Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 006

 

С.Шаривын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 648 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух Жадик овогт Сайпгалигийн Шаривын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.Шарив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн С.Шаривт холбогдох 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 дугаар захирамж гэсэн хэсгийг хүчингүй болгох, (2) С.Шаривыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: С.Шарив миний бие 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 тоот тогтоолоор анх томилогдсон бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Засаг даргын А/758 тоот захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн баталгаажуулсан. С.Шарив миний бие Суат ХХК-ийн захирлаар ажилласан хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд удирдсан Суат ХХК нь жил дараалан ашигтай ажиллаж, хөрөнгө санхүүгийн хувьд бэхжиж, улмаар 2015 онд аймгийн шилдэг байгууллагаар шалгарсан. Миний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гоор шагнасан. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгуульд оролцсон бөгөөд орон нутгийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.3.6-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаардсанаар ажил олгогчид захиргааны чөлөө олгохыг хүсэж, хүсэлт гаргаснаар аймгийн Засаг Даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Сонгуулийн тухай хуулийн 154.4-д заасны дагуу түр чөлөөлөгдсөн ба Сонгуулийн тухай үйл ажиллагаа дуусгавар болж, түр чөлөөлөгдөх зайлшгүй нөхцөл байдал арилсан, С.Шарив намайг чөлөө авсан нөхцөл байдал арилсныг үндэслэж Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн учир ажил олгогч аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжаар ажилд буцаан томилсон. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг Даргын Б/440 тоот захирамжаар С.Шарив намайг аймгийн Засаг Даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК- ийн гүйцэтгэх захирлаар томилсон захирамжийг хүчингүй болгосон нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

 

1. Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамж, холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, захирамж учир хууль ёсны бөгөөд үндэслэлтэй биш гэж үзнэ. Тухайлбал: Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.3-д заасныг баримталсан мөртлөө уг захирамж нь ямар үндэслэлээр хууль зөрчсөнийг заагаагүй, ямар хууль тогтоомжид нийцээгүй байгааг тусгаагүй, мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний талаар алдаа гаргасан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг илтгэж байна. Сонгуулийн тухай хууль нь бүхэлдээ сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл нь Сонгуулийн өмнөх шатны харилцааг зохицуулсан, тэр дунд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл нь Нэр дэвшүүлэх нийтлэг журам-ыг тусгасан байдаг тул намайг Ажилд томилсон тухай аймгийн Засаг Даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжийг хүчингүй болгоход баримталсан нь хууль буруу хэрэглэснийг илтгэж байна. Мөн тухайн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжид Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д заасныг баримталсан нь хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн явдал болно. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх заалтыг баримталсан байна. Гэтэл тухайн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн С.Шарив намайг Суат ХХК-ийн гүйцэтгэх захиралд томилсон тухай Б/381 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар хэн ямар байгууллага албан тушаалтан шаардсан нь тодорхой бус, Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Засаг дарга хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл нь хууль бус болсон гэж нэхэмжлэл гаргаж байна.

 

2. Суат ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай С.Шарив миний бие 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 09-ний хооронд ээлжийн амралт эдэлж байгаа бөгөөд намайг амралт эдэлж байхад ажилд томилогдсон тушаалыг хүчингүй болгосон нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн З5 дугаар зүйлийн 35.1.2-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

3. Суат ХХК нь Бохир ус, хаягдал, цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ үзүүлдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь Улсын бүртгэлийн 211001034 тоот гэрчилгээгээр батлагдаж байгаа бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан заалт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагад хамаарахгүй заалт болохыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 158 тоот албан бичиг нотолж байна. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэснийг давхар нотолж байна.

 

4. Суат ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай С.Шарив намайг томилсон тухай аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамж гаргахдаа миний хууль ёсны эрх ашиг ноцтой хөндөгдөж байхад надад урьдчилан мэдэгдээгүй, тухайн хуралд намайг оруулж, миний санал хүсэлтийг сонсоогүй явдал өөрөө холбогдох хууль тогтоомж зөрчсөн явдал болжээ. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440-тоот захирамжийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шаривыг томилсон Б/381 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: ...Суат ХХК-ний захирал С.Шарив нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн байна. С.Шарив нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан ба С.Шаривыг захирлын ажилдаа эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг зөрчсөн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 648 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 тоот захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, С.Шаривыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 648 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Үүнд:

 

1. Суат ХХК-ний захирал С.Шарив нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа түр чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрхгүй байсан боловч үүнийг зөрчиж түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь, мөн үүнийх нь дагуу Засаг дарга ажлаас нь түр чөлөөлсөн нь уг хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн С.Шаривын нэхэмжлэлтэй холбоотой Сонгуулийн Ерөнхий хорооноос тодруулга авсан ба тус тодруулгад Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар ажил албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэсэн хариуг ирүүлсэн. Энэхүү тодорхойлолтод түр гэж заагаагүй. Ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, чөлөө олгох нь хоорондоо ялгаатай зохицуулалт болохыг Хөдөлмөрийн хуульд тодорхой зохицуулсан байдаг ба Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт энэ талаар тусгайлсан зохицуулалт тусгагдсан байна.

 

2. С.Шарив нь дээрх байдлаар хууль зөрчин түр чөлөөлөгдчихөөд, мөн сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон гэх үндэслэлтэй байна. Учир нь С.Шаривыг захирлын ажилд нь эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг зөрчсөн байдаг. Мөн нэхэмжлэгч С.Шаривыг ажлаас нь чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримталсан нь хууль зөрчсөн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д чөлөө олгоно гэж заасан болохоос биш, түр чөлөө олгох асуудлыг зохицуулаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д /сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон/ тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан тул С.Шаривыг ажилдаа эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Мөн Суат ХХК бол 100% төрийн өмчийн оролцоотой компани мөн ба С.Шарив сонгуульд нэр дэвшихэд өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

3. Суат ХХК нь анх 1997 онд аймгийн ЗДТГ-ын харъяалалд ажиллах 100% төрийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар нэртэйгээр байгуулагдаж, дүрмээ батлан, улсын бүртгэлд төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр бүртгүүлсэн, эрх зүйн статусын хувьд олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байсан. 1999 онд аймгийн НААҮГ-ыг төрийн өмчит хэлбэрээр зохион байгуулан оноосон нэрийг Суат ХХК хэмээн тогтоон, компанийн дүрмийг баталж, улмаар УИХ-ын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн НААҮГ-ыг эд хөрөнгийн цогцолбороор нь төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлсэн тул Суат ХХК нь Компанийн тухай хуулийн /2011 оны/ 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компани болсон байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 1997 оны 23 дугаар захирамж, түүний хавсралт, 1997 оны 20004275 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, НААҮГ-ын даргын 1999 оны А/14 тоот тушаал, мөн НААҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 01 дүгээр тогтоол, түүний хавсралт зэрэг нотлох баримтаар Суат ХХК нь 100% төрийн өмчит компани гэдэг нь тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч С.Шаривыг аймгийн Засаг дарга 2016 оны Б/381 дугаар захирамжаар эгүүлэн томилоход Компанийн тухай хуулийн /2011 оны 2 дугаар зүйлийн 2.4/, 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг тус тус зөрчсөн. Суат ХХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 01 дүгээр тогтоолоор баталсан компанийн дүрмийн 5.5-д компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна гэж төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар дүрэмдээ заасан.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьдаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно гэж заасан мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтоохоор хуульчилсан ба Суат ХХК-ний дүрмийн 5.4-д тус компани нь 5 гишүүнтэй байхаар заасан ба тус компанийн эрх барих байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасныг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зөрчиж С.Шаривыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эгүүлэн томилох тухай хурлыг хийхэд нийт 5 гишүүний 3 нь байлцаж хурал хийж хууль бус шийдвэр гарган аймгийн Засаг даргад уламжлан С.Шаривыг хууль бусаар томилуулсан байна. Учир нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар дийлэнх олонх гэдэг нь 5 гишүүний 4 байлцаж байж хурал хүчин төгөлдөр байх ёстой. Энэ нь шүүх хуралд оролцсон төрийн өмчийн хорооны дарга бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн А.Даримханы гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ба үүнийг анхан шатны шүүх Суат ХХК-ний дүрэмд энэ талаар заагаагүй тул тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралд 5 гишүүний 3 нь оролцсон нь дийлэнх олонх гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгийг үнэн, зөв талаас нь үнэлээгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна. Суат ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй ба нэг гишүүн нь Улаанбаатар хотод амьдардаг боловч саналаа бичгээр өгөх боломжтой, мөн 4 гишүүн нь аймгийн төвд оршин сууж амьдардаг, тухайн үед 4 гишүүн нь хуралд оролцох боломжтой байсан боловч төлөөлөн удирдах зөвлөлийн 1 гишүүн нь болох А.Даримханд мэдэгдэлгүйгээр хурал хийж эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан нь гэрчийн мэдүүлгээр мөн адил нотлогдсон.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Суат ХХК нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Суат ХХК-ний дүрмийн 5.1, 5.2-д заасны дагуу компанийн гүйцэтгэх захирлыг томилох асуудал нь дан ганц төлөөлөн удирдах зөвлөлийн эрх мэдэлд хамаарахгүй, уг компанийг үүсгэн байгуулагч Засаг даргатай зөвшилцөх, Засаг дарга орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д /орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох/ гэж тус тус заасан ба хууль бусшийдвэрийг хүчингүй болгох мөн адил эрхтэй гэж үзсэний үндсэн дээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хурал хучин төгөлдөр болно гэж заасныг тус тус зөрчиж С.Шаривыг томилсон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Суат ХХК нь жил бүр аймгийн орон нутгийн өмчийн албанд өмчийн тайлангаа нэгтгэж, орон нутгийн өмчийн тооллогод хамаарагддаг ба энэ нь Суат ХХК 100% төрийн өмчит компани гэдгийг мөн адил нотолж байгаа нэг хэлбэр юм. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заасан тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Анхан шатны шүүх зөвхөн Компанийн тухай хуулийг гол баримтлал болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Суат ХХК-ний захирлаар ажиллаж байсан С.Шарив төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба уг хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулагдаж байгуулсан гэрээ тул С.Шаривыг чөлөөлөх, томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт нь хамааралтай бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсгийн заалт шууд баримтлах ёстой заалт юм.

С.Шарив нь нэгэнт Сонгуулийн хуулийн 154.4 дэх заалтаар ажлаас чөлөөлөгдөн сонгуульд нэр дэвшиж оролцсон тул түүнийг ажилд эгүүлэн томилох асуудал яригдах үндэслэлгүй бөгөөд захирлыг шинээр томилох зохицуулалтыг холбогдох хууль журмын дагуу үйлчилж хэрэгжүүлэх ёстой байсан байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулж, холбогдох хуулийг болон хуулийн заалтыг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: 1. Нэхэмжлэгч С.Шарив би төрийн байгууллагад 39 жил ажилласан ба сүүлийн 4 дэх жилдээ Суат ХХК-ын захирлаар ажиллаж байхдаа ямар ч зөрчил дутагдал гаргаагүй байхад шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь намын үзэл бодлоор огт үндэслэлгүйгээр ажлаас минь чөлөөлснөөр миний бие аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдон тангараг өргөсөн шүүгч маань миний нэхэмжлэл үндэслэл бүхий нотлох баримтуудыг буурь суурьтай хянаж, намайг хуучин ажилд минь эгүүлэн тогтоож, аймгийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны 8/440 ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч аймгийн Засаг дарга А.Гылымханы давж заалдах гомдолд гол үндэслэл болгож буй асуудал нь:

Намайг 2016 оны Аймгийн ИТХ-д нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Х.Дармений 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн Б/283 тоот захирамжаар үүрэгт ажлаас минь түр чөлөөлж дараах 44 хоногийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргын Б/381 тоот захирамжаар Аймгийн ИТХ-ын Сонгуулийн санал хураалт дууссан тул миний үндсэн ажил болох Суат ХХК-ийн захирлаар буцаан томилсон юм. Компанийн тухай хуульд болон манай Суат ХХК-ийн дүрэмд сонгуульд нэрээ дэвшүүлсэн захирал үндсэн ажлаас чөлөөлөгдөх тухай заалт байхгүй боловч аймгийн сонгуулийн хорооныхон надад тухайн үед ажлаас түр чөлөөлөгдөх тухай захирлын тушаал авч ирэхгүй бол нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй гэсэн шаардлагын үүднээс би аймгийн Засаг даргад өргөдөл гаргаснаар Б/283 тоот захирамж гаргасан билээ. Нэгэнт Компанийн тухай хууль болон бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг тус Компанийн дүрэмд дээрх заалт байхгүй учир би СЕХ-д ажлаас чөлөөлөгдөхгүйгээр Аймгийн АИТХ-д нэр дэвшүүлэхэд харшлах зүйл байгаа эсэх талаар хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргахад СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан надад 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 158 тоотоор ... 154.4 дэх хэсэг ХХК-ын удирдлагад хамаарахгүй гэж хариу ирүүлсэнийг би орон нутгийн сонгуулийн хороонд уг бичгийн хувийг өгч хандсан боловч өөрсдийн байр сууриа өөрчлөөгүй юм. Ц.Болдсайханы 158 тоот албан бичиг хавтаст хэрэгт байгаа болно. Хариуцагч А.Гылымхан нь давж заалдах гомдлын 5.2-ын 1 дэх хэсэгт... Сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаас чөлөөлөгдөх ёстой гэжээ. Ийм хуулийн заалт бидний мөрддөг Компанийн хууль болон тус Суат ХХК-ийн дүрэмд байхгүй гэдгийг хариуцагч тал ойлгохгүй байгаад харамсаж байна. Тэрээр намайг ажлаас түр чөлөөлөхөд сонгуулийн хууль болон хөдөлмөрийн хуулийг баримтлах ёстой гэтэл С.Шарив би үндсэн ажил болох Суат ХХК-ийн захирлын ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөж өөрчлөгдөж байгаа биш сонгуулийн үйл ажиллагаа дуусах хүртэл түр чөлөөлөгдөж байгаа учир аймгийн засаг дарга Х..Дармений түр чөлөөлсөн захирамжид сонгуулийн тухай хуулийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1-р зүйлийг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Үүнийг хариуцагч А.Гылымхан мэдмээр юмсан. Энэ талаар анхан шатны шүүхийн 648-р шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт тодорхой тайлбарласан байна.

 

2. Нэгэнт АИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа дууссан аймгийн Засаг даргын намайг түр чөлөөлсөн тухай Б/283 тоот захирамжийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан намайг хуучин ажилд маань аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний Б/381 тоот захирамжаар буцаан томилсон. Энэ асуудалд ямар нэгэн хуулийн заалт зөрчигдсөн зүйл байхгүй харин хууль зүйн үндэслэлтэй гарсан уг захирамжийг шинээр аймгийн Засаг даргаар сонгогдсон А.Гылымхан нь хуулийн заалтыг гуйвуулан буруу хэрэглэн үндэслэл бүхий гарсан Засаг дарга Х.Дармений Б/381 тоот захирамжийг 2016 оны 8-р сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжаар хүчингүй болгосон юм. Хуулийн заалтыг буруу хэрэглэж гуйвуулсан гэх үндэслэл нь:

А.Гылымханы Б/440 тоот Захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалтад Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг огт хамаарагдах ёсгүй мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн заалт мөн хамаарах заалт биш гэж үзэж байна. Учир нь: С.Шарив намайг Суат ХХК-ийн захирлын үндсэн ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар ч эрх бүхий байгууллага, этгээд шаардахгүй болно. Манай Компани төлөөлөн удирдах зөвлөлийг 5 гишүүнтэй сонгуулийн үйл ажиллагаа дуусаж, намайг үндсэн ажлаас түр чөлөөлсөн Засаг даргын Б/283 тоот захирамжийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон учраас С.Шарив намайг үндсэн ажил болох Суат ХХК-ийн захирлын ажилд 44 хоногийн дараа буцаан томилохдоо тус компанийн ТУЗ-ийн хурлаар авч хэлэлцсэн нь миний буруу биш бөгөөд ТУЗ-ийн хуралдааныг би зохион байгуулж удирдаагүй, ТУЗ-ийн 5 гишүүний нэг болох Ө.Цэрэндамба Улаанбаатар хотод байдаг учир оролцох боломжгүй байжээ. Даримхан гишүүн тухайн үед аймагт байгаагүй бөгөөд холбогдох боломжгүй гэнэ. Үүнийг судалж мэдсэн болно. Үндсэн 3 гишүүн хуралдаж 100% саналаар намайг үндсэн ажилд буцаан томилох шийдвэр гаргасан болно. Компанийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.5-д зааснаар 5 гишүуний 3 нь орж хуралдсан нь хуралдааныг хийх боломжтой 80.6-д зааснаар 5 гишүүний 2 нь оролцоогүй бөгөөд оролцсон 3-ын санал нэгтэй байгаа учир гарсан шийдвэрийг хүчинтэй гэж үзэж байна.

Энэ талаар эрхэм шүүгч 648 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-р хэсэгт маш зөв хууль зүйн үндэслэлийг гарган тайлбарласан байна. 5 гишүүний 1-нь болох Ө.Цэрэндамба нь манайд болсон ТУЗ-ийн хуралдаанд нэг ч удаа оролцож байгаагүй бөгөөд тэрээр ТУЗ-ийн гишүүдээс гарсан шийдвэрийг бүрэн дэмжиж байсан болно. Миний талаар болсон хуралдааны талаар мэдэгдэхэд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно. Та бүхэн уг асуудлаар Ө.Цэдэндамбагаас асууж лавлаж болно. /Утас:99093222 албаны дугаар/ Эрхэм шүүгчид та бүхэн миний энэхүү тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судалж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1-01/2210 дугаартай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тайлбарлаж, хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор[1] тус компанийн гүйцэтгэх захирлаар 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн С.Шаривийг сонгон ажиллуулжээ. Мөн өдрөөс эхлэн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж зөвлөлийн дарга нь гүйцэтгэх захиралтай гэрээ[2] байгуулсан байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг үндэслэн С.Шаривийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар А/758 дугаар захирамж гаргаж байжээ.

 

Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаас[3]үзвэл С.Шарив нь тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг үндэслэж Суат ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шаривийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлаас түр чөлөөлсөн байна.

 

Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар[4] С.Шаривийг тус компанийн гүйцэтгэх захирлаар буцаан томилохыг Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын /Х.Дармен/ 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжаар[5] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг үндэслэн С.Шаривын тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилжээ.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын /А.Гылымхан/ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн тус аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч С.Шарив эс зөвшөөрч шүүхэд:

  1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн нэхэмжлэгч С.Шаривт холбогдох 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 дугаар захирамж, гэсэн хэсгийг хүчингүй болгох,
  2. С.Шаривыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ ... Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаас ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн учир ажил олгогч аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжаар ажилд буцаан томилсон, аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжид хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй, төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад Засаг дарга хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл хууль бус болсон, ээлжийн амралттай байхад тушаалыг хүчингүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан хязгаарлалт хязгаарлагдмал хариуцлагатай компанид хамааралгүй, Засаг дарга шийдвэр гаргахдаа урьдчилж мэдэгдээгүй гэж тайлбарласан бол хариуцагчаас дээрх гомдлыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... Суат ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шарив нь 2016 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн байна. С.Шарив нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг буруу хэрэглэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл сонгуульд нэр дэвшигчид хамаарахгүй. гэж тайлбарласан байна.

 

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай лавлагаанд[6] улсын бүртгэлийн 211001034 дугаартай, 2004275 регистрийн дугаартай Суат ХХК нь хуулийн этгээдийн өмчийн хэлбэрийн хувьд хувийн гэж тэмдэглэгдсэн боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар захирамжаар[7] аймгийн халуун ус, орон сууц ашиглалтын контор, ус сувгийн товчоог 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс татан буулгаж, аймгийн төвийн ус хангамж, цэвэрлэх байгууламж, халуун ус, орон сууцны засвар үйлчилгээг хариуцсан төрийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяалалд байгуулсан, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр НААҮ-ний байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалаар[8] Баян-Өлгий аймгийн НААҮ-ний байгууллагыг компанийн хэлбэрээр зохион байгуулсан, Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр Баян-Өлгий аймгийн НААҮ-ний газрыг компанийн хэлбэрээр зохион байгуулах тухай тогтоолоор[9] Баян-Өлгий аймгийн НААҮ-ний газрыг төрийн өмчит хязгаарлагдмал компанийн хэлбэрт зохион байгуулсан, тус тогтоолын хавсралтаар батлагдсан компанийн дүрмээр[10] компанийн нэрийг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК гэж тогтоон, компанийн дүрмийн 5.1 дэх заалтаар Компанийн үүсгэн байгуулагч дээд байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ний газар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар мөн бөгөөд компанийг татан буулгах, чиглэлийг өөрчлөх асуудлыг үүсгэн байгуулагч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр ТУЗ шийдвэрлэнэ. гэж заасан, улмаар Монгол Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай 29 дүгээр тогтоолын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орших орон сууц, нийтийн аж ахуйн компанийн эд хөрөнгийг цогцолбороор нь төрийн өмчөөс тус аймгийн өмчлөлд шилжүүлсэн зэргээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 79 дүгээр зүйлд зааснаар орон нутгийн өмчит хуулийн этгээд мөн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт ... орон нутгийн өмчит ... хуулийн этгээдийн ... захирал ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино. гэж хуульчилсан байна. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал буюу удирдах албан тушаал эрхэлдэг иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хуульчилсан нь түүний хэрэгжүүлж буй чиг үүргийг харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэгдсэн байна. Түүнчлэн, хууль тогтоогч орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байхаар хуульчилжээ.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэснийг уг заалтын агуулга, зорилтыг удирдлага болгож тайлбарлавал, хуульд тухайлан нэрлэж заасан чиг үүрэг бүхий удирдах албан тушаал эрхэлдэг ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу хуулийн уг заалтыг үндэслэн ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасныг ойлгох ба хэрвээ ажилтан хуульд зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, эсхүл ажил олгогчоос дээрх шийдвэрийг гаргаагүй явдал нь ажилтныг хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөхөд саад болохгүй юм.

 

1. Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний Суат ХХК-ийн хувьд, тус компанийн гүйцэтгэх захирлыг сонгох /томилох, чөлөөлөх/, өөрчлөх бүрэн эрхийг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр байна. Учир нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх бүрэн эрхийг хуульчилсан ба мөн зүйлийн 76.1.18 дахь хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан компанийн дүрмийн 5.2 дахь заалтад Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөл томилохдоо үүсгэн байгуулагч нартай урьдаас зөвшилцсөн байна. гэж заасан нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь хэсэгт нийцсэн ба дүрмийн 5.5 дахь заалтад Компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. гэж тогтоожээ.

Үүнээс дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь орон нутгийн өмчит хуулийн этгээд Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд түүний ажил олгогч нь биш учир тухайн ажилтныг томилох, чөлөөлөх, түүнчлэн тухайн ажилтны хувьд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын хэрэгжилттэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргах бүрэн эрхгүй бөгөөд Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил олгогч буюу түүнийг гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байгаа этгээд нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар Суат ХХК-ийн гүйцэтгэх захиралтай холбогдуулан шийдвэр гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг ажил олгогч биш, бүрэн эрхгүй этгээдийн шийдвэрээр зогсоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5, 37, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд нийцээгүй байна. Үүнтэй холбогдуулан гаргасан ажилтан С.Шаривын ...Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад Засаг дарга хөндлөнгөөс оролцож байгаа үйлдэл нь хууль бус гэсэн гомдол үндэслэлтэй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцжээ.

 

Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжтай холбогдуулан гомдол гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, хэрэгт цугларсан аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/758, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжуудын хууль зүйн үндэслэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас дээрх шийдвэрийг /2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамж/ гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох гэж заасан Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар тус хууль болон Компанийн тухай хуульд нийцээгүй байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба мөн зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ. Харин мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. Үүнээс дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч гэдэгт Суат ХХК-ийн хувьд түүний гүйцэтгэх захирал хамаарахгүй, харин төлөөлөн удирдах зөвлөл байна гэж ойлговол зохино. Энэ талаар Суат ХХК-ийн дүрмийн 5.5 дахь хэсэгт Компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. гэж тодорхой тусгажээ.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч С.Шаривын ...Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай шаардлага нь хуульд нийцээгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Суат ХХК-ийн дүрмийн 5.5 дахь заалт зэргээс үзвэл, тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь ажил олгогч биш учраас С.Шаривийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5, 37, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд нийцэхгүй тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.2 дахь хэсэгт зааснаар С.Шаривын тус гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

3. Нэхэмжлэгч С.Шарив нь дээр дурдсан 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад түүний нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгох тухай гэж тайлбарлаж, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. гэж заасныг зөрчсөн байна. Түүнчлэн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Суат ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулахаар эрх бүхий этгээд шүүхэд гомдол гаргаагүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гагцхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах тул анхан шатны шүүхээс ...компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний хурлаар нийт 5 гишүүнээс 3 гишүүний буюу дийлэнх олонхын саналаар Суат ХХК-ний гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилохыг аймгийн Засаг даргад уламжлахаар болж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэг, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүхээс ...С.Шаривыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийж, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг буруу тайлбарлаж, хэрэгт цугларсан тус компанийн дүрмийн 5.2, 5.5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, шийдвэрийг өөрчлөх замаар маргааныг шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 648 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжийн нэхэмжлэгч С.Шаривт холбогдох 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Шаривыг томилсон Б/381 дугаар захирамж, гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн С.Шаривыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 


[1] Хэргийн 13 дугаар тал.

[2] Хэргийн 18 дугаар тал.

[3] Хэргийн 63, 69-71 дүгээр тал.

[4] Хэргийн 10 дугаар тал.

[5] Хэргийн 7 дугаар тал.

[6] Хэргийн 92-95 дугаар тал.

[7] Хэргийн 115-122 дугаар тал.

[8] Хэргийн 114 дүгээр тал.

[9] Хэргийн 146 дугаар тал.

[10] Хэргийн 147-148 дугаар тал.