Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 743

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын С-т холбогдох эрүүгийн 19100 1270 0796 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/, хохирогч Б.А, шүүгдэгч О.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, /одоогоор ганцаараа амьдарч байгаа гэх/, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын С- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.С нь 2019 оны 5 сарын 13-ны өдөр Хххх тоот өөрийн гэртээ эхнэр Б.Атэй бичиг баримт булаацалдан маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гарыг нь мушгиж өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчтой гэр бүлийн харилцаатай, хохирогч нь миний эхнэр байгаа юм. Бид хоёр 2008 онд гэрлэлтээ батлуулж байсан. Хохирогч над руу шалтгаангүйгээр дайрч давшилдаг учир би маргаан юунаас болж үүссэнийг мэдэхгүй байна. Гэмт хэрэг гарах үед гэрт би, манай эхнэр, 2 хүүхдийн хамт бид дөрвүүлээ байсан. Гэхдээ би хохирогчид ямар гэмтэл учруулсан гэдгээ санахгүй байна. Би 2019 оны 4 дүгээр сард хохирогчийг орноос хүчтэй угзарч босгосон, гэхдээ зодож цохисон зүйл байхгүй.

Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хохирогчид хөнгөн гэмтэл учруулж байгаагүй. Хохирогч над руу дайрч байсан тул би түүнийг өшиглөж холдуулсан нь үнэн. Харин толгой болон тохой руу нь цохиогүй. Би гэмт хэрэг гарсан өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.  Надад гэр бүлээс гадуур харилцаатай хүн байгаа. Хохирогч намайг мөнгөний машин гэж төсөөлдөг. Учир нь намайг мөнгөтэй байх үед инээж, мөнгөгүй үед уурлаж хэрүүл өддөг байсан. Миний зүгээс хохирогчийг гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэж үзэж байна. Учир нь намайг Казахстан Улс руу ажлаар явахад өөр хүнтэй уулзаж байсан байх магадлалтай.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би 2 хүүхдийн хамт гэртээ байсан. Би гэрийн цонхоор харахад шүүгдэгчийн машин гадаа байсан бөгөөд шүүгдэгч 2 цагийн дараа гэртээ орж ирэхдээ надад “аавындаа удаан хугацаанд байсан” гэж хэлсэн. Шүүгдэгч тухайн өдөр гэрт орж ирэхдээ гаднах хувцсаа тайлахгүйгээр надаас өөрийн диплом, хувийн бичиг баримтуудаа шалтгаангүйгээр нэхэж, хайж байсан.  Дараа нь би түүнтэй 3 хүүхдийн төрсний гэрчилгээг булаацалдан маргалдаж эхлэхэд шүүгдэгч миний толгой руу 2 удаа цохисон, гар мушгисан, зүүн гуяа руу 2 удаа өшиглөсөн.

Тухайн өдөр болсон бүх зүйлийг шүүгдэгчийн аав нь харсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Мөн шүүгдэгч намайг төрөөд 10 хонож байхад надад “би нөгөө хүнтэйгээ байна, бас чамтай байна” гэж тулгаж хэлэхэд нь би зөвшөөрч байгаагүй. Гэхдээ би хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө шүүгдэгчтэй эвлэрэхэд бэлэн байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1270 0796 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 5 сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд гэртээ 2 хүүхдийн хамт байж байхад хашааны гадаа улаан өнгийн машин байхаар нь хүүгээ гаргаад “ямар машин байна вэ, хараад ир” гэхэд аавын машин байна гэж хэлсэн. С гэртээ орж ирэлгүй аав Отгонбаярын гэрт нь орж нэг цаг гаран байж байгаад гэртээ орж ирсэн.

Тэгээд “гадаад паспорт, диплом хаана байна” гэхээр нь “гэрт байхгүй” гэхэд хайгаад хамаг зүйл ухаж үзээд байсан ба “3 хүүхдийн төрсний гэрчилгээг авна” гэхээр нь би өгөхгүй гээд булаацалдсан. С миний баруун гарыг бугуй хэсгээр мушгиж гэмтээсэн, мөн толгой хэсэгт цохисон,  зүүн гуяны гадна хэсэгт 2 удаа тийрсэн. Тэгэхээр нь би аяга аваад шидэхэд оноогүй, хаалга оноод хагарсан. Энэ үед Сын аав Отгонбаяр гаднаас орж ирээд Сыг аваад явсан.

Тухайн үед манай гэрт хүү Өнө-Эрдэнэ, мөн 3 сартай хүүхэд маань байсан ба С бид хоёрыг маргалдаад эхлэхэд Өнө-Эрдэнэ бага дүүгээ аваад, өөр өрөөнд орж хаалгаа хаасан. С нь намайг жирэмсэн 7 сартай байхад өөр хүүхэнтэй явалдаад байгаа талаар би мэдсэн. Тэгээд өөрөөс нь асуухад “би мэдэхгүй” гээд байсан.

Удалгүй нөгөө хүүхэн нь над руу залгаад бүх зүйл үнэн болох талаар хэлсэн. С өөрөө хэлэхдээ надаас салахгүй, тэр хүүхнээс ч бас салахгүй. Зохицоод яваад байх санаагаа хэлсэн ба би тийм зүйл байхгүй гэхэд 2019 оны 3 сарын 10-ны өдөр бүх хувцсаа, мөн өөрийн гэсэн зүйлсээ аваад явсан. Тэрнээс хойш дахиж гэртээ ирээгүй ба үр хүүхдээ хаяаад явсан.

Одоо өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа сураг байсан. Миний хувьд Саас 3 хүүхдийн тэтгэвэр тогтоолгох талаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. ...Гомдолтой байна, эмчилгээнд зарцуулсан 1.0 сая төгрөгийг нэхэмжилнэ.

...Би эмчилгээнд 70 гаруй мянган төгрөг зарцуулсан юм. 1.0 сая төгрөг нэхэмжилнэ гэсний учир нь С 3 хүүхэддээ анхаарал тавихгүй, өвлийн хувцас авч өгөхгүй байгаа тул 1.0 сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн юм. Одоо С бид хоёр салах асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж байгаа учир надад түүнээс 1.0 сая төгрөг нэхэмжлэх шаардлагагүй. Би гомдолтой байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х, 52х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй С.Өийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 5 сарын 13-ны өдөр аав гэрт орж ирээд бичиг баримтаа нэхээд байсан. Тэгээд хаана байгааг нь мэдэхгүй байхад хамаг шүүгээ сав нээгээд хайж байснаа ээжээс асуухад ээж “мэдэхгүй” гэж хэлсэн. Би тэр үед 8 сартай дүүгээ аваад, өрөөндөө ороод хаалгаа хаачихсан байсан ба аав, ээж хоёр хэрэлдээд байсан. Ингээд аав уурлаад бид нарын төрсний гэрчилгээг нэхээд байсан. Тэгж байгаад гэрээс гараад явчихсан, зодоон болсон асуудлыг мэдэхгүй.

Аав архи уугаад ээжийг загнаж байсан, надад гар хүрч байгаагүй. Ээж бол зүгээр байдаг, муухай ааш байдаггүй. Урьд өмнө аав ээжийг зодож цохиж байсныг мэдэхгүй байна, тийм зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 5996 дугаартай:

1. Б.А-н биед баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч А.Амгаланболдыг байцаасан тэмдэглэлд:

“...5996 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Аийн биед учирсан гэмтэл нь зүүн гарыг мушгих, зүүн гуя руу 2 удаа өшиглөх зэргээр үүсэх боломжтой. Б.Аийн биед учирсан зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

5. Хүчирхийллийн эрсдлийн түвшин “дунд” гэж тогтоосон Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 13х, 60х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Сын яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 5 сарын 13-ны өдрийн үдээс хойш гэртээ би өөрийнхөө дипломоо авах гээд мөн хүүхдүүдтэйгээ уулзах гэж очсон юм. Учир нь би тухайн үед эхнэр, хүүхдүүдтэйгээ нэг дор амьдрахгүй, эхнэртэйгээ маргалдсан учир гэрээсээ явсан байсан юм. Тэгээд хүүхдүүдтэйгээ том өрөөнд сууж байхад эхнэр хэрүүл маргаан үүсгээд, би хүүхдүүдтэйгээ жижиг өрөөнд ороход араас орж ирээд л хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би бичиг баримтаа аваад гаръя гэж бодоод бичиг баримтаа хайж олоод гарах гэхэд эхнэр над руу аяга, таваг авч шидээд байхаар нь би гараад явсан. Өөр асуудал болоогүй.

Тухайн үед би, манай эхнэр, 12 настай хүү Өнө-Эрдэнэ, бага охин 1 настай Булган-Эрдэнэ нар байсан. Би эхнэр Алтангэрэлийг цохиж зодсон асуудал байхгүй. Бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна. Би эхнэрээ зоддоггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 28х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 29х/, гэрч О.Төмөрсүхийн мэдүүлэг /хэргийн 50-51х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 62х/, Сын Булган-Эрдэнэ, Сын Есөн-Эрдэнэ, Сын Өнө-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 64-65х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.С нь 2019 оны 5 сарын 13-ны өдөр Хххх тоот өөрийн гэртээ эхнэр Б.Атэй бичиг баримт булаацалдан маргаж, улмаар хохирогч Б.Аийг түлхэх, гарыг нь мушгих, тийрч өшиглөх зэргээр зодож биед нь “...баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

 - хохирогч Б.Аийн: “...2019 оны 5 сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд ...С нь гэртээ орж ирэлгүй аав Отгонбаярын гэрт нь орж нэг цаг гаран байж байгаад гэртээ орж ирсэн. Тэгээд “гадаад паспорт, диплом хаана байна” гэхээр нь гэрт байхгүй гэхэд хайгаад хамаг зүйл ухаж үзээд байсан ба “3 хүүхдийн төрсний гарчилгээг авна” гэхээр нь би өгөхгүй гээд булаацалдсан. С миний баруун гарыг бугуй хэсгээр мушгиж гэмтээсэн, мөн толгой хэсэгт цохисон, зүүн гуяны гадна хэсэгт 2 удаа тийрсэн. Тэгэхээр нь би аяга аваад шидэхэд оноогүй, хаалга оноод хагарсан. Энэ үед Сын аав Отгонбаяр гаднаас орж ирээд Сыг аваад явсан...

...Би эмчилгээнд 70 гаруй мянган төгрөг зарцуулсан,  ...Одоо С бид хоёр салах асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж байгаа учир надад түүнээс 1.0 сая төгрөг нэхэмжлэх шаардлагагүй. Би гомдолтой байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х, 52х/,

- гэрч С.Өийн: “...2019 оны 5 сарын 13-ны өдөр аав гэрт орж ирээд бичиг баримтаа нэхээд байсан. Тэгээд хаана байгааг нь мэдэхгүй байхад хамаг шүүгээ сав нээгээд хайж байснаа ээжээс асуухад ээж “мэдэхгүй” гэж хэлсэн. Би тэр үед 8 сартай дүүгээ аваад, өрөөндөө ороод хаалгаа хаачихсан ба аав, ээж хоёр хэрэлдээд байсан. Ингээд аав уурлаад бид нарын төрсний гэрчилгээг нэхээд байсан. Тэгж байгаад гэрээс гараад явчихсан, зодоон болсон асуудлыг мэдэхгүй. Аав архи уугаад ээжийг загнаж байсан, надад гар хүрч байгаагүй. Ээж бол зүгээр байдаг, муухай ааш байдаггүй. Урьд өмнө аав ээжийг зодож цохиж байсныг мэдэхгүй байна, тийм зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 5996 дугаартай:

1. Б.А-н биед баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,

- шинжээч эмч А.Амгаланболдын: “...5996 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Аийн биед учирсан гэмтэл нь зүүн гарыг мушгих, зүүн гуя руу 2 удаа өшиглөх зэргээр үүсэх боломжтой. Б.Аийн биед учирсан зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

- шүүгдэгч О.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 57х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай. 

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч О.С нь “3 хүүхдийн төрсний гэрчилгээ баримтыг хайж, авч явна” гэхэд хохирогч Б.А нь “хүүхдүүдийн бичиг баримтыг өгөхгүй” гэж булаацалдсан тодорхой сэдэлттэй маргааны улмаас тэрээр эхнэр  Б.Аийг түлхэх, гарыг нь мушгих, тийрч өшиглөх зэргээр  зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд, нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх  үндэслэлтэй.

 

Иймд прокуророос шүүгдэгч О.Сын эхнэр Б.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт дахь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээр дурьдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч О.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч Б.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 52х/ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч О.Саас гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.С нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 28х/ баримттай байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Энэ хэрэгт О.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А нь “гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                             ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Б овогт О-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Б овогт О-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С-т 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд  мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт О.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД