Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 089

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Х-ын Ст холбогдох эрүүгийн 201726030488 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, эмэгтэй, 55 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Гаалийн газрын “Эрин” тусгай бүсийн салбарын эрхлэгч ажилтай, ам бүл 2, охины хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Х-ын С /РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын нотариатын газарт Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн төслийн барилгын ажил эхлээгүй, “Нью Глобал вэйс” ХХК-тай Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь гэрээ байгуулаагүй байхад дээрх ажилд БНХАУ-ын иргэн Ч.Э-тэй хамтран ажиллах буюу бараа, материал ханган нийлүүлэх 60 орон сууцны хаалга, паркетан шал нийлүүлэх “Хамтран ажиллах гэрээ” гэх зүйлийг байгуулан, “бараа материал авах шаардлагатай байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 30.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Х.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-ын иргэн Ч.Э гэх хүнтэй Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүнээс өмнө би төсөлд хөрөнгө оруулагч нарыг татахын тулд БНХАУ, БНСУ-ын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж байсан. Харин 2015 оны 10 дугаар сард би “Нью Глобал Вейз” ХХК-ийн захирал А-гийн хамт Худалдаа хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын санхүүжилт авахаар тохиролцож байсан.

Би тухайн төслийг хэрэгжүүлснээр ашиг, орлого олно гэдэгт итгэж байсан тул өөрт байсан бүх хөрөнгийг “Нью Глобал Вейз” ХХК-д өгсөн. Төслийн хөрөнгө оруулагч нарыг зочид буудалд байрлуулах, хоол хүнс, унааны асуудлыг шийдэхэд тодорхой хөрөнгө мөнгө өөрөөсөө гаргаж зарцуулдаг байсан. Иймд би төслийг хэрэгжүүлэх зорилгоор өөрөөс гаргасан зардлыг “Нью Глобал Вейз” ХХК-ийн А.Б, А- нараас нэхсэн юм.

Тэгээд 2015 оны 12 дугаар сард “Нью Глобал Вейз” ХХК-ний төслийн удирдагч А.Б надтай уулзаад Ч.Э, н.Бат-Эрдэнэ, н.Гончиг гэх хүмүүстэй танилцуулж “хэрэв төсөл хэрэгжих аваас эдгээр хүмүүс бид нартай хамтран ажиллах хүсэлттэй байна” гэж хэлсэн. Харин БНХАУ-ын иргэн Ч.Э гэх хүн надад “би таныг судалсан, 30.000.000 төгрөгийг зээлэхэд бэлэн байна” гэж хэлж байсан.

Харин А- надад “чи Ч.Эийн зээлүүлсэн 30.000.000 төгрөгнөөс өөрийн 10.000.000 төгрөгийг ав, үлдэгдэл 22.000.000 төгрөгийг төсөлд зарцуулна” гэж хэлж байсан. Тухайн гэрээг хийж, зээлийн мөнгийг авч байхад би Сангийн яамнаас Засгийн газарт баталгаа гаргахгүй гэдгийг мэдээгүй байсан. Тиймээс би өөрийгөө залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна.

Учир нь 2015 оны 10 дугаар сард төслийн хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил эхэлж байсан тул надад бусдыг залилах шаардлага, хүсэл байгаагүй. Би Ч.Э, н.Гончиг, н.Бат-Эрдэнэ гэх хүмүүсийг танихгүй. Иймд намайг буруутгаж буй гэмт хэрэгт намайг гэм буруутай гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдаагүй байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201726030488 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-ийн хохирогчоор өгсөн:

“...Тухайн үед С, Б- хоёр Буянт-Ухаа-2-2 төсөлд Хонконгоос хөрөнгө оруулагч нар ирнэ, 50.000 ам доллар хэрэгтэй гэсэн. Би “одоо мөнгөгүй байна, надад Ланд 200 байна, би автомашинаа зараад мөнгийг нь өгье” гээд Да хүрээ зах руу Б-ийн хамт очоод автомашины ченжид 30.000.000 төгрөгөөр өөрийн автомашиныг зарсан. Тэгээд 30.0 сая төгрөгийг Гэгээнтэн цогцолборын 4 давхрын нотариат ороод “Хамтран ажиллах” гэрээ хийгээд Х.Ст өгсөн. Би одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна. Хөрөнгө оруулалт ирэхээр БНХАУ-аас надаас хорин тэрбум төгрөгийн бараа нийлүүлье гээд Хонконгоос хөрөнгө оруулагч иртэл гээд би 30.000.000 төгрөг зээлсэн. Би тэгээд Сээс эргэж мөнгөө авья гэхэд сарын дараа өгье, би 8.000.000 төгрөгийг нь хэрэглэсэн, үлдсэн 22.000.000 төгрөгийг нь Б- авсан гээд одоог хүртэл өгөөгүй. Би Б- авсан үгүйг би мэдэхгүй. 

Хэрэгт авагдсан 8.0 сая төгрөгийг өгч барагдуулсан гэсэн бичиг дээрх гарын үсэг минийх мөн. Би он, сар, өдрийг санахгүй байна 1 дүгээр хороололд Стэй машин дотор уулзахад “шүүх, цагдаагаар явмааргүй байна, мөнгийг чинь эгч нь сарын дотор өгнө гээд чи энэ бичгэн дээр гарын үсэг зураад өг, цагдаа дээр очиж харуулаад болоо”  гэхээр нь би гарын үсэг зурсан. Би криллээр уншиж чадахгүй болохоор юу бичсэнийг нь мэдэхгүй. Б-ээс 22.0 сая төгрөгөө авья гээд утсаар ярихад би чамаас мөнгө аваагүй гэсэн, С нь Б-ээс 22.0 сая төгрөгийг аваад надад өгнө гэж ярьдаг.

Б-ийг Гончигсүрэн, Бат-Эрдэнэ хоёр анх надтай 2015 онд танилцуулсан. Амарбаясгалан гэж хүн би танихгүй. Батмөнх гэж хүн намайг Гончигсүрэн, Бат-Эрдэнэ хоёр 2014 онд танилцуулж байсан. Батмөнхийг 8 жилийн өмнөөс танина. Би найзууд. Анх Цагдаагийн багууллагад өргөдөл гаргахдаа “Хамтран ажиллах” гэрээг эх хувиар нь өгсөн. Б-, С, Гончигсүрэн, Бат-Эрдэнэ нар нь “Буянт-Ухаа 2-2 хороолол барина” гэж байсан.

...Би тэд нарт огт итгээгүй, С нь төрийн байгууллагад ажилладаг, гаалийн ажилтан болохоор би итгээд машин зарсан 30.0 сая төгрөгөө өгсөн. Түүнээс биш би Б-тэй гэрээ хийсэн зүйл байхгүй, мөнгө төгрөгийн асуудлаар ярилцаагүй, надад ямар нэгэн амлалт өгөөгүй. Б- ч надаас мөнгө төгрөг нэхээгүй, заавал энэ ажлыг хий гэж шахаж шаардаагүй.

Тухайн үед С нь ажил бүтэхгүй бол буцаагаад өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн болохоор би зөвшөөрсөн. Сийн хамтран ажиллана гэсэн ажил худлаа байсан, мөнгөө авъя гэтэл одоо болтол өгөхгүй байна. Миний хувьд 2015 оны 12 сарын 04-ний өдөр Ст 30.000.000 төгрөгийг бэлнээр үлдээсэн бөгөөд цаашаа яасан эсэхийг нь би хараагүй учир мэдэхгүй байна. Намайг мөнгөө нэхэхэд ажил бүтэх гэж байхад цагдаа энэ тэрд өгөх юм бол өөрөөр ярина шүү гэж дарамталсан. Миний хувьд Б-ийг хамаагүй гэж бодож байна, анх би Б-ийг Стэй хамт ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон. Надад С нь “би 8 сая төгрөгийг авсан, Б- 22 сая төгрөг нь авсан” гэж хэлэхэд би Б-тэй ярьж мөнгөө асуухад “би чамаас мөнгө аваагүй биздээ, авсан хүнээсээ ав, надад хамаагүй” гэж хэлсэн. Би угаасаа Ст мөнгөө өгсөн учир түүнээс авах ёстой.

Хохирлоо барагдуулж авмаар байна. Одоо болтол нэг ч төгрөг аваагүй байна. Б-, С нарын хооронд өглөг авлагын асуудал байдаг эсэхийг би мэдэхгүй. Би гадагшаа ирэн очин байдаг тул хэргийн материалтай манай өмгөөлөгч танилцана...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 60-62х, 197х/,

 

2. Шүүгдэгч Х.Сээс төлбөр төлөх талаарх 2017 оны 02 сарын 20-ны өдөр бичгээр гаргасан баталгаа /хэргийн 1-р хавтас 14х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Гончигсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Хамгийн анх Бат-Эрдэнэ гэдэг залуу намайг Э гэх Өвөр монгол залуутай танилцуулсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зайсанд салон нээх гэж байгаа талаар хэлэхэд “Э нь хоёр барилга барьсан, тэнд өөрөө байр авмаар байна, чи тэнд байр сонирхооч” гэхээр нь эхнэр Эрдэнэ-Соёл болон Батмөнхийн хамтаар Э дээр очиж уулзахад 115 дугаар сургуулийн тэнд байгаа байрнуудыг үзүүлсэн.

Би тухайн үед байр сонирхоогүй, доод талын үйлчилгээний төвийг сонирхон үнэ хөлсийн талаар асууж тохиролцоод салцгаасан. Маргааш нь Э, Бат-Эрдэнэ хоёр барилга барихаар ерөнхийдөө ярилцсан байсан.

Тэгээд Бат-Эрдэнэ надад улаан өнгийн Ланд Круйзер маркийн машиныг харуулаад “Э өөрөө зарах гэж байгаа юм, чи ханьдаа явчих, ах нь Оюунболдын хамтаар Эрдэнэт явчихаад ирье” гээд надаас түлшний мөнгөнд 500.000 төгрөгийг зээлж аваад явсан. Би өөрийн эхнэр Эрдэнэ-Соёл, Бат-Эрдэнийн эхнэр Булгаа, Б- нартай цуг Да хүрээ зах явсан ба би өөрийнхөө машинтай араас нь дагаад явсан. Тэнд очиход Э өөрөө ченж нартай уулзан наймаагаа хийгээд, автомашинаа 30.0 сая төгрөгөөр зарчихаад, өөрөө мөнгийг нь авахад Б- Стэй ярьж байгаад Ээд утсаа өгтөл Э нь “Сараа эгчээ, би мөнгөө олчихлоо” гэж хэлсэн.

Тэгээд Улсын Их дэлгүүрийн тэндээс Сийг аваад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн худалдааны төвийн нотариатын газар очиж Э, С нар хоорондоо “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Э 30.0 сая төгрөгийг Ст өгсөн. Тэр гэрээ хийж байх үед Э сайн уншиж чадахгүй байна гээд манай эхнэр Эрдэнэ-Соёлоор уншуулаад өөрөө гэрээ байгуулсан. Мөнгө өгөхдөө С “зээлж байгаа мөнгө биш шүү, энэ бол ажил авах урьдчилгаа мөнгө шүү” гэхэд Э зөвшөөрсөн.

Э Сээс барилгын ажил болох паркетан шал, хаалга нийлүүлэлтийн ажил авахаар гэрээ байгуулаад мөнгө өгсөн. Энэ мөнгийг юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 27-28х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Эрдэнэсоёлын гэрчээр өгсөн:

“...Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан 2015 оны 11 дүгээр сарын үед Бат-Эрдэнэ нь Э гэх хүнтэй “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний гэр хотхонд байр аваач” гэж танилцуулсан юм. Э нь “Миний гэр” хотхоны захирал гэж танилцуулж байсан.

Түүнээс удаагүй, хэд хоногийн дараа Бат-Эрдэнэ манай нөхөр Гончигсүрэн рүү утсаар яриад “Э машинаа зарах гэж байгаа юм, чи хамт явчихаач, би Эрдэнэт явах гээд завгүй, амжихгүй байна, бас 500.000 төгрөг зээлчих“ гэж хэлсэн. Э нь хятад хүн болохоор хамт яваад өгөөч гэхээр нь манай нөхөр дансаар 500.000 төгрөг шилжүүлээд, Бат-Эрдэнийн эхнэр Булган, манай нөхөр Гончигсүрэн бид гурав Эийн хамт техникийн зах руу яваад тэндээ машинаа зарсан. Машинаа хэнд, хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэх зүйл байхгүй.

Тэгээд тухайн өдрийн 17-18 цагийн орчим Гэгээнтэн хотхоны 2 давхарт байрлах нотариатын газарт очиход С гэх эмэгтэй, мөн Б- гэх хүмүүс байсан. Тухайн үед Э “би С, Б- нараас барилгын ажил авах гэж байгаа, түүнийхээ гэрээг хийнэ” гэж тайлбарлаад, надад “монгол хэл дээр бичигдсэн барилгын хаалга, цонх, паркетэн шал нийлүүлэх гэрээг уншаад тайлбарлаж өгөөч” гэж гуйхаар нь би нэг бүрчлэн түүнд тайлбарлаж өгсөн. Мөн нотариатын эгч давхар тайлбарлаж өгсөн. Ингээд Э 30.0 сая төгрөгийг бэлнээр С гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. Тэндээс гарах гээд лифт рүү явж байхад С гэх эмэгтэй Булганд 5.0 сая төгрөгийг “Бат-Эрдэнэд өгөөрөй” гэж өгсөн, ямар учиртай өгч байгааг би ойлгоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Бийн гэрчээр өгсөн:

“...Би Э гэх хүнийг танихгүй, харин Гончиг гэх найзаараа дамжуулан Этэй 2015 оны сүүлээр танилцсан. Би С эгчийг нилээн эртнээс танина, бид найз нөхдийн холбоотой юм.

2015 оны сүүлээр миний ажилладаг байсан “Нью Глобал Виз” ХХК нь Төрийн орон сууц корпорацийн орон сууцны төслийг хэрэгжүүлэх гээд хөрөнгө оруулагч хайсан. Тэгэхэд С эгч тухайн хөрөнгө оруулагчийг олж ирсэн юм.

“Нью Глобал Виз” ХХК нь Төрийн орон сууцны корпорацитай гэрээ хийсэн, мөн 2-3 хятад хүмүүстэй хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Уг гэрээ хийгдсэний дараагаар Э, Гончиг хоёр надтай ирж уулзсан юм. Тэрээр ““Нью Глобал Виз” ХХК-тай хамтарч ажилламаар байна, зуучилж өгөөч” гэхээр нь би тэр хоёрыг С эгчтэй уулзуулсан бөгөөд С, Э нар хамтарч ажиллахаар болсон.

...2015 оны 12 сарын 04-ний өдөр би Сээс бэлнээр 17.0 сая төгрөг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, гэгээнтэн цогцолбор дотор байрлах нотариатын газарт авсан. Тэр үед Гончигсүрэн нь эхнэрийнхээ хамтаар, Бат-Эрдэнийн эхнэр гэх хүнийг дагуулан, тэр 3 хамт ирээд Бат-Эрдэнийн эхнэр нь бэлнээр 5.000.000 төгрөгийг түр өгөөч гэж хэлээд зээлээд аваад явсан. Бат-Эрдэнэ нь анх Эийг Гончигсүрэнтэй танилцуулсан хүн байгаа юм. С бид хоёр Бат-Эрдэнийн эхнэр гэх хүнийг урьд өмнө таньж мэдэхгүй ээ. Тухайн үед Бат-Эрдэнэ нь Гончигсүрэн бид хоёр луу залгаад одоо манай эхнэр очно, яарлтай 5.0 сая төгрөг өгөөд явуулаачээ, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Сээс 5.0 сая төгрөг эхэлж аваад Бат-Эрдэнийн эхнэрт өгч явуулаад, үлдэгдэл мөнгийг би өөрөө авсан.

Сээс мөнгийг авахдаа компанийн ажилд хэрэглэнэ гэж авсан. Бат-Эрдэнэ нь өөрөө Эийг таньдаг найз нь, тэр үед С бид хоёр Эийг таньж мэддэггүй байсан ба Бат-Эрдэнэ нь өөрөө утсаар залгаад өгөөд явуулчих, өөрөө хөдөө явж байна гэж хэлсэн. Сээс авсан 17.0 сая  төгрөгийг “Нью глобал вейз” ХХК-ийн ажилд л зарцуулсан. Төсөл хийх гээд явж байхад маш олон төрлийн зардал гардаг. “Нью глобал вейз” ХХК-ийн эзэн нь Ч.Амарбаясгалан, би өөрөө төслийн удирдагчаар нь ажиллаж байсан юм. Мөнгөний зарцуулалтын баримт нь компани дээр байгаа.

Би урьд өгсөн мэдүүлэгт С нь 22.0 сая  төгрөгийг надад өрөндөө өгсөн гэж мэдүүлсний учир нь  уг төслийн ажил цаашид явагдана, хийгдсэн гэж бодож байсан боловч бид нараас биш, төр засгаас болоод зогсчихсон. Тухайн үед С эгч бид хоёр 1-рт уг төслийн ажил хэрэгжинэ, 2-рт энэ авсан мөнгөө урьд өмнө өгсөн өрөндөө тооцож байна гэж бодсон боловч уг мөнгийг компанийн ажилд зарцуулагдсан. Харин өрний асуудал бол компанитай холбоогүй, бид хоёрын хувийн асуудал юм.

Энэ асуудлууд бүгд гэрээтэй, Эээс залилж мөнгө авсан зүйл байхгүй. Ажлыг хийх гэж байсан хөрөнгө оруулалтынх нь ажил байсан, хийх ажил нь байсан. Тиймээс энэ хэргийг эрүүгийн хэрэг гэж бодохгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 128х/,

 

- Мөн хэрэгт түүний иргэний хариуцагчаар өгсөн:

“...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э гэгч нь машинаа зараад 30.0 сая төгрөгийг бэлнээр аваад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын нотариатын газарт Стэй гэрээ байгуулж, 30.0 сая төгрөгийг авсан. Эийг дагуулж ирсэн Бат-Эрдэнийн эхнэрт нь 5.0 сая төгрөгийг өгсөн ба тухайн үед Бат-Эрдэнэ нь Гончигсүрэн рүү утсаар ярьж байгаад дээрх 5.0 сая төгрөгийг авсан.

Тус нотариатын газраас бид нар салаад, С бид хоёр хамт явсан. Тэгээд би Сээс 15.0 сая төгрөг авсан, гэхдээ тухайн үед С нь “чамаас урьд нь авсан мөнгөнийхөө талыг нь өглөө шүү” гэж хэлээд өгсөн. Би уг мөнгийг Сээс өрөндөө авсан, урьд нь С нь надаас мөнгө зээлж байсан баримт болох дансны хуулга байгаа, би гаргаж өгөх болно. Би Ст 37.0 сая орчим төгрөг зээлүүлсэн бөгөөд үүнээс 15.0 сая төгрөгийг надад зээлээ төлж байна гэж өгсөн. Үүнээс хойш “Этэй хийж байгаа төсөл нь гацаад байна” гэхээр нь Ст 6.0-7.0 сая төгрөг өгч байсан. Энэ байдлаар би нэг ч төгрөгийг иргэний хариуцагчаар татагдаж, хариуцах ёсгүй юм. Энэ бүгд баримтаар нотлогдоно, гэхдээ би Сийн танилын хувьд 15.0 сая төгрөгийг төлж туслахад татгалзах зүйл алга, ядарч явахад нь туслах болно. Би өөрийнхөө төлнө гэсэн 15.0 сая төгрөгийг оноос өмнө төлж барагдуулах болно. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, гэхдээ Стэй сайн харилцаатай байдаг учраас хүн чанарын үүднээс 15.0 сая төгрөгийг төлөх болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 227-229х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Амарбаясгалангийн гэрчээр өгсөн:

“...Би “Нью глобал Вейз” ХХК-ийг 2012 оны 3 дугаар сард аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр байгуулсан. 2016 онд ТОСК-той Буянт-Ухаа 2 хороололд хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2015 оны намраас байх Б- нь хөрөнгө оруулагч олох талаар Стэй өөрөө ярьсан байсан. Тэгээд С авч ирсэн БНХАУ-ын иргэн гэх нэг эрэгтэйтэй Буянт-Ухаа 2 төслийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хийхээр би гэрээ байгуулж байсан. Хөрөнгө оруулагч тал нь Монгол улсын Засгийн газраас эргэн төлөх баталгаа шаардсан. Тэрний материалыг бүрдүүлж байх үед сонгууль болоод Засгийн газар солигдоод уг асуудлыг хөөцөлдөж байгаад зогссон. Бичиг цаасны болон ТОСК-тай холбогдох асуудлыг Б- хариуцаж байсан ба тэр төслийн удирдагч болохоор бүх ажлыг хөөцөлдөж, би гэрээ байгуулахад гарын үсэг зурсан. Ажил удсан шалтгаан нь ТОСК-ын хийлгэсэн Буянт-Ухаа 2 төслийн барилгын зураг нь ашиглалтын талбай ихтэй байсан учир манай компани болон хөрөнгө оруулагч тал санал гаргаад зурагт өөрчлөлт оруулах байсан.

Х.Сийг 2016 онд Б-ээр дамжуулан таньдаг болсон. Тухайн үед Буянт-Ухаа 2 хорооллын төслийн ажилд манай компани хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж орсон бөгөөд Б- нь манай компанийн төслийн удирдагчаар ажиллаж байсан. Тэр үед Х.С нь манай компанид ч, ТОСК-д ч  хамаагүй, зүгээр хөрөнгө оруулагчдыг зуучилж өгсөн хүн. Манай компанид С нь ямар нэг албан тушаал эрхлээгүй.

Компанийн зүгээс Ст мөнгө зээлсэн асуудал байхгүй. Тухайн үед хөрөнгө оруулагч дагуулж ирсэн бөгөөд “ажил бүтээх гэж байгаа юм чинь” гээд Б- бид хоёр энэ тэндээс мөнгө төгрөг олж Ст өгч байсан. Гэхдээ миний хувьд Ст “май” гээд мөнгө өгч байсан удаа байхгүй, Б- ч энэ талаар мэдэж байгаа. Б- Ст мөнгө өгсөн учраас яг хэдэн төгрөгийг хэзээ өгсөн талаар мэдэхгүй байна.

Тухайн үед би ЗМК гэх компаниас 20.0 сая төгрөг зээлж аваад Б-т өгч байсныг “Ст өгнө” гэж байсан. Тухайн 20.0 сая төгрөгийг “төсөл эхлэх гээд байгаа учир нээлт хийнэ, бусад нааш, цааш явах олон асуудлууд байна, үүнд зарцуулах мөнгө хэрэгтэй байна” гэсэн учраас би зээлж авч өгсөн. Одоо тус компани нь надаас 20.0 сая төгрөгөө нэхэж байгаа.

...С, Б- нарын хоорондын өглөг авлагын талаар надад мэдэх зүйл байхгүй. Сийг гаальд ажилладаг гэж сонсож байсан, яг ажилладаг эсэхийг нь ч мэдэхгүй байна. Ажлаа эхлээд явуулах гэтэл Сийн яриад байсан хөрөнгө оруулагч нь хөрөнгөө оруулж ирээгүй. Миний хувьд Э гэх хүнийг танихгүй. Надтай уулзаж байгаагүй. Паркетан цонх, шал энэ тэр нийлүүлэх хүн оллоо гэж надад огт хэлж байгаагүй. Тэр барилгын ажилд материал нийлүүлэх яриа огт сонсоогүй, дөнгөж л ТОСК-той гэрээ хийж байсан. Миний хувьд Х.Стэй харьцаад байдаггүй, Б- л түүнтэй харьцаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 79-80х, 199х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Оригжавын гэрчээр өгсөн:

“...Би 2007 оноос төрийн орон сууцны корпорацид ажиллаж эхэлсэн. 2002 оноос хойш Барилга байгууламжийн захиалагчийн газраар ажиллаж байсан. 2016 оны эхээр байх Б- нь манай ТОСК-ын захирлуудтай хөрөнгө оруулах талаар ярилцаж “Хөрөнгө оруулах, ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан. Энэ үед Б-тэй таарсан. Амарбаясгалан, С, Бат-Эрдэнэ, Э, Гончигсүрэн, Батмөнх гэх хүмүүсийг би танихгүй. Тухайн үед Б- нь гэрээ байгуулж, нээлт хийж, зураг төсөл өөрчлүүлэх талаар ирж уулзаж байсан.

“Нью глобал Вейз” гэх компанийг мэдэхгүй, тухайн үед  буюу 2016 оны эхээр байх “Хамтран ажиллах буюу Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх” гэрээг “Нью Глобал Вейз” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээг байгуулахад барилга эрхэлсэн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, Ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газрын дарга М.Оригжав, хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар, ерөнхий инженер Д.Зоригт нар гарын үсэг зурж, өөрсдийн хариуцсан чиглэлээр хамтран ажиллахаар болж, уг “Хамтран ажиллах”  гэрээнд үндэслэн хариуцсан чиглэлээр дахин гэрээ байгуулдаг боловч тухайн үед дахин ажил явагдаагүй учир гэрээ байгуулаагүй.

Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болсон гээд гэрээ байгуулсан боловч хөрөнгө оруулалт нь бүтээгүй учир дахин гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсаны дараа Буянт-Ухаа 2 хорооллын барилгын газар дээр очиж “Нью Глобал Вейз” ХХК нь нээлт хийсэн, манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан болохоор манай компанийн төлөөлөл очсон. Гэрээ байгуулсанаас хойш манай байгууллагаас хөрөнгө оруулалтын ажил удаж байгаа талаар албан бичиг явуулж байсан. Манайх Буянт-Ухаа 2 төслийн дагуу зураг төслөө боловсруулж, бэлэн болгосон байсан.

Тухайн үед “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан Б- ирж уулзаад “уг зураг төсөлд ашиггүй талбай их байна” гэсэн зүйл ярьж байсан. Манай байгууллага зураг төслийг барилгын норм, дүрмийн дагуу хийж гүйцэтгэсэн. Манайх зураг хийж гүйцэтгэдэг “Карказ зураг” ХХК-тай хамтран ажилладаг байсан юм. Ийм болохоор Б- гэрээ байгуулан өөрөө зураг төслөө өөрчлөх боломжтой. Гэрээг яг ямар шалтгаанаар хэрэгжээгүй талаар сайн мэдэхгүй байна, тухайн үед манай хуулийн хэлтэс хариуцаж байсан. Байгуулсан гэрээ нь одоо архивт хадгалагдаж байгаа байх. “Нью Глобал Вейз” ХХК нь хөрөнгө оруулалтаа хийсэн бол төсөл хэрэгжих боломжтой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 82-83х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Алтанхуягийн гэрчээр өгсөн:

“...Би 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Төрийн орон сууцны корпорацид тэргүүн дэд захирлын ажлын үүргийг гүйцэтгэж байсан. 2016 онд Б- гэх эрэгтэй манай ажил дээр ирээд “Танай байгууллагын явуулж байгаа Орон сууцны бүтээн байгуулалт төсөл дээр манай компани хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна” гэж уулзсан, тэрнээс өмнө бол танихгүй, Ц.Амарбаясгалан гэдэг хүн уг компанийн захирал гээд гэрээ байгуулахаар ирэх үед нь танилцсан, урьд өмнө таньдаггүй байсан. С, Бат-Эрдэнэ, Э, Гончигсүрэн, Батмөнх гэх хүмүүсийг танихгүй юм байна.

...Тухайн үед манайх Буянт-Ухаа 2 хороолол гэсэн төсөл хэрэгжүүлж байсан юм. Уг төсөл нь 2 үндсэн хэсэгтэй байсан. Эхний хэсэг нь 9 давхар 48 ширхэг барилга хийгдсэн. Харин дараагийн төслийн хувьд барилгын зураг гарсан байсан. Буянт-Ухаа-1 төсөл хэрэгжиж ашиглалтанд ороод, үргэлжлүүлэн Буянт-Ухаа 2 төслийн эхний хэсэг хэрэгжсэн боловч хөрөнгө оруулалтгүй учраас хэрэгжиж амжаагүй байсан. Тухайн үед “Нью Глобал Вейз” ХХК-ийн төлөөлөч Б-, Амарбаясгалан нар хамт ирээд компаниа танилцуулан “танай Буянт-Ухаа 2-2 төсөл дээр манайх хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, БНХАУ-аас хөрөнгө оруулалт хийнэ” гэж байсан ба манай зүгээс “төсөл хэрэгжүүлэхэд нэг ч төгрөг гаргахгүй, харин барилгын ажил хяналттай явах болохоор төслийн техникийн хяналтыг манайх хийнэ” гэж 2-3 БНХАУ-ын иргэдийн хамт ирж уулзаж байсан. Дараагаар нь “Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан тухайн гэрээнд хөрөнгө оруулалт хийх хугацааг зааж, хэрэв хийж чадахгүй бол уг гэрээг зогсооно гэж байсан санагдаж байна.

...Гэрээ байгуулахаас өмнө “Нью Глобал Вейз” ХХК-ийн төлөөлөгчөөс хөрөнгө оруулалт хийх талаас Засгийн газар баталгаа нэхэж байсан ба манай талаас баталгаа гаргаж өгөх боломжгүй, эхний хөрөнгө оруулалт хийгдээд мөнгө орж ирвэл тухайн Буянт-Ухаа 2-2 хорооллын газрыг танай нэр дээр барьцаанд тавих боломжтой гэсэн нөхцөл тавьж байсан. Тэгээд тухайн компани нь өөрсдөө баталгаа гаргах талаар хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан. Уг компаниас байнга ирж уулздаг, “Засгийн газрын баталгаа хэрэгтэй байна” гэдэг байсан.  Тухайн гэрээний дагуу хөрөнгө оруулалт орж ирсэн бол хангалттай хэрэгжих боломжтой  төсөл байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 90-91х/,

 

 

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Сумъяадашийн гэрчээр өгсөн:

“...Найз Б- 2016 оны 4 дүгээр сарын үед “нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, барилгын инженер юм чинь чи “Нью Глобал Вейз” ХХК-д барилгын инженерээр надтай хамтран ажиллаач” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Б- “шаардлагатай үед дуудъя” гэсэн. Дараагаар нь гэрээ хийхээр боллоо гээд Төрийн орон сууцны корпорацид очиж Буянт-Ухаа 2-2 төсөл хэрэгжүүлэхээр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулсан.

Би тухайн гэрээн дээр нь гарын үсэг зурсан байгаа. ...БНХАУ-аас хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан, уг хөрөнгө оруулалт ирээгүй учраас төсөл хэрэгжээгүй. Би хөрөнгө оруулалтынх нь  талаар сайн мэдэхгүй байна.

Б- бид хоёр 10 жилийн сургуульд хамт сурч байсан, багын найзууд юм. Б- намайг Амарбаясгалантай танилцуулсан, тухайн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан үеэс эхлэн түүнийг таньдаг болсон. Харин С, Бат-Эрдэнэ, Э, Гончигсүрэн, Батмөнх гэх хүмүүсийг би танихгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 93-94х/,

 

9. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/786 дугаартай “Нью глобал вейз” ХХК-д хүргүүлсэн хамтран ажиллах гэрээ байгуулах болон урьчилсан тооцооллын төсөөлөл хүргүүлсэн албан бичиг баримтууд /хэргийн 2-р хавтас 97-98х, 99-100х/,

 

10. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон “Нью Глобал вэйз” ХХК нарын хооронд 2016 оны 04 сарын 29-ний өдөр байгуулагдсан 2016/3-02 дугаартай “Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээ”, төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 2-р хавтас 100-113х/,

 

11. “Нью глобал вейз” ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн JUNG YUNGHO нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан /дугааргүй/ “Хөрөнгө оруулалтын гэрээ” баримт /хэргийн 2-р хавтас 120-126х/,

 

12. Х.С болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч.Э нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, уг гэрээний дагуу  30.0 сая төгрөг хүлээлцсэн тухай Х.С, Э нарын гарын үсэг бүхий баримт  /хэргийн 2-р хавтас 128-132х/,

 

13. Х.С нь компаниас мөнгө авах болон зээлж байгаагүй талаарх “Нью глобал Вейз” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг /хэргийн 2-р хавтас 221х/,

 

14. “Макс Ложинг” ХХК-ийн Рамада зочид буудалд 2015 он, 2016 онуудад иргэн Х.С болон БНХАУ-ын иргэн HEILONGJIANG /E-18500836/, БНСУ-ын иргэн JUNG YUNGHO /M87789574/ нарын нэрээр захиалга өгч, байрлаж байсан эсэх болон төлбөрийг хэрхэн хэн төлж байсан талаарх лавлагаанд хариу өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А06219/33 дугаартай албан бичиг /хэргийн 2-р хавтас 142-144х/,

 

15. Иргэний хариуцагч А.Бийн яллагдагчаар өгсөн:

“...Амарбаясгалан бид хоёр найзууд, 2011 оноос бизнесийн  хамтрагчууд юм. Э нь Бат-Эрдэнийн найз юм. Тухайн үед Буянт-Ухаа 2 орон сууц барих “Нью глобал Вейз” ХХК нь ТОСК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Уг гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх БНХАУ болон БНСУ-ын иргэдийг Х.С олж ирсэн. ТОСК-той гэрээ байгуулахаас өмнө хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулсан, гэрээ 4 хувь үйлдэж “Нью глобал Вейз” ХХК-д 1 хувь, хөрөнгө оруулагч нар 1 хувь, С 1 хувь, нэг хувийг нь ТОСК-т өгсөн.

Тэр үед Гончигсүрэн, Бат-Эрдэнэ хоёр Эийг дагуулж ирж уулзуулсан ба Э нь надаас танай хөрөнгө ороуулалтыг хэн хариуцаж байгаа вэ гэхэд нь Х.С хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа гэхэд тэр хүнтэй уулзмаар байна гэж хэлсэн. Тэгээд Э нь Стэй 2-3 удаа уулзсан. Э нь Стэй уулзаж паркетан шал, цонх, хаалга нийлүүлэх ажлыг авч хийе гэж байсан. Би өдрийг нь санахгүй байна, Бат-Эрдэнэ, Гочигсүрэн нар Галакси тауэр барилга дээр хүрээд ир гэж дуудахаар нь би очиход Э машинаа Батмөнхөд зарахаар болчихлоо, одоо уулзаж байна гэсэн. Э гарч ирээд “Батмөнх 20.0 сая төгрөгөөр авъя, одоо 15.0 сая  төгрөгийг бэлэн өгье гэхэд нь би өгөхгүй гэсэн, би Ст ямар ч байсан ажил авахаар мөнгө өгнө” гэж ярьж байсан. Маргааш нь Бат-Эрдэнэ утсаар яриад  “би Эрдэнэт явахаар боллоо, Э машинаа Да хүрээ зах орж зарна гэнэ, Гончигоо та хоёр хамт явчих” гэхээр нь Гончигсүрэн, түүний эхнэр, Э, бид нар зах явж, зах дээр очоод “30.0 сая төгрөгөөр авна гэнэ” гэхэд нь Гончигсүрэн бид хоёр “заавал зарах хэрэг байгаа юм уу” гээд захаас буцаад гараад явсан. Гэтэл замдаа Э нь “би Ст мөнгө өгнө гээд хэлсэн юм чинь зарна” гээд нөгөө машин авна гэсэн ченж рүү утсаар яриад “30.0 сая төгрөгөөр өгье” гээд зарсан. Бид нар тэгээд С дээр ирсэн.

Э нь Ст “би таньд энэ мөнгийг зээлж байгаа юм чинь зээлийн гэрээ хийе, ажил эхлэхээр энэ мөнгийг буцааж авна” гээд Гэгээнтэнд байх нотариат дээр очиж гэрээ хийгээд 30.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр үед Бат-Эрдэнийн эхнэр гэх эмэгтэй ирсэн. Бат-Эрдэнэ нь тухайн үед над руу яриад 5.0 сая төгрөгийг түр авч хэрэглээд буцаагаад өгье, шаардлагатай байна гэсэн. Бат-Эрдэнийн эхнэр гэх эмэгтэйд 5.0 сая төгрөг өгөөд, би Сээс 17.0 сая төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед Буянт-Ухаа-2 төсөлд хөрөнгө оруулалт хийх иргэдийн байрласан Рамада зочид буудлын төлбөр 6.0 сая орчим төгрөг, үлдсэн мөнгийг хөрөнгө оруулагч нарын ирж буцсан онгоцны тасалбар болон өмнө Сээс хөрөнгө оруулагч олохоор гадаад улс руу явах үед нь онгоцны тасалбар авахаар хүнээс зээлсэн мөнгө зэргийг төлөөд дуусгасан. С нь өөрөө 8.000.000 төгрөгийг авсан.

С нь манай “Нью глобал Вейз” ХХК-нд ямар албан тушаал хашдаггүй, 2015 оноос манай төсөлд хөрөнгө оруулагч хайх ажил хийж байсан. Хөрөгө оруулагч хайхаар явах үед нь компаниас гаргасан зардлын баримт байгаа, тэр талаар Амарбаясгалан захирал мэдэх байх. Амарбаясгалан нь компанийн захирал, би уг төслийн удирдагчаар ажиллаж байсан юм.” Гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 174-177х/,

 

16. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 148-149х/,

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Сийн яллагдагчаар өгсөн:

“...Би Амарбаясгалантай 2014 онд танилцсан бөгөөд тэрээр “Нью Глобал Вейз” ХХК нь ТОСК-тай хийх гэрээний дагуу Буянт-Ухаа 2 төслийг хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулагч олдохгүй байна, өмнө олсон хөрөнгө оруулагч замын дундаас буцсан” гэхээр нь би гадаад харилцааны туршлага дээрээ үндэслэн гадны орны харилцагч нартаа уг төслийн талаар санал тавьсан. Тухайн үед БНХАУ-ын иргэн Вэйн, Жүн Юн Хо нар “уг төслийн ажилд 168.0 сая ам долларын хөрөнгө оруулах боломжтой, Засгийн газрын баталгаа гаргасан нөхцөлд үүнээс илүү ч хөрнөгө оруулалт хийнэ” гэж хэлсэн. Тэгээд хөрөнгө оруулагч нартай “Нью Глобал Вейз” ХХК нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд надад байсан нэг хувийг нь цагдаад гаргаж өгсөн байгаа. Уг төслийн зөвлөх Б- миний найз Сайханцэцэгийн дүү юм. Гончигсүрэн, Бат-Эрдэнэ нар нь Этэй анх танилцуулахад байсан, 1-2 удаа уулзсанаас сайн танихгүй.

Б- энэ төслийг хэрэгжүүлэхээр явах явцад “хүмүүсээс мөнгө зээлж явна, удахгүй хуулийн хугацаанд хөрөнгө оруулалт ороод ирнэ, тэр үед мөнгө санхүүгийн асуудалгүй болно, таньд уг төслөөс 2 ажил авах хүн байгаа юу, байхгүй бол Э гээд Хан-Уул дүүрэгт орон сууц барьсан хүн байна, уг төслийн ажилд хамтран ажиллая” гээд байна, таныг хөрөнгө оруулагч олж байгаа гэдгийг би түүнд ярьсан, Э таньтай уулзъя гэж байна, таны тухай бизнес эрхэлдэг хүмүүсээс сонссон байна, та танилцаад уг төслийн тухай яриад өгөөч” гэхээр нь би Этэй уулзаж төслийн талаар хэлсэн.

30.0 сая төгрөгийг хувиараа гэрээ хийж, уг төслийн шугамаар гарах зардал, өмнө гарсан зардалд хэрэглэхээр зээлж авсан. Б- “уг төсөлд мөнгө их шаардаж байна” гэхээр нь би тухайн үед Б-т 22.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн, харин Б- Бат-Эрдэнийн эхнэрт 5.0 сая төгрөгийг өгнө гэхээр нь “мөнгөний хэрэг их байхад чи яагаад өгөх гээд байгаа юм бэ” гэхэд Б- “би зээлж байгаа юм, би өөрөө аваад өгнө” гэсэн. Би тэгээд Б-ээс 5.0 сая төгрөгийг аваад Бат-Эрдэнийн эхнэрт өгсөн.

...Шүүх хурлын өмнө би Этэй уулзаад “одоо надад 8.0 сая төгрөгийг өгөх боломжгүй байна, хоёулаа миний санхүүгийн боломжоор тодорхой хугацаа тохиролцъё” гэхэд Э “таниас 8.0 сая төгрөгийг авахгүй, та бид хоёр дараа болно биз, та Б-ийн компанид зарцуулсан 22.0 сая төгрөгийг олж авахад тусал, би 22.0 сая төгрөгийг авч чадахгүй байна” гэсэн. Ээд “чиний гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэргийн шүүх хуралд орохоор болоод байна, би чамаас авсан 8.0 сая төгрөгийг төлнө, шүүх хурлын хэлэлцүүлэгт хохирлоо төлөхгүй орвол ял шийтгэл авах магадлалтай” гэхэд “би таньд авсан гээд бичээд өгье, та бичгээ бичээд ир, би монголоор бичиж чадахгүй” гэхээр нь би компьютер дээр бичиж ирээд гарын үсэг зуруулсан.

...Би анх Эээс 30.0 сая төгрөгийг зээлж аваад Б-т 22.0 сая төгрөг өгсөн. Үлдсэн 8.0 сая төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Яагаад авсан бэ гэхээр би өөрийнхөө хувийн мөнгийг хөрөнгө оруулагч нар Монгол улсад ирэх үед зочид буудал, хоол ундны мөнгө гэх хувиасаа гаргасан зардлыг авсан. Одоо ч би “Нью глобал Вейз” ХХК-иас мөнгө төгрөг авах ёстой, хамтраад том төсөл хэрэгжүүлнэ гэж явж байсан учир тэр асуудлыг ярьдаггүй юм. Б-т 22.0 сая төгрөг өгсөн гэх бичиг баримт байхгүй, харин Б- нь өөрөө энэ мөнгийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ бол иргэний хэрэг гэж үзэж байна.  Б-, Баянмөнх нарын хоорондын зөрчилдөөнөөс болж ийм байдалд хүрээд байна.

...Тухайн үед Эээс авсан 30 сая төгрөгөөс 22.0 сая төгрөгийг тухайн үед хэрэгжүүлэх гэж байгаа төслийн үйл ажиллагаанд зарцуулахаар Б- нь надаас 2015 оны 12 сарын 04-ний өдөр авсан. Би Б-т өргүй, өгсөн 22.0 сая төгрөгийг өр төлбөрт тооцож өгөөгүй. Би авсан 8.0 сая төгрөгний хохирлыг барагдуулах болно. Миний санхүүгийн байдлаас шалтгаалаад хохирогч Эдэмттэй уулзаж хугацаа тохирмоор байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126х, 2-р хавтас 69-70х, 73х, 1554-157х, 201-202х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 81х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 103х/, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 104х/, бакалаврын дипломын хуулбар баримт /хэргийн 105-107х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Сийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын нотариатын газарт Буянт-Ухаа-2 хорооллын 2 дугаар ээлжийн төслийн барилгын ажил эхлээгүй, “Нью глобал Вэйз” ХХК нь  Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай гэрээ байгуулаагүй байхад БНХАУ-ын иргэн Ч.Э-тэй дээрх ажилд бараа, материал ханган нийлүүлэх буюу 60 орон сууцны хаалга, паркетан шал нийлүүлэх ажилд хамтран ажиллана гэж “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 30.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан, улмаар дээрх 30.000.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг нь “Нью Глобал вэйс” ХХК-ийн төслийн удирдагч А.Бт шилжүүлэн өгч, өөртөө 8.000.000 төгрөгийг авч үлдэн захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан

- хохирогч Ч.Э-ийн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 60-62х, 197х/, гэрч О.Гончигсүрэн /хэргийн 1-р хавтас 27-28х/, Х.Эрдэнэсоёл /хэргийн 1-р хавтас 29-30х/, Ч.Амарбаясгалан /хэргийн 2-р хавтас 79-80х, 199х/, М.Оригжав /хэргийн 2-р хавтас 82-83х/, Д.Алтанхуяг /хэргийн 2-р хавтас 90-91х/, Ц.Сумъяадаш /хэргийн 2-р хавтас 93-94х/ нарын мэдүүлэг, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан А.Бийн гэрч, яллагдагч, иргэний хариуцагчаар тус тус өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 128х, хэргийн 2-р хавтас 174-177х, 227-229х/ баримтууд,

- Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/786 дугаартай “Нью глобал вейз” ХХК-д хүргүүлсэн хамтран ажиллах гэрээ байгуулах болон урьчилсан тооцооллын төсөөлөл хүргүүлсэн албан бичиг баримтууд /хэргийн 2-р хавтас 97-98х, 99-100х/,

- Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон “Нью Глобал вэйз” ХХК нарын хооронд 2016 оны 04 сарын 29-ний өдөр байгуулагдсан 2016/3-02 дугаартай “Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээ”, төслийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 2-р хавтас 100-113х/,

- “Нью глобал вейз” ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн JUNG YUNGHO нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан /дугааргүй/ “Хөрөнгө оруулалтын гэрээ” баримт /хэргийн 2-р хавтас 120-126х/,

- Х.С болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч.Э нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, уг гэрээний дагуу  30.0 сая төгрөг хүлээлцсэн тухай Х.С, Э нарын гарын үсэг бүхий баримт  /хэргийн 2-р хавтас 128-132х/,

- Х.С нь тус компаниас мөнгө авах болон зээлж байгаагүй талаарх “Нью глобал вейз” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг /хэргийн 2-р хавтас 221х/,

- “Макс Ложинг” ХХК-ийн Рамада зочид буудалд 2015 он, 2016 онуудад иргэн Х.С болон БНХАУ-ын иргэн HEILONGJIANG /E-18500836/, БНСУ-ын иргэн JUNG YUNGHO /M87789574/ нарын нэрээр захиалга өгч, байрлаж байсан эсэх болон төлбөрийг хэрхэн хэн төлж байсан талаарх лавлагаанд хариу өгсөн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А06219/33 дугаартай албан бичиг /хэргийн 2-р хавтас 142-144х/,

- Х.Сээс Ч.Ээд төлбөр төлөх талаарх 2017 оны 02 сарын 20-ны өдөр бичгээр гаргасан баталгаа /хэргийн 1-р хавтас 14х/ баримт

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 148-149х/ баримтууд болон шүүгдэгч Х.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад  хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126х, 2-р хавтас 69-70х, 73х, 1554-157х, 201-202х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгч Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын нотариатын газарт Буянт-Ухаа-2 хорооллын 2 дугаар ээлжийн төслийн барилгын ажил эхлээгүй, “Нью глобал Вэйз” ХХК нь  Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай “Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх” гэрээг байгуулаагүй байхад БНХАУ-ын иргэн Ч.Э-д дээрх ажилд бараа, материал ханган нийлүүлэх буюу 60 орон сууцны хаалга, паркетан шал нийлүүлэх ажилд хамтран ажиллана гэж амлан “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч, улмаар дээрх 30.000.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг нь “Нью глобал Вэйз” ХХК-ийн төслийн удирдагч гэх А.Бт шилжүүлэн өгч, өөртөө 8.000.000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйлдэл нь гэмт хэрэг гарсан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээрээ мөн зүйлийн 148.3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

 

Харин хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үр дагавар үүссэн ба энэхүү зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тус тус зохицуулан тусгагдсан.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч Х.Сийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжид нийцсэн байна.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсаны улмаас хохирогчид  учруулсан 30.000.000 /гучин сая/ төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “үлэмж хэмжээний хохирол”-д тооцогдох юм.

 

Иймд Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Х.Сийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Х.Сийг хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ээд 30.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нь дээрх 30.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг өөртөө авч хувийн хэрэглээндээ захиран зарцуулсан, 22.000.000 төгрөгийг хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан А.Бт шилжүүлэн өгсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон тул хохирогч Ээд учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар тус тус нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.  

 

Хэргийн шүүгдэгч Х.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар хэрэгт “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 103х/ баримттай тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Х.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.   

 

Шүүх, шүүгдэгч Х.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан торгох ялыг  хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт Х.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Дуур дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Х.С болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “..улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүгдэгчид ял сонсгож яллагдагчаар татсан прокурорын тогтоол ойлгомжгүй, тодорхой бус, шүүгдэгчийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж болон гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй, хэрэгт иргэний хариуцагчаар оролцсон А.Б ямар зорилгоор Х.Сээс 22.0 сая төгрөгийг ямар зорилгоор авсан, тэдний хооронд өр төлбөрийн асуудал  байгаа эсэх асуудлыг бүрэн шалгаж тогтоогүй, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” санал гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                    

 

                                                                       ТОГТООХ нь:

 

1. О овогт Х-ын С-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.С-ийг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Х.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Х.С-ээс 8.000.000 /найман сая/ төгрөг, иргэний хариуцагч А.Б-ээс 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч хххх тоотод түр оршин сууж байгаа, БНХАУ-ын иргэн Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот, .... хорооллын ..... тоот хаягт оршин суудаг гэх, /паспортын дугаар хххх/, Э /хххх/-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт Х.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД