Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 594

 

                                                  Х.С-т холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Хурц,

            хохирогч Ч.Э-н өмгөөлөгч Д.Бурмаа,

            шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, 

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Х.С-т холбогдох 2017 2603 0488 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

О т овгийн Х-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хотын ....... газрын “Э” тусгай бүсийн салбарын эрхлэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гэгээнтэн цогцолборын нотариатын газарт “Буянт-Ухаа 2” хорооллын 2 дугаар ээлжийн төслийн барилгын ажил эхлээгүй, “Н Г в” ХХК-тай Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь гэрээ байгуулаагүй байхад дээрх ажилд БНХАУ-ын иргэн Ч.Э-тэй хамтран ажиллах буюу бараа материал ханган нийлүүлэх 60 орон сууцны хаалга, паркетан шал нийлүүлэх “Хамтран ажиллах гэрээ” гэх зүйлийг байгуулан, “бараа материал шаардлагатай байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О т овогт Х-н С-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Х.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Х.С-с 8.000.000 төгрөг, иргэний хариуцагч А.Б-с 22.000.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч БНХАУ-ын иргэн Ч.Эрдэмтэд олгож, энэ хэрэгт Х.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Х.С-г бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх үйлдэл хийсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.С-г гэм буруутайд тооцохдоо хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн эрх зүйн ухамсарыг удирдлага болгон, логик дүгнэлтэд түшиглэж үнэлэн, хэргийн үйл баримтыг тогтоох учиртай. Гэтэл хэргийн бодит байдал буюу “Н г в” ХХК, Төрийн орон сууцны корпорацийн хооронд гэрээ байгуулагдаагүй байсан шалтгаан, мөн Буянт-Ухаа-2 хорооллын 2 дугаар ээлжийн төслийн ажил эхлээгүй байсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн үйлдэл хэрхэн хамааралтай байх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хуурч, залилан мэхэлсэн үйлдэл тогтоогдсон гэсэн нь нэг талыг барьсан дүгнэлт юм. Х.С нь “Буянт-Ухаа 2” төслийн удирдагч А.Б-т зөвхөн хөрөнгө оруулагч олж хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Үүний дагуу БНХАУ болон Солонгос улсаас хөрөнгө оруулагч нарыг оруулан ирж, “Рамада” зочид буудалд байрлуулж, төсөл хэрэгжүүлэгч 2 талтай уулзуулж өгсөн. Харин Х.С-с үл хамаарах шалтгаанаар төсөл хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Х.С нь энэ төсөл гарцаагүй хэрэгжинэ гэдэгт итгэж, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, хувиасаа нэлээдгүй зардал гаргаж энэ ажлыг хөөцөлдсөн. Тэрээр Хонгконгод хөрөнгө оруулалтын ажлаар 1 сар гаруй болсон, хөрөнгө оруулагчийг зочид буудалд байрлуулсны зардал болон онгоцны зардлыг өөрөөсөө гаргаж байсан. А.Б болон “Н г в” ХХК мөнгө авч байсан удаагүй. “Буянт-Ухаа 2” хорооллын төсөл хэрэгжих бодит нөхцөл тухайн үед байсан. Тухайлбал, “Н г в” ХХК болон БНСУ-ын иргэн Жинг Юнг Хо нарын хооронд 2015 оны 10 дугаар сард байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/786 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулах болон урьдчилан тооцоолол хүргүүлсэн ТОСК-ын албан бичиг, “Н г в” ХХК болон ТОСК-ын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан хөрөнгө оруулж ажил гүйцэтгэх гэрээ, ТОСК-ын ажилтнууд болох М.О, Г.А нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байхад шүүх энэ талаар бодит дүгнэлт хийгээгүй.

Ч.Э гэгчийг залилсан талаар: Ч.Э нь зөвхөн Х.С-т 30.000.000 төгрөг залилуулсан биш юм. 90.000.000 төгрөгөөр бусдаас худалдаж аваад тал мөнгийг төлөөгүй байсан машинаа 30.000.000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргаж хохироосон. Мөн Х.С, Ч.Э нараар гэрээ хийлгүүлж, 30.000.000 төгрөг авахуулж 12.000.000 төгрөгийг хувьдаа авсан хүн бол яах аргагүй А.Б юм. А.Б нь Х.С-с уг мөнгийг өрөндөө авсан гэдэг ч өр авлагатай байснаа нотолж чаддаггүй. Энэ талаарх эх сурвалжаа заагаагүй, мөн “Н г в” ХХК-иас Х.С ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй болох нь “Н г в” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг болон гэрч А-н мэдүүлэг зэргээр түүний мэдүүлэг үгүйсгэгддэг юм. Үүнээс үзвэл А.Б нь Ч.Э, Х.С нарыг давхар залилж авсан 22.000.000 төгрөгийг төлөхгүйн тулд Х.С-р гэрээ хийлгэж урьдаас төлөвлөсөн шууд санаатай үйлдэл байсан байна. Тэрээр иргэний хариуцагчаар татагдаж мэдүүлэг өгөхдөө ч, Ч.Э-г мөнгөө нэхэхэд ч би чамтай гэрээ хийгээгүй, надад хамаагүй гэдэг юм. А.Б 22.000.000 төгрөг авснаа хүлээдэг боловч авах ёстой гэдгээ нотолж баримтаа гаргаж өгдөггүй. Зүгээр л төлөхгүй гэдэг нь жинхэнэ залилан, хүний гараар могой бариулсан хэрэг юм. Дээрх байдлуудаас дүгнэж үзвэл, А.Б Х.С-т өгсөн мөнгөө түүнээс авсан биш Х.С хувиасаа зарцуулсан мөнгөө авч үлдсэн 22.000.000 төгрөгийг А.Б-т өгсөн гэж үзэхээр байна. Гэсэн хэдий ч Х.С Ч.Э-с авсан 8.000.000 төгрөг өгнө гэсэн баталгаа нь хэрэгт авагдсан байдаг. Ч.Э, Х.С нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 5.3 -т “хамтран ажиллах гэрээний баталгаа болгож А талд бэлнээр төлсөн болно” гэсэн заалт бий. Мөн хохирогч Ч.Э мэдүүлэгтээ “Буянт-Ухаа 2” төсөлд Хонгконгоос хөрөнгө оруулалт ирнэ урьдчилаад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Ч.Э А.Б-н хамт явж машинаа зараад хөрөнгө оруулалт иртэл гээд 30.000.000 төгрөг өгсөн, мөн зээлүүлсэн ч гэж ярьдаг. Харин прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шиг бараа материал авах шаардлагатай байна гэж хуурч, худал хэлсэн зүйл огт байхгүй. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Х.С-н залилангийн үйлдлийн шинжийг 2 өөрөөр тодорхойлсон нь эргэлзээтэй байгаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүхийн тогтоолыг үндэслэлгүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоолгох зорилгоор прокурорт буцаалгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг хамтран гаргаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.С-н өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.С-тэй хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Х.С нь тухайн компанид ямар нэг ажил үүрэг гүйцэтгэснийхээ төлөө хийсэн ажил биш, иргэнийхээ хувьд уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд бодит байдлыг тогтоолгох зорилгоор хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Ч.Э-н өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.С нь хохирогч Ч.Э-г залилан мэхэлж, 30.000.000 төгрөгийг нь авсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Х.С нь төрийн албанд ажилладаг, төрийн тусгай албан хаагчийн хувьд ашиг хонжоо, хувийн ашиг сонирхлын үүднээс “Н г в” ХХК болон Б-тэй холбогдсон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. “Буянт-Ухаа 2” хорооллын барилгын төслийн гэрээ контракт тухайн үед хийгдээгүй байсан ба Х.С нь гэрээ хийх этгээд биш. Тэрээр уг мөнгийг барилгын төслийн ажилд биш, өөрөө ашиглах, өр төлбөрөө төлөх зорилгоор Ч.Э-г залилсан. ... Прокуророос Б-г иргэний хариуцагчаар татаж, төлбөр хариуцуулахаар тогтоосныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Харин бүх хохирлыг Х.С бүрэн хариуцаж төлөх ёстой гэж үзэж байна. Х.С нь шийтгэх тогтоолоор оногдуулсан хохирол төлбөр төлөөгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсанд хохирогч гомдолтой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. “Буянт-Ухаа 2” хороолол нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр юм. Гэтэл дээрх төсөл хөтөлбөрт “Н г в” ХХК нь тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй, зөвхөн хэлэлцээрийн шатанд биелэгдэх боломж бүрэн гүйцэд бий болоогүй байхад бий болсон мэтээр хохирогчийг хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Х.С нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гэгээнтэн цогцолборын нотариатын газарт “Буянт-Ухаа 2” хорооллын 2 дугаар ээлжийн төслийн барилгын ажил эхлээгүй, “Н Г в” ХХК-тай Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь гэрээ байгуулаагүй байхад дээрх ажилд БНХАУ-ын иргэн Ч.Э-тэй хамтран ажиллах буюу бараа материал ханган нийлүүлэх 60 орон сууцны хаалга, паркетан шал нийлүүлэх “Хамтран ажиллах гэрээ” гэх зүйлийг байгуулан, “бараа материал шаардлагатай байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Э-н “...2015 оны 12 дугаар сард Гончигсүрэн, Бат-Эрдэнэ нартай уулзахад “урдаас нийлүүлэх ажил байна, хамт энэ ажил дээр ажиллая” гээд Б, С нартай уулзуулсан. Тэр хоёр хүн “Буянт-Ухаа 2” хороолол баригдах гэж байгаа, хөрөнгө оруулалт нь Хонгконгоос орж ирж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй, паркетан шал, хаалгыг урдаас нийлүүлнэ. ...” гэхээр нь “надад бэлэн мөнгө байхгүй, өөрийн эзэмшлийн “Ланд круйзер 200” загварын машин байна” гэж хэлтэл “машинаа зарчих, мөнгө хэрэгтэй байна” гээд А.Б, Гончигсүрэн нартай “Да хүрээ” зах руу яваад уг машинаа ченжид 30.000.000 төгрөгөөр зарсан. С, Б нартай уулзаад нотариат дээр очиж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г С-тэй байгуулаад мөнгийг нь бэлнээр бүгдийг нь тоолж өгсөн. Түүнээс хойш Б, С хоёроос “ажил чинь юу болж байна” гэхэд “болж байна, удахгүй” гэж хойшлуулсаар байгаад 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн. ...” /1 хх 25-26/,

гэрч О.Гончигсүрэнгийн “... Э, С хоёр хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулаад 30.000.000 төгрөгийг С-т өгсөн. ... Мөнгө өгөхдөө С нь “зээлж байгаа мөнгө биш шүү, энэ бол ажил авах урьдчилгаа шүү” гэхэд Эрдэмт зөвшөөрсөн. ...” /1 хх 27-28/,

гэрч Х.Эрдэнэсоёлын “... Намайг Монгол хэл дээр бичигдсэн барилгын хаалга, цонх, паркетан шал нийлүүлэх гэрээг уншаад Э-д тайлбарлаж өгөхийг гуйсан. Би нэг бүрчлэн түүнд тайлбарлаж өгсөн. Ингээд Э нь 30.000.000 төгрөг бэлнээр гаргаж ирээд Сааяа гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. ...” /1 хх 29-30/,

гэрч Ч.Амарбаясгалангийн “... Б хөрөнгө оруулагч олох талаар С-тэй өөрөө ярьсан байсан. Тэгээд С авч ирсэн БНХАУ-ын иргэн гэх нэг эрэгтэйтэй “Буянт-Ухаа 2” төслийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хийхээр би гэрээ байгуулсан. ... Төслийн удирдагч болохоор А.Б бүх ажлыг хөөцөлдөж байсан. ...” /1 хх 179-180/,

гэрч М.Оригжавын “... 2016 оны эхээр хамтран ажиллах буюу Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээг “Н г в” ХХК-тай байгуулсан. ... Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болсон гээд гэрээ байгуулсан боловч хөрөнгө оруулалт нь бүтээгүй гээд дахиж гэрээ байгуулаагүй. ... “Н г в” ХХК нь хөрөнгө оруулалтаа хийсэн бол хэрэгжих боломжтой төсөл байсан. ...” /2 хх 82-83/,

 Иргэний хариуцагч А.Б-н “... Х.С нь Ч.Э-тэй гэрээ байгуулж, 30 сая төгрөг аваад Ч.Э-г дагуулж ирсэн Бат-Эрдэнийн эхнэрт 5.000.000 төгрөгийг өгсөн. ... Нотариатын газраас бид салаад Х.С бид хоёр үлдээд хамт явсан. Тэгээд би Х.С-с 15.000.000 төгрөг авсан. ...” /2 хх 228-229/ гэх мэдүүлгүүд,

Х.С, Ч.Э нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ” /2 хх 129-132/, Хөрөнгө оруулж, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1 хх 85-93/, Хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /2 хх 120-126/, Гаалийн Ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01-5/2258 дугаартай албан бичиг /1 хх 42/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.С-н Ч.Э-с 30.000.000 төгрөгийг “Н Г в” ХХК-тай Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь гэрээ байгуулаагүй байхад бараа материал ханган нийлүүлэх “Хамтран ажиллах гэрээ” гэх зүйлийг байгуулан, “бараа материал шаардлагатай байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Х.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нараас “... “Н г в” ХХК, Төрийн орон сууцны корпорацийн хооронд гэрээ байгуулагдаагүй байсан шалтгаан, мөн “Буянт-Ухаа 2” хорооллын 2 дугаар ээлжийн төслийн ажил эхлээгүй байсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн үйлдэл хэрхэн хамааралтай байх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хуурч, залилан мэхэлсэн үйлдэл тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй. ...

Ч.Э нь зөвхөн Х.С-т 30.000.000 төгрөг залилуулсан биш юм. 90.000.000 төгрөгөөр бусдаас худалдаж аваад тал мөнгийг төлөөгүй байсан машинаа 30.000.000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргаж хохироосон. Мөн Х.С Ч.Э нараар гэрээ хийлгүүлж 30.000.000 төгрөг авахуулж 12.000.000 төгрөгийг хувьдаа авсан хүн нь А.Б бөгөөд тэрээр Ч.Э, Х.С нарыг давхар залилж авсан 22.000.000 төгрөгийг төлөхгүйн тулд Х.С-р гэрээ хийлгэж урьдаас төлөвлөсөн шууд санаатай үйлдэл байсан. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, хэрэгт авагдсан хохирогч Ч.Э-н “...2015 оны 12 дугаар сард Гончигсүрэн, Бат-Эрдэнэ нартай уулзахад “урдаас нийлүүлэх ажил байна, хамт энэ ажил дээр ажиллая” гээд Б, С нартай уулзуулсан. Тэр хоёр хүн “Буянт-Ухаа 2 хороолол баригдах гэж байгаа, хөрөнгө оруулалт нь Хонгконгоос орж ирж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй, паркетан шал, хаалгыг урдаас нийлүүлнэ. ...” гэхээр нь ... машинаа ченжид 30.000.000 төгрөгөөр зарсан. С, Б нартай уулзаад нотариат дээр очиж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г С-тэй байгуулаад мөнгийг нь бэлнээр бүгдийг нь тоолж өгсөн. ...” /1 хх 25-26/ гэсэн мэдүүлэг болон гэрч О.Гончигсүрэн /1 хх 27-28/, Х.Эрдэнэсоёл /1 хх 29-30/,  Ч.Амарбаясгалан /1 хх 179-180/ нарын мэдүүлгээр Ч.Э-с Х.С нь тухайн үед Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн төслийн барилгын ажил эхлээгүй, “Н г в” ХХК нь Төрийн Орон сууцны корпораци ТӨҮГ-тай гэрээ байгуулаагүй байхад бараа, материал ханган нийлүүлэх буюу 60 орон сууцны хаалга, паркетан шал нийлүүлэх ажилд хамтран ажиллана гэж “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 30.000.000 төгрөгийг бэлнээр авч, уг мөнгөнөөс 22.000.000 төгрөгийг “Н г в” ХХК-ийн төслийн удирдагч А.Б-т шилжүүлэн өгч, өөртөө 8.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.Э нь Х.С-т мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөний хэмжээ, хэрхэн мөнгө олж түүнд өгсөн талаар болон уг болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд Х.С нь хохирогчоос эд хөрөнгийг авахдаа барилгын төслийн ажил эхлээгүй, гэрээ хийгдээгүй байхад хохирогчтой “Хамтран ажиллах” гэрээ хийж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв дүгнэж, шүүгдэгч Х.С-н хариуцвал зохих төлбөрийн хэмжээг 8.000.000 төгрөгөөр тогтоож, үлдэх 22.000.000 төгрөгийг иргэний хариуцагч А.Б-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.  

Үүнээс гадна, Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Х.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй байхад анхан шатны шүүх түүнд торгох ял шийтгэл оногдуулсан байх хэдий ч энэ талаар хохирогчийг зүгээс гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хөндөөгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн ерөнхий ангийн...” гэж хууль зүйн нэр томъёог буруу бичсэнийг цаашид анхаарвал зохино.