Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 742

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-ын Ад холбогдох эрүүгийн 19100 2375 0781 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Г.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Кито ХХК-д инженер ажилтай, ам бүл , хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центер”-ийн зүүн талд “урьд маргалдаж байсан хүн байна” гэж андуурч хохирогч Ү.Б-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Болсон асуудлын хувьд миний буруу, дахин ийм алдаа гаргахгүй. Би тухайн үед 120 мянгатын автобусны буудлаас хохирогчийн байсан газар хүртэл алхаад явж байсан. Би хохирогчийг цохисны дараа зугтаах гэж оролдоогүй. 

Би хохирогчоос уучлалт гуйсан ба одоогийн байдлаар эмчилгээний зардал хохиролд 300.000 төгрөгийг төлсөн байгаа. Би хохирогчийг учирсан бодит хохирлоос илүү мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна. Тиймээс шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг нөхөн төлнө. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, гэхдээ тухайн үед стресстэй байсан юм. Би хохирогчийн нүүрний баруун шанаанд нь цохисон.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2375 0781 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 10 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мезомед нэртэй арьс гоо заслын эмнэлэг дээрээ ирээд ажлаа хийж байгаад, 18 цагийн үед ажлаасаа гараад гэртээ харих гээд хамт ажилладаг С.Отгончимэгийн хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наадам центрийн зүүн талд нь явж байхад зүс үл таних эрэгтэй хүн урдаас алхаж ирж байснаа миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би арагшаа зам руу савж унаад ойролцоогоор 1-2 минутын дараа босож ирэхэд намайг цохисон гэх залуу нилээн хол явчихсан, араас нь манай ажлын газрын С.Отгончимэг “та яахаараа манай найзыг цохидог юм бэ” гээд зууралдаад байж байхаар нь би араас нь явж очоод “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэхэд нөгөө эрэгтэй хүн “та нар хүмүүсийг цохиход яадаг юм бэ” гээд дахин цохих гээд дайраад байсан. Тэгэхэд хажууд явж байсан эрэгтэй хүн “яасан бэ, юу болсон бэ, зүгээр үү” гэж хэлээд нөгөө залууг болиулах гэсэн боловч нөгөө залуу дайраад байсан. Энэ үед зам дээр зогсож байсан машины жолооч ах бууж ирсэнээ нөгөө залууг бариад цагдаад хүлээлгэж өгсөн.

Намайг цохисон залууг бол би танихгүй, өмнө харж байгаагүй. Тухайн хэрэг болох үед хажуугаар явж байсан танихгүй хүмүүс байсан. Тэр залуу миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, өөрөөр бол цохисон зүйл байхгүй. С.Отгончимэг надтай цуг явж байсан, түүнийг цохисон зүйл байхгүй.

Намайг цохисон залуу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Эмчилгээний зардал 1.887.310 төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Отгончимэгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 10 сарын 10-ны орой 19:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн хойно наадмын талбай руу ордог машины зогсоолын харалдаа явган хүний зам дээр найз Бгийн хамт Ханс вилл хотхоноос ажлаа тараад гэртээ харихаар алхаж явж байтал нэг залуу хүрч ирээд юу ч дуугараагүй, манай найзын нүүр рүү нэг удаа гараа атгаж байгаад маш хүчтэй цохисон. Тэр үед манай найз Б машин зам руу унахад, тэр залуу яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр залуугийн араас нь очоод зууралдаад байж байсан. Бараг 200 метр гаруй газар явсан. Тэгээд үл таних 2 залуу ирж тусалсан.

“Яагаад зодож байгаа юм бэ” гэхэд “эмэгтэй хүнийг ингэж зодож байсан нь дээр” гээд янз бүрийн юм яриад байснаа “би мөнгийг нь өгчихье, цагдаа дуудах юм бол нэг цаас л бичдэг юм, тэгээд эмнэлгээрээ яваарай” гээд байсан. Тэр залуу намайг цохиогүй, зүгээр миний гарнаас бариад 2-3 удаа хүчтэй түлхсэн. Тэр залууг анх удаа харж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 12330 дугаартай:

1. Ү.Б-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б-гийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 29-30х, 31х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Аы яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 08 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа очсон. Орой 18 цагийн үед ажлаасаа гараад автобусанд суугаад, 120 мянгатын буудлаас буугаад гэрлүүгээ алхаад Наадам центрийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах явган хүний замаар явж байхад зүс таних хүн байх шиг байхаар нь би очоод, зүүн гараараа нэг удаа нүүр орчим газарт нь цохиод яваад өгсөн. Тэгэхэд цуг явж байсан эмэгтэй нь намайг явуулахгүй гээд зуураад байсан. Ингээд цагдаа нар ирээд намайг аваад явсан юм.

Би тухайн эмэгтэйг танихгүй, түүнийг хүнтэй андуурсан байсан. Би Ү.Б-гийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би түүнийг нэг удаа зүүн гараараа нүүр орчимд нь цохисон. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй, миний буруу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 46х/, бакалаврын дипломын хуулбар баримт /хэргийн 50-53х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Аы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ань 2019 оны 10 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центер”-ийн зүүн талд “урьд маргалдаж байсан зүс таних хүн” гэж андуурсан үндэслэлээр хохирогч Ү.Б-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт” гэмтэл  бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Ү.Б-гийн мэдүүлэг /хэргийн 07-08х, 10х/, гэрч С.Отгончимэгийн мэдүүлэг /хэргийн 15х/ болон  “...Ү.Б-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 12330 дугаартай дүгнэлт /хэргийн 25х/, шүүгдэгч Г.Аы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 41-42х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч Г.Ань 2019 оны 10 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центер”-ийн зүүн талд “урьд маргалдаж байсан хүн” гэж андуурч Ү.Б-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Хан-Уул дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч Г.Аы гэм буруутай дээрх үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ү.Б-гийн биед учирсан “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ, оношилгоо, сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн хохирогч Ү.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгооны зардалд зарцуулсан гэх толгойн томографын зураг авахуулсаны төлбөр 120.000 төгрөг, эм худалдан авсаны 118.310 мөн 49.000 төгрөг, “Mezomed beauty clinic” гоо сайханы эмнэлэгт хийлгэсэн нөхөн сэргээх, дархлаа дэмжих эмчилгээний RF эмчилгээ 500.000 төгрөг, Синдрелла дусал тариа хийлгэсэн 700.000 төгрөг, Led /шарлага/ гэрэл эмчилгээний 400.000 төгрөг, нийт 1.887.310 төгрөг нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний төлбөр төлсөн баримтуудыг /хэргийн 29-30х/хэрэгт гаргаж, хавсарган бэхжүүлсэн баримттай байна.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна. 

 

Шүүгдэгч Г.Ань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ү.Б-д гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 300.000 төгрөг нөхөн /хэргийн 77х/ төлсөн байх тул нэхэмжлэлээс үлдэх 1.587.310 төгрөгийг гэм буруутэй этгээд болох шүүгдэгчээр нөхөн төлүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцнэ гэж үзлээ. 

   

Шүүгдэгч Г.Ань урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 56х/ байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

    

Шүүх, шүүгдэгч Г.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                     ТОГТООХ нь:

 

1. Д овогт Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Г.А-аас 1.587.310 /нэг сая таван зуун наян долоон мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн ,,,, дүгээр хороо, ,,,,,,, тоотод оршин суух, /РД:/ Б овогт Ү-ын Б-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт Г.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД