Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 000103

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

А.М, Ж.Ж,

Д.И нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                            Хэргийн индекс 142/2017/0068/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:           

 

          Прокурор                                          Ц.Мөнхтуяа

         Шүүгдэгч                                            А.М,Д.И, Ж.Ж

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч          О.Сарантуул

          Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолтой А-ын М, Д-ийн И, Ж-ийн Ж нарт холбогдох, 201714000098 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр суманд тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн А-ын М,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро инженер мэргэжилтэй, “Хүч” автомашин засварын газарт механик ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр суманд тоотод оршин суух, ял шийтгэлгүй , Чонос овгийн Д-ийн И,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н АТБ-д белазын жолооч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, ял шийтгэлгүй, О овгийн Ж.Ж.

 

Шүүгдэгч Д.И, А.М, Ж.Ж нар нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” клубт бүлэглэн хүч хэрэглэж Н.З, С.Б нарыг зодож хөнгөн хохирол учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн А-ын М, Ч овгийн Д-ийн И, О овгийн Ж-ийн Ж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.М, Д.И, Ж.Ж нарт ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засахыг үүрэг болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Д.И, Ж.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.И, А.Ж, А.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.И, А.Ж, А.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засахыг үүрэг болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах ёстой байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай заалтыг журамлаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд Д.И, А.Ж, А.М нарт холбогдох анхан шатны шүүхийн 256 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Д.И, А.Ж, А.М нарыг бүлэглэж үл ялих зүйлээр шалтаглан “нийтийн хув журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна. Учир нь олон нийтийн амгалан нийтийн амгалан тайван байдал яаж алдагдсан, энэ нь ямар байдлаар илэрсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй байгаа.

 

Хохирогч Б-ийг И цохисон асуудал байгаа бөгөөд М, Ж нар эрх чөлөөнд нь халдаагүй. Хохирогч З-ийн тухайд М-тай шүргэлцлээ гэж маргасан. М сүүлд цохисон, И, Ж 2 хэрхэн яаж зодож байсан эх сурвалж нь хангалттай биш. Харин хохирогчийн өөрийнх нь гаргаж өгсөн СД-гээр хохирогч өөрөө бусад руу дайрсан, улайрсан, бусдын шаардлагыг үл тоож байгаа зэргээр биеэ авч яваа байдал харагддаг.

 

Иймд Д.И, А.Ж, А.М нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаарын магадлалд заасан нөхцөл байдал, оролцооны талаар хангалттай тогтоогоогүй учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

 

 ...Эсэргүүцлээ дэмжиж байна... Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.И, А.М, Ж.Ж нар нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” клубт бүлэглэн хүч хэрэглэн Н.З, С.Б нарыг зодож хөнгөн хохирол учруулан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох :

 

Хохирогч С.Б ...Намайг ороход 2 давхарын шатан дээр И гэдэг залуу нэг залуугийн хамт манай найз З-г барьчихсан доош нь тонгойлгоод зодож байсан. Тэр залуу З-ийн элэг рүү нь гараараа цохиж байсан. Би очоод найзыгаа авах гэхэд И чи хэн бэ зайл гээд миний эрүү рүү 2 удаа цохьсон. Миний баруун чих рүү гараараа цохиход миний толгой дүүрч чих шуугиад их өвдсөн... гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.З-ийн ...Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад М ирээд санаандгүй мөрлөсөн. Над руу дайрч миний шанаа руу нэг удаа цохисон. Найзууд нь ирж надаас холдуулсан. Тэгтэл М араас ирж миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Дараа нь М-ны найз болох И өөр нэг залуугийн хамт баарны 2 давхрын шат руу татаж гаргаад цохиж зодсон. И миний толгойн ар хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Мөн хөл рүү өшиглөсөн. Хажууд нь байсан залуу миний элэг бөөр, толгой тархи руу олон удаа цохисон... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.А-ийн ...Цагаан цайвар цамцтай залуу Б-ийн хацар луу нэг удаа цохиод түлхсэн. Дахин Б найзаа аваад явъя гэхэд нь тэр залуу гараараа цохисон. Дахиад нэг удаа хацар луу нь цохисон. Б-ийг нийт 3 удаа цохисон залуу анх З-г 2 залуутай нийлээд зодож байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Золбаатарын ...Бааранд байсан залуучууд хоорондоо маргалдаж зууралдсан байдалтай байсан. Нилээд олон хүмүүс нэг нь нэгнээ салгасан байдалтай байсан. Б намайг нэг залуу алгадчихлаа чих шуугиад байна гэж байсан..., З-н нүүр нь хавдсан байсан... гэсэн мэдүүлэг

Гэрч П.О ...Баарны үүдний коридорт М хүмүүстэй маргаад байх шиг байсан. Үүдний шатан дээр Ж нь ...Золбоотой заамдалцаад авчихсан байсан. Би тэр хоёрыг салгах гэж очсон тэр хоёр нилээд амьсгаадсан хоорондоо зодолдчихсон байсан. З нь Ж заамдсан хананд шахсан зогсож байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Б-ийн ...Үүдэнд хүмүүс маргалдаад байх шиг байсан. Миний анзаарснаар И л нэг залуутай муудалцсан юм шиг байна лээ... гэсэн мэдүүлэг

 

Шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаартай

 

-хохирогч С.Б-ийн биед баруун чихний хэнгэргийн цооролт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой..., Шинэ гэмтэл байна..., Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..,. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., гэсэн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 141 дугаартай :

 

-хохирогч Н.З-ийн биед тархи доргилт, нүүр, баруун чихний ард, хүзүүнд цус хуралт үүсчээ..., Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой..., Шинэ гэмтэл байна..., Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., Дээрх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., гэсэн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди зэрэг хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзээд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засахыг үүрэг болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлах байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай заалтыг журамлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... зэрэг байдлуудыг харгалзан үздэг ба шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдал, хор уршгийг арилгасан, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан ...Д.И, А.М, Ж.Ж нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ... шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан ...” гэснийг “...7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан ...” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

                   ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА                                                                                           

                                                                                                                          

                                                                                                       С.ЦЭЦЭГМАА