Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 219

 

                                                                     Г.А-д  холбогдох

                                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                                                     

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Г.А-ны өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/742 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ны өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор Г.А-д холбогдох эрүүгийн 1910 02375 0781 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д г овгийн Г-н А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “К...” ХХК-д инженер ажилтай, ам бүл 1, .................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн зүүн талд “урьд маргалдаж байсан хүн байна” гэж андуурч, хохирогч Ү.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.А-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Г.А-с 1.587.310 төгрөг гаргуулж, хохирогч Ү.Б-д олгож, Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Г.А-ны өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн, давж заалдах гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Г.А-с 1.587.310 төгрөг гаргуулж Ү.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь,

1. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ү.Б-н “M b c” гоо сайханы газарт хийлгэсэн эмчилгээ нь эмчийн бичиггүй, зөвшөөрөлгүй, эмийн жоргүй хийгдсэн эмчилгээ болох нь тодорхой байдаг. Энэ нь “M b c” гоо сайхны газарт хийлгэсэн гоо сайхны үйлчилгээ нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн шууд үр дагаварт зайлшгүй хийлгэсэн гоо сайхны эмчилгээ гэж үзэх боломжгүй. Шүүгдэгчийн хувьд хавтас хэрэгт авагдсан эмчийн үзлэг, эмчийн жорт бичигдсэн эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

2. Хохирогчийн зүгээс тухайн эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн хэдий боловч тухайн эмчилгээ нь хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь, хохирогч өөрөө “M b c” гоо сайхны газарт ажилладаг, хавтас хэргийн 33 дугаар талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд “хохирогч Ү.Б-н үзүүлсэн гэх “M b c” эмнэлгийн эмч З-н ирж үзүүлж байгаа иргэдийн мэдээллийн бүртгэлд байхгүй байгаа нь Ү.Б-г 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзүүлсэн нь тодорхойгүй байх тул тэмдэглэл болгон бичив” гэснээр хохирогч Ү.Б нь тухайн эмчилгээг хийлгүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна.

            Мөн шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс хохирогч “M b c” гоо сайхны эмнэлэгт хийгдсэн эмчилгээ нь эргэлзээтэй, нотлох баримт хангалтгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогчийг хохирлоо жич нэхэмжлэх талаар саналыг шүүхэд гаргасан боловч шүүх анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл дээр дурдсан үндэслэл тайлбар, нотлох баримтаар хохирогч Ү.Б-н “M b c” гоо сайхны газарт хийлгэсэн гэх гоо сайхны үйлчилгээ нь гэмт хэргийн хохирлын улмаас зайлшгүй гарсан зардал гэж үзэх хууль зүйн боломжгүй, эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй, эмчилгээний бичиггүй, эмчийн зөвшөөрөлгүй, нотлох баримт нь хангалтгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчийн биед учирсан гэмтэл нь нүүрэн тус газарт нь буюу зүүн нүд, зовхи буюу шууд харагдах газар хохирол учирсан байдаг. Хохирогч Ү.Б нь арьсыг нөхөн сэргээх, дархлааг дэмжих эмчилгээг 1.800.000 төгрөгөөр хийлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр”-ийн зүүн талд “урьд маргалдаж байсан хүн байна” гэж андуурч, хохирогч Ү.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ү.Б-н “...Би гэртээ харихаар хамт ажилладаг О-н хамт “Наадам центр”-ийн зүүн талд явж байхад үл таних эрэгтэй хүн урдаас алхаж ирж байснаа миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би арагшаа зам руу савж унаад ойролцоогоор 1-2 минутын дараа босч ирэхэд намайг цохисон эрэгтэй хүн нэлээд хол явчихсан, араас нь манай ажлын О “та яахаараа манай найзыг цохидог юм бэ” гэж хэлээд зууралдаад байж байсан. Би араас нь явж очоод “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэж хэлэхэд нөгөө эрэгтэй хүн “та нар шиг хүмүүсийг цохиход яадаг юм бэ” гэж хэлээд цохих гээд дайрахад хажууд явж байсан эрэгтэй хүн “яасан юу болсон, зүгээр үү” гэж хэлээд нөгөө залууг болиулах гэсэн. ...” /хх 6-8/,

гэрч С.О-н “... Би найз Б-н хамт ажлаа тараад явж байтал нэг залуу хүрч ирээд юу ч дуугараагүй манай найзын нүүр лүү 1 удаа гараа атгаж байгаад маш хүчтэй цохисон. Тэр үед манай найз Б машин зам руу унасан. Тэр залуу цохичихоод яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр залуугийн араас нь очоод зууралдсан. ...” /хх 15/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ү.Б-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 12330 дугаартай дүгнэлт /хх 25/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас “...хохирогч Ү.Б-н “M b c” гоо сайхны газарт хийлгэсэн гэх гоо сайхны үйлчилгээ нь гэмт хэргийн хохирлын улмаас зайлшгүй гарсан зардал гэж үзэх хууль зүйн боломжгүй, эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг өөрчилж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Г.А-ны үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Б-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь “M b c” гоо сайхны газарт 1.600.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хэрэгт авагджээ.

            Гэтэл хавтас хэрэгт авагдсан эмийн жор /хх 32/, “... хохирогч Ү.Б-н үзүүлсэн гэх “M” эмнэлгийн эмч З ирж үзүүлж байгаа иргэдийн мэдээллийн бүртгэл байхгүй байгаа нь Ү.Б-г 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзүүлсэн нь тодорхой байхгүй тул тэмдэглэл болгон бичив” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээс үзэхэд уг гоо сайхны газарт хийлгэсэн гэх эмчилгээ нь энэ гэмт хэргийн улмаас зайлшгүй хийлгэх эмчилгээ гэж үзэх боломжгүй байна.

            Иймд хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Г.А нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролдоо хохирогч Ү.Б-д 300.000 төгрөгийг төлснийг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “хохирогчийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх”-ээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.