Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0254

 

“Ц” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч А.Сарангэрэл, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, Д.В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Ц” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.12 /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ дахь хэсгийг баримтлан “Ц” ХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан “Ц” ХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолд Хөтөл-2 ордод олгох талбайн солбицлыг өргөдлөөр олгохоор тусгасан нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтад нийцээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэтэрхий нэг талыг барьж, илтэд хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон тул давж заалдах гомдол гаргаж байна.

Дархан-Сэлэнгийн районд 1960 онд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд шохойн чулууны илэрцийг нээж, 1978 онд шохойн чулууны хайгуулын ажлыг гүйцээн хийж Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт шохойн чулууны ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлэн Хөтөл-1, Хөтөл-2 ордыг нээж, уг ордыг түшиглүүлэн, Эрдэнэт үйлдвэрийг технологийн шохойгоор, Монгол Улсын барилгын салбарыг цементээр хангах 10,000 хүн амтай суурин хот байгуулах ТЭЗҮ-г Монгол-Оросын хамтарсан Засгийн газрын комиссын шийдвэрээр, жилд 65000 тн шохой, 500 мянган тн цемент үйлдвэрлэх үйлдвэр, мөн дулааны станцыг барьж байгуулан 38 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. /Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогын хүрээнд/

1976 онд хийсэн хайгуулын ажлаар Хөтөл-2 ордод бүхэлд нь хайгуул явагдсан бөгөөд “Г х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авсан талбайд 50,0 уртааш метр өрөмдлөг хийгдсэн нь тухайн үеийн ханшаар нийт 183,0 мян.төгрөг, 2008 онд хийсэн хайгуулаар 80,2 уртааш метр өрөмдлөг хийж 12,052,2 мян.төгрөг, 2014 онд хийсэн хайгуулаар 313 уртааш метр өрөмдлөг хийж 74,135,2 мян.төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Шохойн чулууны Хөтөл-1, Хөтөл-2 орд нь манай компанийн түүхий эдийн үндсэн орд бөгөөд уг ордуудыг түшиглэн тус үйлдвэрийг барьж байгуулсан нотлох баримт болох МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл, Улсын төлөвлөгөөний комиссын тогтоол шийдвэр, Монгол-Орос улсын Засгийн газар хооронд хэлэлцээр, техникийн проект, ТЭЗҮ болон улсын төсвийн хөрөнгөөр болон төрийн өмчит компанийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлуудын тайлан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтүүд, нөөц бүртгэсэн тушаалууд зэрэг хангалттай нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн болно. Нотлох баримтуудыг анхан шатны шүүх огт үнэлээгүй бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг гадаад, дотоод худалдааны үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2015 онд байгуулагдсан “Г х” ХХК-д олгосон, өнөөдрийг хүртэл уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, сум орон нутаг, аймгийн Засаг даргын санал шийдвэргүйгээр зөвхөн худалдах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон Кадастрын хэлтсийн даргын тушаалыг манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2021/0197 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Г х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгчийн өмгөөлөгч би анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэж Хөтөл-2 ордын өмнөд биетийн төгсгөл хэсгийг Ш гэж дураараа нэрлээд 37,88 га газрын тасалж өөр компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байгаа Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай тушаалыг Хөтөлийн “Ц” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Уг ордуудад түшиглэн Хөтөлийн Цн үйлдвэрийг хот суурингийн хамт барьж байгуулсан нь 1-р хавтаст хэргийн 98, 103, 104, 107, 109-111, 113, 114-116, 117-119, 120-122, 123-124, 133-138-р талд байгаа нотлох баримт Төрийн өмчийн хорооны 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/875 дугаартай албан тоот, үйлдвэр худалдааны яамны шалгалтын дүнгийн тухай албан тоот зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Гэтэл шүүх энэ ордыг түшиглэн байгуулсан 800 гаруй ажиллагсадтай Ц үйлдвэрийн түүхий эдийн нөөцөөс хасагдах, түүнийг дагасан орон нутгийн хотын иргэдийн аж амьдрал, аж ахуйн нэгж байгууллага, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа цаашилбал Монгол орны төсвийг бүрдүүлж байгаа Эрдэнэт үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа доголдох, ашиг орлого нь тасалдах зэрэг асуудлыг арилжааны зориулалтаар тусгай зөвшөөрөл авчхаад хэдэн зуун саяар тусгай зөвшөөрлөө танайд заръя гэсэн үнийн саналыг ирүүлээд байгаа “Г х” ХХК-ийн эрх ашгаас доогуур тавьж, эрх ашгийг нь зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр шүүхийн шийдвэр нь хайгуулын зөвшөөрөл зарж ашиг олдог хууль бус үйлдлийг дэмжиж, хамгаалж байгаагаас өөрцгүй болжээ.

Тус компанийн хувьд 1983 оноос эхлэн Хөтөл-1 ордоо ашиглан үйлдвэрлэл явуулж ирсэн бөгөөд цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх асуудал УИХ8 Засгийн газрын түвшинд 2004 оноос эхлэн хэлэлцэгдэж тогтоол, шийдвэр гарсан үеэс эхлэн Хөтөл-2 ордын нөөцийг дахин бататгах, хууль зөрчин Эрэл, Мандат хайрхан, Лайм-Инвест зэрэг аж ахуйн нэгж хувь хүнд олгогдсон хайгуулын зөвшөөрлийг цуцлах асуудал тавигдсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 03 дугаартай албан даалгаврын дагуу Ерөнхий сайдын 38, 39 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2006 онд Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдалд шалгалт явуулж, Үйлдвэр худалдааны яамнаас мөн оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2/2296 дугаартай албан тоотыг Ашигт малтмалын газарт хүргүүлж Хөтөл-2 ордод хууль зөрчиж авсан хайгуулын зарим зөвшөөрлүүдийг цуцалсан юм.

Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэн газрын дарга Л.Болдын 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/5384 дугаартай тоотоор Хөтөлийн “Ц” ХК-ийг Хөтөл-2 ордод гүйцээх хайгуул хийлгэж ордын нөөцийг дахин тооцуулж ирүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулж, нөөцөд бүртгүүл гэсэн үүрэг, чиглэл ирүүлсний дагуу Төрийн өмчийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу тус компани Хөтөл-2 ордод 100 га газрыг хамруулан нөөц бататгах, гүйцээх хайгуулыг 2008 онд 119,000,000 төгрөг зарцуулж хийж Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 260 дугаар тушаалаар нөөцийг нь шинэчлэн ашигт малтмалын нөөцөд бүртгэсэн байна.

Түүнчлэн, “Г х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод буй талбай нь 1978 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул явуулж, нөөцийг тогтоон эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдсэн байсан, мөн 1989 онд гүйцээх хайгуулыг улсын төсвөөр, 2008 онд 100 хувь төрийн өмчит компанийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь Ашигт малтмалын улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хөдөлбөргүйгээр нотлон тогтоогдож байгаа болно.

Шохойн чулууны Хөтөл-2 ордод 1960 онд эрэл, 1963, 1976 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулаар шохойн чулууны ордын нөөцийг урьдчилан тогтоон Хөтөл-1, Хөтөл-2 орд гэж нэрлэн нөөцийг нь бүртгэж, улмаар 1989, 2008, 2014 онуудад нөөцийг шинэчлэн бататгах нэмэлт хайгуул хийгдэж нөөцийг нь Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь 1-р хавтаст хэргийн 133-р талд байгаа Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 260 дугаар тушаал, 1 дүгээр хавтас хэргийн 125, 4 дүгээр хавтаст байгаа 2015 оны н/134 дугаартай тушаал, 2-р хавтаст хэргийн ард хавсаргасан Ашигт малтмалын газрын Геологийн мэдээллийн төвөөс хуулбарыг баталгаажуулж ирүүлсэн 2008 онд хийсэн хайгуулын ажлын тайлангийн зураг, /Х шугам дээр тавигдсан 48-52-р цооног/, 3-р хавтаст хэрэгт хавсаргасан улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын техникийн зураг зэрэг нотлох баримтаар нотлон тогтоогдож байхад анхан шатны шүүх ордын нөөцийг шинэчлэн бүртгүүлснээр өмнөх хайгуулын ажил нь хүчингүй болсон эсхүл огт хайгуул хийгээгүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Уг ордод улсын төсвийн хөрөнгөөр болон төрийн өмчит компанийн хөрөнгөөр хэд хэдэн удаа хайгуул хийгдсэн нь тогтоогдож байгаа тул “Г х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай тушаалыг Ашигт малтмалын хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө гаргасан байгаа учир Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 19.12 дахь заалтуудыг зөрчсөн байхад энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх **-****** дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд нь Хөтөл-2 орд, харин “Г х” ХХК-ийн хайгуулын **-***** дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд нь энэ ордтой давхцалгүй, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоогдсон нөөц бүхий талбайд олгогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нөөцийг нь хассан гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа ордыг л зөвхөн Хөтөл-2 орд гэж хийсвэрээр дүгнээд “Г х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг Хөтөл-2 ордын бүрэлдэхүүн буюу ордын өмнөд биетийн төгсгөл хэсэг, энэ ордод багтаж байгаа талаарх нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хөтөл-2 ордод хамааралгүй гэдгийг үгүйсгэсэн ямар ч нотлох баримт байхгүй байхад ямар нотлох баримтыг үндэслэж ийм дүгнэлт хийгээд байгаа талаараа тусгаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул гомдолтой байна.

Хяналтын шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай тогтоолд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн Хөтөлийн районы барилгын материал, шохойн чулууны ордын геологийн судалгааны ажлын хүрээнд судалсан ордод хамаарч байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайн хэмжээгээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн газар хязгаарлагдахгүй байж болох бөгөөд хэрэв маргаан бүхий талбайд хайгуулын ажил хийгдсэн гэдэг нь тогтоогдвол хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгогдох учиртай гэж тогтоолын хянавал хэсэгт дурдсаар атал анхан шатны шүүх үүнийг огтхон ч анхаараагүй байна. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсны дараа шүүх өөрийн санаачлагаар бүрдүүлсэн материалд Хөтөл-2 ордод бүхэлд нь хайгуул явуулсан нь нотлогдож байгаа болно.

Хөтөлийн “Ц” ХК нь өөрийн хөрөнгөөр 2008 онд Хөтөл-2 ордод 100 га газрыг хамруулан хайгуул хийж нөөцийг нь шинэчлэн тогтоосон байдаг. Энэ хайгуулаар маргаан бүхий талбайд Х, ХI баганад 48, 50 дугаартай цооног өрөмдсөн, “Г х” ХХК-д олгогдсон талбай нь хайгуулд хамрагдсан байгаа ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Тухайн үед хайгуул хийгдсэн 100 га-д ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй нь Сэлэнгэ аймаг, Орхон сумын удирдлагаас тариалангийн талбай давхцаж байгаа учир үлдээж ашиглалтын зөвшөөрлөө авахыг хүссэнтэй болон манай үндсэн орд учир нөөцөд нь хадгалагдаж байгаа гэсэн ойлголттой байсантай нь холбоотой бөгөөд ашиглалтын явцад урагш нь тэлэх шаардлагатай болсон тул 2015 онд хүсэлтээ гаргаж байжээ. Энэ нь 2006 онд гарсан Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн шийдвэртэй ч бас холбоотой юм. Манай үндсэн орд хайгуул хийгдсэн, нөөцөд байгаа гэсэн утгаар нь тэлэх хүсэлт гаргаж байсан гэдэг.

Засгийн газрын 239 дүгээр тогтоолын хавсралтын 40774, 40775 дугаарт тусгагдсан солбицлыг үндэслэн “Г х” ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосон нь техникийн алдаа байх магадлалтай гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болохын тухайд:

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын 38744, 38745 дугаарт өргөдлөөр, 115561, 115562 дугаарт сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицлыг баталсан байгаа боловч “Г х”-т олгогдсон талбайн солбицлыг энэ жагсаалтын 40774, 40775 дугаарт тусгагдсан солбицлын дагуу олгосон гэсэн нотлох баримтыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн байсан. /1-р хавтаст хэрэгт/ Энэ нь Засгийн газраас батлан гаргасан тогтоолын хавсралтаас зөрүүтэй байсан учир нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч бид шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүгч Б.Адьяасүрэн нь өөрөө биечлэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг байлцуулан Кадастрын бүртгэлийн хэлтэст байгаа материалд үзлэг хийхэд Засгийн газраас батлагдаж гарсан тогтоолын дагуу бус батлагдаагүй төслийн дагуу тусгай зөвшөөрөл олгогдсон нь тодорхой нотлогдсон байдаг. /6-р хавтаст хэргийн 217-228/ Гэтэл үүнийг шүүх техникийн алдаа байх магадлалтай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэхээс өөр аргагүй юм.

Засгийн газраас эрх зүйн актыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйл, Засгийн газрын 2009 оны 3 дугаартай тогтоолоор баталсан Засгийн газрын хуралдааны журамд заасан зохицуулалтын дагуу хэлэлцэж тухайн салбарын сайд, /Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд/ хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл олгосны дараа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хууль тогтоомжид нийцэж байгааг нотолж үүний дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан ёсчлон гаргадаг байна.

Мөн уг тогтоолыг Төрийн мэдээлэл сэтгүүл болон өдөр тутмын сонин хэвлэлд огт нийтлүүлээгүй байгаа Засгийн газрын тухай хуулийн 30.9 дүгээр зүйлд заасан Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу тогтоол хүчин төгөлдөр болох зарчим, мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан нийтэд мэдээлэх хуулийн зохицуулалтыг ч зөрчсөн байна. Нийтлээгүй гэдгийг хариуцагч Энхтайван шүүх хуралдаан дээр хэлж байсан.

Гэтэл Кадастрын хэлтэс нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй, харин Засгийн газарт оруулахаар бэлтгэсэн тогтоолын ноорог, төслийнхээ дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод манай шийдвэр үндэслэлтэй бид хууль зөрчөөгүй гэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Тогтоолын төсөлд “Г х”-т олгосон талбайн солбицол нь 40774 дугаарт 572 дүрсийн дугаартай тусгагдаж байсан бол үүнтэй ойролцоо солбицол нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд ёсчлогдон гарсан тогтоолд 38744, 38745 дугаарт 540 гэсэн дүрсийн дугаартай солбицол нь өргөдлөөр олгох, 115561, 115562 дугаарт 989 гэсэн дүрсийн дугаартай солбицол нь сонгон шалгаруулалтаар олгох талбай гэж ангилан тусгасан байхад 115561, 115562 дугаартай солбицлыг мөн өргөдлөөр олгох боломжтой талбайд хамруулсан байна гэж илтэд зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна. Уг тогтоолын хавсралт жагсаалтын 1-68592 хүртэл өргөдлийн талбай, 68593-144204 хүртэл сонгон шалгаруулалтын талбай гэж тогтоолд тодорхой тусгасан байхад шүүх үүнийг гуйвуулж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, ойлгомжгүй байна.

Шүүгч нь өөрөө үзлэг хийж тогтоолын төслийн 40774, 40775 дугаарт Орхон сумын нутаг дэвсгэрийн солбицол тусгагдсаныг тодруулж тэмдэглэл үйлдсэн хэрнээ үүнийг техникийн алдаа байх магадлалтай гэж шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Кадастрын бүртгэлийн хэлтэс нь тогтоолын батлагдаагүй төслийг 10 боть болгон архивласан байсан ба батлагдсан тогтоол нь Кадастрын хэлтэст ч, Ашигт малтмалын газар, яаманд ч байгаагүй тул шүүх Засгийн газраас гаргуулсан байдаг. Засгийн газрын тушаалын хавсралтыг бүрэн шалгаж үзэлгүй 115561, 115562 дугаартай солбицлыг өргөдлийн талбай гэж хуурамч нотлох баримт ирүүлсэн байдаг тул бид энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан болно.

Үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурлыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийж 771 дугаартай магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүх 115561, 115562 дугаартай солбилцлыг сонгон шалгаруулалтын талбайд орсон талаарх нотлох баримтыг Засгийн газраас гаргуулах хүсэлтийг хангасан ба магадлалынхаа үндэслэх хэсэгт “... солбицол нь зөвхөн өргөрөг, уртрагийг заасан байх тул бодит талбай ямар болох нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой нэг цэгийн байршил өргөрөг, уртраг гэж ойлгогдохоор байна. 38744, 115561, 115562 гэсэн талбайн бодит хэмжээ мөн эсэх, нэг ижил дүрсийн дугаарт бичигдсэн солбицлууд нийлээд талбайн хэмжээг илэрхийлэх эсэхийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай байна гэснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Ийм учраас Кадастрын хэлтсийн даргын 530 дугаартай тушаал нь хүчин төгөлдөр бус, эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул үүнийг үндэслэн олгосон тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2021/0197 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Г х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Жич: “Г х” ХХК хайгуул явуулж, нөөцийг тогтоон үйлдвэрлэл явуулах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл аваагүй харин арилжааны зориулалтаар өөрөөр хэлбэл лиценз зарж ашиг олох зорилгоор авсан гэдэг нь нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 48-р талд авагдсан “Г х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг гадаад, дотоод худалдаа гэж тусгасан байна. Дүрмийн санг нь ч анхаарах шаардлагатай.

Захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон 128/ШЗ2021/1806 дугаартай захирамжийг 2018 оны 3 дугаар сард гаргасан, хайгуулын ажил хийх эрх нь нээлттэй байсан хэдий ч хайгуулын зөвшөөрөл авсан энэ 2 жил гарангийн хугацаанд хайгуул явуулаагүй.

Хайгуулын тусгай зөвшөөрлөө 400,000,000 төгрөгөөр зарах саналыг 2020 оны 1 дүгээр сард Цн үйлдвэрт ирүүлсэн зэргээр нотлогдож байна. “Г х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл зарах санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 48, 49.2, 49.4, 49.5, 49.6, 49.10 зүйл заалтуудыг зөрчиж байна.

Давж заалдах гомдолд Засгийн газрын тогтоолын хавсралтаас хэсэгчлэн татсан хувь болон “Г х” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй хамааралтай талбайн солбицолуудыг хүснэгтээр гаргаж хавсаргав. /шинэ нотлох баримт бус/ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт Ш гэх газарт 37 га талбайд “Г х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь тухайн талбайд 1978 онд улсын төсвийн хөрөнгөөр нөөц тогтоож, 1989, 2009, 2015 онд мөн улсын төсвийн хөрөнгөөр болон тус компани өөрийн хөрөнгөөр гүйцээх хайгуул хийж, нөөцийг шинэчилж тус тус тогтоосон, 2015 онд хариуцагчид албан бичгээр энэ талаар мэдэгдэж, ашиглалтын талбайгаа тэлэх хүсэлтээ хүргүүлсэн байхад “Г х” ХХК-д өргөдлөөр шууд олгосон нь хууль бус гэж маргажээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж тус тус заасан.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эдгээр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр болон нэхэмжлэгчийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон талбайд тухайн маргаж байгаа 37,0 га талбай хамаарч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэний дагуу анхан шатны шүүх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад сэргээж, тухайн хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь “Хөтөл 2” нэртэй ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайтайгаа “Г х” ХХК-д олгосон талбайг давхцалтай гэж маргаагүй байхад Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн х/134 дүгээр тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 11-03 дүгнэлтээр нөөцийг шинэчлэн баталсан талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэж дурдаад “нөөц тогтоосон талбайтай давхцалгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь улсын төсвийн хөрөнгөөр 1978, 1989, 2009, 2015 онуудад гүйцээх хайгуул хийж нөөц тогтоосон гэх талбай нэхэмжлэгчийн өөрийнх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бүрэн багтсан болохыг нотолсон баримтыг үндэслэж ийнхүү дүгнэж болох атал энэ талаар тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтаас нөөц тогтоосон талбайн хаана нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хил, хязгаар байгааг тодорхойлох боломжгүй байна.

Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын хавсралтын бичилтүүд эргэлзээтэй байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтын болон өргөдлийн талбай гэж тусад нь заах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хуульд нийцүүлж гарсан Засгийн газрын тогтоолыг нотлох баримтаар үнэлэх үүрэгтэй атал анхан шатны шүүх “тогтоолын хавсралтад дугаар нь техникийн алдааны улмаас солигдсон байх магадлалтай” гэж дүгнэж “өргөдлөөр олгох боломжтой талбайд хамруулжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий актын улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэнийг, 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тэлэх хүсэлтүүдийг тухайн үед хүлээж авсан захиргааны байгууллага “хуульд заасан шаардлага хангаагүй” талаар хуульд заасан хугацаанд хариу өгч байсан эсэхийг тодруулалгүй “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гэж үзэхгүй” гэж захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудалд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч нь улсын төсвийн хөрөнгөөр нөөц тогтосон талбайд олгосон сонгон шалгаруулалтад оролцох эрх, эсхүл түрүүлж өргөдөл гаргасан талбайд давхцуулж гаргасан өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны улмаас өргөдлөөр тусгай зөвшөрөл авах эрх зөрчигдсөн гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байх тул мөн энэ талаар тодруулж тус бүрт нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулж хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ