүүлж 167 сая төгрөгийн алдагдалтай байсан компанийг 3 жил дараалан ашигтай ажиллуулаад улмаар энэхүү хөдөлмөрийг төрд үнэлүүлж хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан. Миний хувьд 2016 оны орон нутгийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж буй үед Сонгуулийн ерөнхий хороонд ажлаас түр чөлөөлүүлж өгөх хүсэлт гаргасан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д хамаарах уу гэсэн асуудал тавьж тухайн үеийн СЕХ-ны даргад хүсэлт явуулсан. Энэ асуудлаар СЕХ-оос надад сонгуулийн өмнө хариу ирэхдээ тухайн Суат ХХК-ны захирлын хувьд бол Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл хамаарахгүй гэж хариу өгсний дагуу би тухайн үед аймгийн Засаг Даргад хандаж хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу түр чөлөө аваад сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн үйл ажиллагаа дуусаж 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Суат ХХК-ны ТУЗ-ийн тухайн үеийн шийдвэрээр өмнөх захирлын ажилд эргэж томилогдсон. Одоогийн Засаг дарга болох А.Гылымхан нь хөдөлмөрийн болон бусад холбогдох хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан заалт нь мөн үндэслэлгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулийн зарим зүйл заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь миний хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчсөн байна. Миний хувьд бол одоо 58 настай 1 жил 8 сарын дараа өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Улсад нийтдээ 39 жил ажилласан хөдөлмөрийг маань үнэлүүлж хөдөлмөрийн гавьяаны амралтад гарах гэтэл одоо ажлаас үндэслэлгүй халагдаж үзэл боодлоор ялгаварлан гадуурхаж байгаа нь надад харамсалтай, гомдолтой байна. Намайг ажилд эргэж томилсон асуудал бол бүх талаараа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж шүүхээс үнэн шударгаар шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "Суат" ХХК-ний захирал С.Шаривын нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. "Суат" ХХК-ний захирал С.Шарив нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн байна. С.Шарив нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж заасан ба С.Шаривыг захирлын ажилдаа эгүүлэн томилоход хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө" гэж заасныг зөрчсөн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Шарив нь 2016 оны орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбоотой Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан. Сонгуулийн дараа урьд эрхэлж байсан албан тушаалд хууль зөрчин эгүүлэн томилогдсон гэсэн үндэслэлээр аймгийн Засаг дарга өмнөх Шаривыг ажилд эгүүлэг томилсон шийдвэрийг хүчингүй болгосон. Хүчингүй болгох үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон нутгийн өмчийн оролцоотой газрын дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн өмнөх 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчийн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан тушаалын үүрээ гүйцэтгээгүй байхаар зааж өгсөн. Нэхэмжлэгч С.Шаривыг томилсон захирамжийг хүчингүй болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд Түр чөлөө олгох эсэх талаар хөдөлмөрийн хуульд бол тодорхой зааж өгөөгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-ийг үндэслэл болгосон учир нь хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хороо шаардаад нэхэмжлэгч С.Шарив нь хүсэлт өгөөд ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой гэдэг үндэслэлээр энэ заалтыг үндэслэл болгосон. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д зааснаар Сонгогдох буюу өөр ажил албан тушаалд ажиллахаар байсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ёстой гэж заасан байдаг. Мөн СЕХ-оос С.Шаривт холбоотой мэдээлэл лавлагаа авахуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал нэр дэвшсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д хамаараад ажлаас чөлөөлөгдөх ёстой гэж лавлагаа бүхий хариу тайлбар ирүүлсэн. Энэхүү Суат ХХК нь төрийн өмчит компани биш гэж нэхэмжлэгч тал ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь төрийн болон орон нутгийн өмчит компани биш бол Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Компанийн хуулийг үндэслэсэн заалтаар дүрмээр зохицуулаад энэ компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Миний сая нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад энэ компани 100% төрийн өмчит компани гэдгийг мөн нотолж байгаа. Мөн Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол бол одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоол юм. Энэ тогтоолд аймаг, нийслэлийн эд хөрөнгө шилжүүлэх тогтоол байсан ба үүний 2 дугаар нэрсийн 87 дээр Суат компани төрийн өмчит компани гэж тодорхой зааж өгсөн. Аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 23 гэсэн захирамжид нийтийн аж ахуйн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх талаар гарсан. Энэхүү захирамж нь мөн адил одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа тул Суат ХХК нь 100% төрийн өмчит компани мөн болох нь нотлогдож байгаа. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд урьд эрхэлж байсан албан тушаалд авах, хэвээр хадгалах нөхцөлийг зааж өгсөн. Дээрх хуулийн заалтад сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах талаар заалт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн мөн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч С.Шаривыг 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар сонгож, дараа нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын А/758 дугаар захирамжаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилж, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч С.Шарив нь Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалыг хааж байгаад 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлж, бүртгүүлсэн болох нь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоол, түүний хавсралтын 23 дугаарт С.Шаривын нэр бүртгэгдсэн зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Суат ХХК нь анх 1997 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяалалд ажиллах 100 хувийн төрийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар /цаашид НААҮГ гэх/ нэртэйгээр байгуулагдаж, дүрмээ батлан, улсын бүртгэлд төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр бүртгүүлсэн бөгөөд эрх зүйн статусын хувьд олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байжээ.

1999 онд аймгийн НААҮГ-ыг төрийн өмчит ХХК-ийн хэлбэрээр зохион байгуулан оноосон нэрийг Суат хэмээн тогтоон, компанийн дүрмийг баталж, улмаар Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн НААҮГ-ыг эд хөрөнгийн цогцолбороор нь төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлсэн тул Суат ХХК нь Компанийн тухай хуулийн /2011 оны / 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн орон нутгийн өмчит компани болсон байна.

Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар захирамж,түүний хавсралт, 1997 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20004275 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дугаар тушаал, аймгийн НААҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хэлбэрээр үүссэн орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаа Компанийн тухай /2011 он / хуулийн 2 дугаар зүйлийн2.4-д төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна мөн хуулийн 2.5-д төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гэж хуульчилжээ.

Компанийн тухай хуульд /2011 он / орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихээр болбол үүрэгт ажлаасаа заавал чөлөөлөгдөх талаар заагаагүй мөн тус компанийн дүрэмд энэ талаар дурдаагүй байх тулСонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д ... төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж зааснаар нэхэмжлэгч С.Шарив нь Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан нэр дэвшүүлэх хугацаандаа ажил албан үүргээ гүйцэтгээгүй буюу 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/283 дугаар захирамжаар Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заасан ба Суат ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан компанийн дүрмийн5.5-д компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн Удирдах Зөвлөл байна гэж Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар дүрэмдээ заажээ.

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно гэж заасан ба Суат ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн буюу даргаар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан А.Манкей, гишүүнээр Орон нутгийн өмчийн хорооны дарга А.Даримхан, Б.Болатхан, З.Жолаушыбай, Ахжархын нарыг томилж, дараа нь Суат ХХК-ний гүйцэтгэх захирал С.Шаривын хүсэлтээр З.Жолаушыбайг тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс хасаж оронд нь Ө.Цэдэндамбыг тус тус томилсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч байсан нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Даримханы гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтоохоор хуульчилсан ба Суат ХХК-ний дүрмийн 5.4-д тус компани нь 5 гишүүнтэй байхаар заасанд нийцсэн байна.

Иймд тус компанийн эрх барих байгууллага болох Төлөөлөн Удирдах Зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж хурлыг тус төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Манкей даргалж, гишүүд А.Болатхан, А.Ахжархын нар оролцож С.Шаривын хүсэлтээр түүнийг Суат ХХК-ний гүйцэтгэх захиралд буцаан эгүүлэн томилох асуудлыг хэлэлцэж хурлаар С.Шаривыг Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар томилохыг Засаг даргад уламжлахаар шийдвэрлэснийг аймгийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дугаар захирамжаар Суат ХХК-ний гүйцэтгэх захиралд буцаан томилсныг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно мөн зүйлийн 80.6-д хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан ба Суат ХХК-ний дүрэмд энэ талаар заагаагүй тул тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний хурлаар нийт 5 гишүүнээс 3 гишүүний буюу дийлэнх олонхын саналаар Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилохыг аймгийн Засаг даргад уламжлахаар болж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Суат ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн нийт 5 гишүүний нэг гишүүн болох Ө.Цэдэндамба нь Улаанбаатар хотод амьдардаг мөн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын товыг мэдэгдсэн ч биеэр оролцох боломжгүй, урьд өмнөх хуралд оролцож байгаагүй болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Даримханы мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Даримхан нь: би тухайн Суат ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга боловч уг хуралд намайг оролцуулаагүй надад мэдэгдээгүй гэж мэдүүлдэг боловч Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн75.8-д ... төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх-аар хуульчилсан бөгөөд гэрч А.Даримхан нь тухайн Суат ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга эсэх мөн нарийн бичгийн сургалтад хамаарагдаж гэрчилгээ авсан эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул түүний мэдүүлгээр тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж дүгнэх боломжгүй байна.

Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна, мөн зүйлийн 80.11-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгах зүйлийг нэг бүрчлэн дурдсан ба.Үүнд: ...80.11.4.санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дүн , 80.11.5.гаргасан шийдвэрийг тусгах-аар мөн зүйлийн 80.12-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг тухайн хурлын дарга хариуцна гэж тус тус заасан ба заавал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргахаар хуульчлаагүй учраас хурлын тэмдэглэлээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Энэ нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.14-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг буруу хөтөлсөн нь тухайн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж зааснаар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар Суат ХХК нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох нь тогтоогдож байх тул Суат ХХК-ний дүрмийн 5.1, 5.2-д заасны дагуу компанийн гүйцэтгэх захирлыг томилох асуудал нь дан ганц Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх мэдэлд хамаарахгүй, уг компанийг үүсгэн байгуулагч, орон нутгийн Засаг даргатай зөвшилцөх, Засаг дарга орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох тухай зохицуулалттай байх тул Засаг дарга тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл уламжилснаар С.Шаривыг Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар буцаан томилохыг хүссэн хурлын тэмдэглэлийг үндэслэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар С.Шаривыг Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын ажилд буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

-2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Суат ХХК-ний гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3.1-д гүйцэтгэх захирлаас энэхүү гэрээ болон ... үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, мөн Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал болгож хуульчилсан ба Суат ХХК-ний гүйцэтгэх захирал С.Шаривыг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэнээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх, буцаан томилох асуудлыг Төлөлөөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаа аймгийн Засаг даргад уламжилсан байна.

Гэтэл тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэж аймгийн Засаг дарга Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан бүрэн эрхийн дагуу Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг буцаан томилсон 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/381 дугаар захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 тоот захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, С.Шаривыг Суат ХХК-ний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 тоот захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, С.Шаривыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ